Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1392

 

 

 

 

 

 

 

 

 

“ЮП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүхийн Ж.Оюунтунгалаг даргалж,шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03791 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЮП” ХХК-ийн

Хариуцагч Ш.Санчир, Б.Атарцэцэг нарт холбогдох

           

34 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч “ЮП” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбилэг,

Хариуцагч Ш.Санчир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ЮП” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн Ш.Санчир, Б.Атарцэцэг нарын хүсэлтээр тэдний бусдад төлөх зээл, зээлийн хүү, алданги болон утасны ярианы төлбөрүүдийг өмнөөс нь төлж ирсэн. Хариуцагч Ш.Санчирын “Арамдаүн Мүёг” ХХК-иас 99118447 дугаараа барьцаалж зээлсэн 7 500 000 төгрөг, зээл, алданги 1 580 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ш.Санчирын 99118447 дугаарын 2012 оны 9, 10, 11 сарын ярианы төлбөр 177 100 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ш.Санчирын иргэн Б.Халиунаагаас зээлсэн 9 210 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус “ЮП” ХХК төлсөн. Мөн Ш.Санчирт 2012 оны 12 дугаар сард 2 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 18-нд 6 500 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2 188 911 төгрөгийг “ЮП” ХХК нь бэлнээр  өгсөн  байдаг.  Иймд хариуцагч Ш.Санчираас 29 156 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч Б.Атарцэцэгийн Төрийн банкны зээл, зээлийн хүү болох 692 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр, 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нийт 4 844 000 төгрөгийг 7 сарын турш “ЮП” ХХК нь Б.Атарцэцэгийн өмнөөс төлсөн. Иймд Б.Атарцэцэгээс нийт 4 844 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Санчир, Б.Атарцэцэг нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санчир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Санчир миний бие 2009 оноос хойш “ЮП” ХХК-тай хамтран ажилласан. 2009-2010 оны хооронд “ЮП” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж эхэлсэн Аптаун хотхоны барилгын ажилд өөрийн эзэмшлийн “Хьюндай” маркийн экскаватор, Фотон маркийн том оврын самосвалаар газар шороо, элс, хайрганы ажлыг хийж тээврийн зардал, ажлын хөлсийг “ЮП” ХХК-иас авч байсан. 2010 оны сүүлээр “ЮП” ХХК-ийн захирал байсан Б.Чинтулга хөрөнгө оруулалт хийж, хамтарсан компани байгуулж ажиллах саналыг надад тавьж, уг саналыг миний бие хүлээн зөвшөөрч Хьюндай маркийн экскаватор, Фотон маркийн самосвал, элс хайрга бутлан ангилах тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулсан. “ЮП” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Аптаун вилла хотхоны барилгын ажил дуустал миний хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг бүрэн ажилласан боловч өнөөдрийн хүртэл миний хөрөнгө оруулалтын үр ашиг, тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн хөлсөнд нэг ч төгрөг аваагүй.

2012 онд “ЮП” ХХК-ийн зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг нэхэж эхлэхэд миний зүгээс Б.Чинтулгатай уулзаж, та нар мөнгө нэхэж байхаар нэгэнт миний техникээр ажил явуулж байгаа юм чинь үлдэгдэл мөнгийг тухайн техник, тоног төхөөрөмж ашигласны хөлс, үр ашигт тооцоод зохицуулж болдоггүй юм уу гэхэд Б.Чинтулга нь “ЮП” ХХК-ийн 4 гишүүн найздаа байр өглөө гээд маргаан хийгээд байна чи энийгээ төлчих гэсэн. Миний эхнэр Б.Атарцэцэг бид хоёр Төрийн банкнаас 8%-ийн хүүтэй зээл авч тухайн орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөнгө өгөхдөө би Б.Чинтулгад хэлсэн, өөрийн ашиг олдог байсан бүх тоног төхөөрөмжөө өгсөн, энэ хугацаанд нэг ч төгрөг авсангүй, байрны зээл, хүү гэж сар бүр төлөх хэрэг гараад байна гэсэн. Б.Чинтулга надад хэлэхдээ за би асуудлыг ойлголоо, хавар баригдах барилгаас 280 000 000 төгрөг өгье. Б.Атарцэцэг та хоёр маргааш надтай гэрээ хийчих, харин өр шир, банкны зээлийг чинь зээлийн гэрээ байгуулаад би төлье гэсэн. 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд миний 9911-тэй дугаар барьцаалсан зээл, иргэн Б.Халиунаас авсан зээл, Төрийн банкны зээлийн хүү зэргийг тохиролцсоны дагуу “ЮП” ХХК төлсөн. Харин нөгөө амлаад байсан хавар баригдах барилгын ашгаас нэг ч төгрөг өгөөгүй. Харин ч “ЮП” ХХК-ийн одоогийн захирал Ө.Одсүрэн нь дээр дурдсан төлсөн төлбөрийг 2015 оны 10 дугаар сард нэхэмжилж байсан ба тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08001 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. “ЮП” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Чинтулгад миний ашиглуулсан техник, тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн ажлын тооцоог гаргаад өгчих гэж хэлсэн боловч одоог хүртэл гаргаж өгөхгүй байна. Ажлын хөлсийг тооцвол шүүхээр нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хэд дахин давсан дүн гарна. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  •  Иргэний  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан Ш.Санчираас 29 156 000 төгрөг, Б.Атарцэцэгээс 4 844 000 төгрөг гаргуулах тухай “ЮП” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЮП” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “ЮП” ХХК-ийн төлөөлөгч Ө.Одонсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Ш.Санчир, Б.Атарцэцэг нараас зээлийн гэрээний үүрэгт 34 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг өмнө нь "ЮП" ХХК гаргаж байсан ба шүүх уг маргааныг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 102/ШШ2015/08001 дүгээр шийдвэр гаргасан” гэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2015/08001 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, үнийн дүн зэргийг зөв тодорхойлж чадаагүй, хамтран хариуцагч Б.Атарцэцэг нь энэхүү иргэний хэргийн оролцогч биш байхад Ш.Санчир, Б.Атарцэцэг нараас нийт 34 000 000 төгрөг нэхэмжилсэн "ЮП" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан хэмээн байж боломгүй дүгнэлтийг хийсэнд гайхан эргэлзэж байна. Анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2015/08001 дүгээр шийдвэрээр хариуцагч Ш.Санчирт холбогдох 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Зээлийн гэрээ"-ний үүрэгт 34 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн болохоос Ш.Санчирын өмнөөс төлсөн 29 156 000 төгрөг, хамтран хариуцагч Б.Атарцэцэгийн өмнөөс төлсөн 4 844 000 төгрөгийг гаргуулах тухай "ЮП" ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчдын гэм буруугийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагч нь "ЮП" ХХК-ийн Ш.Санчир, Б.Атарцэцэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд огт хамааралгүй. Анхан шатны шүүхийн 102/ШШ2015/08001 дүгээр шийдвэрээр хариуцагч Ш.Санчирт холбогдох зээлийн гэрээний үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч "ЮП" ХХК нь Ш.Санчирын өмнөөс бусдад төлсөн 29 156 000 төгрөг, хамтран хариуцагч Б.Атарцэцэгийн өмнөөс бусдад төлсөн 4 844 000 төгрөгийг нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болох ёсгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2015/08001 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн маргааны агуулга, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагч нарыг "өмнө нь зээлийн гэрээний үүрэгт Ш.Санчир, Б.Атарцэцэг нараас нийт 34 000 000 төгрөг нэхэмжилж байсныг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн" гэж буруу тодорхойлсон атлаа "нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлгүй бусдын өмнөөс төлсөн төлбөр хэмээн өөрчлөн мөн Ш.Санчир,
Б.Атарцэцэг нараас нийт 34 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй" гэж
хууль бус дүгнэлт хийсэн байна. 

Нэхэмжлэгч "ЮП" ХХК нь Ш.Санчирын өмнөөс бусдад 29 156 000 төгрөг, хамтран хариуцагч Б.Атарцэцэгийн өмнөөс бусдад 4 844 000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгө төлж байсан анхан шатны нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Хариуцагч Ш.Санчир, Б.Атарцэцэг нар нь дээрх төлбөрийг "... бидний техник, тоног төхөөрөмжийг ашигласны төлбөрийн оронд бидний бусдад өгөх зарим өглөгийг нэхэмжлэгч "ЮП" ХХК нь төлсөн" гэсэн үндэслэлгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Ш.Санчираас 29 156 000 төгрөг, хариуцагч Б.Атарцэцэгээс 4 844 000 төгрөг, нийт 34 000 000 төгрөгийг гаргуулж "ЮП" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч “ЮП” ХХК нь хариуцагч Ш.Санчир, Б.Атарцэцэг нарын өмнөөс зээлийн болон гар утасны төлбөр болон бэлнээр үндэслэлгүй өгсөн мөнгө зэрэгт нийт хариуцагч Ш.Санчираас 29 156 000 төгрөг, хариуцагч Б.Атарцэцэгээс 4 844 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч “ЮП” ХХК нь бидний техник, тоног төхөөрөмжийг ашигласны төлбөрийн оронд зээлийн болон гар утасны төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн, уг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

          Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ЮП” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэ талаар өмнө шийдвэрлэсэн, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/08001 дүгээр шийдвэрээр шийдвэрлэгдсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай адил хэмээн үзсэн нь буруу байна.

          Учир нь, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээс үзвэл зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шаардсан, харин энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь бусдын үүргийг өмнөөс нь гүйцэтгэхэд гарсан зардал, төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн буюу Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага гаргасан байх тул хариуцагч нарын өмнөөс өрийг нь төлсөн этгээд болох нэхэмжлэгч “ЮП” ХХК нь зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна. /хх-25-26/

 Нэхэмжлэгч “ЮП” ХХК нь хариуцагч Б.Атарцэцэгийн өмнөөс түүний Төрийн банкнаас авсан зээлийн төлбөрт 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 692 000 төгрөгийг 7 удаагийн төлөлтөөр нийт 4 844 000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан /хх-11-13/ баримтаар, хариуцагч Ш.Санчирын өмнөөс 99118447 дугаар барьцаалж зээлсэн 7 500 000 төгрөг, Б.Халиунаас зээлсэн 9 210 000 төгрөг, нийт 16 710 000 төгрөгийг зохигчид төлсөн болох нь хэрэгт авагдсан /хх-6,11/ баримтаар тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар тус тус маргаагүй байна.

Нэхэмжлэгч “ЮП” ХХК нь хариуцагч Ш.Санчирт зээл хэлбэрээр төлсөн 99118447 дугаарын 2 сарын хүү, алданги болох 1 580 000 төгрөг бэлнээр хүлээж авав гэсэн, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн утасны төлбөр 114 400 төгрөг, 62 700 төгрөг нийт 177 100 төгрөг, 2012 оны 12 сарын “зээл олгов” 2 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 500 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 188 911 төгрөгийн “түр зээл”, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “түр зээл” 2 000 000 төгрөг гэсэн нийт 12 446 011 төгрөгийн /хх-7-10, 14-15/ баримтуудыг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2015/08001 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх төлбөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах баримт гэж үзэх боломжгүй тул, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй юм.  

Иймд хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, зохигчдын тайлбараар тогтоогдсон дээрх төлбөрүүдийг хариуцагч Ш.Санчир, Б.Атарцэцэг нараас гаргуулж, нэхэмжлэгч “ЮП” ХХК-д буцаан олгох үндэслэлтэй.

          Хариуцагч Ш.Санчир, Б.Атарцэцэг нар нь тайлбар, татгалзалдаа нэхэмжлэгч “ЮП” ХХК нь хариуцагч нарын бусдын өмнө төлбөл зохих зээл болон гар утасны төлбөрийг тэдний өмнөөс төлсөн гэдэгт маргаагүй хэдий ч өөрсдийн техник, тоног төхөөрөмж ашигласны хариу төлбөр байсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1-т зааснаар нэхэмжлэгч компанид хариу шаардлага гаргах эрхтэй байсан гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч нарын бусдын өмнө хүлээсэн үүрэгт төлсөн төлбөрийг гаргуулах шаардлагаас чөлөөлөгдөхгүй юм.

          Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Санчираас 16 710 000 төгрөг, хариуцагч Б.Атарцэцэгээс 4 884 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ЮП” ХХК-д олгох агуулгаар шүүхийн шийдвэрийг өөрчлөн найруулах мөн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хуваарилан хариуцуулах нь зүйтэй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Санчираас 16 710 000 төгрөг, хариуцагч Б.Атарцэцэгээс 4 844 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ЮП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 446 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж нэмж, “...хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ш.Санчираас 241 500 төгрөг, хариуцагч Б.Атарцэцэгээс 93 094 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ЮП” ХХК-д олгосугай...” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЮП” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                           Д.БАЙГАЛМАА