Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01397

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01397

 

 

 

 

 

 

 

2023 07 19 210/МА2023/01397

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01524 дугаар шийдвэртэй

С.Б-ийн нэхэмжлэлтэй,

С.Б-д холбогдох,

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2020 оны 03 сараас 2021 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ТТ-клубт 3,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр хандив өгч байсан. Тухайлбал, 2020 оны 03 сарын 15-ны өдөр нийт 1,174,500 төгрөгийн, 2021 оны 09 сарын 15-ны өдөр 874,000 төгрөгийн, 2021 оны 12 сарын 15-ны өдөр 1,014,000 төгрөгийн үнэтэй цэвэрлэгээний бодис болох вок, саван, алчуур, нойлын цаас, угаалгын бээлий, маск, хлор г.т нийт 3,063,500 төгрөгийн хандив өгсөн. Энэ хандиваар ТТ-клуб нь барилгын цэвэрлэгээ үйлчилгээнд ашигласан.

2020 оны 03 сарын 15-ны өдөр коронавирус гарсан байхад тус клубын менежер н.А- нь ...бүжигт хүн ирэхгүй байна, орлогогүй боллоо, туслаач гэхэд би хандив өгсөн. Ингэж хандив өгөхөд дарга С.Б- нь намайг бүжигчдийн өмнө магтаад, намайг насаар нь үнэгүй бүжиглүүлнэ гэж амласан. Ингэж урамшуулсан болохоор баярлаад 2021 оны 12 сарын 31-ний өдөр бүжигчдийн шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж оны шилдэг бүжигчдийг шалгаруулан өөрөөсөө 1,500,000 төгрөгийн шагнал гардуулсан. Гэтэл сугалаа тааруулсан чинь микрофон нь богинохон утастай гээд бүжигчид гомдол мэдүүлэхэд энэ талаар н.А-д хэлэхэд чамд хамаагүй гээд намайг зодсон. Би цагдаад мэдүүлж хохирогчоор тогтоогон н.А-г 100,000 төгрөгөөр торгосон. Үүнээс хойш н.А- нь намайг бүжигт оруулахгүй хөөсөн. Би насаараа бүжиглэх эрх авч 12 сарын 15-ны өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл 15 хоног хагас дутуу бүжиглэсэн. Б.Б- нь намайг насаар минь бүжиглүүлнэ гэж амалсан амлалтдаа хүрээгүй тул хандивласан 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б.Б- нь ТТ-клуб ажиллуулдаггүй, С.Б-ээс хувиараа 3,000,000 төгрөг аваагүй гэдэг. Хлор, вок, саван, алчуур, бээлий, нойлын цаас, ариутгалын хэрэгсэл өгсөн гэж байгаа нь 3,000,000 төгрөг болсон гэх баримтгүй. Хандивыг ямар нэг зорилго биелүүлэхийн тулд авдаггүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т зааснаар ямар нэгэн зүйлд зориулж өгсөн бол тухайн үед тэр бүжгийн клубт бүжиглэж байсан хүмүүс бүгд тарааж аваад хэрэглээд дууссаныг хариуцагч хэлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн халамжаас амьжиргааны доод түвшинтэй гэсэн тодорхойлолт ирсэн байна. Ийм амьдралтай хүн 3,000,000 төгрөгийг хаанаас яаж цуглуулаад өгсөн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хандив бол буцаан шаардах эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.6-д зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч С.Б-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосныг зөвшөөрөхгүй байна.

Би сонсголын бэрхшээлтэйн улмаас шүүх хуралдаанд хэлмэрчтэй оролцсон. Гэтэл шүүх хэлмэрчийг надаас хэт хол суулгасан тул шүүх хуралдааны явцад ойлголцлын асуудал үүссэн. Чихэндээ сонсголын аппарат зүүсэн боловч аппарат чихэнд шуугиад сонсож чадаагүй. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт гаргаж өгөх гэсэн ч хүлээн аваагүй атлаа нэхэмжлэгчийн тус клубт хандивласан гэх зүйлийн үнэ 3,000,000 төгрөг хүрсэн гэх баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн би хариуцагч С.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарын үнэн зөвийг нотлохоор түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг аваагүй бөгөөд энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлан гадуурхсан зүйлгүй. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд нэхэмжлэгчийг хэлмэрчээс нь хол суулгаагүй. Мөн хариуцагч С.Б- надад итгэмжлэл олгож, би төлөөлөх эрхтэй учраас би шүүх хуралдаанд оролцож буйгаа тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас шүүхээс хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн хэлмэрчээс нь жоохон зайтай суулгахад сонсож байна гэх тайлбарыг С.Б-э хэлж байсан. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Учир нь хандивыг зориулалтын дагуу өгөх ёстой бөгөөд тухайн цэвэрлэгээ үйлчилгээний зориулалтаар авсан зүйлийг бүжгэнд ирсэн хүмүүст тарааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.Б-э нь хариуцагч С.Б-д холбогдуулан 3,000,000 төгрөгийн үнэ бүхий цэвэрлэгээний бодис хандивласны үнэ 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс хувь хүний хувьд хандив аваагүй, Dance star бүжгийн клубт өгсөн цэвэрлэгээний бодис нь 3,000,000 төгрөг хүрэхгүй, С.Б-эд насаар нь бүжгийн клубт үнэгүй бүжиглэх эрх өгч байгаагүй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч С.Б-э нь Dance star бүжгийн клубээр үйлчлүүлдэг, тэрээр 2020 оны 03 сараас 2021 оны 12 сарын 15-ны өдрийн хугацаанд тус бүжгийн клубт цэвэрлэгээний болон бусад хэрэгслийг хандивлаж, хандивын зүйлийг тус бүжгийн клубын үйл ажиллагаанд зарцуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

 

5. Нэхэмжлэгч С.Б-э тухайн бүжгийн клубт тодорхой хэмжээний цэвэрлэгээний бодис хандивласан нь хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдсон ч тухайн бодисын үнийг нэхэмжлэгч нотлоогүй. Хариуцагч нь Dance star бүжгийн клубыг төлөөлөн нэхэмжлэгчээс цэвэрлэгээний бодис хүлээж авсны хариу төлбөрт нэхэмжлэгчийг тус бүжгийн клубээр насаар нь үнэ төлбөргүй бүжиглэх эрх олгоно гэж амлалт өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд нотлоогүй байх тул анхан шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь цэвэрлэгээний бодисыг хариуцагч зориулалтын дагуу зарцуулсан эсэх асуудлаар шаардлага гаргаагүй, хариуцагч амлалтаа биелүүлээгүй үндэслэлээр хандивын зүйлийн үнийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, нэхэмжлэгч сонсголын бэрхшээлтэйн улмаас анхан шатны шүүх хуралдаанд бусдын тусламж авч оролцжээ. Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг зөрчин бусдын тусламжийг бодитой авах боломж олгоогүй гэх байдал тогтоогдсонгүй.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт зааснаар шүүх гэрчийг хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах тул нэхэмжлэгчийн хүсэлтдээ дурдсан н.А-гийн хаяг, холбоо барих утасны дугаар тодорхойгүй үндэслэлээр гэрч асуулгах хүсэлтийг нь, мөн хариуцагч нь 2023 оны 03 сарын 03-ны өдөр төлөөлөгчөөр Ц.Т-г томилсон нь хуулийн шаардлагад нийцсэн тул С.Б-г шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг нь анхан шатны шүүх тус тус хангахгүй орхисон нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлгүй байна.

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ