| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0036/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.ГэрэлБа ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г-т холбогдох 1815004200012 дугаартай, 163/2019/0036/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутаг “Дэлгэр шанд” гэх газраас алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэв.
1815004200012 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.М ын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө хонио бэлчээрт гаргахад бүрэн байсан. Хонио бэлчээрээс ирсэний дараа бүртгээгүй. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сум руу явчихаад орой нь ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний орой хонио тоолоход 69 тооны хонь дутсан. Ойр орчмын айлуудаар хайж, сурагласан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өглөө хонио хайхад 11 тооны хургаа “Товцог” гэх газраас олсон. Б гэх хүн “танай хонь Ба ын хонь дотор байсан” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ба ын хонинд үзэхэд 1 хурга байсан. Би Ба т “тухайн хургыг манай хурга байна” гэхэд “үгүй, Хорол гэх хүний хурга” гэж хэлсэн. Би Ба ыг дагуулаад гэр рүүгээ явсан. Манайд О , Б нар байсан бөгөөд бид 1 шил архи хувааж уусан. Би Ба аас хонио асуухад “би танай хониноос 6 тооны хонь авсан” гэж хэлсэн. Би түүнд “цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэхэд “хоёулаа учраа олъё, 4000000 төгрөг өгье” гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 8-10/,
Гэрч Д.Б ы өгсөн: “... Маргааш нь манай гэрийн утас руу М ын эхнэр залгасан бөгөөд “манай хонь дутсан, танайхаар байна уу” гэхэд нь би “танай хоньтой ижилхэн хонь Ба ын хонинд байсан, очиж үзээрэй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 11-12/,
Гэрч Л.Б ийн өгсөн: “2018 оны 11 сарын эхээр байх би сайн санахгүй байна. Сумын төвөөс гэр рүүгээ явж байгаад замдаа Ба ын гадаа М , О нартай тааралдаж, бид нар Ба ын гэрт очиж 1 шил архи хувааж уугаад тэндээс гарч М ын хаваржааны байшинд очиж мөн архи уусан. ... Тэгтэл М , Ба хоёр хонь мал ярьж байгаад М “цагдаад мэдэгдэнэ” гэхээр нь би “нэг нутгийн хүмүүс байж өөрсдөө зохицоод өнгөрөө” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 13-14/,
Гэрч Л.О ын өгсөн: “... Ба ын гэрээс гэрч М ын хаваржааны байшинд очсон. М Ба ыг “чи миний хонийг авсан байна” гэсэн чинь Ба “тийм ээ, би танай 6 тооны хонийг авсан” гэж хэлсэн. ... М “хамт цагдаа руу очно” гэж хэлэхэд Ба “хэрэггүй” гээд өөрийнхөө хурдан үрээг 3500000 төгрөгөөр тооцож ав гэж хэлсэн. Харин М зөвшөөрөөгүй, Ба түүнд “4000000 төгрөг бэлэн өгье” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч Б.А гийн өгсөн: “... Би М ахыг хонио алдсаныг мэдэж байсан, хонио хайгаад асууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч Д.Э гийн өгсөн: “... М , Ба , О , Б нар байсан бөгөөд тэд нар М ын хонь Ба ын хоньтой нийлсэн талаар ярьсан, өөр зүйл яриагүй. Үүний дараа би явсан. ...” гэх мэдүүлэг /хх 19/,
Шүүгдэгч Б.Г ын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 20-д гарсан байсан байх, яг өдрийг нь сайн санахгүй байна. “Дэлгэр шанд” гэх газарт хонио бэлчээж байхад М ын хэдэн тооны хонь ирж нийлсэн. Тэгэхээр нь М ын хонийг өөрийхөө хоньтой нийлүүлээд тууж гэртээ авч ирсэн. Тэр өдөр 6 тооны хонийг нь барьж аваад нядалж өөрийнхөө хүнсэнд хэрэглэхээр махалсан. ... Намайг манай нутгийнхан “Ба ” гэж авгайлж дууддаг. ... М ад 58 хонины мөнгө болох 4000000 төгрөгийг төлж барагдуулсан. ... М ын яг хэдэн хонь нийлсэнийг мэдэхгүй байна, миний харааны баримжаагаар 50-60 тооны хонь байсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 34-35/
2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “... эр хонь 3 тооны, нэг бүрийн үнэ 120000 төгрөг, нийт 360000 төгрөг, эм хонь 55 тооны, нэг бүрийн үнэ 100000 төгрөг, нийт 5500000 төгрөг, нийлбэр үнэ 5860000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 24/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, шинжээчийн дүгнэлт /хх 25-26/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 30-31/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, хохирол төлбөр барагдуулсан баримт /хх 43-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 5860000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутаг “Дэлгэр шанд” гэх газарт өөрийн хонинд нийлсэн хонийг М ынх буюу бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, түүнд 5860000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Алдуул мал завших” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож шилжсэн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байгаа малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь хониндоо нийлсэн уг алдуул малыг Б.М ын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан байна.
Шүүгдэгч Б.Г ын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулж байх учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4000000 төгрөг төлсөнөөр хохирогч Б.М шүүгдэгчтэй эвлэрч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан болон түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Г т оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД