Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00761

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 38-22 тоотод оршин суух Халтар овогтой Пүрэвжаргалын / ГЭ-71090904 /нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Хабитат 11-3 тоотод оршин суух Намжилжав овогтой Гантулгад /ГМ-71071413 / хариуцагдах хүүхдийн тэтгэлэгийн 1,608,200 төгрөг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Пүрэвжаргал,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Пүрэвжаргал хариуцагч Н.Гантулгаас хүүхдийн тэтгэлэгийн 1,608,200 төгрөг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Х.Пүрэвжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1991 онд Намжилжавын Гантулгатай гэр бүл болж, 1991 онд хүү Г.Ганзориг 1996 онд охин Г.Өлзийбадам 2 төрсөн. Гэр бүл болсон цагаас хойш 2 хүүхдийн хамтаар Гантулгад маш олон удаа хэл амаар доромжлуулан сэтгэл санаа болон бие эрхтэнээрээ бүрэн мөсөн хохирсон. Би энэ явдлыг 2 хүүхдээ бодоод маш олон удаа өнгөрөөсөн. Энэ хүнийг засрах байх гэж би 2 хүүхдээ дагуулаад хайчихаа мэдэхгүй олон сар өдөрт энэ хүнд доромжлуулж байсан. Сүүлдээ 2006 онд 2 хүүхдээ дагуулаад өмссөн хувцастайгаа  гэрээс нь явсан. 2013-5-21-ний өдөр Булган аймгийн шүүхээр гэр бүлээ цуцлуулж,охин Өлзийбадамд тэтгэлэг тогтоосон.Шийдвэр гарсан өдрөөс л зугтаж эхэлсэн.Булганы Хишиг-Өндөрт байхгүй учир Эрдэнэтийн одоо байгаа хаягийг өгөөд 2011 онд танай шүүхэд өгсөн....Миний охины тэтгэлэг болох 1,608,200 төгрөгийг эцэг болох Н.Гантулгаас нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Гантулга 2013 оноос хойш зугатаагаад хүүхэддээ нэг ч төгрөгний тэтгэлэг төлөөгүй.1,608,200 төгрөг болсон байгаа.Би маш их гомдолтой.Тайлбартаа маш их худлаа бичсэн байна.Өрнөх нь миний 2 хүүхдийг тэжээсэн.Гантулга маш хэрцгий хүн.Намайг эмчилгээгүй болтол зодсон.Нэг ч удаа 2 хүүхдээ гэдэггүй.Энэ хүн Эрдэнэтэд Хабитатын чиглэлд такси үйлчилгээнд явдаг гэжээ.

Хариуцагч Н.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа : Миний бие 1971-07-14-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Намжилжавын отгон хүү болон мэндэлсэн.1991 онд Х.Пүрэвжаргалтай гэр бүл болсон.Өөрийн төрсөн хүү Ганзориг, охин Өлзийбадам гэсэн 2 хүүхэдтэй.Булган аймгийн Хишиг-Өндөр суманд мал маллан амьдарч байсан.Өмнө нь эхнэр байсан Пүрэвжаргалын өргөдлын хариу  болгон бичих нь: Пүрэвжаргал нь Булган аймгийн Орхон сумын харъяат малчин иргэн Өрнөх гэдэг залууг дагуулан ирж, би чамтай одооноос эхлэн амьдрахгүй.2 хүүхдээ өөр дээрээ авна, хүүхдийн тэтгэмж, эд зүйлс чамаас авахгүй өөр хүнтэй амьдарна чамд хожим нь ямар нэгэн татлаа болохгүй гэж хэлээд салж явсан.Миний хувьд 2 хүүхдийнхээ 1-ийг өөр дээрээ авч өсгөнө гэж боловч надад өгөөгүй.Пүрэвжаргалын бичсэн зодсон, элдэв хүчирхийлэл, дарамтанд оруулж байсан 1ч удаагийн тохиолдол байхгүй болно.Энэ байдлыг нутаг нугийн ард иргэд ч мэдэж байгаа.2013-05-21-нд Булган аймгийн шүүхээр гэр бүлийн баталгаа цуцлуулсан нь үнэн.Пүрэвжаргал нь охин Өлзийбадамын нэрийг барин нэхэмжилж байгаа 1,608,200 төгрөгийг өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна.Учир нь эхнэр байсан Пүрэвжаргал нь Өрнөх гэгч залуутай гэр бүл болон суухдаа чамаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй юу ч авахгүй гэж тохирч байсан.Пүрэвжаргал Өрнөх нарт маш их гомдолтой байна.Миний 2 хүүхдийн ирээдэй энэ 2 хүний гарт бүрхэг байгаад нь би харамсаад барахгүй нь гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Х.Пүрэвжаргал хариуцагч Н.Гантулгаас хүүхдийн тэтгэлэг 1,608,200 төгрөг нөхөн гаргуулахаар шаардлага гаргасан.Хариуцагч зөвшөөрөөгүй.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар Булган аймгийн Сум дундын шүүхийн 2013-05-21-ний өдрийн 284 дугаартай шийдвэр,59 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Хонгорзулын албан хариу бичиг,Г.Өлзийбадамын төрсөний гэрчилгээний хуулба зэргийг хэрэгт хавсаргажээ.

         Булган аймгийн Сум дундын шүүхийн 2013-05-21-ний өдрийн 284 дугаартай шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж,1996 оны 5 сарын 21-ний өдөр төрсөн охин Г.Өлзийбадамыг эхийн асрамжинд үлдээж,түүнийг 18 нас хүртэл эцэг Н.Гантулгаас тэтгэлэг тогтоож тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

          Мөн,нэхэмжлэгчийн тайлбар болон 59 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Хонгорзулын албан хариу бичиг зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч Н.Гантулгын  оршин суугаа хаяг тогтоогдохгүй байсаар тэтгэлэг авагч Г.Өлзийбадам 18 нас хүрч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх бичиг баримтыг дуусгавар болгон хаасан,төлөгдөөгүй тэтгэлэгийн хэмжээ 1,608,200 төгрөг болсон болох нь тогтоогдож байна.

        Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн,цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч,бусад иргэн,холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлэгийн нөхөн төлүүлж болно” гэж заасны дагуу Г.Өлзийбадамын ээж Х.Пүрэвжаргал нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна. 

          Хариуцагч Н.Гантулга нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг,тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр гарсаныг мэдсээр байж тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн байх тул төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн төлөх үүрэгтэй.

       Гэр бүлийн тухай хуулийн 35,38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

        Хариуцагч Н.Гантулга “...Пүрэвжаргал нь охин Өлзийбадамын нэрийг барин нэхэмжилж байгаа 1,608,200 төгрөгийг өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна.Учир нь эхнэр байсан Пүрэвжаргал нь чамаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй юу ч авахгүй гэж тохирч байсан”гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, 284 дугаартай шүүхийн шийдвэрээр няцаагдаж байна.

         Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилаж заалаа.            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.  Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан Н.Гантулгаас 1,608,200 төгрөг гаргуулан Х.Пүрэвжаргалд олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 40681 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч Н.Гантулгаас 40681 төгрөг гаргуулан Х.Пүрэвжаргалд олгосугай.

           3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ