Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 126

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан-Овоо, Бумбан-Овоо 5-8 тоотод оршин суух Жинчин овогт Доржбатын Баттулга /РД:КЮ75071808/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,761,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Доржбатын Баттулга нь 2013 оны 06 сарын 07-ны өдөр 3019-2019/29 тоот цалингийн зээлийн гэрээ байуулан 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг, мөн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3019-2014/01 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг 18.0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай тус тус авсан.

Гэтэл зээлдэгч Д.Баттулга нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 05 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 2,900,320. /хоёр сая есөн зуун мянга гурван зуун хорин төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийн, үндсэн хүү 715,702.22 /долоон зуун арван таван мянга долоон зуун хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,373.19 /тавин гурван мянга гурван зуун далан гурван төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийн төлөлтийг тус тус хийгээгүй болно.

Тус банк нь зээлдэгч Д.Баттулгыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна.

Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451д дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг баримтлан 3019-2013/29 болон 3019-2014/01 тоот “Цалингийн зээлийн гэрээ” зээлийн гэрээний үүрэгт

Үндсэн зээл: 3,989,932.17 /гурван сая есөн зуун наян есөн мянга есөн зуун гучин хоёр төгрөг арван долоон мөнгө/ төгрөг,

Зээлийн хүү: 717,397.20 /долоон зуун арван долоон мянга гурван зуун ерэн долоон төгрөг хорин мөнгө/

Нэмэгдүүлсэн хүү: 53,663.23 /тавн гурван мянга зургаан зуун жаран гурван мянган төгрөг хорин гурван мөнгө/

Нийт 4,761,292.60 /дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг жаран мөнгө/ төгрөгийг зээлдэгч Д.Баттулгаас нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.

Хариуцагч Д.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Баттулга би капитрон банкаас 2013 оны 06 сарын 07-ны өдөр 6,500,000 төгрөг, мөн 2014 оны 01 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг дахин зээлсэн нь үнэн болно.

Одоо капитрон банкны нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 4,761,292 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь цалингийн зээлийн гэрээний үлдэгдэл 4,761,292 төгрөгийг хариуцагч Д.Баттулгаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Баттулга нь “Капитрон банк” ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 6,500,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Баттулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зээлийн гэрээний үүрэгт 4,761,292 төгрөг гаргуулах тухай “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Д.Баттулга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,131 төгрөгөөс 45,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас 45,565 төгрөг, хариуцагч Д.Баттулгаас 45,565 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО