Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 119/2018/0028/З |
Дугаар | 221/МА2019/0328 |
Огноо | 2019-06-13 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0328
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Б.Х нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу “Шинжүү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Б.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий /2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлчилж байсан/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.Х нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2,727,272.70 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн захирал Л.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 дугаартай шийтгэлийн хуудсыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн өөрчлөлт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар орсон байхад татварын улсын байцаагч нар хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг хэрэглэж алдангийг 50 хувиар тооцсон байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд татварын улсын байцаагчийн эрхийг тодорхойлж мөн хуулийн 29.1.1-д “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” гэжээ. Гэтэл татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудас бичсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “...тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалтыг Шийтгэх хуудас бичин үндэслэлээ болгосон явдал нь өөрөө хууль зөрчсөн байна. Мөн хуулийн 11.19-д Татварын хуулийг зөрчих гээд мөн хуулийн 11.19.4-д “Нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулаагүй...бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ. Гэхдээ тухайн хуулийн этгээдийн 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийсэн учир Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн шийтгэх хуудас бичих үндэслэлгүй, 30 хувиар тооцон торгууль ногдуулах нь зүйд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.Х нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар 2,727,272.70 төгрөгийн торгууль ногдуулсан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Тодруулбал,
Маргаан бүхий Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Б.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот актаар “Шинжүү” ХХК-ийг 2015 онд “90,909,090.90 төгрөгийн худалдан авалтыг хуурамч падаанаар хассан” гэх зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3 дахь хэсэгт зааснаар 9,090,909.10 төгрөгийн нөхөн татвар, 2,727,272.20 төгрөгийн торгууль, 3,696,552.30 төгрөгийн алданги нийт 15,514,734.10 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
Дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 3,696,552.30 төгрөгийн алдангийг Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолоор хасч шийдвэрлэсэн байх атал нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн өөрчлөлт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар орсон байхад татварын улсын байцаагч нар хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг хэрэглэж алдангийг 50 хувиар тооцсон” гэх гомдол ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх боломжгүй.
Мөн “Ш” ХХК-ийн гаргасан зөрчил 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн учраас Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн.
Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тухайн зөрчил үйлдэгдсэн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “...нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж зааснаар торгууль ногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан тул татварын улсын байцаагч нар “Шийтгэлийн хуудас”-аар “Шинжүү” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг өөрчилсөн “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон процессын хуулийг буцаан хэрэглэхгүй, хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх журамтай.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан “тухайн хуулийн этгээдийн 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийсэн учир Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн Шийтгэх хуудас бичих үндэслэлгүй, 30 хувиар тооцон торгууль ногдуулсан нь буруу, хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн” тухай гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт үг зүйн болон хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй бөгөөд хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасныг хэргийн оролцогчдод мэдэгдэж байхыг анхан шатны шүүх анхаарах шаардлагатай байна.
Энэхүү хэргийн тухайд шүүхийн шийдвэрт 14 хоногт гомдол гаргах эрхтэй талаар тайлбарласан байгаа тул хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хангаж давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “12 дугаар сарын 18-ны гэснийг 8 дугаар сарын 27-ны” гэж, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН