Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/0126

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн

яаманд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          М.Батсуурь

            Шүүгчид:                        Х.Батсүрэн

                                                    П.Соёл-Эрдэнэ                              

                                                    Ц.Цогт

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0222 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ерөнхий захирал Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Ц.Б, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Б.Ц нарыг /цахимаар/ оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

-Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэг, Зам, тээврийн хөгжлийн яамны тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулахыг мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах;

-Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

-Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/.........дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийн ялагч “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах;

            Хэргийн нөхцөл байдал:

2. Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн багц-1 Барилга төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/.........дугаартай тендерийг 3 удаа зарласан, эхний тендер шалгаруулалт зарлагдахад тендерийн материал ирүүлсэн оролцогч байгаагүй, хоёр болон гуравдахь удаад  тендер шалгаруулалтад оролцсон этгээдүүдээс тухай бүр Сангийн яаманд гомдол гаргаснаар тендер шалгаруулалтууд тус тус хүчингүй болжээ.

            3. Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын онцгой журам буюу гэрээ шууд байгуулах аргаар сонгон шалгаруулахаар шийдвэрлэж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс “Х” ХХК-ийн ирүүлсэн саналыг “захиалагчаас шаардсан нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн” гэж үзэж, гэрээ байгуулах дүгнэлтийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/4598 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Х” ХХК-д “... гэрээ байгуулах”-ыг мэдэгдсэн байна.

            4. “М к” ХХК-иас уг шийдвэрт холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан, гомдлыг хянаад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаар албан бичгээр “ ... “Х” ХХК тендерт нивилер, теодолит, гүний доргиур, угсралтын агергат, хийн цохилтот нягтруулагч зэрэг гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт ирүүлсэн боловч үнийн санал авах баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1 в-д заасны дагуу дээрх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нотлох баримт ирүүлээгүй байна, … хуулийн 34.1.1-д заасан нөхцөл үүсээгүй байхад гэрээ шууд байгуулах аргаар тендер шалгаруулалт зохион байгуулсан нь үндэслэлгүй байх тул захиалагчийн тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг ... бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах”-ыг Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдсэнээр маргаан үүсчээ.

           Анхан шатны шүүхийн шийдвэр:

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан, “ ... Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1 в-д ... дээрх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг /тодорхой заагаагүй байхад/ ... нотлох баримт ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй, ... Сангийн яам “М к” ХХК-ийн гомдлыг хянахдаа гомдлын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан нь Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 6.1-д Сангийн яам нь ... гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасанд нийцээгүй, ... хуулийн 30.4.3-д заасан нөхцөл байдал захиалагчид үүссэн тул мөн хуулийн 31.1.3-д заасан гэрээ шууд байгуулах аргыг сонгож, тендер шалгаруулалтын онцгой журмыг хэрэглэсэн захиалагчийг шууд буруутгах үндэслэлгүй ... гэх дүгнэлтүүд хийж, нэхэмжлэгчийн “Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаар албан бичгийн дүгнэлтийн 5 дахь хэсэг болон тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах”, Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, ... хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны буруутай үйлдэл эс үйлдэл, захиргааны үйл ажиллагаа байхгүй, шүүхээс гэрээ байгуулах мэдэгдлийг хүчинтэй байхаар шийдвэрлэснээр хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой шийдвэр хүчинтэй үлдсэн тул даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй...” гэх дүгнэлтээр ... төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийн ялагч “Х” ХХК тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүх хэргийг хянаад “... Зам, тээврийн яамнаас гаргасан тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтад 12 тоног төхөөрөмжийн нэр бичигдсэн, тус бүрийг нь ирүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадал ямар байхыг тусгаагүй /тул/ ... “шаардлага хангаагүй” гэж дүгнэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, ... хариуцагч Сангийн яамны /маргаан бүхий/ албан бичгээр захиалагчийн тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасантай нийцэхгүй. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаас үзвэл Зам, тээврийн хөгжлийн яамны хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байгаа тул даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна...” гэх дүгнэлтүүд хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Т.Э нараас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

7. Давж заалдах шатны шүүх нэг хуулийн зохицуулалтыг өөр хоорондоо зөрүүтэй хэрэглэж байгаа тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг авч хэлэлцээд тус “хуулийг зөрчсөн” гэж үзвэл тодорхой шийдвэр гаргахаар заасан. Өөрөөр хэлбэл, Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэхэд “хууль дээдлэх” зарчмыг баримталж, захиалагч хууль зөрчсөн эсэхийг нягталж шалгах үүрэгтэй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0222 дугаар шийдвэрт дурдсанаар тендерт оролцогчийн “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “хэмнэлттэй байх” зарчмын хүрээнд захиалагчийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөж байгаа хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Хариуцагчаас энэ тухай давж заалдах гомдлын үндэслэлд тодорхой дурдсан боловч давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлгүйгээр гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь эс үйлдлээрээ энэхүү гомдлын үндэслэлийг үгүйсгэсэн.

8. Сангийн яам гомдол шийдвэрлэхэд “хууль дээдлэх зарчим” баримтлах нь зүйтэй талаар мөн л Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус яаманд холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 597 дугаартай магадлалд тодорхой дурдсан байдаг. Тус 597 дугаартай магадлалын 2 дахь талд: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яам гомдол хүлээн авч хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллагыг “хууль зөрчсөн” эсэхийг хянах үүрэгтэй. Хууль зөрчиж боловсруулсан тендерийн баримт бичигт үндэслэн тендер шалгаруулалт явуулах нь мен хууль зөрчсен үр дагаврыг үүсгэх ба энэ тохиолдолд тодорхой нэг тендерт оролцогчийн “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн үндэслэлээр хууль зөрчсөн тендер шалгаруулалтыг зөвтгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илүү харгалзан үзэх учиртай” гэж дүгнэж байсан.

9. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх яг нэг адил үндэслэлээр, яг нэг хуулийн зүйл, заалтыг хэрэглэх асуудлаар гаргасан гомдлыг хоёр өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа ба энэхүү асуудлыг Улсын дээд шүүхээс шийдвэрлэж, хууль хэрэглээний хувьд нэгдмэл байдлыг бий болгох зайлшгүй шаардлагатай.           

10. Захиалагч үнэлгээний хороо байгуулах үүрэг болон гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх нөхцөл, журмын талаар захиргааны хэргийн шүүхүүд эрүүгийн хэргийн шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэж байгаа тухай, энэхүү захиргааны хэрэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн амин сүнс болсон хэд хэдэн зохицуулалтыг ноцтойгоор буруу хэрэглэж, улмаар захиалагчдын зүгээс авлига, ашиг сонирхолд хөтлөгдөх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс онцгойлон санаа зовниж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй үнэлгээний хороо байгуулсан болон гэрээ шууд байгуулах аргыг хуулийн 30 дугаар зүйлд нийцүүлэн хэрэгжүүлээгүй нь Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагын зүгээс албан тушаалтныг Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгах, эрүүгийн хэргийн шүүхээс ял оноох үндэслэл болдог байхад захиргааны хэргийн шүүх болохоор яг адил хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ албан тушаалтан түүний заавал дагаж мөрдөх ёсгүй мэт, төсөөтэйгээр хэрэглэж болох мэтээр дүгнэж байгаа нь эрүүгийн болон захиргааны хэргийн шүүхийн анхан, давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэйгээр хэрэглэх нөхцөлд хөтөлж байна.

  11. “Үнэлгээний хороо”-ны чиг үүргийг хуульд заасан худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн бус ажлын хэсгээр гүйцэтгүүлэх үр дагавартай тухай, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/109 дугаартай тушаалаар байгуулагдсан “ажпын хэсэг” нь хуульд заасан үнэлгээний хорооны чиг үүргийг хэрэгжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47, 50 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан этгээдээс бүрдсэн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээ хийх ёстой гэдэг агуулгыг төсөөтэйгээр ажлын хэсэг байгуулж болох мэтээр анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн байдаг. Давж заалдах гомдолд энэхүү ажлын хэсэг гэх бүтэц нь хуулийн 47 дугаар зүйлд заасан журмын дагуу эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүйгээс гадна тус зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байсан тухай тодорхой дурдсан.

12. Гэтэл магадлалд гомдлын энэхүү үндэслэлийн талаар нэг ч үг, үсгээр тайлбар хийгээгүй, дүгнээгүй нь мөн адил анхан шатны шийдвэрийн үндэслэлийг баталгаажуулсан гэж үзэхээр байна. Хэрэв хуульд заасан бүрэлдэхүүний шаардлагыг хангаагүй бүтцээр тендер шалгаруулалт зохион байгуулдаг энэхүү нөхцөл байдал даамжирвал эрх мэдэлтэн, албан тушаалтны зүгээс дуртай этгээддээ өөрийн хэрэгжүүлэх чиг үүргээ шилжүүлж, хариуцлагаас мултардаг, харин шилжүүлэн авсан этгээд нь үнэлгээний хорооны үүргийг хүлээхгүй тул мөн гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй нөхцөл байдал бий болохоор байна.

 13. Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх журмыг ноцтой зөрчиж байгаа тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах үндсэн журам нь өрсөлдөөнийг хамгийн ихээр хангаж, 30-аас доошгүй хоногийн хугацаанд зарлагддаг “нээлттэй тендер шалгаруулалт”-ын журам байдаг. Иймд нээлттэй тендер шалгаруулалтыг хэдэн удаа, ямар журмаар зохион байгуулсны үндсэн дээр ямар нөхцөлд гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болох тухай тус хуулийн 30 дугаар зүйлд тодорхой заасан.

14. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн яам тус тендер шалгаруулалтын хувьд гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх нөхцөл, шаардлагыг хангаагүй байхад гэрээ шууд байгуулах журмаар 2020 оны 9 дүгээр сард 7 хоногийн хугацаанд тендер хүлээн авахаар урилга нийтэлсэн байсан. Сангийн яам маргаан бүхий албан бичиг болох 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 тоот албан бичгээр тендерийн дахин үнэлэх биш, харин дахин нээлттэй тендер шалгаруулалт зарлах ёстой гэж шийдвэрлэсэн үндсэн шалтгаан энэ юм.

15. Давж заалдах гомдолд энэ тухай тодорхой дурдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т заасан “тендер шалгаруулалт амжилтгүй болох” гэдэг ойлголт нь гэрээ байгуулаагүй тохиолдол бүрийг тоолдог биш харин “бүх тендерээс татгалзсан” тохиолдлыг ойлгох тухай үндэслэлээ дурдсан. Гэтэл магадлалд энэ талаар дугнэлгүйгээр захиалагчийг удаа дараа тендер шалгаруулалт зарласан байхад Сангийн яам хүчингүй болгоод байсан гэх анхан шатны шүүхийн тойм дүгнэлтийг дэмжсэн байна.

16. Анхан шатны шүүх ЗТХЯ/.........дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендер шалгаруулалтыг хамгийн анх 2019 онд зарлагдсан мэтээр буруу дүгнэсэн байдаг ба 2019 онд зарлагдсан тендер шалгаруулалт нь 3,536,783,088 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр байсан бол маргаан бүхий ЗТХЯ/.........дугаартай тендер шалгаруулалт нь 2020 онд зарлагдсан бүх тохиолдолдоо яг ижил 4,071,415,608 төгрөгийн төсөвт өртөгтэй зарлагдсан. Өөрөөр хэлбэл, өөр төсөвт өртөгтэйгөөр, өөр тендерийн баримт бичигтэйгээр, өөр техникийн болон санхүүгийн чадавх, туршлага шаардаж зарласан тендер шалгаруулалтыг 2020 онд зарлагдсан тендер шалгаруулалтын нэг хэсэг гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх залруулаагүй юм.

17. Энэ нь эрүүгийн хэргийн шүүхүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт ял шийтгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер шалгаруулалтын журмыг мөрдөөгүй гэж үзэж, хариуцлага хүлээлгэдэг байдлаас эрс ялгаатайгаар хуулийг тайлбарлаж буй нөхцөл байдал юм.

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үг, үсгийг өөрчилж, илтэд нэхэмжлэгчид давуу байдал олгосон тухай дурдсан. Тодруулбал, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн яамтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад шүүх бичгээр гарсан шийдвэртээ дараах байдлаар зөрүүтэй өөрчлөн бичсэн байдаг.

“Х” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0222 дугаар шийдвэрээр хангасан нэхэмжлэлийн шаардлага

Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэг болон “тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер шалгаруулахыг даалгаж” шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах”

Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн тав дахь хэсэг, Зам, тээврийн хөгжлийн яамны тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулалтыг мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах

19. Энэ асуудлаар хариуцагчаас гаргасан гомдлын үндэслэлийн талаар магадлалын 6 дахь талд: “Учир нь нэхэмжлэгчийн зүгээс анх Сангийн яамд холбогдуулан “2020 оны 10 дугаар сарын 5 дахь хэсэг болон тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулах даалгах” нэхэмжлэлийг гаргаж, ...аливаа байдлаар өөрчлөөгүй, анхан шатны шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.

20. Нэхэмжлэгч “Х” ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг хэрэгт авсан бөгөөд түүнд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага шүүхийн шийдвэрээс зөрүүтэй байгаа талаар давж заалдах гомдолд тодорхой дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон “тендер шалгаруулалтыг хүчингүй болгох” шийдвэрийг Сангийн яам гаргаагүй тухай тодорхой дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх мөн адил мэдэн будилж анхан шатны шүүхийн байж боломгүй ноцтой алдааг хүлээн зөвшөөрч, хэвээр үлдээж байгааг ойлгох аргагүй байна.

21. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага Сангийн яамны гаргаагүй шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгатай байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тухай дурдсан. Харин шүүгч У.Б шүүхийн шийдвэрийг танилцуулах үед уг нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхий агуулгаар нь шийдэж байна гэх тодорхой бус тайлбар өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байж болох ч дүрс бичлэгт хадгалсан байгаа. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага Сангийн яамны гаргаагүй актыг хүчингүй болгох агуулгаар байгааг анхан шатны шүүх булзааруулж, өөрчилсөн нь ноцтой зөрчил болсон. Үүн дээр нэмээд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил магадлалд зөрүүтэйгээр дурдаж байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээс өөр аргагүй юм.

22. Түүнчлэн хариуцагчийн зүгээс маш тодорхой дэс дараалсан үндэслэл бүхий давж заалдах гомдлыг гаргасан байхад давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлээс өөрийн үзэмжээр сонгож авч тайлбар хийсэн ба үлдэх хэсгийг огт дүгнээгүй, түүнчлэн тайлбар хийсэн хэсгүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг тодорхой үнэлж дүгнэсэн бус, зөвхөн таамаг хэлбэртэй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар “магадлалд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, бичгээр гарсан магадлалд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл тус бүрд холбогдох шийдвэрийн үндэслэлээ тусгаагүй нь процессын хуулийг ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

23. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

24. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

25. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т шууд гэрээ байгуулах арга нь тендер шалгаруулалтын онцгой журам гэж заасан бөгөөд 34 дүгээр зүйлийн 34.1-д шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх онцгой тохиолдлуудыг нэг бүрчлэн нэрлэсэн,  захиалагч Зам тээврийн хөгжлийн яам нь тухайн тохиолдолд шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхдээ уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсгийг үндэслэсэн, энэ талаарх тайлбараа шүүхэд ирүүлжээ.

26. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1“энэ хуулийн 30.4.3, 36.18-д заасан тохиолдолд /шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж болох/”-оор заасан, 30 дугаар зүйлийн 30.4бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах”, 30.4.2... /шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн/, /... гэрээний үнийг төсөвт өртөгт багтаах зорилгоор хийсэн хэлэлцээр амжилтгүй болсон/ ... нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах”, 30.4.3”энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах ... /шийдвэрийг захиалагч гаргана/”, 36 дугаар зүйлийн 36.18-д ... зөвлөх сонгох тендер шалгаруулалт хоёр удаа амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулж болно” гэж тус тус заасан байна.

27. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл, тендер шалгаруулалтын онцгой журам болох шууд гэрээ байгуулах аргыг зөвхөн хуульд урьдчилан, тусгайлан заасан нөхцөл үүссэн тохиолдолд захиалагч хэрэглэнэ, тодруулбал:

28. Бүх тендерээс татгалзсан (эхний удаа) бол захиалагч дахин нээлттэй тендер явуулах, эсхүл хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах бөгөөд ийнхүү дахин тендер шалгаруулалт явуулсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан нөхцөл байдал буюу ... шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон, өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт, шахалт үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон, шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн, эсхүл энэ хуулийн 30.2-т заасан хэлэлцээ амжилтгүй болсон” тохиолдолд шууд гэрээ байгуулахаар байна.

29. “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл багц-1 Барилга”-ын тендер эхний удаа зарлагдахад тендерийн материал ирүүлсэн оролцогч байгаагүй, хоёр дахь удаагаа 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарлагдаж, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн тендер шалгаруулалтад “М к” ХХК болон “Х б э” ХХК оролцсон, “М к” ХХК-иас “... үндсэн ажилтан шаардлага хангаагүй гэж манай тендерээс үндэслэлгүй татгалзсан, мөн шалгарсан “Х б э” ХХК шаардлага хангаагүй байхад шалгаруулсан тул захиалагчийн шийдвэрийг шалгуулахыг хүсэж байна...” гэх гомдлыг Сангийн яаманд хандаж гаргасны дагуу гомдлыг шалгаад, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/3587 дугаар албан бичгээр “... захиалагчийн 2020 оны 03/2077 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдэж” шийдвэрлэжээ.

30. Дээрх мэдэгдлийн дагуу захиалагч уг тендерийг гурав дахь удаагаа буюу  2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарлаж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нээсэн, тендерт “М к” ХХК, “Х б э” ХХК, “Х” ХХК тус тус оролцсон, “М к” ХХК-иас “... тендерт “Х” ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлгүй, ... шаардлага хангаагүй байхад шалгаруулсан” гэх гомдол гаргасныг Сангийн яам хянаад, мөн Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6-1/5784 дүгээр албан бичгээр “/захиалагчийн/ тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдсэн байна.

31. Үүний дараа тендер шалгаруулах Үнэлгээний хороо “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл багц-1 Барилга”-ын тендер шалгаруулалтыг онцгой журам буюу гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар “... гүйцэтгэгчийг сонгох, хэлэлцээ хийх үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан, тус Ажлын хэсгийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Х” ХХК-ийн ирүүлсэн саналыг “захиалагчаас шаардсан нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн” гэж үзэж хэлэлцээр хийхээр, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар “... “Х” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх тухай ажлын хэсгийн дүгнэлтийг захиалагчид хүргүүлэх”-ээр тус тус шийдвэрлэсэн, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/4598 дугаар албан бичгээр “Х” ХХК-ийн ирүүлсэн саналыг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзэж, гэрээ байгуулахыг мэдэгджээ.

 32. Аливаа захиалагч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа нээлттэй, өрсөлдөөнт тендер шалгаруулалтын журмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бөгөөд зарим онцгой тохиолдолд өрсөлдүүлэхгүйгээр шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэнэ; шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх нөхцлийг, үйл ажиллагааны дарааллын хамт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хуульчлан тогтоосон, уг нөхцлийг шаардахгүйгээр, эсхүл дарааллыг хэрэглэхгүйгээр шууд гэрээ байгуулахаар шийдвэр гаргах эрхийг захиалагчид олгоогүй байна.

33. Тухайн тохиолдолд, захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам нь “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл багц-1 Барилга”-ын ажлын гүйцэтгэгчийг “шууд гэрээ байгуулах” аргаар шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан нөхцлийг хангаагүй, 30 дугаар зүйлийн 30.4-т заасан дарааллыг баримтлаагүй байх тул хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр “... захиалагчийн тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг ... бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 34. Өөрөөр хэлбэл, захиалагчийн эсхүл Үнэлгээний хорооны буруутай үйл ажиллагааны улмаас тендер шалгаруулалт хүчингүй болсон нь тухайн худалдан авах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр, шууд гэрээ байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгох эрхийг захиалагчид олгохгүй, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах үр дагавар үүсгэх юм.

35. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан зохицуулалтыг тухайн тохиолдолд холбогдуулан буруу тайлбарлаж хэрэглэсэн, захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас тендер шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдлыг “... хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасантай ижил нөхцөл үүссэн, буюу хуулийн 30.4.3-д заасан нөхцөл байдал үүссэн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 36. Шүүхүүд, тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нөхцөл, үндэслэлийг үл харгалзан, “удаа дараа тендер шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэнэ” гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь “бүх тендерээс хуульд заасан үндэслэлээр татгалзсан” тохиолдолд л Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан зохицуулалт хэрэгжих онцгой нөхцлийг маргааны үйл баримтуудад холбогдуулж буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

37. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д “... /Сангийн яам нь/ захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх /бүрэн эрхтэй/”, 55 дугаар зүйлийн 55.3-т “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл ... /хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, … зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах/ шийдвэр гаргана” гэж тус тус зааснаас үзвэл, хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалт явуулахгүйгээр, “шууд гэрээ байгуулах-аар гаргасан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр энэ хуулийг зөрчөөгүй, энэ тохиолдолд ... Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 6.1-д заасны дагуу ... гомдлын хүрээнд хянан үзэх эрхээ хэтрүүлсэн” гэж үзэхгүй.

38. Тодруулбал, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцохдоо “хяналтын чиг үүрэг”-ийг хэрэгжүүлнэ, энэ хүрээнд, нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр, “шууд гэрээ байгуулах-аар гаргасан захиалагчийн “хууль бус” шийдвэрийг хүчингүй болгосон маргаан бүхий акт, уг актыг гаргасан, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг “гомдолд дурдаагүй үндэслэл тул хянах эрхгүй байсан” гэж дүгнэх боломжгүй, энэ талаар хоёр шатны шүүх мөн буруу дүгнэлт хийсэн байна.

39. Харин, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, тендерт оролцогчдод өгөх зөвлөмжид зааж, тусгайлан шаардаагүй баримтыг захиалагч, түүнчлэн Сангийн яам хожим шаардан гаргуулах, шаардаагүй баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерт оролцогчид сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах үндэслэлгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв хэдий ч Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актаар ... хуулийн 34.1.1-д заасан нөхцөл үүсээгүй байхад гэрээ шууд байгуулах аргаар тендер шалгаруулалт зохион байгуулсан нь үндэслэлгүй байх тул захиалагчийн тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг ... бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн яаманд мэдэгдсэн-ийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

40. Иймд, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Т.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэг,  Зам, тээврийн хөгжлийн яамны тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулахыг мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах-аар, “Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/.........дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийн ялагч “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 52 дугаар зүйлийн 52.1.5, 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг тус тус баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0222 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 270 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгээр гаргасан дүгнэлтийн 5 дахь хэсэг, Зам, тээврийн хөгжлийн яамны тендер шалгаруулалттай холбогдсон шийдвэрийг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулахыг мэдэгдсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийг нээлттэй зарласан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/.........дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-1 Барилга”-ын тендерийн ялагч “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧИД                                                              Х.БАТСҮРЭН

                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                               Ц.ЦОГТ

                                                                               Д.МӨНХТУЯА