Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2016/00115/И |
Дугаар | 124 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Жавхлант тоотод оршин суух Хаван овогт Дэдхүүгийн Насан /РД:КЙ69071469/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Насан, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Насан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Насан миний бие нь 1990 оны 03 дугаар сараас 1991 оны эцэс хүртэл “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ тухайн үеийн багийн дарга, нягтлан бодогчоос асуусан боловч олдоогүй. Харьяалагдах байгууллагуудад хандаж, эрж сурсан боловч олдоогүй. 1992 онд “Галбын говь” ХК-д бүтэн жил малчнаар ажилласан. Надад өөр өгөх баримт байхгүй, баримт олдоргүй байна. Иймд намайг 1990 оноос 1991 оныг дуустал “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сараас 1992 оны дуустал “Галбын говь” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Насан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1990 оны 03 дугаар сард илгээлт авч Жавхлант багт малчнаар ажилсан. 1990-1991 онд “Галбын хөгжил” нэгдэлд малчин байсан. 1992 онд “Галба говь” ХК-д малчин болсон. 1990-1992 оныг дуустал “Галбын хөгжил” нэгдэл болон “Галба говь” ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1990-1992 он хүртэл ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй байсан юм” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ¹487 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №07 дугаартай “Галбын хөгжил” нэгдлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №32 дугаартай “Малчдыг компаниас чөлөөлөх тухай” тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №7 дугаартай “Д.Насанг ажилд томилох тухай” тушаал, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №333 тоот лавлагаа, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн техникуммаас нэхэмжлэгч Д.Насанд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Сайнхүү, О.Ариунаа нарын өгсөн тайлбар болон тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Насан нь 1990 оны 03 дугаар сараас 1991 оныг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд, мөн 1992 оны 01 дүгээр сараас 1992 оныг дуустал “Галбын говь” ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Насан нь 1990 оны 03 дугаар сараас 1991 оныг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд, мөн 1992 оны 01 дүгээр сараас 1992 оныг дуустал “Галбын говь” ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №07 дугаартай “Галбын хөгжил” нэгдлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №32 дугаартай “Малчдыг компаниас чөлөөлөх тухай” тушаал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №7 дугаартай “Д.Насанг ажилд томилох тухай” тушаал, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №333 тоот лавлагаа, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн техникуммаас нэхэмжлэгч Д.Насанд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Сайнхүү, О.Ариунаа нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж нэхэмжлэгч Д.Насанг нь 1990 оны 03 дугаар сараас 1991 оныг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд, мөн 1992 оны 01 дүгээр сараас 1992 оныг дуустал “Галбын говь” ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.
Гэрч Л.Сайнхүү, О.Ариунаа нар нь тухайн үед нэхэмжлэгч Д.Насантай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хаван овогт Дэдхүүгийн Насанг 1990 оны 03 дугаар сараас 1991 оныг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд, мөн 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Галбын говь” ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА