Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2015/00267/И/ |
Дугаар | 0196 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 0196
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг 3-3-40 тоотод оршин суух Нүрэнзэдийн Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2-р баг, Дөмбөн хороололд оршин суух Тогтбатын Сугарт холбогдох хүүхдийн асран хамгаалагчаар тогтоосныг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од, хариуцагч Т.Сугар,түүний өмгөөлөгч Д.Даваахүү, гэрч Б.Нямдаваа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би хүүхдээ яагаад өөр дээрээ авах талаар нэхэмжлэл гаргасан бэ гэвэл 2015 оны сүүлээр Сугар над руу залгасан. Хангалыг түр хараач ээ гэж залгасан. Би тэгээд харахад миний хүү надад хойд аав намайг зоддог гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ахынхаа үгэнд нь ороогүй юм уу гэж би хүүдээ хэлсэн. Тэгэхэд миний хүү ах намайг хичээлээ дутуу хийгээд байна гэж зодсон гэж хэлсэн. Нямдаваа ах намайг зодсоны дараа ээж намайг аавдаа битгий хэлээрэй гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би хүүхдээ өөр дээрээ авна гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ энэ хүн миний хүүхдийг зодохгүй байвал би хүүхдээ өөр дээрээ авна гээд байх шаардлага байхгүй. Хоёр жилийн өмнө Сугар намайг дуудаад хүүхэд болохгүй байна гэхээр нь би хүүхдээ загнаад яагаад ахынхаа үгэнд орохгүй байгаа юм гэж хэлдэг байсан. Би шүүхээр энэ асуудлаар хоёр дахь удаагаа орж байна. Надад бол гурав дахь удаа гэж байхгүй. Ямар ч байсан миний хүүхдийг зодож нүдэлгүй байгаасай гэж хүсэж байна. Хэрэв шүүх хуралд гэрчээр оролцож байгаа Б.Нямдаваа энэ байдлаа ойлгох юм бол би заавал хүүгээ авна гэхгүй. Нэгэнт Б.Нямдаваа учир байдлыг ойлгож байгаа тул хүүгийнхээ ээжийг бодоод нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагч Т.Сугар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хүү Хангалын Англи хэлний багш нь утасдаад англи хэл дээрээ тааруу дүн авсан байна гэж хэлсэн. Би Англи хэл дээрээ тааруу дүн авсан гэхээр нь манай хүн уурласан. Би тэр үед тэгээд би Англи хэлний багштай нь уулзаад анги удирдсан багштай нь яриад тэр оройжин хэл ам болсон. Манай хүн жаахан түргэн ааштай. Гэхдээ би хүүхдээ нүдэн дээрээ тийм аймар зодуулаад байгаагүй. Тэгээд би хүүхдээ аав дээрээ хэд хоног байж байгаад ир гээд явуулсан. Тэр үед бид нар хашаа байшиндаа гарсан байсан. Тэгээд хүүхэд маань аавдаа зодуулсан талаар хэлсэн байна лээ. Энэ асуудлаас болж хүүхдээ хэт эрхлүүлээд байна гэж хэрүүл болдог байсан. Анги удирдсан багштай нь уулзаад энэ асуудлаас болж хүүхдээ аль болох болж бүтэх талаас нь зөндөө ярьсан. Хангал зөнгөөр нь хаяахаар хичээл номоо хийдэггүй. Би тоглох наадах тал дээр нь цаг зав гаргадаг. Бүх юман дээр нь хорьж цагддаггүй. Нямдаваа баривчилгаанд яваад ирснээсээ хойш учир зүггүй уурлаад байх нь гайгүй болсон. Хүүхдийн асрамжаа өөрчлүүлмээргүй байна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн хэлэлцэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь Т.Сугарыг хүү Г.Хангалын асран хамгаалагчаар тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж хүү Г.Хангалыг өөрийн асрамжид авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэсийн шинжээчийн дүгнэлтэд 2004 оны 11-р сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Хангалын өөрийн эх Т.Сугарын асрамжид байх гэсэн саналыг хүндэтгэн эхийн асрамжид байлгах нь зүйтэй гэж дурдсан байдлаас үзхэд эх Т.Сугарын асрамжид байхад хүүхдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Н.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Т.Сугараас 35100 төгрөг гаргуулан Н.Гэрэлт-Одод олгож, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагчид хуваан хариуцуулсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй Т.Сугарт холбогдох хүүхдийн асрамж тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүү Г.Хангалыг өөрийн асрамжид авах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Н.Гэрэлт-Одын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Т.Сугараас 35100 төгрөг гаргуулан Н.Гэрэлт-Одод олгосугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА