Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч А.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... ...д холбогдох эрүүгийн …… дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.... нь 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй зочид буудлын гадна П....ийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, үүдэн хоёр шүдийг нь бугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч А.... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч А.... мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Би архи уугаад тасарчихсан байсан. Өглөө сэрсэн чинь ...гийн дэргэд унтаж байсан. Нүүрээ бариад үзтэл хамар цус болчихсон байсан. ...г дуудаж сэрээгээд юу болсон талаар асуухад ... бид хоёрыг хоорондоо зодолдсон гэж хэлсэн. Удалгүй ... орж ирээд “чи миний шүдийг мөргөсөн” гэж хэлсэн. Эрээнд шүд хийлгэх гэхэд үнэтэй байсан болохоор Монголдоо очиж хийлгэхээр тохиролцоод утсыг нь аваад салсан. Улаанбаатар хотод ирээд гэртээ байхад ... над руу залгаад “хиймэл шүд хийлгэхээр болсон 70.000-80.000 төгрөг орчим болж байна” гэхээр нь би тухайн үеийн бухимдлаас болоод “мөнгө өгч чадахгүй, чи ч бас намайг зодсон” гэж хэлсэн. …Би ...ийн эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг өгсөн…гэжээ. /хх-ийн 47-48-р хуудас/,

 

Хохирогч П.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Замын-Үүдээс том машинд ачаа ачаад БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан. Манай компаний жолооч Баяржаргал намайг “чи машиндаа даарч байхаар 20 юань өгөөд буудалд орчих” гэхээр нь “...” нэртэй буудалд ороход Баяржаргал танихгүй нэг залуутай хамт байсан. Бид гурав нийлж нэг шил архи уугаад дуусч байтал гаднаас ... 2 шил архи бариад орж ирсэн. ... нь Ээгий гэдэг залуутай маргалдсан талаараа яриад байсан. Гэтэл гаднаас Ээгий гэдэг залуу нь орж ирээд тэр хоёр маргалдахаар нь би тэр хоёрыг салгасан. ... намайг “машины кабинд нэг шил архи байгаа хамт гараад аваад ирье” гээд буудлаас хамт гарсан. Буудлаас гарангуутаа ... надад “Ээгий бид хоёрыг салгалаа” гэх шалтгаанаар над руу дайрч агсам тавиад нүүр рүү гараараа цохихоор нь түүнийг газар унагааж хоёр гарыг нь бариад байж байтал Ээгий, Аагий гэх хоёр залуу гарч ирсэн. Нэг нь миний араас тэврээд авсан чинь ... миний нүүр рүү мөргөөд 2 шүд унагаасан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. Би уурандаа Гантулгын шанаа руу нь хоёр удаа цохисон. …Би унасан шүдэндээ төмөр ёзоортой шүд суулгах гэж байгаа. Нэг шүд суулгахад 2.500.000 төгрөг, 2 шүд нийлээд 5.000.000 төгрөг, шатахуун, хоолны зардал мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн 1.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Дээрх мөнгөн дүнг ...ас бүрэн хүлээж авсан…гэжээ./хх-ийн 17-19-р хуудас/,

 

Гэрч П.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Цонхоор харахад ... Гантулгыг газар унагаачихсан нүүр, толгой руу нь хөлөөрөө өшиглөж байсан. Би буудлаас гараад очиход Гантулгын дээрээс ... тонгойгоод өшиглөөд байхаар нь түүний араас тэвэрч авсан. Намайг буудлын өрөөнөөс гарч ирэх хооронд ... ...ийг цохиж зодсон байж магадгүй. ..., ... хоёрын биед ил харагдах гэмтэл шархгүй байгаагүй…гэжээ. /хх-ийн  28-30-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14350 дугаартай дүгнэлтэнд:

1. П....ийн биед хоёр шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хуучин гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 2 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна. /хх-ийн 34-р хуудас/,

 

Шинжээч эмч Т.Номинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: П....т учирсан гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд 3 хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой байна. Шүд унаад буйл нь бүрэн аньж эдгэрээгүй байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн гэмтэл гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь үзүүлэгч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирж үзүүлсэн байна…гэжээ. /хх-ийн 35-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, гэрч Б.Бямбын мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 56-57-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч А.... нь 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед БНХАУ-ын Эрээн хотод “...” нэртэй зочид буудлын гадна хохирогч П....ийг “Ээгий бид хоёрыг салгалаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаж нүүрэнд нь толгойгоороо цохиж, хоёр шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч П....ийн … Буудлаас гарангуутаа ... надад “Ээгий бид хоёрыг салгалаа” гэж над руу дайрч агсам тавиад нүүр рүү гараараа цохисон. Тэр үед Ээгий, Аагий хоёр залуу буудлаас гарч ирсэн ба нэг нь миний араас тэврээд авсан чинь ... миний нүүр рүү мөргөөд 2 шүд унагаасан. Өөр хүн намайг цохиж зодоогүй…гэжээ./хх-ийн 17-19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14350 дугаартай дүгнэлтэнд:

1. П....ийн биед хоёр шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хуучин гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 2 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна. /хх-ийн 34-р хуудас/,

 

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн … П....т учирсан гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд 3 хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой байна. Шүд унаад буйл нь бүрэн аньж эдгэрээгүй байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн гэмтэл гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь үзүүлэгч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирж үзүүлсэн байна…гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

           Шүүгдэгч А.... нь хохирогч П....ийн нүүрэнд цохиж биед нь “хоёр шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч А.Гантулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч П.... нь “А.... нь хохиролд 6.000.000 төгрөг төлсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 68-р хуудас/ гэж прокурорын бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч А.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Гэмт хэрэг БНХАУ-ын Эрээн  хотод “...” нэртэй зочид буудлын гадна гарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч А.... нь тухайн улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй, хохирогч П.... нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүгдэгч А....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.... нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ял оногдуулахдаа харгалзан үзэв.

 

Шүүгдэгч А.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, прокуророос А....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хохирогч П....т танилцуулсан байна. Иймд прокурорын гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч А....д эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч А.Гантулгын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

Шүүгдэгч А.... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

            

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

 

1. ... Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А....д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.... нь хохирогч П....т 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР