Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй /Ш.А/, хариуцагч тус  аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суух А.Б-, Х.Х нарт холбогдох,

 

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б-, Х.Х- нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Х.Б- /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар хүсэлт гаргасан иргэн Х.Б-, Х.Х- нарт А сумын Хаш багийн нутаг дэвсгэр Бурхад нэртэй газраас Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №020057524 тоот гэрчилгээ олгосон байна. Иргэн Х.Б-, Х.Х- нарт Ферм байгуулах, газар тариалан эрхлэх зориулалтаар газар олгосон нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхийн акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

1.2. Хариуцагч Х.Б-, Х.Х- нарт өмчлүүлсэн 200 га талбай бүхий газар нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан сумын Газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, газар тариалангийн бүс нутагт огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар юм.

1.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д “...Иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлсэн газар хамаарч байгаа бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх” гэжээ. Гэтэл Х.Б-, Х.Х- нарт өмчлүүлсэн 200 га газар нь өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлсэн газарт хамааралгүй ба Х.Б-, Х.Х- нар нь өмчлөлд авсан 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж худалдаж аваагүй байна. Энэ нь Газар өмчлүүлэх тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар ноцтой зөрчсөн явдал мөн.

1.4. Хариуцагч Х.Б-, Х.Х- нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх нөхцөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар үнээр нь худалдах, эсвэл 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх байтал А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

1.5. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээ хийсэн тухай” 01 тоот дүгнэлтээр Х.Б-, Х.Х- нарт газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийн ханштай байна. Гэвч газар өмчлөгч Х.Б-, Х.Х- нар нь газрын үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасан “...өмчилж авсан газрын үнийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна” гэснийг ноцтой зөрчиж байна.

1.6. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “Газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл Х.Б-, Х.Х- нар нь 200 га газраа 2008 оноос одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, тарианы үр тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй бөгөөд байгалийн өвсийг хадаж хувийн журмаар худалдан ашиг олох зорилготой ажиллаж байна. Мөн тухайн бүс нутагт амьдардаг айл өрхийг хөөж туух, хэрүүл маргаан гаргах, тэр орчмын айлын малыг хадлангийн бус хугацаанд бэлчээхгүй байх зэргээр зохисгүй авир гаргаж байна.

1.7. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно” гэж хатуу заасан тул Х.Б-, Х.Х- нар нь газар тариалангийн зориулалтаар 200 га газрыг өмчилж авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Эдгээр үндэслэлээр иргэн Х.Б-, Х.Х- нарт А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 тоот захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д заасан үндэслэлээр А сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай А/47 тоот захирамжаар хүчингүй болгосон. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу танайд нэхэмжлэл гаргаж байна.

1.8. Хариуцагч нараас газраа өмчилж авсан тул дархан эрхтэй, тухайн өмчлөх эрхэд хэн ч халдаж чадахгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өмчлөх эрхийг хязгаарлаж, хүчингүй болгож болдог, энэ талаар хуулийн заалт байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах гэж заасан байгаа. Эдгээр хуулийн заалтын дагуу сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Учир нь хариуцагчид газар тариалангийн зориулалтаар авсан газрыг уг зориулалтаар ашиглахгүй байгаа нь сумын Засаг даргад нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Газар өмчлөгч иргэний үүргийг зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нар газар тариалангийн зориулалтаар газраа өмчилж авсан бол зөвхөн уг зориулалтаар өмчлөх үүрэг хүлээдэг байгаа.

1.9. Хариуцагчдад уг газарт мод тарих, хадлан бэлдэх зориулалтаар газрыг олгоогүй байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах гэж газар өмчлөгчид хориглох заалтыг заасан. Энэ заалтын дагуу хариуцагч нар 200га газрыг 2008 онд өмчилж авснаас эхлэн газар тариалангийн зориулалтаас бусдаар ашиглахыг хориглосон байгаа. Хариуцагч нар уг газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглахгүй байвал 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хуулийн хориглох заалтыг зөрчиж ирсэн гэсэн үг. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно гэж хуулийн хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцохоор зааж өгсөн. Газрыг хураан авах нэхэмжлэлийг Засаг дарга гаргахаар заасан тул нэхэмжлэл гаргасан.

1.10. Хариуцагч нар өмчилж авсан газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь 2020 оны Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, тус шүүхийн шийдвэр, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа. Хариуцагчийн зүгээс Цөгцийн бурхад компанийн мод тарина, амралтын газар байгуулна зэрэг төсөл боловсруулсан байна. Энэ нь өнөөдрийн хэрэг маргаан, уг газрыг зориулалтаар ашиглахад ямар ч холбоо хамааралгүй. 2019 онд анх маргаан гарахад мөн адилхан алимын мод, чацарганын мод тарина зэргээр тайлбарлаж байсан. Үүнээс одоо биелэгдсэн зүйл байхгүй байна. Тоног төхөөрөмж худалдаж авсан гэж хавтаст хэрэгт зураг хавсаргасан байна. Уг техник, тоног төхөөрөмж хариуцагч нарын тоног төхөөрөмж мөн эсэх нь эргэлзээтэй, бусад хүний тоног төхөөрөмжийн зургийг хавсаргасан байж болно. Уг техник хэрэгслүүд өөрийн гэдгийг нотлох баримт, техникийн гэрчилгээ байх ёстой, үүнийг хавтаст хэрэгт хавсаргаагүй юм байна. Хариуцагч уг өмчлөлийн газарт компани байгуулан 10-аад хүнийг ажиллуулж байгаа гэж мэдүүлж байгаа ч ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, цалин олгож байгаа талаар баримтаа ирүүлээгүй, дандаа хуурамч нотлох баримт бүрдүүлдэг.

1.11. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Монгол улсын иргэнд ахуйн зориулалтаар 0,07 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлж, бусад зориулалтаар, мөн хэмжээ нь 0,07 га газраас их бол дуудлага худалдаагаар худалдахаар заасан байхад өмнөх Засаг дарга Нурахмет, хариуцагчийн хамт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн байна. Сумын иргэдэд хадлангийн газар олдохгүй байхад 2 хүнд 200га газрыг өмчлүүлсэн хэрэг зохимжтой шийдвэр бэ? мөн уг газраа зориулалтаар нь ашиглахгүй байна. А- гэх хүн хариуцагчийн өмчлөлийн газраас 8,000,000 төгрөгөөр газар худалдаж авч байсан талаар хүмүүст хэлдэг юм байна. Хариуцагч та газар худалдах эрхгүй этгээд байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд хангаж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газрыг зориулалтын бусаар ашигласан хууль бус үйлдэл гаргасан хариуцагч Х.Б-, Х.Х- нараас хууль бус өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга С.Б-ийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/47 тоот захирамж нь хууль бус захирамж болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох хуулийн заалтаар нотлогдож байна. 10 жилийн өмнө зохих хууль журмын дагуу тухайн иргэнд өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох эрхгүй.

2.2. Өмчилсөн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан сумын Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Х.Б-, Х.Х- бид хоёр А сумын Хаш 1-р багийн нутаг болох Бурхад хэмээх газраас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 200 га газрыг албан ёсоор өмчилж авсан.

2.3. Өмчлөлийн эрх үүссэн үе болон өмнөх үеийн газрын төлөв байдлын талаар дурдахад уг 200 га талбай бүхий Бурхад хэмээх газар нь 1959 оноос 1996 оны сүүлийн хагас хүртэл Бугат сумын Буга багт харьяалагдаж байсан ба 1997 оноос А сумын Хаш 1-р багт харьяалагдах болсон түүхтэй.

2.4. Энэхүү газар нь баруун буюу дээд хэсэгтээ социалист нийгмийн үед Бугат сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнсний ногоо болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн (тариалж байсан) 20-25 га талбайтай байсан. Дунд хэсэгтээ үхрийн фермийн өвлийн хашаа, саравч, эргүүлэгтэй худаг, скалад, халуун ус, өвсний фондын чулуун хашаа бүхий барилга байгууламжтай байсан ба энэ байгууламжийн зарим хэсгийг бид хариуцан авч үлдэн хэрэглэж байгаа. Тэрнээс хойш Бурхад толгойн зүүн болон урьд хэсгээр өвс, ургамал нэг их ургаад байдаггүй чулуулаг атаршсан 100 орчим га газар бий. Энэ 100 га газарт чацарганын томоохон цэцэрлэг байгуулахаар төсөл боловсруулан (912,0 сая төгрөгийн) ХХААХҮЯ-ны ЖДҮХС-нд болон Азийн хөгжлийн банкны Монголын хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт өргөн барьж танилцуулаад байгаа.

2.5. Доод хэсэгт миний аав болох А-ийн Х-ы өвөлжөө бүхий харгана дэрс холилдсон 75-80 га газар бий. Энэ газарт (Бурхад) Х- гэдэг хүн 1955 оноос нутагласан ба 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Уг газарт 13 өрх нэмэгдэн гал голомтоо бадрааж өнөр өтгөн аж төрөн амьдарч ирсэн. Энэ Бурхад гэдэг газар нутгийг 64 жил эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өсөж төрсөн 13 өрхийн 78 хүний амьдрал ямар нэгэн хэлбэрээр энэ газартай шууд холбоотой. Бурхад хэмээх газарт газар тариалан эрхлэх, фермер байгуулах боломжтой, нэн тохиромжтой газар. 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, газрын хөрс, мод ургамал маш их цөөрсөн цөлжилттэй, чулуулаг хөрс ихтэй байсан учир 2008 онд фермерийн аж ахуйн цогцолбор төслийг боловсруулж аймаг, сумын удирдлагуудад танилцуулж ХААГ, ХХААЯ, УИХ-ын ХХАА-н байнгын хороогоор уламжлагдан сайшаан дэмжигдэж манай 5 өрхийн гишүүд хувь нийлүүлсэн Цөгцийн бурхад ХХК-ийг байгуулсан. Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх тухайн үеийн болон хэтийн зорилго зорилтуудыг сумын удирдлагууд сайшаан дэмжиж миний гаргасан өргөдлийг хүлээн авч газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг үндэслэн 53 жил тасралтгүй Бурхадад амьдран эзэмшиж оршин сууж ирсэн Х-ы айлын Х.Б-, Х.Х- нарт (өөр ямар нэгэн хүний эрх үүсээгүй) өмчлүүлэх захирамжийг Засаг дарга гаргасан.

2.6. Өмчлүүлэхдээ давуу эрхээр үнэлэн өмчлүүлсэн тул сумын тухайн үеийн газрын даамал Монгол Улсын ХАА-н газрын үнэлгээний итгэлцүүрээр бодож 18 сая төгрөгөөр үнэлэн танилцуулсан. Уг мөнгийг фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уламжилсан. Улсын бүртгэлийн хэлтэс зохих журмын дагуу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ЭХӨЭТХЭХБЭУБүртгэлийн ******* тоот гэрчилгээг олгосон. Одоогийн байдлаар 200 га газрын өмчлөлийн эрх үүсээд 11 жил 03 сар 20 хоног болж байна.

2.7. Гэрчилгээний утга нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Би өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлэн ажиллаж байна. Малын тоо толгой жил дараалан өсөн нэмэгдэж малчдын аж амьдрал сайжирсан байгаа. Адууны фермийг тогтвортой ажиллуулахаар анхаарч байгаа. Адуу, үхэр, хонины тоо толгой өссөн байгаа. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүний ажлын байртай болохоор зорин санхүүжилтээ хүлээгээд байгаа. Өнгөрсөн 11 жилд аймаг сумын модны ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх хадлангаас хамгаалж усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ арчилгааг хийж, Бурхад хэмээх газрыг хайрлан хамгаалснаар уг газрын өнөөгийн төрх байдал чанар эрс сайжирсан байгаа. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан.

2.8. Санхүүгийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа, татвар төлөгдөж байгаа, ямаа, тэмээний ферм байгуулсан, жил болгон зохих дээд шатны газарт хүсэлт явуулж байгаа. Байгал орчны сайдын фермерийн аж ахуй тасралтгүй явуулах боломжтой гэх дүгнэлт, тухайн газар өмчилж авснаас өмнө болон өмчилж авсны дараа газрын төлөв байдлын өөрчлөлтийн зураг зэрэг нотлох баримтууд байгаа. Зориулалтын дагуу ашиглахгүй байна гэж үзэх ямар ч боломжгүй юм. Уг газрыг 2008 онд өмчилж авахдаа тухайн үеийн газрын төлөв байдал, усны голдирол нь фермийн барилга, байгууламжаас нэлээд зайтай байсан. 2019 онд Ховд гол үерлээд фермийн байгууламжийн ард ус бий болж, үүний үр дүнд усны голдирол бий болсон. Тиймээс мал аж ахуйн сууринаа хөдөө шилжүүлсэн байдаг. Шинжээчид энэ талаар дүгнэж цэгнэж, судлаагүй байна.

2.9. 2003 оны сансар Google map-аас авсан зураг бий. Тухайн зургаас харвал Ховд гол фермийн байгууламжаас нэлээд зайтай байгаа нь харагддаг. 2019 оны үерээс шалтгаалан тухайн газарт жижиг гол, цөөрөм бий болсон байдаг. Шинжээчид тухайн хашаанд байсан байр, хүн, мал нь яагаад одоо тухайн газарт байхгүй байгааг нягтлаагүй байна. Гол бий болсон тул тухайн газарт байсан байрнуудыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Иймд тухайн гол өөрөө сүүлд бий болсон тул усны асуудал зөрчигдсөн гэх үндэслэлгүй байгаа. Байгал орчны шинжээч Болатханы дүгнэлт нь бас буруу, зөрүүтэй гарсан. Байгал, орчин аялал жуулчлалын газрын ерөнхий шинжээч Мандатын дүгнэлтээр Фермер байгуулах бүрэн боломжтой гэх дүгнэлт гарсан байдаг. 2022 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэмжлэгээр 5га газарт төмс, хүнсний ногоо тариалах жагсаалтад багтааж, санхүүжилт олгохоор болсон ч санхүүжилт одоогоор олгогдоогүй байгаа.

2.10. Мал аж ахуй фермерийн үйл ажиллагаанаас тогтмол татвар төлж байгаа. Анхнаасаа тариалангийн зориулалттай газар биш, хадлангийн зориулалттай газар байсан. Газар тариалангийн хувьд энэ жилээс хийхээр төлөвлөж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй аялал жуулчлалын яамд байгаа төсөл Байгал орчин, аялал жуулчлалын яамд уламжлагдаж байгаа. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд энэ жил 50га-д чацаргана тариалах гэрээ, хэлэлцээр хийж, Өвөрхангай аймгийн компаниас 83,000 ширхэг суулгац худалдаж авахаар болсон. Уг төслийг Аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Ойн ангитай хамтран энэ жил хэрэгжүүлэхээр болж байгаа. Өнгөрсөн 2022 онд Байгал орчин, аялал жуулчлалын газраас бүх сумдад чацаргана тариалахыг хүссэн албан бичиг манай аймгийн бүх сумдад хүргүүлсэн байдаг ч санхүүжилт нь олгогдоогүй тул энэ жилээс чацарганын суулгац авахаар болсон. Тухайн газрыг өмчилж авснаас хойш фермерийн аж ахуй эрхэлж байгаа. Газрыг өмчилж авсны дараахан Ховд аймгаас 37, Увс аймгаас 20 гаруй толгой тэмээ авч ирж үржүүлж 2 жилийн дотор тэмээний тоог 80 толгойд хүргүүлсэн байгаа. Уг тэмээн сүргээсээ 30 толгой тэмээг Их булан гэх газарт байдаг тэмээ үржүүлэх сонирхолтой хүн худалдсан байдаг. Тэмээний сүү, хоормог, тэмээний ноос зэргийг захад байнга нийлүүлдэг байгаа.

2.11. Манай компани 5 гишүүнтэй. Манай компани 2008 онд байгуулагдаж, тухайн жилдээ газар өмчилж авсан байдаг. Компанийн 5 гишүүн нь 5 малчин гэж ойлгож болно. Манай эцэг, эх олон жил нутагласан болохоор уг газрын дагуу эрхтэйгээр өмчилсөн, уг газарт биднээс өөр этгээдийн эрх үүсээгүй байгаа. Тухайн газраас хадлан авдаг 3,4 хүн байдаг. Тухайн хүмүүсийг миний өмчлөл газраас хадлан авсан гэж хэд хэдэн удаа хадлан авахыг нь хорьсон үе байгаа.

2.12. Байгаль орчин аялал жуулчлалын яамд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга явуулсан бичигтээ ...Тус аймгийн А сумд газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг Цөгцийн бурхад ХХК нь 2022 онд Засгийн газраас зарласан тариаланчдад олгох 3 хувийн зээлд хамрагдсан боловч санхүүжиж чадаагүй нь үнэн болно. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд уг компани өөрийн өмчлөлийн газрын 50га-д чацаргана, 5 га-д төмс тариалахаар төсөл боловсруулж яамд хүргүүлсэн тул дэмжиж өгнө үү... гэх бичиг өгсөн байна. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрвөл манай компанийн үйл ажиллагаа зогсох, доголдох тул зөвшөөрөхгүй байгаа.

2.13. Иймд өмчлөлийн газарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа цаашид улам эрчимтэй томоохон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байгаа бидний үйл ажиллагааг тасалдуулан гэсэн сумын одоогийн удирдлага зохих албан тушаалтнуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Х.Б-, Х.Х- нарт фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Баян-Өлгий аймгийн А сумын Хаш багийн Бурхад гэдэг газраас өмчлүүлсэн 200 га газрыг хураан авахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. ...Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дугаартай шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үндэслэлтэй, ач холбогдолтой талаас зөв үнэлсэн боловч, шүүхийн шийдвэр гаргахад холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

4.2. Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дугаартай шийдвэрийн “үндэслэх нь” хэсгийн 11 дэх заалтаар .....өмчлүүлсэн 200 га газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн болон фермийн зориулалтаар өмчлөхгүй байгаа нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн танилцуулга, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтаар тогтоогдсон”, 12 дахь заалтаар ...өмчлүүлсэн 200 га газрыг өмчилж авахдаа сумын болон аймгийн Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулах журам зөрчсөн, газрын үнийг төлөөгүй болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон”, 13 дахь заалтаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад заасан “Фермер байгуулах болон газар тариалангийн зориулалтаар ашиглах” үүргийг хариуцагч Х.Б-, Х.Х- нар 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш биелүүлсэн эсэх талаарх нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн нотлох баримтыг үнэлсэн дүгнэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Нотлох баримт үнэлэх” журамд бүрэн нийцнэ.

4.3.Анхан шатны шүүхийн 2023 оны 02-р сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дугаартай “Шийдвэр”-ийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 14 дэхь хэсэг, 15 дахь хэсэг, 16 дахь хэсгүүдэд хариуцагч Х.Б-, Х.Х- нараас гарган өгсөн бичгийн нотлох баримтыг хуульд нийцүүлэн, хэрэгт ач холбогдолтой талаас үнэлж, тэдний нотлох баримтыг үгүйсгэж гаргасан шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна гэж үзэж байна. /Нотлох баримтыг үнэлэх талаар гомдол гаргаагүй болно./

4.4. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дугаартай шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт: ,...Өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг хүчингүй болгуулсан эсэх, мөн Засгийн газраас өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулсан эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй” гэж үзээд хариуцагч нараас “өмчлөлийн газрыг зориулалт бусаар ашиглаж байгаа боловч, хураах шийдвэр гаргах боломжгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгүүдийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

4.5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Хуулийн энэхүү зорилт нь “Зөвхөн газар өмчлөх эрх нь хэвээр хадгалагдаж байгаа газар өмчлөгч нарын үйл ажиллагааг зохицуулахад орших бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт зааснаар ...газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан бол ...газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” байхаар заасан. Хэрэв Газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан Газар өмчлөх эрх дуусгавар болсон, газар өмчлөх эрх хуульд зааснаар хүчингүй болсон тохиолдолд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан журмаар “Шүүхийн журмаар газрыг хураах шийдвэр гаргах шаардлага байхгүй гэдгийг анхан шатны шүүх буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж гомдол гаргаж байна.

4.6. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Газар өмчлөгчийн үүргийг тодорхойлж, мөн зүйлийн 27.2.2 дахь хэсэгт “Газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Газар өмчлөгч иргэнд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн 28.1.4 дэх хэсэгт “Газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч Х.Б-, Х.Х- нар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.2 дахь хэсэгт заасан “Газар тариалангийн газраа зориулалтын дагуу ашиглах үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4-д заасан “газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн зэрэг үйлдэл холбогдол нотлох баримтын хүрээнд батлагдан тогтоогдсон учир мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэл байсаар байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байна.

4.7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дугаартай шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 19 дэх заалтаар өмчлөх эрхийг хүчингүй болгох талаарх “Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай” нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 130/Ш32023/00276 дугаартай захирамжаар “Ердийн шүүхийн харьяаллын маргаан биш” гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэсгүй гэж гомдол гаргаж байна. Учир нь Үндсэн хуулийн “тавдугаар” зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж, Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэгт ...газар өмчлөгч тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан нь Монгол улсын иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.3-д заасан “Хуульд заасан бол Иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр” гэх үндэслэлээр Иргэний хэргийн шүүхэд харьяалах маргаан гэж үзэх байна. Харин өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлийг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад дэлгэрэнгүй дурдсан бий.

4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд хянана” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 130/ШЭ/00276 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, зохих шийдвэр гаргаж өгнө үү.

4.9. Иргэний   хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Б-, Х.Х- нарт “Фермер байгуулах газар тариалан эрхлэх зориулалтаар” А сумын Хаш багийн “Бурхад” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Надад газар өмчлүүлсэн тухайн үеийн А сумын Засаг даргын захирамж хуулийн дагуу гарсан захирамж байгаа. Тухайн газар нь өмнө Бугат суманд харьяалагддаг байсан ба А суманд харьяалагдах болоод 10 гаруй жил болж байгаа. Энэхүү газар өмнө нь газар тариалангийн зориулалттай газар биш байсан. Социализмын үед саалийн үнээний ферм байсан. Тухайн газрыг өмчилж авснаас хойш фермийн зориулалтаар ашиглаж байгаа болохоос биш тухайн газар бүхэлдээ газар тариалангийн зориулалттай газар биш юм. Ферм байгуулж ажиллуулж байсан үед 7-8 га газарт нь төмс тариалан тарьж ашиглаж байсан болохоос биш бүхэлдээ саалийн үнээний фермийн зориулалттай газар байсан. Тухайн газарт миний эцэг эх 70-80 жил амьдарч байсан ба манай ууган нутаг гэж хэлж болно. Маргаан бүхий газарт ямаа, үнээ, ингэний ферм байгуулж амжилттай ажиллуулж байгаагаас гадна хонь, адуу мал бас үржүүлж байгаа. Манай фермээс 2 аймгийн аварга малчин, 1 сумын аварга малчин төрсөн. Санхүүгийн тайлангаа гаргаад татвараа бүрэн төлж, газрыг зориулалтын дагуу бүрэн ашиглаж байгаа.

5.2. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн материалуудаас бусад нотлох баримтууд үндэслэлгүй байна. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа яг суурь байсан газар дээр нь очиж үзээгүй. Тэд очиход тэнд мал ч байгаагүй, хүн ч байгаагүй. Бид тухайн газрыг өмчилж авах үед Ховд голын эрэг фермийн хашаанаас 500 метрийн зайтай байсан. Сүүлд голын ус салаалсан учраас фермийн хашааны ар талаар ус урсах болж суурийг өөр газарт шилжүүлсэн. Энийг сансрын хашаанаас харж болно. Газрыг надад өмчлүүлэх үед 230,000,000 төгрөгөөр үнэлж өгөөгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газраас баталсан аргачлалын дагуу газрын үнэлгээг 18 сая төгрөгөөр үнэлсэн. Уг мөнгийг фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэр гаргасан. Би тухайн газрыг хууль бусаар аваагүй, хуулийн дагуу авсан.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

7. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга нь хариуцагч Х.Х-, Х.Б- нарт холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б-, Х.Х- нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа 200 га өмчлөлийн газрыг шүүхийн журмаар хураан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар “уг газар  нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Би өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлэн ажиллаж байна. Малын тоо толгой жил дараалан өсөн нэмэгдэж малчдын аж амьдрал сайжирсан байгаа. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүний ажлын байртай болохоор зорин санхүүжилтээ хүлээгээд байгаа. Өнгөрсөн 11 жилд аймаг сумын модны ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх хадлангаас хамгаалж усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ арчилгааг хийж, Бурхад хэмээх газрыг хайрлан хамгаалснаар уг газрын өнөөгийн төрх байдал чанар эрс сайжирсан байгаа. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг ойлгоно.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын зориулалтын дагуу ашиглахгүй байгаа гэх өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчжээ.

 

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга Ш.А нь хариуцагч Х.Х-, Х.Б- нарт холбогдох иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5  дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00062 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хариуцагч болон түүний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаж, улмаар Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2022/00966 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин  хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

 

11. Анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШЗ2023/00276 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б-, Х.Х- нарт холбогдох Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай 18 дугаартай захирамж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээгээр А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бурхад гэх газраас фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, хураан авах шийдвэр гаргаж өгөхийг хүссэн тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал/

 

12. Зохигч, оролцогчийн тайлбараас үзэхэд иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч захиргааны хэргийн анхан шатны шүүх мөн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэдүүлж байжээ.

 

13. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тус хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2022/00966 дугаартай тогтоолын 10.2-т “...Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргаас хариуцагч нарт газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан эсэхийг тодруулах...” гэж заасан үндэслэл хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Харин анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын 10.3-т заасан үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох замаар тодруулсан байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангажээ.

 

14. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эдгээр нөхцөл байдлуудад, тодруулбал зохигчийн хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэх боломжгүй байна.

 

15. Иймд хэрэгт Улсын дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэл хангагдсан эсэхийг  тодруулаагүй бөгөөд маргааныг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.й. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ