| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2019/0040/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/34 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн Д.Ч-д холбогдох эрүүгийн 1838002860064 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Ч.
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн .... тоотод өөрийн төрсөн эгч Д.Н-ийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар иргэн Б.А-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Чүлтэмжамц нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод өөрийн төрсөн эгч Д.Н-г хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар иргэн Б.А-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би Н эгчид согтуудаа хэдэн үг хэлсэн. Тэгэхэд А чи эгчийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь танд ямар хамаатай юм бэ гээд түүнтэй маргалдсан. Тэгж маргалдаж байхдаа нүүр рүү нь гараараа цохиж авсан. Тэр үед А хойшоогоо манараад явчихаар нь орон дээрээс татаж унагаад цээж рүү нь өшиглөж толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед ...З Н-тэй маргалдаад эхэлсэн. Тэгтэл Ч хажуугаас нь эхнэрээ өмөөрөөд Н-г янз бүрээр доромжлоод байхаар нь би төрсөн эгчийгээ тэгж хэлэх эрх байхгүй муу сайн ч чиний эгч чинь шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Ч миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Цохингуутаа шууд футболкны маань захаас бариад намайг өшиглөж зодсон. Тэгж зодуулаад ухаан балартсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч намайг гичий гэх мэтээр хараагаад эхэлсэн. Тэр үед нөхөр А маань Ч-д хандаж чи төрсөн эгчийгээ тэгж хэлж болж байгаа юм уу гэж хэлсэн чинь дүү маань А-г шууд нүүрэн тус газар нь гараараа цохиж аваад унагаагаад өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 177 дугаартай:
Эрүүгийн 1838002860064 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Ч нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Б.А-тэй эмчилгээний зардалд зориулан 3.158.000 төгрөгийг төлөхөөр тохирч, 1.700.000 төгрөгийг бэлнээр төлж, 1.458.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор үл маргах журмаар төлж барагдуулах эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Д.Ч-с 1.458.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838002860064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Ч-с 1.458.000 /нэг сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.А-д олгосугай.
5. Эрүүгийн 1838002860064 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН