Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00058

 

 

 

 

 

 А.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00219 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух А.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух  Т.О-т холбогдох,

 

“Орон сууцны үнээс үлдсэн төлбөрт 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,273,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Иргэн Т.О- нь 2020 оны 3 дугаар сарын 11-нд захиалгын гэрээ хийж манайхаас 84,07 м2 бүхий 3 өрөө орон сууцны м.кв-ыг нь 1 сая 50 мянгаар үнэлэн 88,273,500 төгрөгөөр авсан билээ. Гэвч урьдчилгаа мөнгөө төлж үлдсэн 28,273,500 төгрөгийг зээл авч өгөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл элдэв шалтаг тоочиж, өгөхгүй хохироож  байна.

1.2 Иймд Т.О-аас байрны үлдсэн төлбөр 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг нийтдээ 42,273,500 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Т.О- анх А.М-тай ямар нэгэн захиалгын гэрээ хийгээгүй байсан. Эхлээд нэхэмжлэгч өөрийнхөө зарагдахгүй байгаа байраа надад санал болгож би очиж үзсэн. Тухайн үед А.М- урьдчилгаа өгөөд үлдэгдэл төлбөрөө 2 жилийн хугацаанд хувааж төлж болно гэж хэлж байсан.

2.2. А.М-тэй 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр захиалгын гэрээ хийж 84.07 м.кв талбайтай 3 өрөө байранд захиалга өгч байсан. Захиалга өгөхдөө нэгж м.кв үнэ 1,050,000 төгрөгөөр бодож 84.07 м.кв орон сууцны үнэ 88,273,500 төгрөг болж байсан.

2.3. Тухайн үед 60,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, 28,273,500 төгрөг үлдсэн байсан. Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлж, үлдсэн 13,273,500 төгрөгийн 3,500,000 төгрөгт барилгын труба, тулаас төмөр авч, Тэнгис 2 дугаар байранд ачиж ирсэн тэдгээрийн хөлс, мөн 3,000,000 төгрөгт 18 тн арматур ачсан тээврийн хөлсийг төлж өгсөн. Үлдсэн 3,773,300 төгрөгт 360 шуудай цемент өгөхөөр тохиролцож, тухайн үед өгч тооцоогоо дуусгасан байсан. Банкнаас зээл авсны дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А.М-ын хүү М.А-н дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Цемент өгсөн баримт маань байхгүй. 2022 оны 5 дугаар сарын эхэнд өөрийн амбаартай KIA Bongo3 машинаар А.М- нь ажилчтай хамт ирж, ачиж авсан.

2.4 А.М-тай тооцоогоо дуусгасан атлаа одоо надаас 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Гэрээ хийхдээ хүү, алданги тооцох тухай тохиролцоогүй, дурдаагүй байсан. Иймд нэхэмжлэгч А.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00219 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.О-аас орон сууц худалдаж авсан үнээс үлдсэн төлбөрт 28,273,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-эд олгож, илүү нэхэмжилсэн 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 299,317 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-эд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Т.О- би Өлгий сумын 11 дүгээр багт баригдсан “Тэнгис” төв дэх 9 айлын орон сууцны 5 дугаар давхраас 84,07 м.кв талбай бүхий 7 тоот байрыг нийт үнэ 88,273,500.00 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлэн урьдчилгаа 60,000,000 төгрөгийг нь өгөөд 28,273,500 төгрөгийг байраа хүлээж авсны дараа төлөхөөр болж 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 16 дугаарын захиалгын гэрээг амаар хийж 2020 оны 3 дугаар сарын 11-нд бичгээр баталгаажуулж байрыг барьж дууссан үед хүлээн авч 60,000,000 төгрөгийг нь А.М-ад өгсөн байсан. Энэ 60,000,000 төгрөгт нэхэмжлэгч хариуцагч талд маргах зүйл байхгүй.

4.2. А.М- нь надад “Барилга нь материал бүрэн бүтэн хүрэлцээтэй, тасралтгүй бэлэн хангалттай байгаад хурдан түргэн, чанартай баригддаг юм. Чи барилгын материал худалддаг бизнес эрхэлдэг ба худалдах орон байртай. Түүнээс гадна том даацын тээврийн машинтай бөгөөд түүгээрээ байнга хот явж барилгын материал зөөдөг. Тэгэхээр би чамд барилгын материалаа захиалж авхуулаад хоорондоо гарсан үнийг орон сууц авах үнэд шингээж тооцож байвал яасан юм бэ? гэж санал тавихад би зөвшөөрсөн. Надад 70 тонны даацтай ачааны том оврын Ү-З маркийн 0330 БӨН улсын дугаартай тээврийн машин байсан бөгөөд Өлгийд З дугаар багт шүүгч асан Байгонагийн гэрийн дэргэд барилгын материал болох цемент мод, төмөр, бусад эд бараа зарах дэлгүүртэй болохоор Улаанбаатар хотоос байнга барилгын материал тээвэрлэн авч ирж худалддагийг нэхэмжлэгч А.М- мэддэг болохоор өөрийн шинээр барьж байсан “Тэнгис” төвийн орон сууцыг барьж дуусгахад намайг хамтарч ажиллаж бие биедээ тусалъя гэж дээрх хэлэлцээг амаар хийн улмаар намайг байшингаа барьж дуустал ашигласан ба банкнаас зээл авахад тусалж байсан гэдгийг дашрамд товч тайлбарлая.

4.3. Нийт 88,273,500.00 төгрөгөөс  ХААН банкны дансаар дамжиж нийт 45,000,000 төгрөг хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой ба талууд маргахгүй.

4.4. Нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгөөр цемент авснаа хүлээн зөвшөөрч байна. Дээрх байдлаар 60,000,000 төгрөгийн зээлийн мөнгө төлөгдсөн байгаа.

4.5. Би банкнаас зээл авахад үл хөдлөх хөрөнгө болох байр барьж өгөх А.М-тай амаар хэлэлцэж тохиролцсоны дагуу байрны зээлийн үнэд багтааж 2021 оны дугаар 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос 18 тонн арматур төмөр ачиж авч ирж өгсөн. Энэ арматур төмрийг “УБ менежмент” гэдэг газраас нэг тонныг нь 1,700,000 төгрөгөөр авч тээврийн хөлс 3,000,000 төгрөгийг нь орон сууцны үнэнд шингээн тооцох болно гэж А.М- нь өөрөө 88083984 дугаартай гар утсаараа надтай дахин дахин ярьж тохирсноор би авч ирж “Тэнгис 2” гэдэг газарт А.М-ад авч ирж буулгаж өгсөн.Тээврийн зардал 3,000,000 төгрөгийг тооцооноос хасуулах ёстой байсан.

4.6. Түүнээс гадна барилгын тулаас буюу тулгуур төмөр сапудыг А.М-ын утсаар хэлж захисны дагуу Улаанбаатар хотоос 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Өлгийд шинээр баригдаж байсан “Тэнгис 2” төвийн баригдаж байгаа барилгын объект хашаанд авч ирж буулгаж өгөхөд гарсан үнэ, тээврийн зардлын нийт 3,500,000 төгрөгийн тооцоог А.М- нь “Барилгын үнэ болох дээрх 88,273,500 төгрөгт багтааж шингээн хасна.” гэж амаар ярьж тохирсон байсан. Гэтэл эдгээр болон дараа нь хэд хэдэн удаа очиж авсан барилгын материалууд цементийн үнэ зэрэг нь нийлээд миний өр төлбөр гэж маргаад байгаа 28,273,500 төгрөгөөс илүү давсан байсан бөгөөд энэ байдлыг А.М-ад хэлэхэд тэр “Манай эхнэр чи бид хоёрын дунд байдаг тооцоог сайн мэдэхгүй байгаа ба өөрийнхөөрөө зүтгээд алданги зэргийг нэмж чамаас их хэмжээний мөнгө авах гэж нэхэмжилж байгаа юм байна. Би түүнд хэлье чи шүүх хуралд түүнд хэлж ойлгуулаарай” гэсэн. Тэгээд би эхнэрт нь буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А.М-д хэлэхэд тэр “Шүүх хуралд хэлээрэй. Хасуулах зүйл, мөнгө, төлбөрийг тэндээс хасуулъя.” гэсэн тул би тэдэнд итгээд шүүх хуралд очоод тайлбарлахад шүүгч “Та өөрөө нотлох ёстой” гэж хэлээд А.М-, А.М- нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Надад Улаанбаатар хотоос А.М-ын захисан труба, тулгуур арматур төмөр зэргийг ачсан, авч ирж буулгасан зэргийг болон замын зардал үнийг тооцож гаргасан бүгд 28.600.000 төгрөгийн нотлох баримтууд болон дээрх нэхэмжлэл тайлбарт дурдагдсанаас гадна надаас А.М- нь зээлээр барилгын үнэд шингээж тооцох ёстой. 21.700.000 төгрөгийн цементийг авсан тухай баримт болон энэ тухай мэдэх гэрчүүд хангалттай байхад би нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралд учраа олъё гэсэн үгэнд итгэн тухайн үед гаргаж өгч чадалгүй, гэрчээр мэдүүлгийг нь авхуулалгүй байж 28,000,000 төгрөгийг үндэслэлгүй төлөхөөр болж хохирлоо. Тэд миний томоотой, итгэмтгий, гэнэн, бусдад амархан найддаг, салан задгай хайнга занг минь овжин ашиглаж төлбөр төлүүлэхээр шийдвэр гаргуулж авч чадлаа.

4.7. Нэхэмжлэгч хариуцагч талуудын эрхийг адил хүндэтгэн, тэгш байдлыг сахиж, нотлох баримт гаргаж нотлуулах, шударгаар мэтгэлцэх эрхийг нь хангаагүй. Хэрэг нь маргаантай, нотлох баримтуудыг талууд нь гаргаж цуглуулах үүрэгтэй хэдий ч шүүх хурлын явцад хурлыг түр түдгэлзэж хугацаа зааж нотлох баримтуудаа бүрдүүлэх үүрэг өгөх, өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах зэрэг боломж олгох байсан.

4.8. Шүүх хуралдааны явцад би “Надад энэ хуралдаанд авч ирж өгч чадаагүй нотлох баримтууд байна. Асуулгын байдлыг үнэн зөвөөр хэлэх гэрчүүд байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ы шүүх хуралд “Чи хэл, би ч хэлж хасахыг нь хасаж өгнө.” гэж хэлсэн үгэнд итгэж хуралд бараг бэлтгэлгүй орсон тухай, дахин нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байна” гэж хэлж байхад шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах арга хэмжээ авч өгөөгүй.

4.9.Би нотлох баримтуудаа бүрдүүлсэн байгаа бөгөөд гэрчүүд ч бэлэн байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд буцаалгаж шударгаар хэргийг шийдвэрлүүлэх, боломж олгож өгөхийг хүснэ. 

 

5. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргасан нь хугацаа хожих зорилготой байна гэж үзэж байна. Тэрнээс биш түүнд ямар ч нотлох баримт, асуулгах гэрч байхгүй. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 2 сарын хугацаанд хариуцагч шүүхэд нотлох баримт гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Хариуцагч Т.О- 60 сая төгрөг өгснөөс хойш дахиж мөнгө өгөөгүй. Хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч А.М-ын  хариуцагч Т.О-т холбогдуулан  гаргасан орон сууцны үнээс үлдсэн 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,273,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Т.О-т холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргээс үлдсэн орон сууцны үнэ 28,273,500 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,273,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

8. Хариуцагч Т.О- нь нэхэмжлэгч А.М-ын барьсан Тэнгис төвөөс нэгж м.кв-ийг 1.050.000 төгрөгөөр тооцож 88,273,500 төгрөгт 84.07 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдаж авсан бөгөөд хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, орон сууц захиалгын гэрээ, талуудын тайлбараар энэхүү үйл баримт бүрэн тогтоогджээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд  маргаагүй бөгөөд харин хариуцагч буюу худалдан авагч нь худалдаж авсан орон сууцны үнийг гэрээнд зааснаар бүрэн төлөөгүй нь хэрэгт цугларсан зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хуульд заасан нотлох баримтыг харьцуулж үнэлэх журмыг зөрчөөгүй, хэргийн маргаантай үйл баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмуудад нийцсэн байна.

10. Нэхэмжлэгч А.М- нь Тэнгис төвөөс 84.07 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэгж м.кв-ийг 1.050.000 төгрөгөөр тооцож, нийт 88.273.500 төгрөгөөр худалдсан, хариуцагч Т.О- нь урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй боловч гэрээний үнээс үлдсэн төлбөр болох 28.273.500 төгрөгийг худалдан авагч төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

11. Худалдан авагч Т.О- нь 84.07 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ 88.273.500 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр худалдагч талын ХААН банк дахь *********тоот дансанд, 20.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн хүү М.А-йн ХААН банк дахь *********тоот дансанд, 5.000.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ы ХААН банк дахь *********тоот дансанд, 10.000.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А.М-ын ХААН банк дахь ********* тоот дансанд, мөн 15.000.000 төгрөгт барилгын материал /цемент/ өгсөн болох нь ХААН банкны дансны хуулга болон зохигчийн тайлбараар нотлогдсон.

12. Харин хариуцагчаас “Тухайн үед 60.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, 28.273.500 төгрөг үлдсэн байсан. Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус шилжүүлж, үлдсэн 13.273.500 төгрөгийн 3.500.000 төгрөгт барилгын труба, тулаас төмөр авч, Тэнгис 2 дугаар байранд ачиж ирсэн тэдгээрийн хөлс, мөн 3.000.000 төгрөгт 18 тн арматур ачсан тээврийн хөлсийг төлж өгсөн. Үлдсэн 3.773.300 төгрөгт 360 шуудай цемент өгөхөөр тохиролцож, тухайн үед өгч тооцоогоо дуусгасан” гэж тайлбарлаж байгаа боловч уг татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.

13. Хариуцагчаас “...нэхэмжлэгч хариуцагч талуудын эрхийг адил хүндэтгэн, тэгш байдлыг сахиж, нотлох баримт гаргаж нотлуулах, шударгаар мэтгэлцэх эрхийг нь хангаагүй. Хэрэг нь маргаантай, нотлох баримтуудыг талууд нь гаргаж цуглуулах үүрэгтэй хэдий ч шүүх хурлын явцад хурлыг түр түдгэлзүүлж, хугацаа зааж нотлох баримтуудаа бүрдүүлэх үүрэг өгөх, өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах зэрэг боломж олгох байсан. Шүүх хуралдааны явцад би “Надад энэ хуралдаанд авч ирж өгч чадаагүй нотлох баримтууд байна. Асуулгын байдлыг үнэн зөвөөр хэлэх гэрчүүд байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ы шүүх хуралд “Чи хэл, би ч хэлж хасахыг нь хасаж өгнө” гэж хэлсэн үгэнд итгэж хуралд бараг бэлтгэлгүй орсон тухай, дахин нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байна” гэж хэлж байхад шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах арга хэмжээ авч өгөөгүй” гэж гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулах бөгөөд хэрэгт цугларсан шүүхийн баримтуудаас үзвэл, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх эрх, үүрэгтэйгээ биечлэн танилцсан, анхан шатны шүүхээс түүний хууль зүйн туслалцаа авах, өөрийн татгалзлыг нотлох бичгийн баримтыг гаргаж өгөх хангалттай хугацаа олгосон, түүнчлэн хариуцагчаас хэргийг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд нотлох баримтаа гаргаж өгч чадаагүйг нотлох хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг хууль ёсны хийгээд мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзнэ.

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.318 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК