Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/0124

 

“С к” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

Харилцаа холбоо, мэдээллийн

технологийн газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

            Даргалагч, шүүгч:               Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн, шүүгч:  Ч.Тунгалаг

            Шүүгчид:                              М.Батсуурь

                                                          Ц.Цогт

            Илтгэгч шүүгч:                      Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ч.Б-Э нарыг /цахимаар/ оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаал, түүний хавсралт болох “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”,

Хэргийн нөхцөл байдал:

2.  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалаар “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг баталж,  дагаж мөрдөхийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч, интернетийн үйлчилгээ эрхлэгч, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг болгосон, уг чиглэлийн 2.7-д “интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь төрөөс иргэдэд хүргэх радио, телевизээс бусад тусгай зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш радио, телевизийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна”, 2.8-д “интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэж тус тус заасан байна.

3. Нэхэмжлэгч “С к” ХХК нь “Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ үзүүлэх” ............ /одоогийн дугаарлалтаар ......../ дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оноос эзэмшсэн, уг тусгай зөвшөөрлийн дагуу  телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг  хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэх үйлчилгээ эрхэлдэг, тусгай зөвшөөрөл нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн этгээд бөгөөд, нэхэмжлэлийн үндэслэлээ “... хэм хэмжээ тогтоосон актыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу /батлаагүй/, ... хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлээгүй, ... Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нийцээгүй хэм хэмжээ тогтоосон, ... Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна ...” гэж тодорхойлон маргажээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, “...маргаан бүхий актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт хийж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

6. Захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын эрх зүйн тогтолцооны тулгуур үндэс болох тэгш байдал, хууль дээдлэх ёсонд нийцээгүй тухайд,  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл” нь тухайн салбарт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн тэгш байдлыг алдагдуулсаны зэрэгцээ хууль тогтоомжид нийцээгүй, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болно.

7. Монгол Улсын Их Хурлаас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ дараах төрөлтэй байна: 6.1.2 олон суваг дамжуулах үйлчилгээ, 7 дугаар зүйлийн 7.1-д Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.7-д олон суваг дамжуулах үйлчилгээ гэж тус тус заасны дагуу олон суваг дамжуулах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн.

8. Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийн 2.7-д Интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь төрөөс иргэдэд хүргэх радио, телевизээс бусад тусгай зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш радио, телевизийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна, 2.8-д Интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно гэж заасан.

9. Хуулиар “Олон суваг дамжуулах үйлчилгээ”-г тусгай зөвшөөрөл бүхий этгээд эрхлэхээр тогтоосон байтал, хариуцагчаас хуулийн зохицуулалтаас давсан хэм хэмжээний акт гаргах замаар хуулийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулсан.

10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиргааны байгууллага нь хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл Засгийн газрын агентлагийн даргаас хэм хэмжээний акт батлахдаа хуулиас давсан зохицуулалтыг бий болгосон нь Захиргааны ерөнхий хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцэхгүй байна.

11. Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд зааснаар олон суваг дамжуулах тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэрлэх ёстой байтал Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь чиглэл батлах замаар Зохицуулах хорооны эрхэнд халдаж тусгай зөвшөөрлийн асуудлыг чиглэлээр зохицуулсан нь хууль зүйн хувьд хэрхэвч зөвтгөх үндэслэлгүй.

12. Шүүхээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дүгаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл” нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа үүнийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүйн дээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг дэмжсэн өнгө аясыг илэрхийлж байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлээр захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох журмыг зохицуулсан бөгөөд энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй, мөн зүйлийн 67.3-т зааснаар тус хэм хэмжээний акт нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, үр дагавар үүсгэхгүй юм.

14. Гэтэл шүүх эрх зүйн үйлчлэлгүй дээрх чиглэлийг шүүхийн шийдвэрийнхээ иш үндэс болгон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын ........ тоот тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “С к” ХХК-ийг тусгай зөвшөөрөл шинээр авах үүрэгтэй, улмаар чиглэлийн 2.7 дахь хэсгийг тухайн үйлчилгээ эрхлэгчид эерэг үйлчлэлтэй зохицуулалт байна гэх мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

15. Шүүхээс хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан. Гэтэл шүүх шийдвэртээ маргаан бүхий А/112 тоот тушаал, түүний хавсралтыг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон тохиолдолд ХХМТГ-ын даргын 2009 оны 111 дүгээр дүгээр тушаалаар баталсан “Баримтлах чиглэл”-ийн 2.2 дахь заалт хэвээр үлдэх үр дагавартай байна. Өөрөөр хэлбэл, чиглэлийн 2.2 дахь хэсэгт “...интернет ТВ үйлчилгээ, интернет видео үйлчилгээ үзүүлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох шаардлагагүй гэж заасан тул дээрх үйлчилгээнүүдийг тусгай зөвшөөрөл авалгүйгээр явуулах боломжтой болохоор байна” гэж үзэн ХХМТГ-ын даргын 2020 оны А/112 тоот тушаал, түүний хавсралтаар баталсан “Бодлогын чиглэл” болон мөн газрын даргын 2009 оны 111 дүгээр тушаал, түүний хавсралтаар баталсан “Баримтлах чиглэл” гэсэн захиргааны хэм хэмжээний актуудыг харьцуулан дүгнэж, улмаар ХХМТГ-ын даргын 2009 оны 111 дүгээр тушаалаар баталсан “Баримтлах чиглэл”-ийн 2.2 дахь заалтыг шүүхийн шийдвэрийнхээ иш үндэс болгон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6.1.2 дахь заалт болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.7-д тус тус заасан тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх “олон суваг дамжуулах үйлчилгээ”-г тусгай зөвшөөрөл авалгүйгээр явуулах боломжтой байна гэж дүгнэсэн нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д заасан “хууль хэрэглэх” зарчмыг ноцтой зөрчсөн.

16. Хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн 1/271 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ХХМТГ-ын даргын 2009 оны 111 дүгээр дүгээр тушаалаар баталсан “Баримтлах чиглэл”-ийг “Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх” шаардлагатай гэж тус хэм хэмжээний акт нь эрх зүйн үйлчлэлгүй болох нь нотлогдсон байхад шүүх хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэсэн ноцтой алдаа гаргасан.

17. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр тус хуулийн 4.1.4, 6.1.2 дахь хэсэгт тус тус заасан “Олон суваг дамжуулах үйлчилгээ”-г мөн өдрөөс эхлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн ба энэ цаг үеэс эхлэн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “хууль дээдлэх зарчим”-ын дагуу ХХМТГ-ын даргын 2009 оны 111 дүгээр тушаалаар баталсан “Баримтлах чиглэл”-ийн 2.2 дахь заалт эрх зүйн үйлчлэлгүй болох учиртай. Гэтэл шүүх хуулийг үл баримталж, эрх зүйн үйлчилгүй хэм хэмжээний актуудыг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон.

18. Нэгэнт хуульд хуульчилсан харилцааг хүчин төгөлдөр бус чиглэлийн зохицуулалтаар тайлбарлаж, чиглэлийн заалт хэвээр үлдсэнээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болох мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн чиглэлийн 2.2 дахь хэсэг хэвээр үлдсэнээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдөнө гэж дүгнэж буй нь өрөөсгөл байна. Хуулийн эрэмбийн хувьд хууль нь агентлагийн даргын тушаалаас дээгүүр хүчин чадалтай тул хэм хэмжээний актын зохицуулалт хүчингүй болсноор хуулийн заалт хэрэгжихгүй байх үндэслэл болохгүй.

19. Шүүхээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь тус хуулийн 1 дүгээр зүйл нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжихээс өмнө Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохих журмын дагуу авсан тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлийн төлбөр, хураамжийг зохих журмын дагуу төлж үйл ажиллагаа явуулж ирсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болох Өргөн нэвтрүүлгийн телевизүүд, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэсэн зохицуулалт бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зохицуулалт биш юм. Хэрэгт авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02/218 тоот албан бичгээр телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх, контент нийлүүлэх үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ирүүлсэн ба үүнд “Мобиком корпораци”-ийн Вүү үйлчилгээ огт байхгүй болно. Гэтэл шүүх Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг буруу ойлгож тайлбарлан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч” гэдэгт “Мобиком корпораци”-ийг хамруулан Өргөн нэвтрүүлгийн хууль хэрэгжихээс өмнө тус компанийн хууль бусаар явуулж байгаа үйл ажиллагааг зөвтгөсөн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

20. Шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, мөн шүүх хуралдаанаар хэлэлцээгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нь нотлох баримт юм.

21. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгах учиртай. Гэтэл шүүх шийдвэртээ “нэхэмжлэгчийн бодит байдалд “С к” ХХК-ийн Скайгөү үйлчилгээ болон “М к” ХХК-ийн Вүү үйлчилгээнүүд яг ижил” гэх тайлбарыг тусгасан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж миний шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарт нийцэхгүй байна. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Тухайлбал, бичлэгийн 40:54 цагт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас “Lоок ТV, Sкуgо, Vоо яг адилхан уу?” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “Улсын байцаагчийн хүчин төгөлдөр шийдвэрээр Voo үйлчилгээ нь олон суваг дамжуулах үйлчилгээг хууль бусаар эрхэлж байна, олон суваг дамжуулах үйлчилгээний шинжийг хадгалж байна гэж үзсэн” гэж хариулсан. Үүний дараа шүүгч Долгорсүрэн: “Сая асуулаа. Lоок ТV, Sкуgо, Vоо яг адилхан уу?” гэж асуухад миний зүгээс “бодит байдал дээр үйлчилгээ үзүүлж байгаагаараа адилхан, хэрэглэгчтэй гэрээ байгуулж байгаа, телевиз дамжуулж байгаа, 15 телевиз дамжуулж байгаа гэж хэлсэн. Харин хууль зүйн хүрээнд хоёр нь тусгай зөвшөөрөлтэй, нэг нь тусгай зөвшөөрөлгүй” гэж хэлсэн.

22. Эндээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх 3 үйлчилгээнүүдийг “хэрэглэгчтэй гэрээ байгуулж байгаа”, “телевизийн олон суваг дамжуулж байгаа” гэсэн хоёр шинжээрээ адил гэсэн агуулгаар тайлбарласан байхад намайг эдгээрийг бүхэлд нь “яг ижил” үйлчилгээ гэж хэлсэн мэтээр үнэн бодит байдалд нийцэхгүй зүйлийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна. Учир нь эдгээр үйлчилгээнүүд нь барааны тэмдгийн хувьд /Lоок ТV, Sкуgо, Vоо гэх/, үйлчилгээний нөхцөл, үнэ тариф, үйлчилгээний чанар, технологи гэх мэт олон шинжээрээ “ялгаатай” гэдэг нь илэрхий билээ. Гэтэл үүнийг нэхэмжлэгч нь “яг ижил” гэж хариулсан хэмээн шүүхийн шийдвэрт бичсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Ийнхүү шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэний улмаас шүүхийн шийдвэрээр олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “С к” ХХК-ийг энэ төрлийн тусгай зөвшөөрөлгүй “М к” ХХК-тай адилтган олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дахин шинээр авах үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагаварыг бий болгоод байна.

23. Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ”, “олон суваг дамжуулах үйлчилгээ”, “радио, телевизийн үйлчилгээ” зэрэг нь “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ”-нд хамаарахаар заасан ба мөн хуулийн 7.1-т “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ” гэж хуульчилсан. Харин өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ямар сүлжээ, технологид суурилж хүргэхтэй холбоотойгоор технологи тус бүрт нь тусгай зөвшөөрөл олгох талаар хуулиар зохицуулаагүй болно. Өөрөөр хэлбэл, хуулиар тусгай зөвшөөрлийг “техник технологи”-д бус “үйлчилгээ” буюу “үйл ажиллагаа”-нд олгохоор заасан билээ. Гэтэл шүүх шийдвэртээ ХХМТГ-ын даргын 2020 оны А/112 тоот тушаал, түүний хавсралтаар баталсан “Бодлогын чиглэл”-ийн 2.7-д заасан интернетээр дамжуулах" гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн “шинэ технологи” болгонд шинээр тусгай зөвшөөрөл авна гэсэн тайлбарт үндэслэн хариуцагчийн зүгээс хуульд заагдаагүй тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг дэмжсэн агуулгатай дүгнэлт хийсэн.

24. Шүүх Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага” гэх бичмэл нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгон нэхэмжлэгч “С к” ХХК-ийг энэхүү нөхцөл, шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийг шинээр авах үүрэгтэй гэж үзжээ. Гэтэл уг бичмэл нотлох баримт нь хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдаанаар огт хэлэлцэгдээгүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах үед огт судлагдаагүй баримт болно. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогддог. Тухайлбал, шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд шүүгч Н.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Тусгай зөвшөөрлийг олгох хүртэл гэдгийг ямар хугацаагаар ойлгох вэ?” гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Харилцаа холбооны зохицуулах хорооны нөхцөл, шаардлага батлагдах хүртэл. Бид сая ирэхдээ үүнийг авсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021.04.28-ны өдрийн 24 тоот тогтоолын хавсралтаар “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг батлаад 2021.06.14-ний өдөр хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна. Тэгэхээр энэ хүртэл гэж ойлгож байгаа” гэж хариулсан ба шүүгч “энэ баримт чинь хэрэгт байгаа юм уу?” гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэрэгт байхгүй” гэж хариулсан байдаг.

25. Ийнхүү тус нөхцөл, шаардлагын яг ямар зохицуулалтын дагуу “С к” ХХК нь шинээр, ямар төрлийн тусгай зөвшөөрөл авах үүрэгтэй эсэх талаар шүүх хуралдааны үеэр огт яригдаагүй байхад шүүх “шүүх хуралдаанаар хэлэлцээгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл” болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх заалтыг зөрчсөн.

26. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй тухайд, Шүүхээс маргаж буй захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгчийн түүний субьектив эрх нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй байх гэсэн урьдчилсан нөхцлийг хангасан тохиолдолд шүүх тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоор байна гэж дүгнэсэн.

27. Ингэхдээ шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн субьектив эрхийн тухайд дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдөж буй талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарласан бөгөөд хэрэгт үүнтэй холбоотой хэд хэдэн баримтууд ч авагдсан.

28. Нэхэмжлэгч “С к” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх” “Б” ангиллын ........ дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулан ажилладаг ба тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт Харилцаа холбооны зохицуулах хороонд жил бүр 8 сая төгрөгийг төлдөг билээ. Мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасны дагуу өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нараас өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авахаар болсон.

29. Үүний дагуу манай компани нь Монголын телевизүүдийн холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээдтэй 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр дамжуулах гэрээ”-г байгуулж, тус Холбооны гишүүн 16 өргөн нэвтрүүлгийн телевизэд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс төлж байгаа. Гэтэл маргаан бүхий 112 дугаар тушаалаар батлагдсан бодлогын чиглэл нь тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгож, нэхэмжлэгчтэй өрсөлдөх үйл ажиллагаа явуулдаг этгээд болох “М к” ХХК нь өөрийн Вүү үйлчилгээгээрээ дамжуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд ямар ч үйлчилгээний хөлс төлөхгүй байх шударга бус байдлыг бий болгосон. Ийнхүү тус компани нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөр, хураамж, зохицуулалтын хөлс болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүдэд төлөх ёстой үйлчилгээний хөлс зэргийг төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаагийн улмаас манай компанийн харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаагийн зэрэгцээ тус бодлогын чиглэл нь харилцаа холбооны зах зээлд оролцогчдыг тэгш бус нөхцлөөр үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгож байна.

30. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрлийг авч, холбогдохтөлбөр хураамжийг төлж, үүргээ биелүүлэн ажиллаж байхад хариуцагчийн баталсан маргаан бүхий бодлогын чиглэлийн дагуу тус үйл ажиллагааг өрсөлдөгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр, улмаар зохих төлбөр хураамжийг төлөхгүйгээр эрхэлж байгаа нь манай компанийн харилцаа холбооны зах зээлд тэгш, шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж байна.

31. Түүнчлэн маргаан бүхий 112 дугаар тушаалаар батлагдсан “Бодлогын чиглэл” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий эрх бүхий байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Үүнд:

32. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/47 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичигт “... бодлогын чиглэлийн 2.8-д ... аж ахуй эрхлэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасны дагуу өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх боломжтой байдлаар зохицуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн байна” гэж үзсэн. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/48 дугаар албан бичгээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт дээрх бодлогын чиглэлийг Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэх талаар мэдэгдсэн. Түүнчлэн давуу байдал олгодог болох нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/793 дугаар албан бичгээр нь тогтоогддог.

33. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий салбарын мэргэжлийн зохицуулах байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооны харилцаа холбооны хяналтын улсын байцаагч М.Эрдэнэцэцэгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 57-07-003/01 тоот дүгнэлтээр “М к” ХХК-ийн эрхлэн явуулж байгаа Вүү үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6.1.2-т заасан олон суваг дамжуулах үйлчилгээг мөн хуулийн 7.1-т заасан тусгай зөвшөөрөл эрхлээгүй, хууль зөрчсөн болохыг тогтоож, тус зөрчлийн хэргийн улмаас хохирогч болох “С к” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, “М к” ХХК нь нэхэмжлэгчтэй шударга бусаар өрсөлдөж байгааг тогтоосон болно.

34. Ийнхүү маргаан бүхий хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдсөн хэвээр байгааг хангалттай нотлох баримтууд байсаар байхад шүүх дээрх нотлох баримтуудыг огт үнэлэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

35. Дээрх үндэслэлээр бусдад давуу байдал олгох байдлаар нэхэмжлэгчийн шударгаар өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

36. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

37. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалаар “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг хавсралтаар баталсан, уг баримт бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй” шийдвэр буюу хэм хэмжээний акт байна, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

38. Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3“харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах”, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1“өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэлийг боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” эрх хэмжээг тус тус харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад олгосон, энэ чиг үүргийн дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг баталж, уг баримт бичгийн 1.3-т энэ баримт бичгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа интернетээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч, интернетийн үйлчилгээ эрхлэгч, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч ... дагаж мөрдөх-өөр заасан, гадагш чиглэлтэй, зохицуулалтын үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй байх тул ... салбарын дотоод зохион байгуулалтын шинжтэй гэж үзэхгүй, хариуцагчийн төлөөлөгчийн ... хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

39. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж тус тус заасан, тухайн тохиолдолд маргаан бүхий хэм хэмжээний акт нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй нь хэм хэмжээний акт бүхэлдээ энэ хуульд заасан эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй шинжийг хангаж байгаа ч зөвхөн энэ үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг хэм хэмжээний актыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болох-ыг тогтоох боломжгүй.

40. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3“нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор заасан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6“захиргааны хэм хэмжээний актыг ... хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн /болох/”-ыг тодорхойлохоор, 106 дугаар зүйлийн 106.3.8“захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох”-оор тус тус заажээ.

41. Эдгээрээс үзвэл, нэхэмжлэгч “С к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаал, түүний хавсралт болох “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” үндэслэл нь уг хэм хэмжээний акт хууль зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй нь тогтоогдсон байхыг хуулиар шаардаж байна.

42. Энэ тохиолдолд, маргаан бүхий хэм хэмжээний акт бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, харин уг хэм хэмжээний актын 2 дугаар зүйлийн 2.8-д “интернетээр дуу, дурс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэж заасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

43. Тодруулбал, Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг шинээр баталсан, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4“олон суваг дамжуулах үйлчилгээ гэж утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг”, 4.1.2-т “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ гэж энэ хуулийн ... 4.1.4...-т заасан үйлчилгээг” тус тус ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1.2“олон суваг дамжуулах үйлчилгээ .../нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний нэг төрөл болох/”-оор, 7 дугаар зүйлийн 7.1өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх”-ээр тус тус заасан, энэ хуулийн зохицуулалтын дагуу утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэх (олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлэгч) аливаа хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч бөгөөд уг үйлчилгээг эрхлэхэд эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагыг хуулиар тусгайлан тавьжээ.  

44. Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын маргаан бүхий “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийн 2 дугаар зүйлийн 2.8-д “интернетээр дуу, дурс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэж заасан нь уг үйлчилгээг эрхлэхэд эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлагыг үгүйсгэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан ... хуульд нийцсэн байх”, 60.1.2-т заасан тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” шаардлагуудыг хангаагүй байх тул хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

45. Өөрөөр хэлбэл, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар интернетийн сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэх үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавьсан байхад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын баталсан “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийн дагуу уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болохоор хэм хэмжээ тогтоосон нь хууль бус байна.

46. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2“зах зээл гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг”,  4.1.4“өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг” тус тус ойлгохоор заасны дагуу интернетийн сүлжээгээр радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэх үйлчилгээ эрхэлж байгаа этгээдүүдийг тухайн зах зээлд өрсөлдөгчид гэж үзнэ.

47. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох-оор заасан, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7“аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” үйл ажиллагаа явуулахыг төрийн захиргааны байгууллагад хориглосон нь “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн шийдвэр мөн адил хамаарна, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар “харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжих”-д чиглэсэн “чиглэл” батлах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэгтэй байна.

48. Нэхэмжлэгч “С к” ХХК нь телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэх үйлчилгээ,  эрхэлдэг,  “Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд интернетийн сүлжээгээр олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, талууд энэ үйл баримттай маргаагүй, нэг зах зээл дээр өрсөлдөгч этгээдүүдэд хуулиар ижил шаардлага тавьсан буюу эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх-ыг шаардсан байхад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын баталсан хэм хэмжээний актаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгох хүртэл буюу тодорхой хугацаагүйгээр, зарим үйлчилгээ эрхлэгч нарт уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх боломжийг олгосон нь нэг зах зээлд өрсөлдөж буй зарим өрсөлдөгч нарт давуу эрх олгосон үр дагавартай байх тул Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын маргаан бүхий “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийн 2 дугаар зүйлийн 2.8 дахь заалт нь Өрсөлдөөний тухай хуулиар хамгаалагдсан зах зээлд өрсөлдөгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй.

49. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлд холбогдуулж хэрэглэвэл зохих Өрсөлдөөний тухай хуулийн дээрх заалтуудыг тайлбарлаж хэрэглээгүй, маргааны энэ үйл баримтад холбогдуулж буруу дүгнэлт хийсэн, ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  ... уг зах зээлд өрсөлдөгч нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нь илэрхий байхад шүүх ... буруу дүгнэлт хийсэн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй байна.

50. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх хүчин төгөлдөр байна” гэж заасан нь тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх эрхийг зарим үйлчилгээ эрхлэгч нарт олгосон гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн буруу байна.

51. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 заасныг тус тус баримтлан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/112 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернетээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийн 2.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                          М.БАТСУУРЬ

                                                                      Ц.ЦОГТ

     Д.МӨНХТУЯА