Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 130

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Капитрон банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг Зүүн суу 1-1 тоотод оршин суух, Нямсан овогт Намжилын Батсайхан /РД:КН69081272/-д холбогдох,

Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүрэг 270,731,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Н.Батсайхан нь 2013 оны 08 дугаар 19-ний өдөр 3019-2013/46 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” байгуулан 400,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч Н.Батсайхан нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 02 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 192,429,420.97 төгрөг, үндсэн хүү 41,543,446.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245,219.16 төгрөгийн төлөлтийг хийгээгүй болно. Тус банк Н.Батсайханыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна.

            Иймд зээлийн гэрээний 5.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасыг зөрчсөн тул иргэн Н.Батсайханаас хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүрэг нийт 270,731,811.06 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Н.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Иргэн Н.Батсайхан би 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Капитрон банк” ХХК-иас хөрөнгө оруулалтын зориулалтаар 400,000,000 төгрөгийн зээл авч тухайн үед зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж байгаад уул уурхайн зогсонги байдалтай болж бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас үлдэгдэл 228,793,060.97 төгрөгийн зээлийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 270,731,811.06 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Н.Батсайханд холбогдуулан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүрэг 270,731,811 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Н.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 270,731,811 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Батсайханд холбогдох хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүрэг 270,731,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Батсайхан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,511,609 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000020815 тоот данснаас 755,804.5 төгрөгийг, мөн хариуцагч Н.Батсайханаас  755,804.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА