| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2023/00052/И |
| Дугаар | 212/МА2023/00072 |
| Огноо | 2023-06-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2023/00072
Б.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00282 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Б.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Т сумын Засаг дарга /Н.Е/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай “Б.Д-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш өдий хүртэл эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба 2020-2021 оны хичээлийн жилд хөдөө сумдын Ерөнхий боловсролын сургуулиар тэргүүлсэн амжилт гаргасан.
1.2. Гэтэл 2020 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаар томилогдсон Н.Е нь томилогдсон цагаас хойш удаа дараа Б.Д- надад ажлаа сайн дураар хүлээлгэж өгөөрэй гэж хууль бус шаардлага тавьж өдий хүрлээ.
1.3. Урьд нь сумын Засаг дарга намайг нэг удаа захирлын ажлаас чөлөөлж байсан захирамж гаргасныг шүүхээс хүчингүй болгож байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б/131 дугаартай захирамжаар намайг үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн.
1.4.Ажил олгогчийн 2022 оны Б/131 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад үүрэгт ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчийн захирамжид дурдсан үндэслэлүүд нь бодит байдалд нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
1.5. Мөн Т сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар сумын Засаг даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй, байнгын ажлын алдаа, дутагдал гаргадаг Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-ад 3 сар хүртэлх хугацаагаар сарын цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэл ноогдуулсан байна. Сумын Засаг даргын уг захирамж хууль бус бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна.
1.6. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Харин хавтаст хэрэгт ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж дээр боловсролын сургуулийн захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, Төсвийн тухай хууль зөрчсөн, төсвийг буруу зарцуулсан, байгууллагаас гарсан сул орон тоон дээр мэдээллийн ил тод байдлыг хангаагүй гэж дурдсан боловч хавтаст хэрэгт хэнд давуу байдал бий болгосон, Төсвийн тухай хуулийн хэддүгээр заалтыг зөрчсөн, ямар сул орон тоон дээр мэдээллийн ил тод байдлыг хангаагүй гэх үндэслэл тогтоохгүй байгаа гэж ойлгож байна. Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлын хариуцлагагүй, байнга ажлын алдаа дутагдал гаргадаг гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байна. Гэхдээ ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэзээ өгсөн үүрэг даалгавар вэ, ажлын хариуцлагагүй байнга ажлын алдаа дутагдал гаргадаг гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа.
1.7. Иймд Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай “Б.Д-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Тус сургуулийн захирал Б.Д- нь сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021-2022 оны хичээлийн жилд бусдад давуу байдал бий болгосон. Тухайлбал, Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөгчдийн дотор Е.А нь хичээл сургалтад хамрагдаагүй атлаа бүртгэлд хамрагдсан аттестат авсан болох нь тогтоогдсон ба энэ талаар нэхэмжлэгчийн өөрөөс нь тодруулахад үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
2.2. Мөн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас сул орон тоо гарсан тохиолдолд мэдээллийн ил тод байдлын үүднээс мэдэгдэх эсхүл сонгон шалгаруулалт явуулалгүй ил тод байдлыг хангаагүй бөгөөд ажилтан ажилд томилсон тухайгаа тушаал шийдвэр гарсан атлаа өнөөдрийг хүртэл тухайн орон тоонд хөдөлмөрийн харилцаанд орж ажиллаж эхлээгүй байна.
2.3. Мөн Т сумын 1 дүгээр багийн иргэн Ж.А нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр утсаар залгаж сургуулийн дотуур байранд хүүхдүүд нь байрладаг талаар мөн тухайн байрладаг өрөөнд нь ус алдсан талаар гомдол гаргажээ. Сумын Засаг дарга миний бие гомдлын мөрөөр тухайн үйл явдал болсон газар буюу дотуур байрны 112 дугаар тасагт очиход дотуур байрны сантехникийн шугам хагач ус алдсан байдалтай байсан ба тухайн өрөөнд байсан хүүхдүүд орноос бууж чадахгүй байсан тухай хэлжээ. Мөн тухайн үед дотуур байрны багш ажилчид ажлын байран дээрээ байхгүй байсан. Улмаар намайг дотуур байранд ирсний дараа сургуулийн захирал Б.Д- болон сургалтын менежер, ажилчид ирсэн. Ажлын цагаар дотуур байрны багш нар байгаагүй бөгөөд үүнд тус сургуулийн захирал Б.Д- хяналт тавьж ажиллах ёстой байсан ба сумын Засаг даргын хувьд тухайн ажилтнуудад шууд хариуцлага тооцох боломжгүй бөгөөд харин ажил олгогчийн хувьд Б.Д-ад ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын цагаар ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүй, дотуур байрны сантехникийн шугам хагарсан байхад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллаагүй гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулсан.
2.4. Сахилгын шийтгэл авахаас өмнө Б.Д-ыг дуудаж өөрөөс нь тайлбар авахыг хүсэж дуудсан боловч ирэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл цалин хөлсөө авч ажиллаж байгаа.
2.5. Иймд нэхэмжлэгч Б.Д-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00282 дугаар шийдвэрээр:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай Б.Д-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.Д-ийг Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хэргийн үйл баримт. хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн болно.
4.2. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь заалт “Хариуцагчаас сургуулийн захирал Б.Д- нь бусдад давуу байдал бий болгосон, тус сургуулиас сул орон тоо гарсан тохиолдолд мэдээллийн ил тод байдлын үүднээс мэдэгдэх, эсхүл сонгон шалгаруулалт явуулалгүй ил тод байдлыг хангаагүй ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын цагаар ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүй, дотуур байрны сантехникийн шугам хагарсан байхад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллаагүй гэж тайлбарлаж байгаа боловч ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халах болон үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл оногдуулсан үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна...” гэжээ.
Гэвч хариуцагчийн зүгээс Б.Д-ын үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой иргэн Аманжолоос гаргасан өргөдөл, тухайн сантехникийн шугам хагарсантай холбоотой гэрэл зургуудыг болон дотуур байранд үүссэн нөхцөл байдлын талаарх тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэмээн үзэж байна.
4.3. Харин ажлаас халах сахилгын шийтгэлийн тухайд гэвэл нэхэмжлэгч Б.Д- нь сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021-2022 оны хичээлийн жилд бусдад давуу байдал бий болгосон. Тухайлбал Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд 12-р анги төгсөгчдийн дотор Е.А нь хичээл сургалтад хамрагдаагүй атлаа бүртгэлд хамрагдаж, аттестат авсан болох нь тогтоогдсон ба энэ талаар нэхэмжлэгчийн өөрөөс нь тодруулахад үүнийг үгүйсгээгүй ба харин ч хүлээн зөвшөөрсөн байдаг.
4.4. Мөн ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс Б.Д-ын дээрх үйлдэлтэй холбоотой гэмт хэргийн талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт гаргасан байдал ба Авлигатай тэмцэх газраас Б.Д-ыг бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдан шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Д-ын Т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай Б.Д-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
8. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан, сахилгын шийтгэл буруу оногдуулсан талаарх маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Д-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай болон сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хариуцагч буюу ажил олгогчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай захирамжаар Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хууль журам зөрчсөн, Төсвийн тухай хууль зөрчиж төсөв буруу зарцуулсан, тухайн байгууллагаас гарсан сул орон тоонд мэдээллийн ил тод байдлыг хангахгүй байгаа зэрэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргажээ.
9.1. Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д-ад сумын Засаг даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй, байнга ажлын алдаа, дутагдал гаргадаг үндэслэлээр гурван сар хүртэл хугацаагаар сарын цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.
10. Ажил олгогч тушаалын үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалтыг болон 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.14 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг тус тус баримталсан байна.
11. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл тус бүрд нэг бүрчлэн дүгнэлт хийхдээ:
11.1. “...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заажээ. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.” гэж,
11.2.“... Хариуцагчаас сургуулийн захирал Б.Д- нь бусдад давуу байдал бий болгосон, тус сургуулиас сул орон тоо гарсан тохиолдолд мэдээллийн ил тод байдлын үүднээс мэдэгдэх, эсхүл сонгон шалгаруулалт явуулалгүй ил тод байдлыг хангаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын цагаар ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүй, дотуур байрны сантехникийн шугам хагарсан байхад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллаагүй гэж тайлбарлаж байгаа боловч ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халах болон үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл оногдуулсан үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.” гэж шийтгэл оногдуулсан үндэслэл тус бүрийн үйл баримт болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байх бөгөөд түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасанчлан буруутгах, үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
12. Түүнчлэн ажил ологчоос Б.Д-ад цалин хасах сахилгын шийтгэлийг ажлаас чөлөөлсөн захирамж гарсны дараа оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Учир нь ажил олгогчоос нэхэмжлэгч Б.Д-ыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай захирамжаар Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн хөдөлмөрийн маргаан нь шүүхээр шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх хугацаанд түүнд сумын Засаг даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй, байнга ажлын алдаа, дутагдал гаргадаг үндэслэлээр гурван сар хүртэл хугацаагаар сарын цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэл 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.4-д заасныг тус тус зөрчжээ.
Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачилгаар цуцалж, мөн цалин хасах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулахдаа тушаалын үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар ажилтанд шийтгэл оногдуулсан үндэслэлээ шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй, үндэслэл тус бүр нь нотлогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны дүгнэлт хийсэн байна.
13. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
14. Хариуцагчийн давж заалдах гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ