| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0051/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэнд,
шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн …….. дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороололд ... улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байгаад Д....ий гээгдэл эд хөрөнгө болох 560.000 төгрөгийн үнэтэй “Самсунг жи-7” маркийн гар утсыг олж өөрийн сим картыг хийж ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын дундуур өөрийн ... улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо болон Нисэх чиглэлд такси үйлчилгээнд явж байсан. …Би өөрийн ... улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашины дотор талыг цэвэрлэж байгаад хоёр сандлын дунд хэсгээс хар өнгийн “Самсунг Жи-7” маркийн гар утас олсон. Тухайн гар утсыг 2 хоногийн дараа асааж үзэхэд цэнэггүй байхаар нь цэнэглээд асаахад код нэхсэн. Би Цайз 16-д байрлах утас засварын газар очиж кодыг нь тайлуулж өөрийн нэр дээр байдаг юнителын 80005083 дугаарыг хийж ашигласан. Тухайн дугаарыг хийж ашиглаад ойролцоогоор 2 сар болж байхад над руу цагдаагийн газраас холбогдож “та хүний гээгдүүлсэн утас олж авсан байна, ирж мэдүүлэг өг” гэхээр нь очиж мэдүүлэг өгч, тухайн хар өнгийн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг авчирч Д.... гэх утасны эзэнд хүлээлгэж өгсөн…гэжээ. /хх-ийн 46-р хуудас/,
Хохирогч Д.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найз Ган-Эрдэний байрны найр болсон юм. Тухайн өдөр би байрны найранд очиж найз нөхөдтэйгөө сууж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад гарсан. Намайг дүү Басхүү Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороололд гэрт хүргэж өгсөн. Би өөрийн тээврийн хэрэгслийг найзынхаа байрны зогсоолд үлдээсэн. Би гэрийн гадаа байхдаа халааснаасаа “Самсунг галакси Жи-7” маркийн гар утсыг унагаасан юм шиг байна лээ. Би гар утсаа гээсний дараа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Find my phone” гэх программаар хайхад Олимп хотхонд байршил нь зааж байсан. Мөн “Change sim” гэсэн бичиг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 10:24 минутанд гарч солигдсон байсан. …Би Самсунг Жи 7 маркийн гар утсаа хүлээж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй…гэжээ. /хх-ийн 23-26-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэлд: Самсунг Жи-7 маркийн гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн. /хх-ийн 19-20-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг Жи-7 маркийн гар утас 560.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 31-32-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ... нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороололд ... улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байгаад хохирогч Д....ий 560.000 төгрөгийн үнэтэй “Самсунг Жи-7” маркийн гар утсыг олж авч ашиглан гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь:
Хохирогч Д....гийн …“Самсунг галакси Жи-7” маркийн гар утсаа унагаасан юм шиг байна лээ. Би гар утсаа гээсний дараа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Find my phone” гэх программаар хайхад Олимп хотхонд байршил нь зааж байсан. Мөн “Change sim” гэсэн бичиг 2018оны 10 дугаар сарын 14-ний өглөө 10:24 минутанд гарч солигдсон байсан…гэжээ. /хх-ийн 23-26-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэлд: Самсунг Жи-7 маркийн гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн. /хх-ийн 19-20-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг Жи-7 маркийн гар утас 560.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Лхагвасүрэн нь хохирогч Д....гийн гээсэн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг олж, өөрийн юнителын дугаартай сим картыг хийж ашигласан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч О.Лхагвцэрэнг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.... нь “Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 26-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч ...г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч ...д “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ... нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч Д....д танилцуулсан байна. Иймд прокурорын сонсгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч ...д ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ...г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ...д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР