Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 0098

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ч.Батбаяр

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: П.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ш овогт П Г  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1806 09294 0009  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт П Г, 19  оны 4 дүгээр  сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ,  ам  бүл 2, эхийн хамт Баянзүрх  дүүргийн 20 дугаар хороо Туулын 03-04 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           П.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 23.00  цагийн үед Баянзүрх  дүүргийн 20 дугаар хороо Туулын 20-09 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.М архины шилээр толгойн тус газар нь   цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  П.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад бүгдийг мэдүүлсэн, яллах дүгнэтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч  П.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байтал таньдаг ах болох М ах миний утас руу залгаж дуудсан. Би удалгүй гэрээсээ гараад М ахын дуудсан газарт яваад очиход М ах 2 танихгүй эрэгтэй хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Би тэр айлд нь очоод М ах болон танихгүй хоёр эрэгтэй хүнтэй нь хамт 0.75 литрийн савалгаатай хоёр шил архи хувааж уугаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын тоотод байдаг эгчийнхээ гэрт хонохоор М ахтай хамт очсон. Манай эгчийн гэрт нь хүн байгаагүй. М ах бид хоёр эгчийн гэрт очих замдаа нэг шил 0.75 литрийн архи аваад очиж хувааж уусан. Тэгээд би уусан архиндаа нэлээн согтчихсон байсан. Нэг сэрээд харахад эгчийн гэр нь энд тэндгүй цус болчихсон байсан. Тэгтэл М ахын зүүн талын чих орчмоос цус гарч байсан. Тэгэхээр нь би М ахаас уучлалт гуйгаад цагдаа болон түргэн тусламж дуудсан. Уг айлд М ах бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор би л М ахад гэмтэл учруулсан байх гэжээ.  / хх-н 18/

          Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэр Туулийн  тоотод зүс таних Г хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад нэлээд согтоод би тасарсан байсан нэг мэдэхэд миний зүүн талын шанаанаас цус гарч чих сэтэрсэн байсан.  Гэтэл Г архины шилээр цохисон байсан өөрөө надаас уучлалт гуйгаад л байсан. Тэгээд өөрөө цагдаа дуудхаар нь би гэрээс нь гараад эхнэр А дуудаад Гачууртын эмнэлэг хүргүүлж зүүн талын чихэндээ 10 оёдол тавиулсан. Гэтэл намайг гэмтлийн эмнэлэг одоо яв гээд гэмтэл дээр байхад цагдаа араас ирсэн. Одоо миний бие гайгүй болсон. Гэмтэл бэртэл байхгүй болсон гэжээ. /хх-н 11-/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2-8/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 530 тоот акт: Дүгнэлт:

          1.Х.М зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-н 20/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21-22/

          П.Г  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 32/, захиргааны зөрчилийн талаарх баримтууд /хх-н 35-42/              

           П.Г  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 30-31/

          П.Г  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 25/, прокурорын тогтоол /хх-н 23-24/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-29/ зэрэг болно.

           П.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 23.00  цагийн үед Баянзүрх  дүүргийн 20 дугаар хороо Туулын  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.М архины шилээр толгойн тус газар нь   цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...Х.М зүүн чамархай, зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэ сэн хүний бие үзлэг нхийсэн шинжилгээний шинжээчийн дүгнэлт. /хх-н 20/

           Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны өгсөн .. Г хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад нэлээд согтоод би тасарсан байсан нэг мэдэхэд миний зүүн талын шанаанаас цус гарч чих сэтэрсэн байсан.  Гэтэл Г архины шилээр цохисон байсан өөрөө надаас уучлалт гуйгаад л байсан. Гачууртын эмнэлэг хүргүүлж зүүн талын чихэндээ 10 оёдол тавиулсан. Одоо миний бие гайгүй болсон. Гэмтэл бэртэл байхгүй болсон гэсэн мэдүүлэг  /хх-н 11-/

           Шүүгдэгч  П.Г   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .. М ах бид хоёр эгчийн гэрт очих замдаа нэг шил 0.75 литрийн архи аваад очиж хувааж уусан. Тэгээд би уусан архиндаа нэлээн согтчихсон байсан. Нэг сэрээд харахад эгчийн гэр нь энд тэндгүй цус болчихсон байсан. Тэгтэл М ахын зүүн талын чих орчмоос цус гарч байсан. Тэгэхээр нь би М ахаас уучлалт гуйгаад цагдаа болон түргэн тусламж дуудсан гэсэн мэдүүлэг/ хх-н 18/ бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          П.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Энэ хэргийн улмаас П.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ш овогт П Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  П.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                               П.Г нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар  П.Г нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  П.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  П.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Г нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  П.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН