Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Манлай сум Жаргалант багт оршин суух Харчин овогт Жүгдэрийн Уранчимэгийн /РД:КЕ63112203/-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, нэхэмжлэгч Ж.Уранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

            “...Ж.Уранчимэг би 1963 оны 11 дүгээр сарын 22-нд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн. 1979 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Манлай сумын “Хоёр-Өлзийт” нэгдэлд малчнаар ажилласан байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрүүдэд миний нэрийг Урнаа гэж бичсэн байгаа учир минийх болохыг тогтоож өгнө үү.” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь  аймаг  дахь  Улсын  бүртгэлийн  хэлтсээс  олгосон 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №134/000725 дугаартай Ж.Уранчимэгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймгийн Манлай сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ¹3102 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №287 тоот тодорхойлолт,  Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №450 тоот тодорхойлолт, гэрч Д.Буд, Х.Цэцэгбямба нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Уранчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Ж.Уранчимэг нь 1979 оноос 1990 он хүртэл Манлай сумын Хоёр Өлзийт нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд хөтөлсөн 130 дугаартай болон 1981 оны хөдөлмөрийн дэвтэрт Жүгдэрийн Урнаа гэж нэрийг нь буруу бичсэн болох нь Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №287 тоот тодорхойлолт,  Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №450 тоот тодорхойлолт, гэрч П.Будын “Уранчимэгийг 1979 оноос Хоёр өлзийт нэгдлийн Өехий бригдад каракул үйлдвэрийн хонь маллаж байсан, би тухайн үед бригадын зоо техникчээр ажиллаж байсан” гэсэн, Х.Цэцэбямбын “1979 оноос Уранчимэгийг Өехий баригдад хонь маллаж байсныг мэднэ, тухайн үед би өөрөө малчинаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

            Иймд Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлийн 130 дугаартай, мөн 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн /Жүгдэрийн Урнаа гэсэн/ жинхэнэ эзэмшигч Ж.Уранчимэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй.

              Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлээс 130 дугаартай болон 1981 оны хөдөлмөрийн дэвтэр /Жүгдэрийн Урнаа гэсэн/ тус бүрийн жинхэнэ эзэмшигч нь Харчин овогт Жүгдэрийн Уранчимэгийг мөн болохыг тогтоосугай.

              2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгий Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА