Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2016/0888/З |
Дугаар | 161 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 161
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаярыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.А
Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Гуравдагч этгээд: “Х” ХХК, “ХКТ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “...”ХКТ” ХХК-ийн “Радио давтамж ашиглах” ***/DTV 40 тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлсэн Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/**2 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг “ХКТ” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, З.А, гуравдагч этгээд “ХКТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г, түүний өмгөөлөгч Г.Д, “Х” ХХК-ийн өмгөөлөгч А.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Г.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “тусгай зөвшөөрлийн сунгалт, өөрчлөлт хийх, эзэмших эрхийн жагсаалт гаргах тухай” А/**2 тоот тушаалаар “ХКТ” ХХК-иас “Х” ХХК-д шилжүүлсэн захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан.
Би “ХКТ” ХХК-ийн 33.33 хувийг эзэмшдэг. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг үндэслэн радио давтамж ашиглах зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ хурлын талаар надад мэдэгдээгүй ба энэ радио давтамжийг шилжүүлсэн захиргааны акт нь холбогдох хуулийг зөрчсөн бөгөөд миний эзэмших эрх зөрчигдсөн. Учир нь радио давтамжийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан “ХКТ” ХХК-ийн хувьцаанаас би эзэмшдэггүй болно. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдүүдийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас хойш нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх зүйн чадамж гэдэг ойлголтыг зааж өгсөн. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудал нь “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгддэг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдсэн асуудал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдана. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж заасан байгаа. Тусгай зөвшөөрлийг хэрхэн хуульд зааснаар шилжүүлэх вэ гэхээр Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан баримтыг бүрдүүлэх ёстой. Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг эзэмших, олгох, шилжүүлэх, хугацааг сунгах, дуусгавар болгох журмыг 2015 онд 40 дүгээр тогтоолоор баталж гаргасан байдаг. Энэ “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 9 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх гэсэн тодорхой заалттай. Энэ заалт нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэсэн байдаг. Энэ журамд эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, барьцаалах, зээлдэх, зэргээр шилжүүлэхийг хориглоно гэж заасан.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчиж бусдыг төөрөгдүүлэх зорилгоор “Х” ХХК гэсэн компани байгуулаад “ХКТ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг. Энэ нь хэргийн материалаас тодорхой харагдаж байгаа. “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь Д.Б, Г.А гэсэн хүмүүс байдаг ба нэг нь 30 хувь, нөгөө нь 70 хувь эзэмшсэн байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл шилжигдэж байгаа “ХКТ” ХХК-ийн 33.33 хувийн хувьцаа эзэмшдэг байсан Г.А нь “Х” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй. Тусгай зөвшөөрлөөр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсны үр дүнд ашиг орлого олдог ба үүнээсээ хувьцаа эзэмшигчид нь ноогдол ашиг олгодог. Гэтэл өөр компанид шилжүүлснээр тухайн компанийн хувьцаанаас эзэмшдэггүй байх тул эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэж байна. Радио долгионы тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Радио долгионы тусгай зөвшөөрөлгүйгээр радио давтамжийг ашиглахыг хориглоно гэсэн байдаг. Тэгэхээр Г.Аийн хувьцаа эзэмшиж байгаа компани нь нэгэнт өөрийн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн байгаа учир энэ хүний эрх дуусгавар болж байна гэсэн ойлголт гарч байна. Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохицуулахыг тодорхой заасан байдаг. Мөн Компанийг өөрчлөн байгуулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан байх ёстой. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Х” ХХК болон “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл гэж байгаа. Хоёр өөр компанийн хувьцаа эзэмшигчид хуралдан хувьцааны асуудлыг шилжүүлж болохгүй. 2016 оны 08 дугаар сарын “Хамтран ажиллах тухай” гэсэн “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол болон тэмдэглэл нь өөр өөр гарсан байдаг. Энэ хуралд “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б гэх хүн оролцсон байна. “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.А гэх хүн оролцсон байна. Г.А гэх хүн нь “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш учир энэ хуралд оролцох эрхгүй юм. Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд компанийг нийлүүлэх, 20 дугаар зүйлд компанийг нэгтгэх, 21 дүгээр зүйлд компанийг хуваах, 22 дугаар зүйлд компанийг тусгаарлах, 23 дугаар зүйлд компанийг өөрчлөх гэсэн иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэр гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх эрх нь нээгдэнэ. Гэтэл тусгай зөвшөөрөл шилжүүлсэн тогтоол нь “ХКТ” ХХК-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хэвийн үйл ажиллагаа явуулахаар “Х” ХХК-ийн эзэмшдэг ***/DTV 40 радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ болон радио давтамж ашиглах зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсүгэй гэсэн байгаа. Шилжүүлж авсан компани ийм радио давтамжийг эзэмшиж байгаагүй. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т компанийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд шилжүүлэхийг хориглоно гэсэн байдаг. Тэгэхээр энэ нь хууль зөрчиж шилжигдсэн. Төрийн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа тухайн харилцааг зохицуулсан журмын 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар ирүүлсэн бичиг баримт компанийг өөрчлөн байгуулагдсан гэдгийг нотолж байгаа эсэхийг шалгах ёстой. Гэтэл энэ компанийг нэгтгэсэн, өөрчилсөн гэх ямар ч баримт байхгүй. Зөвхөн хувьцааг шилжүүлсэн байдаг. Хамтран ажиллах гэрээ нь иргэний эрх зүйн асуудлын тухай байдаг. Тус гэрээ нь анхнаасаа мөн хууль зөрчиж гарсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “ХКТ” ХХК болон “Х” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд “ХКТ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэсэн. Үүний дагуу үйл ажиллагаа явуулах эрх зүйн бүрэн чадамжтай болох гэсэн асуудлын талаар яригдана. Тэгэхээр энэ нь анх эзэмшиж байсан “ХКТ” ХХК-ийн үйл ажиллагааг өөрчлөх гэх асуудал биш юм.
“ХКТ” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргаж, өөрийн эзэмшдэг ***/DTV 40 тоот радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлэхээр заасан байгаа. Энэ нь өөрөө Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-ыг зөрчсөн. Иймд гэрээг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргасныг төрийн захиргааны байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хороо энэ харилцааг зохицуулдаг журмын 9.3-т заасан бичиг баримтыг шалгаагүй. Хүсэлт ирсэн тохиолдолд өөрчлөн байгуулагдсан компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатын хуулбар, нотариатаар баталгаажуулсан компанийн дүрэм зэргийг шалгах шаардлагатай байдаг. Эдгээрийг шалгалгүйгээр шилжүүлснээр хувьцаа эзэмшигч иргэн Г.Аийн эрх ашиг хөндөгдсөн байгаа. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэхээр Д.Б нь тус компанийн хувьцааны 66.66 хувийг эзэмшдэг учир Компанийн тухай хуульд заасны дагуу дийлэнх олонхийн санал авсан болдог. Тиймээс Г.Аийг оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж болоод байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр ийм нөхцөлд хүчинтэй байх боловч яг захиргааны эрхийн акт гарах нөхцөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг зохицуулах журмын дагуу зохицуулна гэснийг зөрчсөн. Иймээс Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “тусгай зөвшөөрөл олгох, сунгалт өөрчлөлт хийх, эзэмшлийн жагсаалт гаргах тухай” А/**2 дугаар тогтоолын “ХКТ” ХХК-д холбогдох хэсгийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-ыг болон журмаа зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгон Харилцаа холбооны зохицуулах хороонд “ХКТ” ХХК-ийн эзэмшилд эргүүлэн бүртгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нотлох баримтаас харахад төрийн захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт гаргахдаа алдаатай гаргасан зүйл бол бий. Эрх зүйн ач холбогдолгүй, ур дагавар гаргахгүй байх гэж бодож байна. Учир нь иргэн Г.А төр, захиргааны байгууллагад хэзээ, хэрхэн шилжүүлсэн талаар мэдээлэл өгөөч ээ гэхэд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.Бы хүсэлтээр шилжүүлсэн байна гэдэг. Ер нь бол “ХКТ” ХХК нь дүрмээрээ төлөөлөн удирдах зөвлөлгүй компани байдаг. Гэтэл тогтоол дээр “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэсэн байдаг. Дүрэмдээ төлөөлөн удирдах зөвлөлтэй байж болох, үгүй талаар нээлттэй байхаар зааж өгсөн. Тэгээд төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гэж тусдаа хурал хуралддаг. Хувьцаа эзэмшигчдийн хурал гэж бас өөр асуудал хэлэлцэх хурал байдаг. Түүнээс хувьцаа эзэмшигчдийн хуралд ороод төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг батлан гарын үсэг зурдаг ийм эрх зүйн үндэслэл байхгүй. Ийм илт хууль бус үндэслэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо шалган үзэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, үндэслэл муутай, бусдын эрхийг хохироосон байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Учир нь Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “ХКТ” ХХК-иас ирүүлсэн албан тоот болон 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Х” ХХК-иас ирүүлсэн хүсэлт болон түүнд хавсарган ирүүлсэн баримт материалын дагуу тусгай зөвшөөрлийг “ХКТ” ХХК-иас “Х” ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн үед шилжүүлэхдээ шаардлагатай нотлох баримтууд буюу хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх зэрэг бусад шаардлагатай баримт бичгүүдийг ирүүл гэсэн шаардлага тавин уг шаардлагын дагуу компаниуд хүсэлтүүд, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэрэг баримтыг ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талын хэлж байгаачлан тухайн үеийн хурлын шийдвэр нь хууль бус эсэх, хүчин төгөлдөр бус гэж үзэх боломж Харилцаа холбооны зохицуулах хороонд байгаагүй. Тухайн үед компанийн хувьцаа эзэмшигч Д.Б гэх хүн Компанийн тухай хуулийн дагуу шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэдэг агуулгаараа компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол болоод тэмдэглэл дээр тусгаж ирүүлсэн байдаг. Энэ шийдвэр нь тухайн үед хууль бус нотлох баримт байна уу, үнэхээр хувьцаа эзэмшигчдийн хурал болоод ирүүлсэн байна уу гэх зэргийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалган тогтоох боломжгүй. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтийг журамд заагдсан баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна гэж үзэн тухайн үед шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ хэн нэгэн даргын шийдвэр юм уу, нэг этгээдийн шийдвэрээр шилжүүлдэггүй. Аливаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албаар тойрох маягаар үнэлгээ хийгдэж энэхүү асуудал нь шийдвэрлэгддэг. Холбогдох хуульд зааснаас бусад үндэслэлээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, барьцаалах зэргийг хориглодог. Өөрөөр хэлбэл үүний цаана дагаад тусгай зөвшөөрлийг наймаалах гэх зэрэг хууль бус үйлдлүүд явагддаг учир Харилцаа холбооны зохицуулах хорооны журмаар зохицуулагддаг харилцаа байгаа. Энэ журамд тухайн компани нь Компанийн тухай хуулийн дагуу өөрчлөн байгуулагдаад шинэ компани юм уу эсхүл өөр этгээдэд шилжүүлэх тохиолдолд дараах шаардлагыг хангана гэж журамд тусгагдсан. Үүний дагуу тухайн үеийн “Х” ХХК хөрөнгө оруулалт хийж, хувьцаа авч байгаа ба бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх гэж компани байгуулж байгаа гэж тайлбарлаж байсан. Энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь зохих шийдвэрийг гаргасан байгаа. ***/DTV 40 тусгай зөвшөөрөл нь өөрөө "ХКТ" ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар олгогдсон байдаг. Гэтэл Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тусгай зөвшөөрөл хүчингүй болох тохиолдол байдаг. “ХКТ” ХХК нь тусгай зөвшөөрөл авснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Тусгай зөвшөөрлийг авснаас хойш 1 жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл хүчингүй болдог зохицуулалт байдаг. Тэгэхээр шүүхээр маргаан үүсээд ингээд явж байх хооронд тусгай зөвшөөрлийн хүчингүй болох нөхцөл бүрдсэн байгаа” гэв.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан компани нь бол “ХКТ” ХХК, харин одоо шилжүүлэн авсан нь “Х” ХХК байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн талаар өнөөдөр яригдахгүй, зөвхөн Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс гаргасан захиргааны актын талаар яригдана. Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэн нэгэн өөр байр суурьтай байсны төлөө ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс татгалзах боломж байхгүй. Захиргааны акт нь өөрөө хууль зүйн хүчин төгөлдөр байгаа. “ХКТ” ХХК-ийн зүгээс эсрэг байр суурьтай байгаа гэж хүчингүй болгох боломж мөн байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооны хамгийн гол үндэслэх зүйл нь “ХКТ” ХХК-ийн зүгээс ирүүлж байгаа байр суурь байсан. Компанийн тухай хуулиар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр үү гэсэн асуудал яригдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр. Хэрэв компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүчингүй гэх шийдвэр байгаа тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооны үндэслэсэн шийдвэр хүчин төгөлдөр биш гээд захиргааны акт нь хүчингүй болох боломжтой. Гэтэл өнөөдөр тогтоол нь хүчин төгөлдөр байгаа учир Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр мөн хүчин төгөлдөр байгаа. Хэрэв “ХКТ” ХХК-ийн энгийн олонхи хүртэлх хувьцаа эзэмшдэггүй хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргаж байгаа эсрэг байр суурийг үндэслэн захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэх боломжгүй. Тиймээс захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тав. Гуравдагч этгээд “ХКТ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан компани нь бол “ХКТ” ХХК, харин одоо шилжүүлэн авсан нь “Х” ХХК байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн талаар өнөөдөр яригдахгүй зөвхөн Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс гаргасан захиргааны актын талаар яригдана. Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэн нэгэн өөр байр суурьтай байсны төлөө ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс татгалзах боломж байхгүй. Захиргааны акт нь өөрөө хууль зүйн хүчин төгөлдөр байгаа. “ХКТ” ХХК-ийн зүгээс эсрэг байр суурьтай байгаа гэж хүчингүй болгох боломж мөн байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооны хамгийн гол үндэслэх зүйл нь “ХКТ” ХХК-ийн зүгээс ирүүлж байгаа байр суурь байсан. Компанийн тухай хуулиар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр үү гэсэн асуудал яригдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр. Хэрэв компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүчингүй гэх шийдвэр байгаа тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооны үндэслэсэн шийдвэр хүчин төгөлдөр биш гээд захиргааны акт нь хүчингүй болох боломжтой. Гэтэл өнөөдөр тогтоол нь хүчин төгөлдөр байгаа учир Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр мөн хүчин төгөлдөр байгаа. Хэрэв “ХКТ” ХХК-ийн энгийн олонхи хүртэлх хувьцаа эзэмшдэггүй хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргаж байгаа эсрэг байр суурийг үндэслэн захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэх боломжгүй. Эрх зүй, эдийн засгийн харилцаанд оролцогч субъектүүдийн тухайд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж хуулиар тодорхойлсон байгаа. Энэ тодорхойлолтын хувьд “ХКТ” ХХК нь бие даан эрх зүйн болон эдийн засгийн харилцаанд оролцоод явж байгаа. Тэгэхээр “ХКТ” ХХК нь өөрөө энэ хүсэлтээ хүчингүй болгуулахаар хүсэлтээ гаргах эрхтэй болохоос биш 30 хувийн хувьцаа эзэмшигч хүсэлт гарган хүчингүй болгох боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна” гэв.
Зургаа. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “ХКТ” ХХК нь албан ёсоор хүсэлтээ гарган холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн 08 дугаар сарын 09-ний өдөр эрх бүхий байгууллагад хандан үүний дагуу эрх бүхий байгууллага нь баримт бичгийг судлан үзсэний үндсэн дээр шийдвэрлэсэн асуудал нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар ярья. Компанийн тухай хуульд зааснаар 33 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэл гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэлдээ 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/**2 тоот захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ надад мэдэгдээгүй, 33.33 хувьд оногдох эрхийг зөрчсөн гэж үзэж байна гэсэн байдаг. Хэргийг харъяаллаар нь заагласан байдаг. Үнэхээр энэ хүнд мэдэгдээгүй, 33.33 хувьд ногдох эрх ашгийг зөрчсөн бол иргэний хэргийн журмаар үүнийг шийдвэрлүүлэх боломжтой. Магадгүй энэ хүн өөрийн эсрэг ашиг сонирхолтой шийдвэр гарч байна гэж маргаж байгаа бол түүнийг батлахгүй гэж шаардах эрх нь нээлттэй байгаа. Энэ талаар бие даан нэхэмжлэл гаргах боломж байхгүй. Өмгөөлөгч нь оролцогч гэж Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан заалтыг тайлбарлаад байна. Энэ заалт нь нийтийн эрх зүйн субъектээс ямар нэгэн иргэнд холбогдуулж шийдвэр гаргахад эрхийг нь сонсгохоос бус хувийн эрх зүйн харилцаа руу орж, тухайн хувьцаа эзэмшигч нь нийтийн эрх зүйн субъект энэ асуудалд заавал бие даан оролцох эрхтэй юм шиг ойлгогдохгүй. Хэргийн харъяаллыг шууд зааж өгсөн байгаа учир Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэж болно. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан бол иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана. Тэгэхээр захиргааны эрх зүйн харилцаанд эдийн болон эдийн бус, биет бус хөрөнгөтэй холбоотой эрх зөрчигдсөн гэх үндэслэлээ захиргааны эрх зүйн шийдвэр гарсан үндэслэлтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг дэмжиж байна. “ХКТ” ХХК нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр уг компанийг татварын өрөнд орсон ийм тохиолдолд шилжүүлэн авсан асуудал байгаа. Өнөөдрийг хүртэл шүүгчийн захирамжаар түдгэлзэн үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм байдалтай байна. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...”ХКТ” ХХК-ийн “Радио давтамж ашиглах” ***/DTV 40 тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлсэн Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/**2 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг “ХКТ” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. “ХКТ ХХК-ийн Радио давтамж ашиглах ***/DTV 40 тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлсэн Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/**2 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
“ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд “ХКТ” ХХК нь 2016 оны 08-дугаар сарын 08-ны өдөр “Х” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, телевизийн тоот системийн олон сувгийн өргөн нэвтрүүлгийг нийслэлийн гэр хороолол, алслагдсан цэгт хүргэх үйлчилгээ үзүүлэх болсон тул манай эзэмшдэг ***/DTV 40 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг гаргаж, “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол, “Х” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, “Х” ХХК-ийн гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшил солих хүсэлт, өргөдөл, компаний эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлжээ. Харилцаа холбооны зохицуулах газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/**2 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 1 дэх заалтаар “ХКТ” ХХК-ийн ***/DTV 40 тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эзэмшүүлэхээр өөрчилжээ.
Нэхэмжлэгч Г.А 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...би “ХКТ” ХХК-ийн хувьцааны 33.33 хувийн өмчлөгч бөгөөд энэ компани 1999 оноос “радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн. Гэтэл “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б ганцаараа “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлж 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн “Х” ХХК-д шилжүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хууль болон уг компанийн дүрэмд заасны дагуу хуралдаагүй, төлөөлөн удирдах зөвлөл гэж дүрэмд байхгүй байхад өөрийгөө төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж гарын үсэг зурж, тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж ашиглахаар заасан байх бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1-д төрийн эрх бүхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэх, нийтийн үйлчилгээний зориулалтаар радио төхөөрөмж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичгийг тусгай зөвшөөрөл гэж заажээ. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах бүрэн эрхтэй байна. Радио долгионы тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан журмын дагуу “радио давтамж” ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгуулах, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх эрхтэй байна. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө шилжүүлэх хүсэлт гаргах тохиолдолд энэ зүйлд заасан зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт, зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа иргэн, аж ахуйн албан бичиг, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж зохицуулах хороонд хүргүүлэхээр заажээ. Зохицуулах хорооноос шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд дээрх бичиг баримтын бүрдэл бүрэн болох нь тогтоогдож байна. Тус журмын 9 дүгээр зүйлийн 9.3-д Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, иж бүрдлийг шалгаж, компани өөрчлөн байгуулагдсан эсэх, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл болж байгаа эсэхэд үнэлгээ дүгнэлт гаргахаар заажээ. Энэ нь Зохицуулах хороо нь тус журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан баримт бичгийн иж бүрдлийг шалгах эрх, үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон “Х” ХХК байгуулсан, “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль зөрчсөн эсэхийг шалгах эрхгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Бидний зүгээс компанийн бүрдүүлсэн материал бүрэн эсэхийг хянаж шалгахаас биш хувьцаа эзэмшигчдийн хуралд хэн нь орсон ороогүй эсэх талаар шалгах боломжгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон бусад гэрээнүүдийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр одоо ч байхгүй. Хэрэв тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлттэй хамт ирсэн бичиг баримтуудыг хууль бус гэдэг нь тогтоогдвол манай зүгээс маргаан бүхий шийдвэрээ цуцлахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарлаж байгаа болно. Хэдийгээр Д.Б гэх этгээд “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийхдээ Компанийн тухай хуулийг зөрчиж, хувьцаа эзэмшигчийн буюу нэхэмжлэгч Г.Аийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болох ч шүүх энэ үндэслэлүүдийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шалгах боломжгүй бөгөөд энэ нь тус шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш юм. Нэхэмжлэгч “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурал болон хамтран ажиллах гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдийг хууль бус гэж үзэж байгаа бол энэ талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байна.
2. Радио давтамж ашиглах ***/DTV 40 тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг “ХКТ” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/**2 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1 дэх заалтаар “ХКТ” ХХК-ийн ***/DTV 40 тоот “радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр өөрчилжээ.
Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелэлтэнд хяналт тавих, гэрээ байгуулах” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх зэргээр шилжүүлэхийг хориглоно”, 9.2-т “Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч болон хувь нийлүүлэгч нь Радио долгионы тухай хуулийн 13.3, Компанийн тухай хуулийн 197, 208, 219, 2210, 2311 дугаар зүйлийн дагуу өөрчлөн байгуулагдсан эсвэл тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч иргэн компани байгуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээ уг өөрчлөн байгуулагдсан компанийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн Зохицуулах хороонд ирүүлнэ. Үүнд: 9.2.-т “Зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт”, 9.2.2-т “Зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа иргэн, аж ахуйн албан хүсэлт”, 9.2.3-д “Компанийг өөрчлөн байгуулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр”, 9.2.4-д “Өөрчлөн байгуулагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар”, 9.2.5-д “Нотариатаар баталгаажуулсан компанийн дүрэм”, 9.2.6-д “Тухайн зах зээл дээр давамгайлагчаар тодорхойлогдсон компани өөр компанитай нэгдэх, нийлэх замаар өөрчлөгдөн зохион байгуулагдсан бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тодорхойлолт (Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйл)”, 9.3-д “Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, иж бүрдлийг шалган дараах үнэлгээ, дүгнэлтийг гаргана”, 9.3.1-д “Ирүүлсэн баримт бичиг нь компани өөрчлөн байгуулагдсаныг нотлож байгаа эсэх”, 9.3.2-т “Компани нь нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдаж байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл болж байгаа эсэх”, 9.4-д “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх эсэх тухай дүгнэлтийг хорооны даргад танилцуулж, даргын тушаалаар, шаардлагатай бол Хорооны хуралдаанд таницуулж, шийдвэрлүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчөөгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “ХКТ” ХХК, болон “Х” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлээр Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргаснаар “...Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/**2 дугаар тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг “ХКТ” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ