| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0053/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,
шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн ………… дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ... нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сааралын 7 дугаар байрны 5 дугаар орцны подволд иргэн А....тай “ажлаа хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь духанд шарх, духанд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... цалингаа авсан өдрөөс хойш ажил дээрээ ирээгүй ажил тасласан байхаар нь түүнийг дуудаж ажлыг нь хийлгэе гээд би нягтлан бодогч ...ын хамт ...гийн гэрт очсон. Тэр үед манай ажлын харуул Батгэрэл ...гийн гэрээс архи үнэртүүлсэн гарч ирээд надтай зөрсөн. Тэгэхээр нь би энэ хэд цалингаа авчихаад архидан согтуурсан байна гэж бодсон. ...гийн хоёр хүүхэд нь орцны гадаа байхаар нь “ээж нь байгаа юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Би ...д “чи ажил алдагдуулж байна. Танд сануулга өгсөн боловч та ажлаа хийсэнгүй. Түлхүүр өг, помпноос ус авмаар байна” гэхэд ... ууртайгаар над руу “миний цалинг бүтэн өгч байгаагүй” гээд түлхүүр шидэж өгөхөөр нь “хэрэв та гомдолтой байгаа бол Хан-Уул дүүргийн Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэнд гомдлоо гаргаж болно” гэж хэлсэн. Би ...г 4 жилийн өмнө нялх хүүхэдтэй хоолгүй байхад нь ажилд авч ажиллуулж байсан. Тэр үед нялх хүүхэдтэй гэж бодоод ажлын цагийг нь бүртгэж байгаагүй. Би ...д цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл ногдуулсан мөртлөө цалингаас нь 20.000 төгрөг л хассан. Би ...г дэмжиж өөрийн болон хүүхдүүдийнхээ хувцсыг өгч, хоолны мах хүртэл өгдөг байсан. Гэтэл сүүлийн үед дандаа ажил тасалдаг болсон. Би эхэлж долоовор хуруугаараа ...гийн дал руу чичсэн. ... бид хоёр 2-3 минут орчим салахгүй харилцан зодолдсон. Тэр үед би ...д “нүүр, амнаас чинь цус гарч байна, одоо тавиач, туслаач” гэхэд хажуу талаас 20 орчим насны залуу ирж бид хоёрыг салгасан. ... бид хоёр миний цүнхийг булаацалдаж байхад духанд нь цохиж шалбархай үүссэн байх. Би ...д “духнаас чинь цус гараад байна, намайг тавиач” гэхэд тэрээр зууралдаад тавихгүй байсан. Би санаатайгаар цохиж гэмтэл учруулъя гэж бодоогүй. Би эхлээд ...гийн нуруу руу эхлээд чичсэн нь миний буруу гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч ... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ... ажлаа хийж байгаад цалин буунгуут ажлаа таслаад явчихсан. Тэр өдөр манай ажилчид цалингаа аваад ...гийн Хан-Уул дүүргийн 3 дугаар байрны Сааралын 7 дугаар байрны 5 дугаар орцны подволь дахь гэрт нь архи ууцгаасан байсан. Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ...г ажилдаа ирэхгүй болохоор нь түүнийг дуудаж ажлыг нь хийлгэх зорилгоор нягтлан бодогч ...ын хамт өдөр 11 цагийн үед гэрт очсон. Тухайн үед ...гаас архи пиво үнэртэж байсан. Би ...д “чи ажлаа удаа дараа тасаллаа, ажлаа хийвэл хий, хийж чадахгүй бол ажлаас халагд, чамайг хуулийн дагуу ажлаас халж байна” гэхэд “чи миний цалинг дутуу бодож, өөрөө идэж ашигласан” гэж намайг доромжилсон. Би түүнд “Дүүргийн хөдөлмөр хамгаалалын мэргэжилтэнд гомдлоо гаргаж өг, тэр хүн таны цалин дутуу бодогдсон эсэхийг шалгаж тогтоож өгнө” гэхэд миний үгийг сонсохгүй над руу дайраад байхаар нь “больё, үйлчлүүлэгчийн өрөөний түлхүүрүүдийг өг” гэхэд үгээр доромжилж над руу түлхүүр шидсэн. Би түүнд тусалж байсан сэтгэлээ бодож гомдоод, аль нэг хөл рүү нь жийчихээд гарахад миний гар цүнхийг булаагаад авсан. ... миний цүнхийг газар саваад байхаар нь би цүнхээ авах гэхэд тэрээр миний толгой руу 10-20 удаа цохиж, энгэр заамнаас самардаад, хөхний даруулганы мөр болон даашинзнаас татаж урсан. ... миний баруун гартаа барьсан 4-5 ширхэг багц түлхүүрт өөрөө оногдоод духнаас нь цус гарсан. Намайг өөрийгөө хамгаалах явцад дух нь оногдсон ч байж магадгүй. ...гийн духнаас гарсан цус миний хувцсыг бохирдуулсан. Энэ үед ... “цагдаад дуудлага өг, чи зөндөө зодуулчихлаа, эмнэлэг рүү яв” гэхээр нь би гэр рүүгээ орж хувцсаа сольчихоод өрхийнхөө эмчид үзүүлсэн. …Тухайн үед ... өөрөө л духандаа гэмтэл учруулсан байх. Би ...гийн биед гэмтэл учруулаагүй. …Дээрх асуудлаас болж миний толгой байнга өвдөж байна. Би цагдаад дуудлага өгөөд, хорооны цагдаа дээр очсон хойно ... духны цусаа угаачихсан ирсэн. Тэр үед ...гийн дух шалбарсан харагдаж байсан. Хүний хуруу нь тасарч, нуруу нь гэмтсэн байхад гэмтэл нь хөнгөн гардаг байхад яагаад ...гийн духны шалбархайд хөнгөн зэргийн гэмтэл гардаг юм бэ. Тэрээр шүүх эмнэлэгт үзүүлэхдээ өөрт учирсан шархаа дахин сэдрээж байгаад үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Харин түүний зүүн бугалганд учирсан гэмтлийг ... намайг зодоод байхаар нь би учруулсан. Тэр өдөр би их бухимдсан. Түүнийг идэх хоолгүй ядарч байхад нь 3 жил ажиллуулж, түүнийг тэтгэж байсан. Тэгтэл ийм зан гаргасанд нь маш их гомдолтой байна…гэжээ. /хх-ийн 47-48-р хуудас/,
1. Хохирогч А.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед гэртээ 3-10 насны 2 охинтойгоо хамт байхад дарга ..., нягтлан бодогч ... нар ирсэн. Дарга ... хаалганы гадна зогсчихоод “түлхүүр өг, авгай минь, ажлаас гар чи” гэхээр нь би ...д “ажлын байрны 5-6 ширхэг хэлхээтэй түлхүүрийг нь өгчихөөд “чи цалингаа бүтэн өгдөг байж хүн ажиллуулаарай, цалингаа дандаа дутуу өгдөг” гэж хэлчихээд гэр рүүгээ орох гэтэл ... миний ар нуруу руу гараараа нэг удаа цохисон. Би эргээд хартал тэрээр түлхүүр атгасан гараараа миний духны зүүн хэсэг рүү нэг удаа цохиход нь цус гарсан. Тэр үед би хөл алдаад хойшоо унах үедээ ...гийн даашинзны энгэрээс зуурч арай гэж уналгүй тогтсон. Тэр үед ... коридороос гүйж ирээд намайг түшээд авсан. ... бидний дундуур орж ...г надаас холдуулсан. Би ...гийн даашинзны энгэрээс зуурахдаа урчихсан. ... уурлаад миний хэвлий, сав, баруун гуя орчим руу 2 удаа жийж өшиглөөд, зүүн гараас маажаад, үснээс зулгааж доошоо дарсан. Би “цагдаа дууд” гэж оритол ..., ... нар дундуур орж ... нь ...г “яв” гээд түлхэж гаргасан. ...г гарсны дараа ... 102 дугаарт дуудлага өгсөн. ...д зодуулсандаа гомдолтой байна. Би одоогийн байдлаар толгойгоо бариулж, эм худалдан авсан. Эдгээр зардал нь 40.000 төгрөг болсон баримтууд байхгүй…гэжээ. /хх-ийн 21-22-р хуудас/,
2. Гэрч Б.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би бие засах гээд ...гийн хойноос гартал ... нь ...ын хамт ...гийн гэрийн үүдэнд зогсож байсан. Харин ... эгч хаалгаа нээчихсэн тэд хоорондоо маргалдаад байх шиг байсан. ... ... эгчийг “ажлын түлхүүрүүд өг, би чамд түрүү сарын цалин дээр 100.000 төгрөг илүү өгсөн, тэрийгээ авъя, чам шиг ажил хийнэ гэж юу байдаг юм бэ” гээд загнаад байсан. ... эгч 3-4 ширхэг багцалсан түлхүүр ...д өгчихөөд “май энийгээ ав, би энүүгээр чинь яадаг юм бэ, танайд над шиг сайн ажилладаг хүн байхгүй, надад амралт олгодоггүй, чи хамаг ажлаа хийлгэж цалин дутуу өгчихөөд надаас мөнгө нэхээд байхдаа яадаг юм бэ, миний хэд хэдэн сарын цалинг дутуу өгсөн” гээд маргалдаж байгаад гэр рүүгээ орох гэхэд ... ...гийн нуруу руу нь гараа зангидаж байгаад цохисноо “чам шиг ингэж ажил хийнэ гэж юу байдаг юм бэ” гэсэн. ... эгч ...д “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэж хэлж байсан. ... нь ...гаас түлхүүрээ авахдаа баруун гартаа цагаан өнгийн гар утас атгасан харагдаж байсан. Би тэднийг одоо маргалдахгүй биз гэж бодоод ариун цэврийн өрөө рүү орчихоод гараад ирэхэд маргаан нь ширүүсэж, дуу нь чангараад коридорт ... нь ...гийн энгэрээс заамдаад доош нь дарчихсан, нөгөө гараараа үснээс нь зулгаачихсан байсан. ... ...гийн хувцасны энгэрнээс гараараа зуурчихсан “болиоч, тавиач” гээд орилж байсан. Би тэднийг “болиоч ээ” гээд ...ын хамт ...г ...гаас салгасан. ... ...тай маргалдаж байгаад түлхүүр, гар утас атгасан баруун гараараа ... эгчийн дух орчим руу 1-2 удаа цохиход ...гийн духнаас цус гарсан. ... эгч “чи намайг аллаа шүү дээ, миний толгойноос цус гараад байна” гэж байснаа ...гийн цүнхийг булааж аваад цүнхээр нь ...гийн баруун бугалга орчим руу 2-3 удаа цохисон. ... ... эгчээс цүнхээ булааж авчихаад ...тай хамт гарсан. Тухайн үед ...гийн даашинзны нэг мөр урагдчихсан, хөхөвчний мөр нь ил гарчихсан, даашинзны энгэр нь цус болсон харагдаж байсан. Би тухайн үед ... эгчид “та цагдаад дуудлага өгөөч” гэхэд “яах юм бэ, ... 10 сартай нялх нойтон хүүхэдтэй” гэснээ “миний дух яасан байна” гэхээр нь түүний духыг хартал духны баруун хэсэгт 1-1.5 см орчим газарт язраад, тэр хэсгээс нь нилээн их цус гарч байсан…гэжээ. /хх-ийн 25, 49-50-р хуудас/,
3. Гэрч Э.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … ... надад “хамт яваад ...гаас түлхүүр авъя” гэхээр нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 7 дугаар байрны 5 дугаар орцны подволд ...гийн гэрт очсон. ... ... эгчид “та яагаад ажилдаа ирсэнгүй вэ, ажил ихтэй байна шүү дээ, таныг хүлээх арга алга, ус алдаад байна, өрөөнөөс чинь помп авмаар байна, ерөөсөө больё, гар утсаа ч авахгүй, та ажлаасаа гар” гээд загнахад “тэг, тэг түлхүүрээ ав, чи яахаараа намайг дарамталж байдаг юм бэ, би хамаг юмыг чинь хийдэг шүү дээ, цалин мөнгө яахаараа дутуу өгөөд байдаг юм бэ” гэж маргалдсан. ... эгч гэр рүүгээ ороод 3-4 ширхэг хэлхээтэй төмөр түлхүүрүүд гаргаж ирээд ...д өгсөн. ..., ... нар хоорондоо маргалдаж байснаа бие биенийхээ цээж рүү гараараа түлхэлцээд, бие биенийхээ мөр, цээж рүү гараараа цохилцож байснаа ... нь ...гийн үснээс зулгаасан. ... ч гэсэн ...гийн үснээс зулгаасан. Би тэр хоёрын дундуур ороод ... эгчийн цээж рүү гараараа түлхээд, ...г нуруугаараа түлхсэн. Тэр хоёрт “больцгоо, хүүхдүүд айчихлаа” гэж хэлсэн. Намайг салгах хооронд тэр хоёр миний дээгүүр гараараа бие биенээ цохиод, хажуу талаар хөлнүүд нь орж ирээд, бие биенээ өшиглөөд байсан. Энэ хоёр зодолдож байхад ...гийн цүнх гарнаас нь мултраад унасан. ... эгч цүнхийг газраас аваад цүнхээр нь ...гийн толгой орчим руу 4-5 удаа цохисон. ... ...гаас цүнхээ булааж авах гээд ...гийн баруун гарнаас татаад, бие биенээ маажсан. Цүнх булаацалдаж байхдаа ... ...гийн цээжийг нь маажаад даашинзны энгэрийг нь урчихсан. Мөн ... ... эгчийн гэдэс, хэвлий орчимд өшиглөсөн. Би тэднийг салгах гээд оролдож байхад ... эгчийн духны баруун хэсгээс цус гараад, нүүр рүү нь урссан. ... эгч “чи намайг түлхүүрээрээ цохичихлоо” гээд орилоход ... “та миний түлхүүр барьсан гарын ирээд мөргөчихлөө” гэсэн…гэжээ. /хх-ийн 26-27, 51-52-р хуудас/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9777 дугаартай дүгнэлтэнд:
1. ...гийн биед баруун тохой, шуу, зүүн хөх, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 30-р хуудас/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9772 дугаартай дүгнэлтэнд:
1. А....гийн биед духанд шарх, духанд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 32-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дипломын хуулбар /хх-ийн 68-69-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ...гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ... нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 5 дугаар орцны подволд хохирогч А....тай “ажлаа хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар зодож биед нь духанд шарх, духанд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч А....гийн … Дарга ... хаалганы гадна зогсчихоод “түлхүүр өг, авгай минь, ажлаас гар чи” гэхээр нь би ажлын байрны 5-6 ширхэг хэлхээтэй түлхүүрийг нь өгчихөөд “чи цалингаа бүтэн өгдөг байж хүн ажиллуулаарай, цалингаа дандаа дутуу өгдөг” гэж хэлчихээд гэр рүүгээ орох гэтэл ... миний ар нуруу руу гараараа нэг удаа цохисон. Би эргээд хартал тэрээр түлхүүр атгасан гараараа миний духны зүүн хэсэг рүү нэг удаа цохиход нь цус гарсан. …Би ...гийн даашинзны энгэрээс зуурахдаа урчихсан. ... уурлаад миний хэвлий, сав, баруун гуя орчим руу 2 удаа жийж өшиглөөд, зүүн гараас маажаад, үснээс зулгааж доошоо дарсан. …...д зодуулсандаа гомдолтой байна…гэжээ. /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Б....ийн … ... ... эгчийг “ажлын түлхүүрүүд өг, би чамд түрүү сарын цалин дээр 100.000 төгрөг илүү өгсөн, тэрийгээ авъя, чам шиг ажил хийнэ гэж юу байдаг юм бэ” гээд загнаад байсан. ... эгч 3-4 ширхэг багцалсан түлхүүр ...д өгчихөөд “май энийгээ ав, би энүүгээр чинь яадаг юм бэ, танайд над шиг сайн ажилладаг хүн байхгүй, надад амралт олгодоггүй, чи хамаг ажлаа хийлгэж цалин дутуу өгчихөөд надаас мөнгө нэхээд байхдаа яадаг юм бэ, миний хэд хэдэн сарын цалинг дутуу өгсөн” гээд маргалдаж байгаад гэр рүүгээ орох гэхэд ... ...гийн нуруу руу нь гараа зангидаж байгаад цохисноо “чам шиг ингэж ажил хийнэ гэж юу байдаг юм бэ” гэсэн. ... эгч ...д “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэж хэлж байсан. …Тэдний маргаан нь ширүүсэж, дуу нь чангараад коридорт ... нь ...гийн энгэрээс заамдаад доош нь дарчихсан, нөгөө гараараа үснээс нь зулгаачихсан байсан. … ... ...тай маргалдаж байгаад түлхүүр, гар утас атгасан баруун гараараа ... эгчийн дух орчим руу 1-2 удаа цохиход ...гийн духнаас цус гарсан…гэжээ. /хх-ийн 25, 49-50-р хуудас/,
Гэрч Э....ын … ..., ... нар хоорондоо маргалдаж байснаа бие биенийхээ цээж рүү гараараа түлхэлцээд, бие биенийхээ мөр, цээж рүү гараараа цохилцож байснаа ... нь ...гийн үснээс зулгаасан. ... ч гэсэн ...гийн үснээс зулгаасан. … Намайг салгах хооронд тэр хоёр миний дээгүүр гараараа бие биенээ цохиод, хажуу талаар хөлнүүд нь орж ирээд, бие биенээ өшиглөөд байсан. Энэ хоёр зодолдож байхад ...гийн цүнх гарнаас нь мултраад унасан. … ... ...гаас цүнхээ булааж авах гээд ...гийн баруун гарнаас татаад, бие биенээ маажсан. … ... ... эгчийн гэдэс, хэвлий орчим руу өшиглөсөн. Би тэднийг салгах гээд оролдож байхад ... эгчийн духны баруун хэсгээс цус гараад, нүүр рүү нь урссан…гэжээ. /хх-ийн 26-27, 51-52-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9772 дугаартай дүгнэлтэнд:
1. А....гийн биед духанд шарх, духанд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 32-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ... Сууц өмчлөгчдийн холбооны захирлын хувьд ажилтан А....д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй боловч байгууллагын удирдах ажилтан, ажилтны хооронд байвал зохих харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг огоорч ёс зүйгүй авирласан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ... нь “Би биеэ хамгаалах явцад А....гийн биед гэмтэл учирсан байх. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Аргагүй хамгаалалт нь өөрийн болон ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолгооноос хамгаалахаар хийсэн үйлдэл байхыг шаарддаг.
Энэ хэргийн тухайд хохирогч А.... нь “цалингаа бүрэн өгсөнгүй” гэх шалтгаанаар шүүгдэгч ...тай маргахад тэрээр хохирогчийн нуруу руу цохиж зодооныг эхлүүлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул хохирогч А....гийн зүгээс түүний амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулахаар довтолгоо хийсэн үзэхгүй юм.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаарх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар хохирогч А....гийн биед учирсан “духанд шарх, духанд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч ...гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч ...гийн хохирогч А....г цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч ...г гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч А....гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгч ...гаас эмчилгээний зардалд 40.000 төгрөг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд: хохирогч А.... нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 40.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 22-р хуудас/ боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин хохирогч А.... нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч ...г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ... нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Хийморь” хотхонд СӨХ-ийн захирлаар ажилладаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...г 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ...д мэдэгдсүгэй.
4. Хохирогч А.... нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ...д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР