Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00096/И |
Дугаар | 122 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг Баянхөөвөрт оршин суух Боржигон овогт Цэцэгмаагийн Мөнхжаргал /РД:ЗИ87060901/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг Их булгийн 2-7 тоотод оршин суух Заяабуянт овогт Батсүхийн Энхтөр /РД:КЙ78102877/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал, хариуцагч Б.Энхтөр, хэлмэрч А.Бямбацогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Мөнхжаргал миний бие нь 2006 оны 6 сард Б.Энхтөртэй танилцаж улмаар 2006 оны 12 сард нэг гэрт амьдраад 2007 оны 12 сард охин Жинжиймааг төрүүлсэн. Энхтөр нь охин Жинжиймааг төрхөөс өмнө өөр эхнэр авсан. Тэр үеэс хойш хамтран амьдрах боломжгүй болж охиноо ээж Цэцэгмаатай хамт өсгөсөн. Одоо бид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Жинжиймааг миний асрамжид үлдээж эцэг Б.Энхтөрөөс тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргасан” гэжээ.
Хариуцагч Б.Энхтөр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ханбогд сумын иргэн Мөнхжаргал овогтой Жинжиймаа нь миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлгийг би төлнө. Мөнгийг би өөрөө хүүхдийн нэр дээр данс нээж хийж өгнө. Хаан банкны данс нээлгэж тодорхой гарсан мөнгийг хувь тогтоосон журмаар мөнгийг нь банканд хадгалуулж байршуулна. Ээж Мөнхжаргалд олгож өгөхгүй данс руу нь холболт хийлгэж байлгана” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.
Хариуцагч Б.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Хүүхдийн тэтгэлгийг төлнө. Тэтгэлгийн мөнгийг хүүхдийн ээжид нь бол өгөхгүй. Тэтгэлийг банканд хүүхдийн нэр дээр хугацаатай хадгаламж нээлгэж хүүхдийн тэтгэлгийг төлнө” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь хариуцагч Б.Энхтөрд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлгийг төлнө гэсэн хариу тайлбар шүүхэд ирүүлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар эцэг Б.Энхтөр нь охин Жинжиймааг тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Ц.Мөнхжаргал Б.Энхтөр нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин М.Жинжиймааг эх Ц.Мөнхжаргалын асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2007 оны 12 дугаар сарын 04-нд төрсөн охин М.Жинжиймааг эх Ц.Мөнхжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар түүнийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Б.Энхтөрөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 12 дугаар сарын 04-нд төрсөн охин М.Жинжиймааг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Б.Энхтөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Энхтөр нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц.Мөнхжаргал нь Б.Энхтөрийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО