Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01521

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01521

 

 

 

Э.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/02364 дугаар шийдвэртэй

Э.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э-т холбогдох,

Гэм хорын хохиролд 8,057,047 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2022 оны 09 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Ханбогд хотхоны орчимд зам хөндлөн гарч явахдаа С.Э-ын жолоодон явсан 00-00 УАВ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Уг ослын улмаас гавлын дух яс, духны хөндийд урд хойд хана, суурь ясны 2 талын их бага далавч, 2 талын нүдний ухархайн бүх хана, хоншоор яс, хамар яс хамарсан нийлмэл бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, хий хуралт гэмтэл учирсан.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 09 сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 сарын 02-ны өдөр, Мөнгөн гүүр эмнэлэгт 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 10 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Тархины хий хуралт бүрэн арилаагүй, гавлын ясны цууралт хугаралт бүрэн эдгэрээгүй тул 2022 оны 11 сарын 28-ны өдрөөс 12 сарын 01-ний өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд дахин хэвтэж эмчлүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор С.Э-ыг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнээс хохиролд 1,932,901 төгрөгийг гаргуулж надад олгосон.

Миний бие 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс хойш Т-ХХК-д Хууль эрх зүй, аудитын албаны Дотоод хяналт, шалгалтын мэргэжилтнээр ажиллаж байна. Миний сарын цалин 2022 онд 1,550,000 төгрөг байсан нь 2023 оны 01 дүгээр сараас 1,750,000 төгрөг болсон.

Тус шийдвэрээр цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг заасан тул эрүүгийн шүүх хуралдаанаас хойш эмчийн үзлэгт хамрагдаж, тархины зураг авхуулсан, эм тариа авсан эмчилгээний зардал 424,100 төгрөг, мөн тархины гэмтлийн улмаас ажлаа хийх боломжгүй, эмнэлгээс гарсан ч гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм барих шаардлагатай байсан тул 2022 оны 10, 12 cap, 2023 оны 01 саруудад ажлаа хийгээгүйн цалин хөлс 4,632,947 төгрөг болон уг ослын улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөг, нийт 8,057,047 төгрөгийг хариуцагч С.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч осол гарах үед их хэмжээний согтолттой байсан ба гарцгүй газраар зам гарч явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчсөн. Энэ нь уг осол гарахад нөлөөлсөн талаар шүүхээс дүгнэсэн. Хариуцагч суурин газарт тохирох хэмжээний хурдтай замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд ослын үед хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм, эмчилгээний зардалд 1,834,000 төгрөг, шатахуун, хоол хүнсний болон бусад зардал зэрэгт 1,700,000 төгрөгийг Э.Ж- болон түүний эгч /Тунамал- Эрдэнэ/-ийн дансаар төлсөн. Мөн шийтгэх тогтоолд тусгагдсан 1,932,901 төгрөг, эрүүл мэндийн даатгалын яаралтай тусламжийн 2,033,000 төгрөг, эмийн эмчилгээ 1,150,900 төгрөг, амбулторийн үзлэгт 45,000 төгрөг нийт 3,228,900 төлсөн.

Нэхэмжлэгчийн ажил олгогчийн гаргасан цалингийн тооцоололд нийт 4,210,247 төгрөгийг гарт олгох гэж бичсэн байдаг. Нийгмийн даатгалын лавлагаагаар 10 сар, 12 сарын 1,840,238 төгрөгийн цалин авсан байна. Нэхэмжлэгчийн дансны хуулгаар 2022 оны 12 сарын 28-ны өдөр 746,986 төгрөг, 12 сарын 15-ны өдөр 117,579, төгрөг, 10 сарын 31-ний 633,618 төгрөг, 10 сард дахин 893,426 төгргөгийн цалинтай холбоотой гүйлгээний утга байна. Нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин сэтгэл санааны хохирол болон сүүлд гаргасан төлбөрийн баримтыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ажил хөдөлмөр хэвийн эрхлэх боломжтой тул дахин ямар шинжилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын баримтаар нотлогдсон зардлыг төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч С.Э-аас 4,634,317 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ж-д олгож, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,099 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ авсан гэх 7 ширхэг баримтаас 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 120,000 төгрөг, мөн өдрийн 107,000 төгрөг, 03 сарын 06-ны өдрийн 50,000 төгрөгийн буюу нийт 277,000 төгрөгийн баримтууд нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн магадлалаас хойшхи хугацаанд хамаардаг. Гэтэл шүүх үүнийг харгалзан үзэлгүй 424,100 төгрөгийг эмчилгээний зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул эрүүл мэндэд учирсан гэм хорын шаардлагын 277,000 төгрөгийг хангах үндэслэлтэй байсан.

Шүүх цалин хөлсний орлогод 4,210,247 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь цалингийн тооцоололд дурдсан мөнгө түүнд бодитоор олгогдсон эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ талаар хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй. Хэрвээ 4,210,247 төгрөг нэхэмжлэгчид олгогдсон бол нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 10, 12, 2023 оны 01 сарын цалин 1,609,753 төгрөг болж өөрчлөгдөнө. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2022 оны 12 сарын 28-ны өдөр гарсан бөгөөд тус хугацаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацааны баримтуудад үндэслэн иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. 2022 оны 11 сарын эмчилгээний баримт нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шинжлэн судлагдаагүй, шинэ баримт юм.

Нэхэмжлэгч 2022 оны 10 сард хагас ажиллаж, 11 сарын цалинг бүтэн авсан тул нэхэмжлээгүй, 12 сард хагас ажилласан бөгөөд тухайн хугацааны цалинг авсан. Хэргийн 18 дугаар талд авагдсан Т-ХХК-ийн цалингийн тооцооллоор үндсэн цалин 1,550,000 төгрөг бөгөөд 20 хувийн нэмэгдэл авна гэж заасан. 2022 оны 10 сард нийт 176 цаг ажилласнаар цалинг бүтэн авах байсан ч 104 цаг ажилласан тул ажилласан цагийн цалинг 20 хувийн нэмэгдэлтэй нь бодож татвар, хураамжийг хасч 633,618 төгрөг гэсэн байна. Хэрэв 176 цагаар бүтэн ажиллаад 20 хувийн нэмэгдлээ авсан бол нийт 1,999,000 төгрөгөөс татвар хураамж нь хасагдаад 893,426 төгрөгийг авах байсан. Мөн 12 сарын цалин 1,550,000 төгрөгөөр тооцогдох ба 176 цаг ажиллахаас 128 цаг ажилласан тул 2 удаагийн гүйлгээгээр 800,000 төгрөг олгосон. Улирлын урамшууллаар 60 хувийн нэмэгдэл олгосон тул гарт олгох цалин нь илүү бодогдсон. Цалингийн тооцоолол дахь 4,210,247 төгрөг нь 2022 оны 10, 12, 2023 оны 01 саруудад аваагүй цалин бөгөөд 01 сарын цалин бүтнээрээ олгогдоогүй. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э.Ж-, хариуцагч С.Э-т холбогдуулан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 424,100 төгрөг, олох байсан цалин хөлсний орлого 4,632,947 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг, нийт 8,057,047 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 3,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзаж маргажээ.

 

3. С.Э- нь 2022 оны 09 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын урд замд 00-00 УАВ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэж, мөн дүрмийн 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Ж-г мөргөж зам тээврийн осол гаргажээ. Уг зам тээврийн ослоор Э.Ж-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

3.1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/198 дугаар магадлалаар С.Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.2. Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлээр зам тээврийн осол гарч, уг ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болон ослын гэм хорыг арилгахтай холбоотой зайлшгүй зардал, нөхөн төлбөрийг түүнээс гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь шалтгаант холбоотой гэж дүгнэнэ.

3.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас эмчилгээ хийлгэх, эм, тариа худалдан авах болон хөдөлмөрийн чадвараа алдаж дутуу авсан цалин хөлстэй холбогдон гарсан зайлшгүй бүх зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж хариуцагч С.Э-аас эмчилгээний зардал 424,100 төгрөг, дутуу авсан цалин хөлс 4,210,217 төгрөг, нийт 4,634,317 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ж-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4.1. Тодруулбал, шүүхийн шийтгэх тогтоолоор С.Э-аас 1,932,901 төгрөг гаргуулж Э.Ж-д олгохоор шүүх шийдвэрлэхдээ хохирогчийн цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг заажээ.

4.2. Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас 424,100 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд нь 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс хойшхи цаг хугацаанд хамаарч байх тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан хохирлын хор уршгийг арилгахтай холбоотойгоор эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацааны зардал, цалин хөлсийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.

4.3. Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан бодит хохирол 1,932,901 төгрөгийг хариуцагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/198 дугаар магадлалаар хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирч, хөдөлмөр эрхлээгүйн улмаас дутуу авсан цалин хөлс 4,210,217 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.1. Нэхэмжлэгч Э.Ж- нь Т-ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дотоод хяналт шалгалтын мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, нэг сарын 1,750,000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, сар, улирлын урамшуулалтай ажилладаг нь хэргийн баримтаар тогтоогдсон. Түүнд тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/224 дугаар тушаалаар 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс мөн оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөө олгосон болон нэхэмжлэгч 2022 оны 10 сард 104 цаг, 12 сард 128 цаг, 2023 оны 01 сард 176 цаг ажиллаж, уг хугацаанд нийт 4,210,247 төгрөгийн цалин хөлс олгогдохоор байсан цалин хөлсний тооцоог ажил олгогч тодорхойлсон нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, уг хугацааны цалин хөлсний тооцоог зөв тодорхойлж дутуу авсан цалин хөлс 4,210,217 төгрөгийг хариуцагч хариуцах үүрэгтэйг үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Иймд нэхэмжлэгчийн цалин хөлс бодитой олгогдсон эсэхийг шүүх тодруулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй буюу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс бодитой олгогдсон эсэхийг тодруулах үүргээ шүүх биелүүлээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох үүргээ өөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нотлох баримт шаардах эрх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах тул энэ эрхээ эдлээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

8. Иргэдийн төлөөлөгч Х.Баярхүү шүүх хуралдааны товыг хүлээн авсан атлаа хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/02364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,099 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ