| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0078/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... ...д холбогдох эрүүгийн ………. дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.... нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... пабд барменаар ажиллаж байхдаа үйлчлүүлж байсан О....г пабаас гаргах гэхэд гаргахгүй байхаар нь шатны уруу унагааж, нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч Э.... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “...” караокед бармены ажлаа хийж байхад тарган ах /.../ найзтайгаа орж ирээд хэдэн пиво уучихаад гараад явсан. 23 цагийн үед буцаад нэг найзтайгаа хамт орж ирсэн. Тэр хоёр архи билүү пиво ууж байгаад нөгөө ах /.../ тасраад унтаад өгсөн. Харин хамт орж ирсэн найз нь тооцоо хийчихээд гараад явсан. ... ахыг сэрэхийг нь хүлээсэн боловч сэрэхгүй байсан. Манай хаах цаг болчихоор нь сэрээтэл надаас цамц нэхээд байсан. Би “та цамцгүй фудволктой орж ирсэн” гэхэд хэрүүл хийгээд гарахгүй байхаар нь түүнийг гаргах гээд түрийвчийг нь аваад гараад гүйсэн боловч ардаас гарч ирээгүй. Би буцаж ороод “одоо гар” гээд түрийвчийг нь шидэж өгсөн. ... ах над руу дайраад байхаар нь би гаргах гээд зууралдаж байгаад хувцаснаас нь зуураад шатны уруу чирээд явж байтал ах хөл алдаад шатны уруу өнхрөөд давхар дундын хэсэгт уначихаар нь босгоод гаргах гэтэл намайг “чи муу яаж байнаа пизда минь” гэхээр нь уур хүрээд Загдсүрэн ахын нүүрэнд нь гараараа хоёр удаа алгадаад хэвтсэн чигээр нь хувцаснаас нь чирээд шатан дээр биеэр нь нидрүүлээд чирч гаргаад пабаа хаасан…гэжээ. /хх-ийн 44-45-р хуудас/,
Хохирогч О.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Намайг татаад байхаар нь хартал пабын ажилтан бололтой залуу “ахаа босоорой, манайх хааж байна” гэхээр нь “за за” гээд гарах гэтэл миний куртка, түрийвч байхгүй байсан. Би ажилтнаас нь асуугаад камер шүүлгэж байтал дарга нь бололтой нэг хүн “одоо хаалаа маргааш шүүлгэ” гэхээр нь “би харих мөнгөгүй яах юм” гэхэд бармен залуу текэн доороос миний түрийвчийг гаргаж над руу шидээд “лайтай пизда вэ” гэж хэлсэн. Би “яахаараа чамд миний түрийвч байдаг юм бэ, куртика тэгвэл чамд байгаа юм байна” гэхэд “манайх хаалаа” гээд намайг пабаасаа түлхсээр байгаад пабын хоёр давхраас нэг давхар хүртэлх шат руу түлхээд намайг унагаачихсан. Би 1-2 давхрын завсрын тавцан дээр очоод зогссон. Миний зүүн гар шатанд цохигдоод эвгүй болчихоор нь “ахынх нь гар эвгүй болчихлоо” гэхэд намайг тоохгүй “худлаа баашлаад бай” гээд миний толгой, нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, хувцаснаас татаад 1 давхарын шатаар чирээд намайг гадаа гаргаад пабаа хаачихсан. Намайг шат руу түлхэхэд би унахдаа шатанд гараа цохиж хугалсан гэж бодож байна. Би эмчилгээний зардалд 1 650 000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. … Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэжээ. /хх-ийн 14-17-р хуудас/,
Гэрч М.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …... тэр ахын /.../ хувцаснаас нь хүчтэй чирээд гаргахад согтуу ах /.../ шатны уруу өнхрөөд уначихсан. Тэгтэл ... тэр ахыг /.../ “яасан их уур хүргэдэг юм бэ” гээд нүүрэнд нь хэд хэдэн удаа алгадсан. Дахиад тэр ахыг /.../ түлхэхэд тэрээр шатны гол хэсэгт унаад хэвтчихсэн байхад нь хоёр мөр хэсгийн хувцаснаас нь зулгааж татаад шатны уруу хэвтээ чигээр нь чирч буулгаад гадаа гаргаад хаалгаа түгжсэн…гэжээ. /хх-ийн 36-37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7479 дугаартай дүгнэлтэнд:
1. О....гийн биед зүүн шуу, богтос, ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/,
Шинжээч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Хохирогч О....гийн биед зүүн шуу, богтос ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, унахад үүсэх боломжтой…гэжээ. /хх-ийн 34-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Билгүүн-Эрдэний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Э.... нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” пабд барменаар ажиллаж байхдаа хохирогч О....г “пабаас гарсангүй” гэх шалтгаанаар шатны уруу унагааж, нүүрэнд нь цохиж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч О....гийн … Ухаан ортол нэг хүн намайг татаад байхаар нь хартал пабын ажилтан бололтой залуу /.../ “ахаа босоорой, манайх хааж байна” гэхээр нь “за за” гээд гарах гэтэл миний куртка, түрийвч байхгүй байсан. Би ажилтнаас /.../ нь асуугаад камер шүүлгэж байтал дарга нь бололтой нэг хүн “одоо хаалаа маргааш шүүлгэ” гэхээр нь “би харих мөнгөгүй яах юм” гэхэд бармен залуу текэн доороос миний түрийвчийг гаргаж над руу шидээд “лайтай пизда вэ” гэж хэлсэн. Би “яахаараа чамд миний түрийвч байдаг юм бэ, куртика тэгвэл чамд байгаа юм байна” гэхэд “манайх хаалаа” гээд намайг пабаасаа түлхсээр байгаад пабын шат руу түлхээд намайг унагаачихсан. Би 1-2 давхрын завсрын тавцан дээр очоод зогссон. Миний зүүн гар шатанд цохигдоод эвгүй болчихоор нь “ахынх нь гар эвгүй болчихлоо” гэхэд намайг тоохгүй “худлаа баашлаад бай” гээд миний толгой, нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, хувцаснаас татаад 1 давхарын шатаар чирээд намайг гадаа гаргаад пабаа хаачихсан. Намайг шат руу түлхэхэд би унахдаа шатанд гараа цохиж хугалсан гэж бодож байна…гэжээ. /хх-ийн 14-17-р хуудас/,
Гэрч М....ийн …... тэр ахын /.../ хувцаснаас нь хүчтэй чирээд гаргахад ... шатны уруу өнхрөөд уначихсан. Тэгтэл ... тэр ахыг /.../ “яасан их уур хүргэдэг юм бэ” гээд нүүрэнд нь хэд хэдэн удаа алгадсан. Дахиад тэр ахыг түлхэхэд тэрээр шатны гол хэсэгт унаад хэвтчихсэн байхад нь хувцаснаас нь зулгааж татаад шатны уруу хэвтээ чигээр нь чирч буулгаад гадаа гаргаад хаалгаа түгжсэн…гэжээ. /хх-ийн 36-37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7479 дугаартай дүгнэлтэнд:
1. О....гийн биед зүүн шуу, богтос, ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/,
Шинжээч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Хохирогч О....гийн биед зүүн шуу, богтос ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, унахад үүсэх боломжтой…гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.... нь хохирогч О.Загдсүрэнг зодож биед нь “зүүн шуу, богтос, ясны далд хугарал, зүүн зовхинд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Э.Билгүүн-Эрдэнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч О.... нь “Э....эс эмчилгээний зардалд 1.650.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 55-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Э.Билгүүн-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Э....д “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.... нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр Хүмүүнлэгийн их сургуульд суралцдаг, цагаар ажил эрхэлдэг хувийн байдлыг нь ял оногдуулахдаа харгалзан үзэв.
Шүүгдэгч Э.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Э....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч О.Загдсүрэнд танилцуулсан байна. Иймд прокурорын сонсгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Э....д ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Билгүүн-Эрдэнийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Э.... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... Билгүүн-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Билгүүн-Эрдэнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э....д оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэглэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э....д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... нь хохирогч О....д 1.650.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР