Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01469

 

 

 

 

 

 

 

2023 07 26 210/МА2023/01469

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02746 дугаар шийдвэртэй

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ү.С-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ү.С-тай 2021 оны 12 сарын 03-ны өдөр машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж Hyundai robex 3000LC-7A маркийн 11-11УН улсын дугаартай экскаваторыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн хөлийн холбоо гэх газар байх жоншны уурхайд 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 сарын 13-ны өдрийн хооронд түрээслэн ажилласан. Гэрээнд 1 сарын түрээсийн төлбөрийг 25,000,000 төгрөг байхаар тохирсон боловч түрээсийн төлбөрөө сар сард нь төлөөгүй.

Түрээсийн үлдэгдэл төлбөр 2022 оны 08 сарын 13-ны өдрийн байдлаар 75,000,000 төгрөг болж хуримтлагдсан. Энэ төлбөрийг 2022 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд буюу 2022 оны 12 сарын 25-ны өдөр гэхэд төлж дуусахаар хариуцагч амлалт бичиг хийж өгсөн ч төлөөгүй. Гэрээний 6.1-д алдангийн талаар тохиролцсон. 2023 оны 03 сарын 01-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөр төлөх хугацааг 177 хоногоор хэтрүүлж, нэг хоногийн алданги 375,000 төгрөгийг 177 хоногоор тооцвол 66,375,000 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 37,500,000 төгрөг нэхэмжилсэн. Иймд Ү.С-гаас түрээсийн төлбөр 75,000,000 төгрөг, алданги 37,500,000 төгрөг нийт 112,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэл үндэслэлгүй. Бид 2021 оны 12 сарын 03-ны өдөр Машин, механизм түрээслэх гэрээг байгуулж, гэрээний 4.1-д зааснаар Б.Б- нь 30 хоногт өдөрт дунджаар 10 мото/цаг ажиллахаар гэрээний үнийн дүн 25,000,000 төгрөг гэж тохирсон. Гэрээний 5.1-д заасан хугацааг талууд тохиролцоогүй тул нэхэмжлэлд дурдсан ... 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 сарын 13-ны өдрийн хооронд түрээслүүлэн ажилласан гэсэн нь үндэслэлгүй юм.

Б.Б- нь экскаватораа Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байх жоншны уурхайд 2021 оны 12 сарын 05-ны өдөр ачиж аваачиж, 2022 оны 01 сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан. Монголын цагаан сарын үе таарсан учир уурхайгаа 01 сарын 17-ны өдрөөс буулгаж 2022 оны 03 сарын 13-ны өдрийг хүртэл бүх ажилчдаа амраасан. 2022 оны 03 сарын 13-ны өдөр эргэж уурхай гаргасан бөгөөд Б.Б- нь 04 сарын 03-ны өдрийг хүртэл 1 сар ажилласан. Түүний ажиллах хугацаанд өдрийн 10 мото/цаг ажиллаагүй өдөрт дунджаар 4 мото/цаг орчим ажилласан. Экскаватор нь эвдэрч байнга зогсоно. Б.Б- алдаг оног талбайд ажиллаж байгаад 2022 оны 08 сард /өдрийг нь сайн санахгүй байгаа/ экскаватораа авч явсан.

Б.Б-ийн ажиллах хугацааны түрээсийн төлбөрт түүний 5750165565 тоот данс болон өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн бусад хүний дансруу нийт 51,660,000 төгрөгийг экскаватор түрээс гэж шилжүүлсэн. Нэхэмжлэлд түрээсийн төлбөр 75,000,000 төгрөг, алданги 37,500,000 төгрөг нийт 112,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ү.С-гаас 75,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс 37,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 720,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.С-гаас 532,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрт, С-гийн гараар бичсэн 2022 оны 02 сарын 27-ны өдрийн "Ажлын тохироо буюу хэлэлцээр хийв" гэх баримтад Техникийн ажлын хөлс болох урьд сарын үлдэгдэл 23,000,000 төгрөгийг Б-ийн дансанд, 2022 оны 03 сарын 03-ны дотор 10,000,000 төгрөгийг хийнэ, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 15-д дуусгавар болгохоор тохиров" гэж, 2022 оны 06 сарын 28-д "Б" гэх баримтад "2022 оны 3, 4, 5 сарын үлдэгдэл 34,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 05-ны дотор 100 өгөх, 6 сарын 01-30 хүртэл тооцоо 25,000,000 төгрөгийн тус мөнгө бүрэн шилжсэн үед хамт дуусгавар болохоор тохиров, 2022 оны 08 сарын 13-ны өдрийн "Иргэн Б-эд" гэх баримтад манайх дээрх иргэнд 6, 7 сарын түрээс 41 сая төгрөг, урьд үлдэгдэл 34 сая төгрөгийн хамт, нийт 75,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 25-д 15 сая, 10 сарын 25-д 20 сая, 11 сарын 25-д 20 сая, 12 сарын 25-д 20 сая тегрег дээрх графикийн дагуу төлнө. Жич ажлын хөлсний тооцоо /техник/ болно дээрх баримтуудаас дүгнэхэд хариуцагч Ү.С- нь 2022 оны 08 сарын 13-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 75,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Зохигчдын хооронд 2021 оны 12 сарын 03-ны өдөр "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ"-г байгуулж, нэхэмжлэгч Б-ийн Хьюндай Эксковатор механизмыг гэрээний 3.4, 4.1-д зааснаар үндсэн хугацааг 30 хоног" буюу "1 сар" гэж, нийт ажлын хөлс нь 25,000,000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Шүүх 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт төлсөн банкны баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:

Ү.С- ХААН банк 0000000000 тоот данснаас 2 удаагын гүйлгээгээр 6,000,000 төгрөг, Уранчимэг Борхүү ХААН банк 0000000000 тоот данснаас 2 удаагын гүйлгээгээр 5,500,000 төгрөг, Бандиа Баасандорж ХААН банк 0000000000 тоот данснаас 12 удаагын гүйлгээгээр 38,160,000 төгрөг, нийт 49,660,000 төгрөгийг шилжүүлсэн байхад шийдвэрт "... дансны дэлгэрэнгүй хуулгуудаас үзэхэд сүүлийн байдлаар 2022 оны 07 сарын 03-ны өдөр түрээсийн төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байна..." гэсэн ч мөнгөн дүнг нь орхигдуулсан. Учир нь гэрээний төлбөрийг 75,000,000 төгрөг гэж үзсэн бол, хариуцагчаас телсен 49,660,000 төгрөгийг хэрхэн тооцохыг дүгнэх байсан. Үүнийг тооцвол гэрээний үлдэгдэл нь 25,340,000 төгрөг гэж төлбөрийн тооцооллыг гаргах боломжтой.

Хариуцагчаас шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа гэрээний төлбөрийг 51,660,000 төгрөг гэсэн бөгөөд дансны хуулгаар 2 сая төгрөгөөр мөнгөн дүн зөрсөн. Хэрэв хариуцагч талыг шүүх хуралд оролцох эрхээр хангасан бол энэ үнийн дүнгийн зөрүүний талаар мэтгэлцэх, тооцоог гаргах боломжтой байсан ч мэтгэлцэх эрхээр хангаагуй боловч шийдвэрт "... нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн... гэх баримтуудыг хариуцагч нь татгалзаж, энэ талаарх баримтаа гаргаж мэтгэлцээгүй тул ... гэж хэт нэг талыг барьж дүгнэн, хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг нь хязгаарласан гэж үзнэ.

Тухайлбал, 2022 оны 05 сарын 22-ны өдрийн шүүх хурлын явцад хариуцагч талаас "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ"-нд зурсан гарын үсэг хариуцагч Ү.С-гийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг шүүх татгалзсан. Тухайн өдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ү.С-гийн гар бичмэл гах 3 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгснийг, хариуцагчид танилцуулсаны үндсэн дээр санал, хүсэлтээ гаргахаа шүүхэд илэрхийлж байсан.

Гэвч 2023 оны 05 сарын 31-ний өдрийн шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар өөр орон нутагт явж байгаа, шүүх хуралдаанд оролцох боломжгүйг, холбогдох баримтаа нөхөн бүрдүүлэхээ илэрхийлсээр байхад шүүх хурлыг үргэлжүүлсэн нь дээр дурдсан "мэтгэлцэх, нотлох баримтыг үнэлэх, нотлох баримттай маргах" эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасан үндэслэлд хамаарах болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гомдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, мэтгэлцэх зарчим зөрчсөн гэж дурддаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь шүүх хуралдааны өмнөх өдөр хэргийн материалтай танилцаж, хурлын товыг мэдсэн ч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ба хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй. Нотлох баримтаа нөхөн бүрдүүлж өгөх талаар хүсэлт гаргасан ба хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2022 оны 08 сарын 13-ны өдрийн байдлаар Ү.С-тай тооцоо нийлж, Б.Б- ажлын хөлсний тооцооллыг гаргаж 75,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр гарсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэсэн. Ү.С- нь 2022 оны 08 сарын 13-ны өдөр тооцоо гаргаснаас хойш төлбөр төлөөгүй, Б.Б-ийн болон түүний хамаарал бүхий хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч Ү.С-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 20 дахь тал/

 

3. Талуудын хооронд 2021 оны 12 сарын 03-ны өдөр Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Б.Б- нь Hyundai 3000LC-7A экскаваторыг түрээслүүлэх, түрээслэгч Ү.С- нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлж, хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ.

 

4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч Ү.С- нь түрээсийн гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ түрээслүүлэгч Б.Б-д төлөх үүрэгтэй.

4.1. Хэргийн баримтаас үзэхэд түрээсийн гэрээний төлбөрийн талаар талууд удаа дараа тооцоо нийлж, хариуцагч түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баримтыг нэхэмжлэгчид гаргаж байсан нь хэрэгт баримтаар авагдсан. Уг баримтыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, үнэн зөв баримт хэмээн үнэлж, хариуцагчаас түрээсийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, хариуцагч Ү.С- нь 2022 оны 02 сарын 27-ны өдрийн Ажлын тохироо буюу хэлэлцээр хийв гэх баримтаар Техникийн ажлын хөлс болох урьд сарын үлдэгдэл 23,000,000 сая төгрөгийг Б-ийн дансанд 2022 оны 3 сарын 03 дотор 10,000,000 төгрөгийг хийнэ, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 2022 оны 3 сарын 15-нд дуусгавар болохоор тохиров гэж, мөн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн Б-эд гэх баримтад 2022 оны 3, 4, 5 сарын үлдэгдэл 34,000,000 төгрөгийг 2022 оны 7 сарын 05-ны дотор 100 хувь өгөх, 6/1 6/30 хүртэл тооцоо 25,000,000 төгрөгийн тус мөнгө бүрэн шилжсэн үед хамт дуусгавар болгохоор тохиров гэж, мөн 2022 оны 8 сарын 13-ны өдрийн Иргэн Б-эд гэх баримтад ... манайх дээрх иргэнд 6, 7 сарын түрээс 41 сая төгрөгийн урьд үлдэгдэл 34 сая төгрөгийн хамт нийт 75 сая төгрөгийг 2022 оны 9-р сарын 25-нд 15 сая, 10-р сарын 25-нд 20 сая, 11-р сарын 25-нд 20 сая, 12-р сарын 25-нд 20 сая дээрх графикийн дагуу төлнө. Жич: ажлын хөлсний тооцоо /техник/ болно гэжээ. /хх-ийн 23-25 дахь тал/

4.2. Хариуцагч түрээсийн төлбөрт 49,660,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК дахь хариуцагч Ү.С-гийн 5035067414, У.Борхүүгийн 0000000000, Б.Баасандоржийн 0000000000 тоот дансны хуулгуудаар нотлогдоно, анхан шатны шүүх уг төлбөрийг тооцож дүгнээгүй гэх гомдлыг үндэслэлтэй гэж үзэхгүй. Учир нь хариуцагч тайлбартаа 51,660,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар гаргасан.

Түүнчлэн хариуцагч нь 2022 оны 08 сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид нийт 75,000,000 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч илэрхийлсэн бөгөөд дээрх дансны хуулгаар 2022 оны 07 сарын 03-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 49,660,000 төгрөгийг төлсөн нь дээрх цаг хугацааны дотор хамаарч байх тул энэ талаар шүүх тооцооллыг буруу дүгнэсэн гэх гомдол үндэслэлгүй.

4.3. Мөн хариуцагчийн төлөөлөгч 2023 оны 05 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд дараагийн буюу 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хүлээн авчээ. Гэвч товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир төлөөлөгч хүсэлтээ баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч талын шүүх хуралдаанд оролцож татгалзлын талаархи мөнгөн дүнгийн тооцоолол, төлбөр төлсөн тухай татгалзлаа нотлох, тайлбарлан мэтгэлцэх эрхээр шүүх хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт 75,000,000 төгрөгийг хариуцагч Ү.С-гаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 37,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ