Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00762

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороолол Тамирын гурван чулуу-8б-5 тоотод оршин суух Хар дархад овгийн Мягмарын Энхбатад /ФА-79091418/ хариуцагдах 17,839,225.33 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”-д М.Энхбат нь өөрийн эхнэр Т.Батцэцэгийн нэр дээрх зээлийг биеийн байдал муу, БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа тул өр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.Хүсэлтийн дагуу 2015-09-07-ны өдөр зээлийн дүн болох 16,000,000 төгрөгийг жилийн 2,8 хувийн хүүтэй, 112 хоногийн хугацаатай, өр шилжүүлэх гэрээ хийсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015-12-28-ны өдөр дуусгавар болсон тул М.Энхбатыг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан болно.М.Энхбатын зээл 2016-04-04-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 257,753.42 төгрөг, хугацаа хэтэрсэн торгуулийн хүү 1,581,471.91 төгрөг.Нийт 17,839,225.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Батцэцэг Сум хөгжүүлэх сангаас 2012-10-30-нд 10 сая  төгрөгний зээлийг 3 жилийн хугацаатай,жилийн 2,8 хувийн хүүтэй зээлж авсан.Нэг ч удаа төлбөр хийгээгүй.2015-9-07-нд нөхөр Энхбат нь 16 сая төгрөгний өрийг шилжүүлэн авч гэрээ хийсэн.10 сая төгрөг нь үндсэн зээл,1253 хоногийн хүү 961,205.48   төгрөг бусад нь торгуулийн хүү байгаа юм.Энхбат өөрөө хүсэлт гаргаж өр шилжүүлсэн.Гэрээний дагуу төлөх үүрэг хүлээсэн.16 сая төгрөгнөөс хүү торгуулль тооцоод 17,839,225 төгрөг болсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөрийн хэмжээг бууруулж өгөхийг хүсэж байгаа.13 сая төгрөгийг зөвшөөрч байгаа.Батцэцэг 10 сая төгрөгний зээл авсан.Өвчний улмаас төлж чадаагүй.Нөхөр Энхбатад өр шилжүүлэхдээ хүү торгуулийг шингээж  16 сая төгрөгний өрийг шилжүүлсэн.Хүүгээс хүү тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

Шүүх хэргээс нотлох баримтуудыг судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга хариуцагч М.Энхбатаас зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл,хүү,торгууль нийт 17,839,225.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн  зөвшөөрсөн.

Хэрэгт авагдсан “өр шилжүүлсэн зээлийн гэрээ” гэх баримт,зохигчдын тайлбар зэргээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангаас Т.Батцэцэгийн авсан 10 сая төгрөгний зээл болон,хүү торгууль нийт 16,000,000 төгрөгний өрийг хариуцагч М.Энхбат 2015-9-07-ны өдөр өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.Өр шилжүүлсэн эсэх талаар талууд маргаагүй.Өр шилжүүлэх гэрээг талууд бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн.

Нэхэмжлэгч “зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 257,753.42 төгрөг, хугацаа хэтэрсэн торгуулийн хүү 1,581,471.91 төгрөг,нийт 17,839,225.33 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргасаныг хариуцагчийн төлөөлөгч “хүүгээс хүү тооцож байгаа нь үндэслэлгүй” гэж маргасан.

Нэхэмжлэгч М.Энхбаттай гэрээ хийхдээ “өр шилжүүлсэн зээлийн гэрээ” гэж нэрлэн,16,000,000 сая төгрөгийг зээлийн нөхцөлөөр олгосон мэтээр хийж,уг гэрээний дагуу хүү,торгууль тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтад нийцээгүй, үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх,зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ “гэж,мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Хуулийн дагуу авч үзвэл,зохигчдын байгуулсан өр шилжүүлсэн зээлийн гэрээгэээр 2015-9-07-ны өдөр М.Энхбатын өмчлөлд 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.Иймд нэхэмжлэгч 16,000,000 төгрөгнөөс хүү,торгууль тооцон нэхэмжилсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд шаардах эрхгүй байна.

Харин уг гэрээг 16,000,000 төгрөгний өрийг шилжүүлсэн хэлцэл гэж дүгнэх нь хуульд нийцнэ.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж М.Энхбатаас 16,000,0000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж,хариуцагчаас зохих хураамжийг тооцон гаргуулахаар заалаа.             

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                           

  1. .Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан М.Энхбатаас 16,000,000 төгрөг гаргуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга/ Сум хөгжүүлэх сан/-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,839,225.33 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч М.Энхбатаас 237,950 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ