Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01475

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01475

 

 

 

 

 

 

 

2023 07 28 210/МА2023/01475

 

О Т П- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01606 дугаар шийдвэртэй

О Т П- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Т-д холбогдох,

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 000 тоотод орших 68.94 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Манлайхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо, хариуцагч Э.Т-, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О Т П- ХХК-аас Э.Т-тай 2020 оны 05 сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд 151,668,000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 000 тоот 68,94м.кв 3 өрөө орон сууц худалдахаар тохирсон. Гэрээний үүрэгт хариуцагч 90,000,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гурван жил болж байна. Иймд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар гэрээг цуцалсан. Гэрээг цуцалсантай холбоотой гэрээний зүйл болох манай компанид төлсөн 105,000,000 төгрөгийг маргалгүй буцааж өгөөд байраа буцааж чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: О Т П- ХХК нь маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулж байсан юм. О Т П- ХХК-ийн борлуулах эрхийн дагуу захилгын гэрээ хийсэн. Тухайн захиалгын гэрээг хийхдээ эхлээд Д.М-тай тохироод Д.М-аас Э.Т- руу шилжүүлж өгөхдөө төлбөр тооцооны талаар маргаан байхгүйг гэрээнд тусгасан. 105,000,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаангүй бол 46,000,000 төгрөг төлөөд байраа авах боломжтой.

Гэтэл энэ асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Гэтэл Э.Т- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахыг даалгахтай холбоотой нэхэмжлэл гаргасныг О Т П- ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тухайн байрыг Э.Тайвны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 001 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Иймд эзэмшил нь хууль бус гэж үзэхгүй. Д.М-тай холбоотой асуудлыг шийдэх хүртэл энэ асуудал цааш үргэлжлэх боломжгүй. Дахин шүүх шийдвэрлэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Т-д холбогдох 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 18 хороо, 000 тоот хаягт байршилтай, 68.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Т-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О Т П- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч О Т П- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,200 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 920,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч талууд 2023 оны 07 сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч О Т П- ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, 2023 оны 07 сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээгээ дараах агуулгатайгаар байгуулж, мөн өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн.

а. Нэхэмжлэгч О Т П- ХХК нь маргаж буй Баянгол дүүргийн 18 хороо, 67А-402 тоотод орших 68,98 м.кв талбай бүхий орон сууцны үнийг 144,168,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Э.Т- зөвшөөрсөн байна.

б. Хариуцагч Э.Т- уг орон сууцны төлбөрт Д.М-д 90,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч О Т П- ХХК зөвшөөрсөн байна.

в. Иймд Э.Т- нь үлдэгдэл 54,168,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдмагц, үлдэх 24,168,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 30-ны өдрийн дотор О Т П- ХХК-д төлөх, О Т П- ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Т-д гаргуулж өгөхөөр тус тус гэрээндээ тусгажээ.

 

2. Гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Манлайхүү, хариуцагч Э.Т- гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгчээс 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 7/17-1 тоот итгэмжлэлээр Н.Манлайхүүд эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байна.

 

3. Хэрэгт, иргэн Д.М-ын хариуцагч Э.Т-гаас ойролцоогоор 100 орчим сая төгрөг авсан гэх гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан үйл баримтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, хариуцагчийн орон сууцны үнэд тооцохоор зохигч тохиролцсон байна.

 

4. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч О Т П- ХХК, хариуцагч Э.Т- нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/01606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Нэхэмжлэгч О Т П- ХХК, хариуцагч Э.Т- нар нь Баянгол дүүргийн 18 хороо, 67А-402 тоотод орших 68,98 м.кв талбай 3 өрөө орон сууцны үнэ 144,168,000 төгрөг болохыг харилцан зөвшөөрч, уг үнээс Э.Т- 90,000,000 төгрөгийг Д.М-д төлснийг О Т П- ХХК зөвшөөрч, Э.Т- нь орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 54,168,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдмагц, үлдэх 24,168,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 30-ны өдрийн дотор О Т П- ХХК-д төлснөөр О Т П- ХХК нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Э.Т-ы нэр дээр гаргуулж өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О Т П- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ