Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01452

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 24 210/МА2023/01452

 

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02041 дугаар шийдвэртэй

С.Г-ийн нэхэмжлэлтэй,

НШШГГ-т холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2023 оны 01 сарын 20-ны өдрийн хоёр дахь Албадан дуудлага худалдаа, 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 1/13 тоот өмчлөх эрх шилжүүлэх шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дашдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 000 дугаар шийдвэрээр С.Г-иас 271,507,950 төгрөг гаргуулж Б.О-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Хариуцагч нь эхний албадан дуудлага худалдааг явуулалгүй шууд 2 дахь албадан дуудлага худалдааг явуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд анхны дуудлага худалдаанд оруулах 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/29 тоот тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 20/13 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна. Иймд анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй.

2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 тоот тогтоолоор шууд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй ямар ч үндэслэлгүй нэг талыг барьсан нь ашиг сонирхолтой байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрөө 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 20/13 тоот тогтоолоор 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/29 тоот тогтоолыг хүчингүй болгосоор байтал хариуцагчаас дуудлага худалдааг явагдсан гэж үзэн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 тоот тогтоолоор анхны дуудлага худалдааг явуулалгүй хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан нь үндэслэлгүй.

Дахин үнэлгээ тогтоолгох үндэслэл нь хөрөнгийг 2019 онд үнэлсэн бөгөөд үүнээс 36 сарын хугацаа өнгөрсөн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 33 хувиар өссөн учраас эхний дуудлага худалдааг хүчингүй болгосон нь статистикийн мэдээллээс харагдана. Сүүлийн нэг жилд л 13.7 хувиар өссөн. Энэ үндэслэлээр дахин үнэлгээ тогтоох үндэслэлтэй гэж харагдаж байна. Тогтоолыг явуулснаас хойш 14 хоногийн дотор гаргах ёстой. Гэтэл албадан дуудлага худалдааг 2022 оны 1 сарын 3-ны өдрийн тогтоолыг үндэслэн 2023 оны 1 сарын 20-ны өдөр зохион байгуулсан. Энэ нь хуулийг зөрчсөн байх тул тогтоолыг хүчингүй болгох зайлшгүй шаардлага гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэрийг үндэслэн С.Г-иас 270,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,507,950 төгрөг гаргуулж Б.О-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 сарын 13-ны өдөр үүсгэж, хуулийн дагуу ажиллагааг явуулж, хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар талуудад мэдэгдэж, 2019 оны 11 сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2019 оны 11 сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 262,550,000 төгрөгөөр худалдан борлогдож, дуудлага худалдааны ялагч Б.Б-т дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Гэвч төлбөр төлөгч С.Г- шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 1046 дугаар магадлалаар 2019 оны 11 сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 21-12/1013 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах болон худалдан борлогдсон хөрөнгийн өмчлөх эрхийг С.Г-т буцаан шилжүүлэхийг тус газарт даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж 2023 оны 01 сарын 20-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж 312,550,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иймд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 01/23 дугаар тогтоол болон 2023 оны 02 сарын 03-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх 1/13 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2023 оны 01 сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч С.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол, Москва гудамж 00тоот хаягтай, 414 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалттай 400 м.кв талбайтай газарт дахин үнэлгээ тогтоохыг хариуцагч НШШГГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт, 2022 оны тогтоолоор 2023 онд хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчсөн гэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагчаас гаргасан тайлбар, нотлох баримтаар дуудлага худалдааны зар, дуудлага худалдаа зохион байгуулах болон шийдвэр гүйцэтгэгчийн, дуудлага худалдааны тэмдэглэл, дуудлага худалдааны тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулсан баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тус тогтоолыг 2023 онд гаргасан нь тогтоогдсон. Мөн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн дуудлага худалдааг Өнөөдөр сонины 2023 оны 01 сарын 05-ны өдөр нийтэд мэдээлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг огт зөрчөөгүй байхад зөрчсөн гэж дүгнэжээ.

Хариуцагчаас тайлбартаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүйг илэрхийлсэн байхад 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 дугаартай тогтоолын талаар хариуцагч маргаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл үүссэн тохиолдолд хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгчид гаргах үүрэгтэй бөгөөд үндэслэлээ тодорхойлж нотлох баримтыг ирүүлээгүй, төлбөр авагч талаас дахин үнэлгээ тогтоолгохоор хандаагүй байхад шүүх уг асуудлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд 2019 оноос хойш зах зээлийн үнэ ханшийн өөрчлөлт ороогүй, нэмэгдээгүйтэй холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагчаас нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, нотлож чадаагүй гэж дурдсан ба хариуцагч уг баримтыг гаргаж өгөх үүрэггүй, нотлох үүргийг хүлээхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар нотлох баримтын хугацаанд үнэлэлт өгөлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Шүүх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 дугаартай "Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг он сар өдрийг үндэслэж шийдвэрлэсэн. Гэтэл нотлох баримт болох уг тогтоолын агуулга, тогтоолын 2 дахь хэсэгт заасан он, сар, өдөрт дүгнэлт хийгээгүй. Тогтоолын он, сар, өдөрт техникийн алдаа гарсан байхад нягтлан судлаагүй хууль зүйн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч шинээр нотлох баримт ирүүлсэн гэж үндэслэх хэсэгтээ тодорхойлсон байдаг. Үүнд: ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 4/06 тогтоол, 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 03/000 дугаар албан бичиг, ерөнхий гүйцэтгэгчийн 03/300, 03,000 албан бичгүүдийг нотлох баримт, үндэсний статистикийн хорооны мэдээг гаргаж өгсөн.

Хариуцагч, гуравдагч этгээд нарыг баримттай танилцуулаагүй шүүх хурлыг хийсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 18-ны өдөр шүүх хурал давхацсаныг нотлохоор хурлын товыг майл хаягаар шүүх хурлаас өмнө шүүхийн майл хаягт явуулсан, гар утсаар шүүгчийн туслах, нарийн бичгийн даргад хүсэлтийг гаргасан боловч шүүгч талуудын мэтгэлцэх зарчмаар хангаагүй, шинээр гаргаж есен нотлох баримттай танилцуулаагүй, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гуравдагч этгээд болон хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах хугацаа хангалттай байсан. Анхан шатны шүүх хуралд хариуцагч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал давхацсан гэх баримт ирүүлсэн боловч хүсэлт ирүүлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг хангаагүй учраас шүүх хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2022 оны тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна. 2021 оны 01 сарын 03-ны өдөр тогтоол гарсан. Энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор дуудлага худалдаа явуулах ёстой. Уг тогтоол төлбөр авагч, төлбөр төлөгч зэрэг бүх этгээдүүдэд гардуулсан. Хуулийн хугацаанд дуудлага худалдаа явуулаагүй тул тогтоол үндэслэлгүй.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс эхэлж, 2023 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл холбогдох албан тушаалтануудад хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасан. Хөрөнгийг хурааж авсан тогтоол 2019 оны 09 сарын 10-ны өдөр гарсан. Дуудлага худалдааг хүчингүй болсон тогтоолоор явуулж буй нь үндэслэлгүй.

Өнөөдрийн зах зээлийн ханшаар хуучин орон сууц, хамгийн багадаа метр квадрат нь 2,000,000-3,000,000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Энэ нь нийтэд илэрхий болсон үйл баримт юм. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шинээр хийгдэх ёстой. Давж заалдах шатны шүүхээс 2 дахь тогтоолыг хүчингүй болгосон. Эхний тогтоолыг хүчингүй болгоогүй гэж маргадаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 09 сарын 11-ний өдрийн 20/13 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны бөгөөд 2 дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосон. Энэ тогтоолуудыг хүчингүй болгосон тул үнэлгээг эхнээс нь хуульд заасан журмын дагуу явуулах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.Г- хариуцагч НШШГГ-т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2023 оны 01 сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 1/13 тоот өмчлөх эрх шилжүүлэх шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 000 дугаар шийдвэрээр хариуцагч С.Г-иас 270,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгохоор шийдвэрлэсэн, тус шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхнийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 01 сарын 13-ны өдөр үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг даруй авах үүрэгтэй бөгөөд хуульд заасан үүргийн дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу гүйцэтгэж, мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр гаргуулах ажиллагааг явуулжээ.

Хариуцагч мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москва гудамж, 00дугаар байрны 414 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 400 м.кв талбайтай газрыг тус тус битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Хөрөнгийн үнэлгээний М- ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 521,000,000 төгрөгөөр үнэлжээ. Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 1046 дугаартай магадлал хэрэгт авагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

5. Хариуцагч анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/29 дугаартай тогтоолд зааснаар дуудлага худалдааг 2019 оны 11 сарын 01-ний өдөр явуулсан ч хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 12/27 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаа, түүний үр дагавартай холбоотой асуудлаар төлбөр төлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 1046 дугаар магадлалаар хариуцагчийн 2019 оны 11 сарын 29-ний өдөр явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, түүний үр дагаврыг хүчингүйд тооцсоноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулжээ.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг дахин явуулахаар хариуцагч 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-оор тус газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 01 сарын 20-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Дараахь тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна, мөн хуулийн 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй гэж заасан болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд анхны албадан дуудлага худалдааг явагдаагүй гэж үзэх, хариуцагч шууд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ 2022 оны тогтоолоор 2023 онд дуудлага худалдаа явуулсан гэж тайлбарласан. Хариуцагчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг 2023 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Батмөнхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн №23/01 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүлэх тухай албан даалгавраар С.Г-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгч Б.Н-д даалгасан болон зохигч нь он цагийн дарааллын хувьд 2022 оны 01 сарын байдлаар 2019 оны 11 сарын 29-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа, түүний үр дагавартай холбоотой асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, магадлалаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч дээрх 1/23 дугаартай тогтоолд хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 01 сарын 20-ны өдөр явуулахаар зааж, энэ тухай мэдэгдлийг 2023 оны 01 сарын 09-ны өдрийн 4-131/674 тоот мэдэгдлээр нэхэмжлэгчид хүргүүлснийг 12-ны өдөр хүлээн авчээ. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг хариуцагч 2023 оны 01 сарын 05-ны өдрийн Өнөөдөр сонины 003 (7562) дугаарт нийтэлсэн нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт нийцсэн, дуудлага худалдааг 2023 оны 01 сарын 20-ны өдөр явуулснаас үзэхэд хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд явуулсан байх тул уг ажиллагааг хууль бус гэж дүгнэхгүй.

Хариуцагчийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ын огноо 2022 гэж алдаатай бичигдсэн нь агуулгын бус техникийн шинжтэй алдаа, уг тогтоол 2023 онд гарсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

7. Анхан шатны шүүх, хариуцагч нь 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 1/23 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг үндэслэн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 01 сарын 20-ны өдөр явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэн, улмаар 2023 оны 01 сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа, мөн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг тус тус хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг 1/23 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ыг 2023 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан гэж дүгнэсэн тул уг тогтоолыг үндэслэн явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иймд энэ талаархи хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

8. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг үндэслэн төлбөрт хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг М- ХХК 2019 оны 10 сарын 09-ны өдөр 521,100,000 төгрөгөөр тогтоосноос хойш 36 сарын хугацаа өнгөрч, хөрөнгийн үнэ 33 хувиар өссөн дахин үнэлгээ тогтоолгохоор хариуцагчид хүсэлт гаргажээ. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 03/76 тоот мэдэгдлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 1111 дугаар захирамжаар тогтоогдсон тул хуульд заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 33 хувиар өссөн гэж тайлбарласан ч үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт Үндэсний статистикийн хороо, Монголбанкны орон сууцны үнийн мэдээ, үнийн өсөлтийн харьцуулсан мэдээ авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй.

Хариуцагчийн шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтээ нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлага хангагдах үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэд өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй бол уг ажиллагааг талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч явуулж болохоор заасан ба нэхэмжлэгч хүсэлтээ нотлоогүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрт хураагдсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосноос хойш 41 сарын хугацаа өнгөрсөн хэдий ч үнийн өөрчлөлтийн улмаас хөрөнгийн үнэд 1/3 хэмжээний өөрчлөлт орсныг нэхэмжлэгч нотлоогүй буюу хуульд заасан урьдчилсан нөхцөл бий болоогүй байхад анхан шатны шүүх зөвхөн хугацаагаар тооцон нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь хуульд нийцэхгүй. Үнийг тогтоосноос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн ч үнэ өөрчлөгдсөн нь нотлогдоогүй бол дахин үнэлгээг тогтоохгүй тул хариуцагч талын давж заалдах гомдлыг шүүх хангаж шийдвэрлэнэ.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэлгүй тул хариуцагч НШШГГ-т холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 01/23 дугаар тогтоол, 2023 оны 02 сарын 03-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 1/13 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 01 сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, нэхэмжлэгч С.Г-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москва гудамж, 00тоот хаягтай, 414 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201020289 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт орших нэгж талбарын 1800301396 дугаартай, улсын бүртгэлийн Э-2201045413 дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалттай 400 м.кв газарт дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Д.Одонтуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ