Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2023/00078

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00261 дүгээр шийдвэртэй,  нэхэмжлэгч **** оршин суух Ж.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Ш.Е-д холбогдох,

 

“Зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, хариуцагч Ш.Е-, орчуулагч М.Нурасыл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: 

1.1.Миний бие хариуцагч Ш.Е-д ачааны машины ком сэлбэг 9,000,000 төгрөгөөр худалдаж, үүнээс 7,000,000 төгрөгийг нь бэлнээр авч үлдсэн, 2,000,000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. Бид хоёр хоорондоо гэрээ хийж хугацаа нь өнгөрсөн ч 4-5 сар харж үзсэн. Хариуцагчийн гэрт бараг 15 удаа очиж мөнгө авч чадахгүй байлаа. Сүүлдээ хэзээ төлж өгөх боломжтой вэ гэхэд Ш.Е- тэгвэл хоёулаа нотариат орж 2,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулъя, 45 хоногийн хугацаанд төлж өгнө, хугацаанд төлж чадахгүй бол алданги төлж чамайг хохиролгүй болгоно гэсэн.

1.2.Тэгээд хариуцагч Ш.Е- бид хоёр нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, надад өгөх ёстой 2,000,000 төгрөгийг 45 хоногийн дотор буюу 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд төлж өгөхөөр болсон.

1.3.Тухайн үед хариуцагч аав, ээжийн хамт наймаацаж байсан. Нотариатаар батлуулсан хугацаа маань дууссаны дараа эхний хэдэн удаа очихдоо хариуцагчид хандаж үнэхээр 2,000,000 төгрөгийг барагдуулж чадахгүй бол надад машины сэлбэгээс хропыг нь өгчих тэгээд гэрээгээ цуцалж, тооцоогоо дуусгах талаар хэлэхэд хариуцагч заавал төлбөрөө барагдуулна гэж зөвшөөрөөгүй.

1.4. Гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусаж Ш.Е- нь авсан зээлээс 900,000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл 1,100,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болно. Тэрнээс хойш 5 сар 17 хоног өнгөрсөн боловч Ш.Е- нь үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй байна.

1.5. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба Ш.Е- нь эргэн төлөх хугацааг 170 хоногоор хэтрүүлсэн. Хэтрүүлсэн хугацаагаар алданги тооцвол 85 хувийн алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу Ш.Е- нь 1,100,000 төгрөгийн 50 хувь болох 550,000 төгрөгийн алданги төлөх ёстой.

1.6. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ш.Е-ээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 төгрөг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие өвчний улмаас Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгээд ирсэн учир шүүхэд гаргах тайлбарыг хугацаандаа гаргаж амжаагүй. Миний бие Ж.А-оос зээлдэж мөнгө аваагүй, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00261 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг тус тус баримтлан хариуцагч Ш.Е-ээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,100,000 төгрөг, алданги 550,000 төгрөг, бүгд 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41350 (дөчин нэгэн мянга гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Е-ээс 41350 (дөчин нэгэн мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00261 тоот дугаартай шийдвэрийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний хүлээн авч, танилцаад, эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнэж үзээгүй. Ш.Е- би анх Ж.А-оос 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 9.000.000 төгрөгийн үнэ бүхий ачааны машины ком сэлбэг худалдаж аваад, тухайн үед 7.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 2.000.000 төгрөгийг дараа нь өгөхөөр болж тохиролцсон. Тухайн 2.000.000 төгрөгийг өгөх гэсэн боловч бидний боломж бололцоо тааруу байсан учраас төлж барагдуулж чадаагүй. Тэгээд Ж.А-той хамт нотариатаар зээлийн гэрээ байгуулж, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр болж тохиролцов. Гэрээний хугацаа дуусах үед 900.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 1.100.000 төгрөгийг төлж барагдуулж чадаагүй. Үлдэгдэл 1.100.000 төгрөгийг өгье гэсэн боловч сүүлдээ миний эрүүл мэндийн шалтгаанаас болж өгч чадаагүй. Эрүүл мэндийн асуудлаас болж эмчлүүлэх шаардлагатай болсон учраас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд эмчилгээ хийлгэж хийлгэж 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн боловч сайн эдгэрэхгүй байгаа тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон талаар эмч нар хэлсэн. Тэгээд хагалгаанд ороод 2023 оны 4 дүгээр сарын эхэнд ирсэн. Одоо ч гэсэн эрүүл мэндийн асуудал сайн болохгүй байгаа учраас Өлгийд ирээд мөн эмнэлэгт хэвтэж гараад удаагүй байгаа.

4.3. Ж.А- нь 1.100.000 төгрөгийг Ш.Е- надаас алдангийн хамт 1.650.000 төгрөг гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба одоо бид нар мөнгөний боломж бололцоо үнэхээр тааруу байгаа, мөн эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас алданги 550.000 төгрөгийг төлөх боломжгүй байна.

4.4. Мөн Ш.Е- би тухайн үед сэлбэгийг авч машиндаа хийсэн боловч тухайн сэлбэгийн кроп нь гэмтэлтэй, ажилладаггүй юм байна лээ. Үүнийг бид сэлбэгийг машиндаа хийсний дараа мэдсэн. Мөн тухайн кропны таг нь хагаралтай байсан. Үүнийг би Ж.А-т ярихад “Та таг олоод авах боломжтой бол мөнгийг 50/50 хувиар хувааж гаргая” гэсэн. Тэгээд би кропны тагийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед Ж.А- 100.000 төгрөгийг өгөөгүй байсан ба зээлийн 1.100.000 төгрөгөөс хасаад өгөөрэй гээд тохиролцсон. Тиймээс одоо би Ж.А-т 1.000.000 төгрөгийг 10 хоногийн дотор төлж өгөх боломжтой байгаа.

4.5. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00261 тоот дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, Ж.А- нь  Ш.Е-д холбогдуулан   “Зээлсэн мөнгөний үлдэгдэл 1.100.000 төгрөг, алданги 550.000 төгрөг, бүгд 1.650.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч маргааны төрөлд холбогдох гэрээний үүргийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх  тул  шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч Ш.Е-д холбогдуулан 1.650.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “Миний бие хариуцагч Ш.Е-д ачааны машины ком сэлбэг 9.000.000 төгрөгөөр худалдаж, үүнээс 7.000.000 төгрөгийг нь бэлнээр авч үлдсэн, 2.000.000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. Тэгээд бид хоёр нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, надад өгөх ёстой 2.000.000 төгрөгийг 45 хоногийн дотор буюу 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд төлж өгөхөөр болсон. Гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусаж Ш.Е- нь авсан зээлээс 900.000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл 1.100.000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болно. Тэрнээс хойш 5 сар 17 хоног өнгөрсөн боловч Ш.Е- нь үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй байна” гэж тайлбарлаж, хариуцагч “Миний бие өвчний улмаас Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгээд ирсэн учир шүүхэд гаргах тайлбарыг хугацаандаа гаргаж амжаагүй. Миний бие Ж.А-оос зээлдэж мөнгө аваагүй, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна” гэж эс зөвшөөрч маргажээ.

7. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч Ш.Е-д ачааны машины ком сэлбэг 9.000.000 төгрөгөөр худалдаж, үүнээс 7.000.000 төгрөгийг нь бэлнээр авч, үлдсэн 2.000.000 төгрөгийг дараа өгөхөөр болж зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №0720 дугаартай зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч зээлсэн мөнгөний үлдэгдэл 1.100.000 төгрөг болон зээлийн гэрээний  хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгийн алданги 550.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хороонд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч 9.000.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг хариуцагчид худалдаж, хариуцагч сэлбэгийн үнээс 7.000.000 төгрөгийг бэлэн төлж, 2.000.000 төгрөгийг дараа төлөхөөр болж зээлийн гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч Ж.А-ын нэхэмжилсэн 1.100.000 төгрөг нь зээлийн гэрээний үлдэгдэл биш, харин худалдах-худалдан авах гэрээний үнээс үлдсэн мөнгө болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй боловч энэ талаарх үйл баримт хэргээс тогтоогдоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээ бодитой байгуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

9. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.100.000 төгрөг нь худалдах-худалдан авах гэрээний үнээс үлдсэн, худалдан авагчийн үнийн талаар хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Ж.А- нь 1.100.000 төгрөгт ногдох алданги 550.000 төгрөг нэхэмжилсэн боловч алданги нэхэмжлэх эрхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “...анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан ба анзын гэрээг бичгээр хийсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги болох 550.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 41350 төгрөгийг хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00261 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг баримтлан хариуцагч У овогт Ш-ын Е-ээс 1.100.000 төгрөг гаргуулан И овогт Ж-ийн А-т олгож, илүү нэхэмжилсэн 550.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

 2 дахь заалтын “хариуцагч Ш.Е--ээс 41350 төгрөг” гэснийг, “хариуцагч Ш.Е-ээс 30950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3,-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41350 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ш.Е-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ