Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00082

 

 

 

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00328 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Г.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв (дарга О.С),

 

“Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,133,332 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгч Г.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдри /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Б сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,423,632 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан.

1.2. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч надтай тохиролцож намайг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буцаан томилсон. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн тайлбарыг Засаг даргын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 тоот албан бичгээр өгсөн бөгөөд үүний хариуд би нэхэмжлэлээ татан авсан.

1.3. Засаг даргын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №114 тоот албан бичигт ажилгүй байсан хугацааны цалинг Эрүүл мэндийн төвөөс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засаг даргын зүгээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр надад 2,290,310 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу гэсэн утгатайгаар над руу шилжүүлсэн.

1.4. Засаг даргын зүгээс төсвөөс 7,423,632 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэчихсэн асуудлыг Б сумын Эрүүл мэндийн төв 5,133,332 төгрөгийг дутуу төлснөөр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг зөрчсөн явдал юм.

1.5. Иймд анх нэхэмжилсэн 4,223,632 төгрөгт нэмж 909,690 төгрөг нийтдээ 5,133,322 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Г.Д-ыг Б сумын Эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Г.Д-ыг ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гараагүй болно.

2.2. Харин нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7,423,632 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрөө сайн дураар хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө татаж авсан тул тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 130/Ш32019/01583 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийг татаж авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ захирамж хэрэгт авагдсан.

2.3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэмцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Г.Д-ыг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, мөн түүнийг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд буюу ажил олгогч нь Б сумын Засаг дарга байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан гэх үйл баримттай холбоотой цалин хөлсний асуудлыг Б сумын Эрүүл мэндийн төв хариуцан төлөх хууль эрх зүйн зохицуулалт байна.

2.4. Нэхэмжлэгч Г.Д-ын тухайн үед ажил олгогч нь сумын Засаг дарга байсан ба цалин хөлс нэхэмжилж байгаа бол эрх нь зөрчигдсөнөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах учир хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна.

2.5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч болон Б сумын Эрүүл мэндийн төвийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул энэхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүссэн цалин хөлстэй холбоотой маргаанд Иргэний хуулийг хэрэглэх боломжгүй болно.

2.6. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба Б сумын Эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийж, Г.Д-т ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3293000 төгрөг олгосон зөрчлийг илрүүлж байсан.

2.7. Б сумын Эрүүл мэндийн төв нь өөрийн гэсэн даргатай төсвийн шууд захирагчтай тул Б сумын Засаг дарга Эрүүл мэндийн төвийн санхүүгийн асуудалд шууд оролцохыг хуулиар хориглосон байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00328 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн 5,133,332 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,910 (нэг зуун найман мянга есөн зуун арван) төгрөгөөс 97,083 (ерэн долоон мянга наян гурван) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 11,827 (арван нэгэн мянга найман зуун хорин долоон) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Д-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, дүгнээгүй.

4.2. Г.Д-ын нэхэмжлэлтэй Б сумын Засаг даргад холбогдох хөдөлмөрийн эрх зүйн маргаан буюу ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,423,632 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ба уг маргаан дараах байдлаар шийдвэрлэгджээ. Үүнд:

4.3. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх үед буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б/80 тоот захирамжаар Г.Д-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилсон. Энэ үед шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нөхцөл бүрдсэн байсан. Хариуцагч Засаг даргын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 тоот албан бичгээр шүүхэд тайлбар хүргүүлж ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 7,423,632 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн төвийн төсвөөс гаргуулж олгохоор нэхэмжлэлийг зөвшөөрсөн тухайгаа шүүхэд хүргүүлэхэд мөн хариуцагчийн зөвшөөрлийг шүүх батлаагүй. Ийнхүү нэгэнт ажилдаа эгүүлэн тогтоогдчихсон байсан учраас нэхэмжлэгч уг байдлаа бичгээр шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдэгджээ. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийн зөвшөөрөл цаг хугацааны хувьд эхэлж хэрэгжсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх заалтыг зөрчсөн байна. Түүгээр ч зогсохгүй шүүгч Б.Мангилик 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 130/Ш32019/01583 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад “...хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авсныг..." гэжээ. Гэтэл дээр дурдсанчлан хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 20-нд ажилд нь буцаан томилсноороо зөвшөөрлөө илэрхийлсэн, 2019 оны 7 дугаар сарын 01-нд бичгээр өгсөн, ингэсэн учраас нэхэмжлэгч энэ талаар хүсэлтдээ дурдсан байдлыг харгалзалгүй, санаатай санамсаргүй алин боловч шүүгч хууль зөрчиж, мэргэжил, ёс зүйн алдаа гаргасны улмаас өнөөдөр ч маргаан эцэслэгдэхгүй энэ хүрч байна.

4.4. Ийнхүү шүүх хууль зөрчсөн захирамж гаргаснаас үл хамааран эрх зүйн маргаан талуудын зөвшил тохиролцоонд үндэслэн шийдвэрлэгдсэн байх буюу бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хэсэгчлэн биелүүлсэн нь Г.Д-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаас 2,290,310 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдож байхад шүүхээс энэ талаар буюу өөрийн урьд гаргасан алдааныхаа талаар нэг ч дүгнэлт хийгээгүй болно.

4.5. Тиймээс одоогийн буюу 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00328 дугаартай шийдвэртэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн бодит байдлыг тогтооход дээр дурдсан буюу өмнөх үйл баримт нь ач холбогдолтой, дүгнэх шаардлагатай байхад дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч тухайн үед зөвшөөрлийг баталсан байсан бол өнөөдөр маргаан үүсэх байсан уу гэдэг асуултад ямар нэг үндэслэл, дүгнэлт хийгээгүй нь буруу.

4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай юу, ач холбогдолтой юу, зөв үү, эргэлзээгүй юу гэсэн үндсэн 4 урьдчилсан нөхцөлийг харгалзан үзэж үнэлэх ёстой талаар хуульчилсан байна. Хуулийн энэхүү зохицуулалтыг шүүх дараах байдлаар зөрчсөн. Үүнд.

4.7. Б сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай “Тайлбар гаргах тухай” бичгийн нотлох баримтыг буруу үнэлсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэг, 4 дэх талд дээрээсээ 3 дахь догол мөрөнд “...Гэтэл Б сумын Засаг даргаас энэхүү 7.423.632 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн төвийн төсөвт нэмж тусгуулсан тухай нотлох баримт байхгүй байна." гэж, үндэслэх хэсгийн 2.7-д "Б сумын Эрүүл мэндийн төв нь өөрийн гэсэн даргатай төсвийн шууд захирагчтай тул Б сумын Засаг дарга Эрүүл мэндийн төвийн санхүүгийн асуудалд шууд оролцохыг хуулиар хориглосон байгаа." гэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20-д зааснаар Б сумын Засаг дарга бол төсвийн ерөнхийлөн захирагч юм. Харин Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагч юм. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б сумын Засаг дарга нь сумын Эрүүл мэндийн төвийн төсвөөс зарлага гаргах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэчихсэн асуудлыг доод шатны буюу төсвийн шууд захирагч биелүүлэхгүй, өгөх ёстой мөнгийг өгөхгүй байснаараа үндэслэлгүй хөрөнгөжсөн байхад нотлох баримтыг үнэлэхгүй, бүрэн бодитой бүх талаас нь үнэлээгүйн улмаас хууль хэрэглээний алдааг ч гаргасан.

4.8. Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13-2/4445 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан. Энэхүү бичгийн баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй байна.

4.9. Хариуцагч байгууллагыг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй этгээд нь О.Серикжан мөн болохыг нотолсон тушаал шийдвэр хэрэгт авагдаагүй.

4.10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Үндэслэх хэсгийн 2.6-д “...Г.Д-т 3,293,000 төгрөг олгосон зөрчлийг илрүүлж байсан." гэж дүгнэсэн нь ор үндэслэлгүй худал дүгнэлт болсон. Учир нь Г.Д-т холбогдох гомдлыг МУ-ын Сангийн яам эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Сангийн сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13-2/4445 дугаартай албан бичигт Г.Д- зөрчил гаргаагүй, ажилгүй байсан хугацааны цалинг авах тохиолдолд буруу шийдвэр гаргасан хүн төрд буцаан төлөх ёстой талаар дурдсан. Гэтэл шүүгч хүний нэр төрд халдаж илт худал гүтгэлгийн шинжтэй дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулжээ.

4.11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т заасныг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” шүүгч татгалзан гарах үүрэгтэй. Гэтэл өөрөө өмнө нь хууль зөрчиж байсан энэ хэрэгт хамаарал, ач холбогдолтой маргааныг дахин өөрөө шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

4.12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, Б.Мангилик шүүгчид дээрх хэргийг гар аргаар хуваарилсан. Хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан баримтаас үзэхэд Мэдээлэл лавлагааны ажилтан А.Айсагүл нь 2022 оны 12 дугаар сарын 02-нд Х.Мейрамбек шүүгчид буруу хуваарилсан байна. Тиймээс шүүгч Б.Мангиликт гараар дахин хуваарилсан гэжээ. Энэ нь хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам зөрчсөн ба Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1, 3.7-д заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            5. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт дараах үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

            6. Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга болон тус сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 4.223.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус байгууллагаас 5.133.322 төгрөг гаргуулахаар ихэсгэж, харин Б сумын Засаг даргыг хариуцагчаар татахаас татгалзах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 783 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

 

            7. Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 5.133.322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Б сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдаж, улмаар шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэлээ татан авсан ба шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1583 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Намайг урьд эрхэлж байсан ажилд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буцаан томилсон. Тухайн үед Засаг даргын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 тоот албан бичигт мөнгийг Эрүүл мэндийн төвийн төсвөөс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 2.290.310 төгрөгийг надад шүүхийн шийдвэрийн дагуу гэсэн утгатай шилжүүлсэн. Засаг даргын зүгээс төсвөөс 7.423.310 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэчихсэн асуудлыг Б сумын Эрүүл мэндийн төв дутуу төлснөөр Иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг үндэслэж шаардлага гаргаж байна” гэж тайлбарласан бол хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Г.Д-ыг ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхийн шийдвэр гараагүй, түүний ажил олгогч нь Б сумын Засаг дарга, түүнд олгох цалин хөлсний асуудлыг Б сумын Эрүүл мэндийн төв хариуцах ёсгүй, Б сумын Эрүүл мэндийн төв өөрийн гэсэн даргатай, төсвийн шууд захирагчтай тул Б сумын Засаг дарга санхүүгийн асуудалд шууд оролцохыг хуулиар хориглосон” гэж шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.

 

            8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, Б сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар Г.Д-ыг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж байсан, улмаар Г.Д- нь шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шүүхэд гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1583 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Д-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 7.423.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            9. Түүнчлэн хэрэгт Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаартай захирамжаас гадна Б сумын Засаг даргын анхан шатны шүүхэд тухайн үед гаргаж байсан “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б/80 тоот захирамж гаргаж Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр Г.Д-ыг томилсон, түүний 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин болох 7.423.632 төгрөгийг сумын Эрүүл мэндийн төвийн төсвөөс гаргуулан олгож өгөхийг тус тус зөвшөөрч байна” гэсэн агуулгатай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр албан бичиг тус тус авагджээ.

 

            10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээс дүгнэвэл, ажилтан Г.Д- нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг өөрийн урьд эрхлэгчээр нь ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж зааснаас үзвэл, Б сумын Эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлөх, томилох эрх бүхий албан тушаалтан буюу тус Эрүүл мэндийн төвийн даргын ажил олгогч нь тус сумын Засаг дарга байна. Энэ нь хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/80 дугаартай захирамж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр албан бичиг, шүүгчийн захирамж зэрэг бусад баримтуудаар ч хангалттай нотлогдож байна.

 

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б сумын Засаг даргаас ажилтан Г.Д-ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай гомдлыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн гэж тайлбарлаж, хариуцагч тус сумын Эрүүл мэндийн төвөөс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтаар Б сумын Засаг даргаас зөвшөөрч, биелүүлсэн гэх Г.Д-ын ажилгүй байсан хугацааны нөхөх олговрын зөрүү 5.133.322 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар Б сумын Засаг дарга нь тус сумын Эрүүл мэндийн төвийн дансанд Г.Д-ын ажилгүй байсан хугацааны олговорт зориулж мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, сумын Эрүүл мэндийн төвийн хувьд Иргэний хуулийн дээрх зүйл, заалтад заасан урьдчилсан нөхцөл буюу тус төвийг нэхэмжлэлд заасан дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл хуульд нийцээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй” гэж гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх хүсэлт бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            12. Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь тус төвийн эрхлэгч /дарга/-ээр ажиллаж байсан Г.Д-ын хувьд түүний ажил олгогч биш, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажил олгогчийн хариуцлагын талаар хуульчилсан тул хариуцагч Эрүүл мэндийн төвийн даргын “Г.Д-ын ажил олгогч нь Б сумын Засаг дарга, түүнд олгох цалин хөлсний асуудлыг Б сумын Эрүүл мэндийн төв хариуцах ёсгүй” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, залруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “шүүгч Б.Мангилик нь өмнө нь “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргасан нь Г.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцож болохгүй үндэслэлд хамаарна” гэсэн агуулгатай давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4 дэх заалтад нийцээгүй байна. Түүнчлэн “Хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан баримтаас үзэхэд Мэдээлэл лавлагааны ажилтан А.Айсагүл нь 2022 оны 12 дугаар сарын 02-нд Х.Мейрамбек шүүгчид буруу хуваарилсан байна. Тиймээс шүүгч Б.Мангиликт гараар дахин хуваарилсан гэжээ. Энэ нь хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам зөрчсөн” гэсэн давж заалдах гомдлын хувьд, Г.Д-ын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 07-ы өдрийн 130/ЗТ2022/00007 дугаар тогтоолоор урьдчилж баталсан Хэрэг хуваарилах журмын 2.2-т зааснаар шүүгч Б.Мангиликт хуваарилж, хэргийг хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх заалтаар “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

14. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул Г.Д-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.083 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2023/00328 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг” гэж, мөн заалтаас “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч Г.Д- болон түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.083 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК