| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2019/0033/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/42 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Хохирогч Э.У,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 1838008880008 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.М.
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэртээ 15 хоногтой нярайг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М нь 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэртээ 15 хоногтой нярайг болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шөнө 03 цагийн орчимд охин маань уйлагнаад байхаар нь охиноо хөхүүлээд буцаад унтчихаар нь өөрөө унтаж амарсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цагийн орчимд сэрээд охиноо аваад хөхөө хөхүүлэх гэсэн чинь нүүр царай нь сонин болоод амьсгалахаа байчихсан байсан. Тэгээд манай нөхөр эмч дуудаад ирье гэж яваад удалгүй эмч ирээд цээжийг нь чагнаж үзээд гараараа цээжийг нь илж үзэж байснаа нас барчихсан байна гэсэн. ...би охиныхоо хамт гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж амарсан. Би охиноо өлгийдөөд хөнжлөөр бүтээгээд өөрийнхөө урд унтуулсан. ...шөнийн 03 цагийн орчимд нэг уйлагнаад би хөхөө хөхүүлсэн. Түүнээс хойш уйлагнаагүй. ...хэвтээ байрлалаас баруун гарын тохойгоороо тулж байгаад баруун талынхаа хөхийг хөхүүлсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цагийн орчимд намайг гэртээ байж байхад миний хамтран амьдрагч Э.М надад хандан охин маань сонин болчихсон, амьсгалахгүй байна гэхээр нь би харж чадалгүй шууд эмнэлэг рүү явсан. Ингээд эмнэлэг дээр очоод манай хүүхдийн бие муу байна гэж дуудлага өгсөн. Тэгээд сувилагч нь эмч рүүгээ дуудлагыг дамжуулаад намайг эмнэлэг дээр 30 минут хэртэй хүлээгээд зогсож байхад нэрийг нь мэдэхгүй эмэгтэй эмч Э эмч хоёр ирээд танай хүүхдийг үзчихлээ, нас барчихсан байна гэж хэлсэн. ...шөнийн 04 цагийн үед хүүхэд уйлаад би босч гал түлсэн. Тухайн үед Э.М хагас өндийгөөд баруун гараараа шанаагаа тулсан байдалтай хэвтээд хүүхдээ хөхүүлж байсан. Ер нь тэгж хөхүүлдэг байсан. ...надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч С.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 35 минутад намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын хүн эмнэлэгт жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байхад манай сумын иргэн Э.У ирээд ‘’манай хүүхэд амьсгалж чадахаа байчихлаа’’ гэхээр нь би их эмч Э.О болон дүн бүртгэгч эмч О.Э хоёрт энэ талаар мэдэгдсэн’” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Э.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 35 минутад ээлжийн сувилагч Х ... гэсэн дугаараас миний ... гэсэн дугаар руу залгаад хүүхэд амьсгалахгүй болсон байна гэж хэлэхээр нь Түнэл сумын 6 дугаар багийн шинэ хороололд иргэн У-н гэрт очсон. Намайг гэрт ороход ээж нь босоод байж байгаа бололтой охиныхоо доод талд суусан охиныхоо хэвлий цээж хэсгийг гараараа илээд байж байхаар нь би чагнуураар охиныг чагнаж үзэхэд зүрхний цохилт байхгүй, талийгаач охины баруун хүзүүний болон эгэмний орчим хөхөрсөн, хүрэнтсэн байдалтай, зүүн гар, хөл хүрэнтсэн, хамар урвалын гурвалжин хөхөрсөн, хүүхдийн хоёр нүд анисан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд дуудлага хүлээн аваад 5 минутын дараа очсон. ...өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд би эргэлтээр талийгаачийн гэрт нь очиж биеийн байдлыг үзэхэд зүгээр ямар нэгэн зовиургүй байсан. Архаг хууч өвчин гэх зүйлгүй. ...зүүн гар болон хөл дарагдсан юм уу гэмээр хүрэн алаг өнгөтэй болчихсон байсан. Өөр ямар нэг ил харагдах бэртэл гэмтэл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаартай:
1.3. Талийгаач нярай нь цээжний дарагдлын улмаас тухайн цаг хугацаанд амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.
2. Задлан шинжилгээгээр талийгаач нярайн цогцост цээжний дарагдал бүхий гэмтэл тогтоогдсон ба энэ нь мохоо зүйлийн цээжин тус газар дарах үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн гэмтэл болно.
4. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838008880008 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Э.М нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Э.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Э.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6 гэх Арбулаг сумын Сүмбэр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/, зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838008880008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 208х146 сантиметрийн харьцаатай 2.8 килограмм жинтэй цагаан цэнхэр өнгийн бамбаруушны дүрслэл бүхий хөнжлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.М-д буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.М-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.М-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн 1838008880008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 208х146 сантиметрийн харьцаатай 2.8 килограмм жинтэй цагаан цэнхэр өнгийн бамбаруушны дүрслэл бүхий хөнжлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.М-д буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН