| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00104/И |
| Дугаар | 123 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 123
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Саруул төвийн 1 дүгээр давхарт байрлах “Голомт банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант, Баянхөөвөрийн 14 гудамж 14а тоотод оршин суух, Номт овогт Томдондовын Хонгорзул /РД:ФМ90080561/-д холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй байгаа зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 6,157,646.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Зээлдэгч Т.Хонгорзул нь тус банктай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй, жилийн 27.6 хувийн хүүтэй 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх хүртэл 5,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хугацааг хэтрүүлж, зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч 2016 оны 03 дугаар сарын 03-ын өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй 440 хоног хугацаа хэтэрсэн. Иймд зээлдэгч Т.Хонгорзулаас үндсэн зээлийн төлбөр 4,518,002.93 төгрөг, үндсэн хүү 1,557,0892.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,561.19 төгрөг нийт 6,157,646.14 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Хонгорзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Т.Хонголзул би “Голомт банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвөөс өөрийн нэр дээр “Сандуни Аз” ХХК-ийн захирал П.Бурмаад 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг цалингийн зээлээр авч өгсөн ба тус компани үйл ажиллагаа явуулахаа зогсоосны улмаас ажилгүй болсон. Одоогоор 6,157,646 төгрөгийг төлөх нь үнэн тул 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 250,000 төгрөгөөр төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв нь хариуцагч Т.Хонгорзулд холбогдуулан 6,157,646.14 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Т.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,157,646.14 төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Голомт банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Т.Хонгорзулд холбогдох зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй байгаа зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 6,157,646.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагч Т.Хонгорзул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 113,472.30 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000020815 тоот данснаас 56,736.15 төгрөгийг, мөн хариуцагч Т.Хонгорзулаас 56,736.15 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төвд олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА