Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2016/00118/И |
Дугаар | 125 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 125
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг Цагаан-Овоод оршин суух, Халзан овогт Цэцэгдэлгэрийн Эрдэнэбаяр /РД:КК87012111/-т холбогдох,
Цалингийн зээлийн гэрээний үүрэг 6,341,403.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Иргэн Ц.Эрдэнэбаяр нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3019-2014/58 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 9,600,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Ц.Эрдэнэбаяр нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 05 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 3,345,665.43 төгрөг, үндсэн хүү 74,997.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,589.62 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Зээлдэгч Ц.Эрдэнэбаярыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 3019-2014/58 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт 6,341,403.90 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбаяраас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Ц.Эрдэнэбаяр би 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Капитрон банк ”-наас 9,600,000 төгрөг зээлсэн. Уул уурхайн компанид жолоочоор ажиллаж байгаад тухайн компани үйл ажиллагаа нь зогссон тул цалингийн зээлээ төлж чадаагүй. Одоо ажилд орсон тул цалингийн зээлээ төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэбаярт холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэг 6,341,403.90 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Ц.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,341,403.90 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Эрдэнэбаярт холбогдох цалингийн зээлийн үүрэгт 6,341,403.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Эрдэнэбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 114,412.50 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000020815 тоот данснаас 57,206.25 төгрөгийг, мөн хариуцагч Ц.Эрдэнэбаяраас 57,206.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА