Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1371

 

Б.Хэрлэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03624 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Хэрлэнгийн

Хариуцагч А.Оюун-Эрдэнэд холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 54 769 775 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунтуулын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Хэрлэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Одхүү,

Хариуцагч А.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч А.Оюун-Эрдэнэтэй хийсэн барьцааны гэрээнд заасан үндсэн зээлийн үнэ, 47 340 000 төгрөг хүү, алдангийг тооцон нийт 54 769 775 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай байна. 47 340 000 төгрөгийн 2 сарын хүү 4 087 020 төгрөг, алданги 3 342 755 төгрөг, тухайн үед А.Оюун-Эрдэнэ нь зээлийн гэрээний хугацаа дууссаны улмаас урдны гэрээний үргэлжлэл болгож 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж уг зээлийн гэрээн дээр үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах барьцааны гэрээг байгуулахыг зөвшөөрсний үндсэн дээр нотариатаар баталгаажуулан бид хоорондоо гэрээ байгуулсан. Гэтэл одоо яагаад дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзээд байгааг ойлгохгүй байна. А.Оюун-Эрдэнэ бид хоёр 2013 онд зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээний үндсэн дээр хариуцагч зээлээ төлж байсан. 2013 онд байгуулсан зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох байраа барьцаалсан. Хариуцагч амины орон сууц барьж амьдрах сонирхолтой байгаа тул найздаа туслаад барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөөч хэмээн гуйсан. Өөрийнх нь гуйснаар барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг чөлөөлж өгсөн боловч мөнгөө төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин гэрээ үргэлжлүүлэн хийсэн гэжээ.

 

Хариуцагч А.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд хийсэн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 10 000 000 төгрөг төлж хасуулаад, 35 000 000 төгрөг үлдсэн байгаа. Миний тооцоогоор 35 000 000  төгрөгөөс зээлийн гэрээ байгуулах ёстой гэж үзэж байна. Гэрээн дээр байгаа гарын үсэг минийх мөн. Б.Хэрлэн гэрээ хийх шаардлагатай байна гэсэн учраас гэрээ байгуулсан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. 35 000 000 төгрөгийн 6 сарын хүү, алдангийг тооцоолоод гаргасан мөнгөн дүн гэж Б.Хэрлэн надад хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. 2015 онд Б.Хэрлэнд өгөх гэж байсан мөнгөө би хүнд алдчихсан. Тэгээд зээлж авсан мөнгөө төлөх боломжгүй болсон. Мөнгөө алдсаныг Б.Хэрлэн мэдэж байсан. Б.Хэрлэнд найз нөхдийн хувиар мөнгөөр хэмжигдэхгүй тус хүргэж байсан. Зээл төлөх сэтгэл надад байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч А.Оюун-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 39 725 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хэрлэнд олгож,

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Оюун-Эрдэнийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 431 798 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431 798 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хэрлэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунтуул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл:

1.   Нэхэмжлэгч   Б.Хэрлэн   нь   2015 оны  12 дугаар  сарын 03-ны өдөр  зээлдүүлсэн

47 340 000 төгрөг, түүний хүү алдангийн хамт А.Оюун-Эрдэнээс нэхэмжилсэн, харин 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжлээгүй гэдгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад болон шүүх хуралдаан дээр ч тодруулж байсан боловч, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус иргэний хэргийг шийдвэрлэсэнгүй.

  1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ, нэхэмжлэгч нь талуудын хооронд 2013 оны зээлийн харилцаа үүссэн гэрээгээр биш, хугацаа сунгах зорилгоор шинэчлэн байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсэн шаардлагыг зөрчөөгүй шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн нь буруу байна. Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэсэн, гэрээг сунгаж буй талаарх ямар ч утга агуулга байдаггүй юм.

 

          3. Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Хэрлэн нь 47 340 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгч А.Оюун-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, харин зээлдэгч нь тус мөнгийг хүлээн авах эрх, мөнгийг хүлээн авсан тохиолдолд буцаан төлөх үүргийг нарийвчлан зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, тус 2015 оны зээлийн гэрээний дагуу талууд нь ямар ч мөнгө төгрөг өгч авалцаагүй байтал, 2013 онд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна, үүний сунгалт юм гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлгүй байна.

4. Хариуцагч А.Оюун-Эрдэнэ нь иргэн Б.Хэрлэнгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргахдаа, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дурдан, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Хэрлэнгээс 47 340 000 төгрөг аваагүй, харин 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Хэрлэнгээс 45 000 000 төгрөг авсан боловч 40 734 000 төгрөгийг Б.Хэрлэнд төлж ирсэн талаарх тайлбарыг 2013 оны зээлийн гэрээ нотлох баримтын хамт ирүүлсэн байдаг. Түүнчлэн хариуцагчаас Б.Хэрлэнд бэлнээр болон дансааар мөнгө төлж байсныгаа илэрхийлэх зорилгоор нэхэмжлэгчийн дансны хуулгыг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан, зарим бичгийн баримтууд хэрэгт хавсаргагдсан, мөн 2013 оны 45 000 000 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдэж ирсэн зарим баримт материал хэрэгт авагдсан, Өөрөөр хэлбэл, 2013 оны зээлийн гэрээний биелэлтийн асуудал яригдсаар байхад шүүх нотлох баримтуудыг үнэлж харьцуулж үзээгүй, бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

         5. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, шүүхийн шийдвэрээр 2015 оны зээлийн гэрээний дагуу А.Оюун-Эрдэнээс 39 725 000 төгрөгийг гаргуулан Б.Хэрлэнд олгуулахаар шийдвэрлэж буй байдал нь Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан " зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлөл мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний ... мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээх тухай зарчим зөрчигдөж байна. Хэрэв нэхэмжлэгч Б.Хэрлэн нь 2013 оны зээлийн гэрээ, түүний сунгалтын дагуу мөнгө нэхэмжилсэн бол хариуцагч талаас тус нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан татгалзлаа нотлох зорилгоор ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаараас хальж хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагч А.Оюун-Эрдэнийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн явдал болсон.

6. Дээрх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бэлнээр ямар ч мөнгө төгрөг өгөлцөж аваагүй гэдгийг талууд аль аль нь мэдэж хийсэн байдал нь тус зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх боломжтой байна. Тиймээс ч мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй тус зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

                7. Хариуцагч А.Оюун-Эрдэнийн шүүх хуралдаан дээр гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч буй талаарх шийдвэрийг хэргийн оролцогч нарт танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн, иргэний хэргийг хянан хэлэлцэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалттай зөрчилдсөн. Түүнчлэн хариуцагч нь барыдааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байтал дээрх шүүхийн шийдвэрт хариуцагчийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээнээс гадна зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан хэмээн тодорхойлсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангаагүй хэмээн үзэж гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Хэргийн оролцогчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.Хэрлэн хариуцагч А.Оюун-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54 769 775 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунтуул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

 

Зохигчды хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Хэрлэн нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан А.Оюун-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-ын 3-10-11 тоотод байрлах үйлдвэр үйлчилгээний 740 м.кв обьект болон 409 м.кв газрын гэрчилгээний хамт барьцаалсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрч, хариуцагч А.Оюун-Эрдэнэ нь 39 725 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх болно.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03624 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Хэрлэн нь хариуцагч А.Оюун-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-ын 3-10-11 тоотод байрлах үйлдвэр үйлчилгээний 740 м.кв обьект болон 409 м.кв газрын гэрчилгээний хамт барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрч, хариуцагч А.Оюун-Эрдэнэ нь 39 725 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны дотор нэхэмжлэгч Б.Хэрлэнд төлөхөөр тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Оюун-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 375 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                          Д.БАЙГАЛМАА