Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01400

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01400

 

2023 07 19 210/МА2023/01400

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/02114 дугаар шийдвэртэй

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

НШШГГ-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У Г- ХХК, Г.А-,

2019 оны 01 сарын 22-ны өдрийн 18251018/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, У Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 0000 дугаартай захирамжаар Ч.Б-ээс 561,499,250 төгрөг гаргуулж, У Г- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч И.Г- 2022 оны 11 сарын 08-ны өдөр 4-149/21166 дугаар албан бичгээр худалдан борлогдсон хөрөнгийг чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг хүлээн авах үедээ 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсныг мэдсэн. Дээрх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11-т заасныг зөрчиж, дуудлага худалдааны ялагч Г.А- нь төлбөрөө төлснийг дурдаагүй ба Г.А- нь 2022 оны 11 сарын 02-ны өдөр төлбөрийг төлсөн баримтыг танилцуулсан, уг тогтоол гарах үед төлбөр төлөгдөөгүй байсан нь хууль бус болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12, 71.13-т заасныг зөрчжээ.

Мөн 2019 онд миний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дарааллыг зөрчсөн. Хөрөнгийг шүүхийн шийдвэрээр албадан худалдан борлуулахаар шийдвэрлээгүй байхад дараалал зөрчиж, шууд битүүмжилсэн нь хууль бус юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.Б-ийн өмчлөлийн, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, 23654 заасан 380 м2 үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м.кв агуулах, 948 м.кв газрыг битүүмжилсэн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн тогтоол, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол зэргийг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Ч.Б-ээс 561,499,250 төгрөгийг гаргуулж У Г- ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлийн, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, 1234 тоот хаягт байх үл хөдлөх хөрөнгө, газрыг 2021 оны 10 сарын 29-ний өдөр тус газраас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг 4-149/22146 дугаартай мэдэгдлийн хамт хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн.

Дуудлага худалдааны ялагч Г.А- дэнчингийн мөнгө 23,007,500 төгрөгийг 2021 оны 10 сарын 28-ны өдөр, үлдэгдэл төлбөр 212,092,500 төгрөгийг 2021 оны 11 сарын 12-ны өдөр төлснийг тогтоолд дурдсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 1111 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй болохыг тогтоосон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А-ын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт учир дахин хэлэлцэх шаардлагагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Мөн хариуцагчийн 2021 оны 11 сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын тухайд мөн адил хүчингүй болгох үндэслэлгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хоёр дахь дуудлага худалдааг 2021 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгуулахаар нийтэд зарлаж Г.А- нь дуудлага худалдааны ялагч болж 235,100,000 төгрөгийг төлснөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарсан нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У Г- ХХК-ийн тайлбарын агуулга: Ч.Б-ийн эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй гэж 3 шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага нь Ч.Б-ийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж шүүхийн шийдвэр эцсийн болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийг 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 дугаартай тогтоол үйлдэн мөн сарын 16-ны өдрийн 4-149/22146 дугаартай мэдэгдлээр Ч.Б-д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй. Дуудлага худалдааны ялагч Г.А- нь төлбөрөө бүрэн төлжээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 18251018/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, 23654 заасан 380 м2 үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м2 агуулах, 948 м2 газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай Ч.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Ч.Б- нь 2019 онд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нь үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлдээ эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дурдаагүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 1111 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааны талаар дүгнэлт өгөөгүй. Гэтэл шүүхээс дээрх шийдвэрийн агуулгыг нарийвчлан тодруулалгүй уг шийдвэрт төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, мөн хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа нь хуульд нийцсэн гэж өнгөцөөр дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх зарчмыг алдагдуулсан.

Мөн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 0000 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагдсан дарааллыг зөрчсөн тул 2019 оны 01 сарын 22 өдрийн 182510/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 сарын 12 өдрийн 11/29 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолууд нь хүчингүй талаар дурдсан. Учир нь дээрх шүүгчийн захирамжаар Ч.Б-ийн өмчлөлийн, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, 23654 хаягт байрлах 380 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 96 м.кв талбай бүхий агуулга, 948 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй. Иймд хариуцагч нь Ч.Б-ийн нэр дээрх мөнгөн хөрөнгийг тогтоож, төлбөр гаргуулах ажиллагаа явуулах ёстой байтал шүүхийн захирамжид дурдаагүй үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчин шууд битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Өмнө нь дараалал зөрчин хийгдсэн битүүмжлэх, хураах ажиллагааны талаар шүүхийн шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчсөн хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У Г- ХХК-ийн тайлбарын агуулга: Шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах гомдолд дурдсан асуудлыг Улсын дээд шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн тогтоолоор хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг хуульд нийцсэн гэж үзсэнийг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрт нэхэмжлэгч тал Ч.Б-ийн Дорноговь аймагт байх хөрөнгийг битүүмжлэх, хураахтай холбоотой маргасныг шүүхээс шийдвэр гүйцэтгэгч нь Ч.Б-ийн хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж явуулаагүй гэж үзсэн, давж заалдах шатны шүүх мөн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Уг хэргийг 3 шатны шүүх хянаад шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул дахин шүүх дүгнэхгүй. Талууд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаанд төлөхөөр эвлэрсэн ч Ч.Б- нь өөрөө мөнгөн хөрөнгөөр 541,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан учир төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй бусад хөрөнгөд ажиллагаа хийсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх алба тодорхой ажиллагаа явуулсны дараа хүсэлт гаргаж, уг төлбөрийг төлж барагдуулахгүй байна гэх тэмдэглэлийг үйлдэж, Ч.Б-, төлбөр авагч У Г- ХХК, шийдвэр гүйцэтгэгч нар уг ажиллагааг эхлүүлсэн. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А-ын тайлбарын агуулга: У Г- ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2019 онд хөрөнгийг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дурдаагүй гэжээ. Хэргийн 39 дэх талд авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 1111 дугаартай шийдвэрт үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан. Мөн 2019 оны анхан шатны шүүхийн шийдвэрт эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаатай холбоотой ямар нэгэн дүгнэлт өгөөгүй гэж тайлбарласан ч хэргийн 35 дахь талд авагдсан давж заалдах шатны шүүхийн 122 дугаар магадлал, мөн 20 дахь талд авагдсан Улсын дээд шүүхийн тогтоолд тус тус дурдаж дүгнэснийг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан тус газрын 2019 оны 1 сарын 22-ны өдрийн 18251018/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 23654 тоотод орших 380 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий 1 давхар барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 0000 дугаартай захирамжаар эвлэрэлд уригдсан Ч.Б-ээс 561,499,250 төгрөг гаргуулан өргөдөл гаргагч У Г- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, тус захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг НШШГГ- 2018 оны 05 сарын 25-ны өдөр үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг даруй авах үүрэгтэй бөгөөд хуульд заасан үүргийн дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар төлбөр төлөгчийг дуудан ирүүлж, шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэх, эд хөрөнгийн мэдүүлэг авах, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг тодорхой арга хэмжээг зохих дарааллын дагуу авч хэрэгжүүлжээ.

Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Ч.Б-ээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гаргуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулсан нь хэргийн баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд Ч.Б- нь төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд хариуцагч мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт зааснаар түүний өмчлөлийн Дорноговь аймагт байх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн энэ тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 1111 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 122 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 555 дугаартай тогтоол нотлох баримтаар авагдсан ба нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан үнэлгээ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлийг ... эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг нэг өдөр үйлдэж хууль зөрчсөн ... гэж тодорхойлсон байна.

4.2. Дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалд ... төлбөр төлөгч Ч.Б- би Улаанбаатар хотоос өнөөдөр ирсэн ... дахин дахин ирж оролцох боломжгүй ... битүүмжлэх, хураах ажиллагааг нэг дор хийж гүйцэтгэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хийсэн дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно гэж дүгнэжээ.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 18251018/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах талаар маргах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааны талаарх гомдлыг шийдвэрлээгүй, шүүх энэ талаар буруу дүгнэсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

5. Хариуцагч нь 2021 оны 10 сарын 29-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдааны ялагч Г.А-од хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 дугаартай тогтоолыг гаргаж, уг тогтоолыг төлбөр төлөгч Ч.Б-д мэдэгдсэнийг тэрээр 2021 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авчээ. Мөн дуудлага худалдааны ялагч Г.А- нь үнэ 235,100,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 28, 11 сарын 12-ны өдөр тус тус төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.11 дэх хэсэгт зааснаар явуулжээ.

Энэ талаархи үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн ба нэхэмжлэгчийн 2022 оны 11 сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс дээрх 11/29 дугаартай тогтоол гарсныг мэдсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх, хариуцагчийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 18251018/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11/29 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн ажиллагаа гэж дүгнэсэн, улмаар нэхэмжлэгчийн гаргасан тус тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргах этгээд биш болно.

Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан гомдол байхад энэ талаарх зохицуулалтыг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/02114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 71 дүгээр зүйлийн 71.10, 122 дугаар зүйлийн 122.1 ... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ