Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0120

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ц.Гантулгабат

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Батсүх

Б.М хууль ёсны төлөөлөгч: Н.С

О.М хууль ёсны төлөөлөгч: Ч.Б

Г.П хууль ёсны төлөөлөгч: С.Б

өсвөр насны шүүгдэгч: Б.М, О.М, Г.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Б М, Л овогт О М, Е овогт  П нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн   1806095620005  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Өсвөр насны шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

          1.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Б М, 20 оны 10 дугаар  сарын 12-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн,  нас  сартай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 2 дугаар курсын оюутан, ам  бүл 5, аав, ээж,  дүү нарын  хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо СОТ-ын  дугаар байрны  тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,  

          2.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Он М, 20  оны 3 дугаар  сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод   төрсөн,  нас  сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-н 1 дүгээр курсын оюутан, ам  бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо Сурагчийн  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:

          3.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Е овогт Г П, 20  оны  дугаар  сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод   төрсөн,  нас  сартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 2 дугаар курсын оюутан, ам  бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо Сурагчийн  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:

Холбогдсон хэргийн талаар:

          Б.М, О.М, Г.П нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 830 дугаар байрны 07 тоот үйлчилгээний хэсгийн гадна байсан Ч.Б Инфиза брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 5.992.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Өсвөр насны шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Өсвөр насны шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Өсвөр насны шүүгдэгч Г.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Өсвөр насны шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр найз О.М, П нарын хамт цэцэрлэгт хүрээлэн орж дугуй унах гээд Цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын байрны тэнд явж байхад дэлгүүрийн үүдэнд унадаг дугуй байж байсан. Тэр дугуйг М хараад надад чи арай зоригтойгоороо энэ дугуйг авчих цоожгүй юм байна  гэхээр нь би за за тэгэхээсдээ гэж хэлээд уг унадаг дугуйг ёолокны мод түшүүлээд цоожгүй тавьсан байхаар нь унаад цэцэрлэгт хүрээлэнгийн хойгуур гараад РС тоглоомын газар П, М 2-той уулзаад П үнийг мэдээд ирнэ маргааш тэгээд зарах уу гэж хэлээд бид 3 тэндээсээ салаад явсан. Би унадаг дугуйг унаад гэртээ хариад  байж байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 10/

          Өсвөр насны шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр найз М, П нарын хамт цэцэрлэгт хүрээлэн орж дугуй унах гээд орой 16.00 цагийн орчимд цэцэрлэгт хүрээлэнгийн ар талын байрны орчимд явж байхад нэг хүн унадаг дугуйгаа тэнд байсан ёолокны модны хажууд цоожгүй тавиад явахаар нь манай найз М  бид хоёр ав гэж хэлэхээр нь бид 2 чадахгүй гэж хэлээд татгалзахад М өөрөө тухайн дугуйн дээр очоод унаад цаашаа явсан. Тэгээд бид 3 хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд уулзаад М нөгөө дугуйгаа унаад гэрлүүгээ яваад бид 3 тэндээсээ салсан. Тэгээд орой гэртээ байж байтал цагдаа нар ирсэн. М сул дугуй байна гээд бид хоёрыг ав гэсэн бид хоёрыг татгалзсан чинь өөрөө очоод унаад явсан гэжээ. /хх-ийн 14/

          Өсвөр насны шүүгдэгч Г.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09.00 цагийн орчимд гэртээ унтаж байхад манай хорооны М утас руу залгаад хүүхдийн урлангийн урд талын РС тоглоомын газар тоглоё гэсэн. Тэгээд бид хоёр өглөөний 10.00 цагийн орчим уулзсан. М урлангийн урд талын РС тоглоомын газар уулзахаар болсон. М бид хоёр түрүүлж очоод тоглож байхад М ирсэн. Бид гурав хэсэг тоглож байгаад РС тоглоомын газраас гарсан. Тэгээд бид гурав Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн хажуугаар гараад Цэцэрлэгт хүрээлэн орох гээд Их Монголоос цаашаа зам дагаад явж байтал дэлгүүрийн үүдэнд унадаг дугуй байсан. Тэгтэл М энэ дугуйг авчих уу  гэхээр нь хэрэггүй гэсэн чинь авчихий гээд байхаар нь бид гурав хажуу талын дэлгүүр ороод ярилцаж байгаад дэлгүүрээс гараад замын эсрэг талын хашааны буланд зогсож байхад М ёолкны модны хажуу талд байсан хар ногоон өнгийн унадаг дугуйг унаад цаашаагаа явчихсан. М бид хоёр хойноос нь дагаад явж байгаад хүүхдийн урлангийн РС тоглоомын газар очсон. Тэнд бид гурав уулзсан. М дугуйг унаад ирсэн. Тэгээд бид гурав тэндээс гэр гэрлүүгээ явсан. Гэртээ байж байтал цагдаа ирээд намайг авч явсан гэжээ. /хх-ийн 17/       

            Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15.45 цагийн орчимд манай хүү Б миний эзэмшлийн инфиза брэндийн дугуйг унаж ирээд надад хоол дөхүүлж өгсөн. Тэгээд би дугуйны шавар их байсан болохоор гаргаад дэлгүүрийн урд байдаг гацуурын хажууд дугуйгаа ямар нэгэн гинжлэгчгүйгээр зүгээр тавьчихаад буцаад орсон. Ойролцоогоор 15 минут болоод гараад иртэл дугуй байхгүй болчихсон байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг үзтэл 14-16 орчим насны улаан хүрэмтэй, хар хүрэмтэй, шар хүрэмтэй 3 хүүхдийн шар хүрэмтэй цэнхэр өмдтэй хүүхэд нь түрээд аваад явж байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд цагдаад хандсан. Би тухайн дугуйг албан ёсоор  оруулж ирдэг дэлгүүртэй юм. 2016 оны 4 дүгээр сард Солонгос  улсаас оруулж ирсэн. Монгол мөнгөөр 6.800.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-н 6-10/

            Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

           Дамно ХХК-ны хөрөнгө үнэлгээний тайланд: унадаг дугуйг 5.992.800 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 21-22/

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Б.М хурааж авсан унадаг дугуйнд үзлэг хийхэд хар өнгийн рам, раман дээрээ шаргал өнгөтөй хосолсон INFIZA.TYNES Х гэсэн бичигтэй 11 араатай, суудал дээрээ INFIZA гэсэн бичиг бүхий унадаг дугуй байв гэжээ. /хх-н 61/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Хохирогч Ч.Бямбадалайд хар өнгийн рам, раман дээрээ шаргал өнгөтөй хосолсон INFIZA.TYNES Х гэсэн бичигтэй 11 араатай, суудал дээрээ INFIZA гэсэн бичиг бүхий унадаг дугуйг  хүлээлгэн өгөв гэжээ. /хх-н 62/

         Үзлэг хийсэн тэмдэглэлд: Ч.Б гаргаж өгсөн СД-д үзлэг хийсэн байна. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 63-64/

         Б.М, О.М, Г.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 45-46,52-53,/

          Г.П иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, нас тоолсон тэмдэглэлд: Г.П насыг тоолсон байна. /хх-н 24/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 65/, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 26-27/,

          Б.М  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, нас тоолсон тэмдэглэлд: Б.М насыг тоолсон байна. /хх-н 29/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 67/, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 38/, сургуулийн тодорхойлолт /хх-н 37/

          О.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, нас тоолсон тэмдэглэлд: О.М насыг тоолсон байна. /хх-н 35/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 66/, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 37-38/

          Б.М О.М, Г.П нарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 39/, прокурорын тогтоол /хх-н 40-41, 47-48, 54-55/, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44,50-51,57-58/ зэрэг болно.

          Б.М, О.М, Г.П нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 830 дугаар байрны 07 тоот үйлчилгээний хэсгийн гадна байсан Ч.Б Инфиза брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжэнээс дээш буюу 5.992.800 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ч.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би дугуйны шавар их байсан болохоор гаргаад дэлгүүрийн урд байдаг гацуурын хажууд дугуйгаа ямар нэгэн гинжлэгчгүйгээр зүгээр тавьчихаад буцаад орсон. Ойролцоогоор 15 минут болоод гараад иртэл дугуй байхгүй болчихсон байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг үзтэл 14-16 орчим насны улаан хүрэмтэй, хар хүрэмтэй, шар хүрэмтэй 3 хүүхдийн шар хүрэмтэй цэнхэр өмдтэй хүүхэд нь түрээд аваад явж байгаа бичлэг үлдсэн байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 6-10/, Дамно ХХК-ны хөрөнгө үнэлгээний тайланд: унадаг дугуйг 5.992.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бичгийн  баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.М, О.М, Г.П нар нь дугуйг зарж мөнгө олж ПС тоглох зорилгоор дугуйг хулгайлсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд   Б.М, О.М Г.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Ч.Б хар өнгийн рам, раман дээрээ шаргал өнгөтөй хосолсон INFIZA.TYNES Х гэсэн бичигтэй 11 араатай, суудал дээрээ INFIZA гэсэн бичиг бүхий унадаг дугуйг  хүлээлгэн өгөв гэсэн баримт авагдсан байх тул /хх-н 62/ Б.М, О.М, Г.П нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол  биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б М, Л овогт О М, Е овогт Г П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, О.М, Г.П нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Б.М, О.М, Г.П нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, О.М, Г.П нарт тус бүр  6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар тус тус хойшлуулж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2   дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

6. Энэ хэргийн улмаас Б.М, О.М, Г.П нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М, О.М, Г.П нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М, О.М, Г.П нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээ авсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН