Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч М.Ариунцэцэг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1838008130437 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Д.

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Ш.М-н 1 тооны хонийг хулгайлан 75.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Ш.М-н 1 тооны хонийг хулгайлан 75.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би Д гэдэг хүнд тэр төлөгийг 2018 оны 05 дугаар сарын сүүлээр өгсөн. ...ямар ч байсан 05 дугаар сарын 20-д гарчихсан байсан. Би Д гэдэг хүнээс 2018 оны 02 дугаар сард 30.000 төгрөг авчихсан байсан бөгөөд тэр өгцөөндөө М гэдэг хүний улаан алаг зүсмийн төлөгийг өгсөн юм” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хонь алдагдах үед гэртээ байгаагүй юм. 2018 оны 05 дугаар сарын 17-ны үед эхнэртэйгээ хамт Улаанбаатар хот явахдаа малчин Б-д малаа тоолж хүлээлгэж өгөөд явсан. Улаанбаатар хотод байхад 2018 оны 05 дугаар сарын 24-ний үед Б залгаад малаа тоолсон чинь сувай хониноос 6 хонь дутсан байна гэхээр нь би чи наад хавийн айлын хонинуудаараа шүүж үзсэн юм уу гэхэд Б шүүж үзсэн гэж байсан. ...Улаанбаатар хот руу явахдаа малаа тоолоод хүлээлгэж өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 28-нд ирээд хонио тоолж үзэхэд 6 тооны хонь дутсан. Тэгээд малчин Б-с асуухад танай нэг хонийг Д авсан гэж Э ярьж байсан, би тийм л сураг гаргалаа гэж байсан. ...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э-тай очиж уулзаад чи Д-д манай улаан алаг зүсмийн төлөг зарсан юм уу гэж асуусан чинь Э надад танай имтэй улаан төлөгийг Д чамаас авсан гэж хэлээд манай хонинд байхад нь 2-3 хоногийн өмнө Б гэдэг залуутай ирээд аваад явсан, тэр төлөг баараггүй танай төлөг байсан гэж хэлсэн. ...Д гэдэг айлд очоод хонийг нь шүүж үзээд өөрийн улаан алаг төлөгийг зүс имээр нь таниад миний төлөг байна гэж хэлээд авсан. Д одоо таны төлөг юм бол та аваад яв, би өгсөн хүнтэйгээ өөрөө учраа олъё гэж байсан. ...Э, Б, Д гэх хүмүүсийн ярианаас тэр улаан төлөгийг Д айлын хонинд байлгаж байгаад Эрхэл нуур руу Д гэдэг хүнд өгсөн байсан. Тэр цаг хугацаа нь манай хонь алдагдсан цаг хугацаатай таараад байгаа. ...надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нэг улаан толгойтой төлгөн хонийг Д гэдэг залуу хулгай хийж аваад 2 хүн дамжуулаад Д гэдэг хүнд очсон байхаар нь манай нөхөр очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сард тасарсан хонинуудаа Д-н гадна цуглуулаад машинаар өөрийн хонинуудаа ачиж авахаар очиход манай хонин дотор нэг улаан алаг төлөг байж байхаар нь би Д-аас энэ юун төлөг юм бэ гэсэн чинь Д Б-н төлөг байгаа юм, наад төлөгөө Б-нд өгчихөөрэй гэхээр нь би тэр төлөгийг нь ачиж аваад өөрийн хониндоо нийлүүлсэн. ...Би тэр алаг төлөгнөөс өөр хонь мэдэхгүй, яах аргагүй М-н им зүстэй нэг улаан алаг төлөгийг Д Б гэдэг залуутай ирээд мотоцикльтой дүүрээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны 05 дугаар сард хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, малаа услаад явж байтал манай нутгийн Д надтай тааралдаад Э-н хониноос очоод нэг төлөг аваад ирье гэхээр нь би Д-тай цуг мотоциклиор нь яваад Э-нд очсон. Э-с Д манай төлөг байгаа юу гэж асуугаад хониноос нь очиж нэг улаан алаг төлөг барьж аваад Д бид хоёр дундуураа дүүрээд манай хонинд аваачиж нийлүүлсэн. ...надаас М улаан алаг төлөг асууж ирэхээр нь Д-н төлөг гээд нэг төлөг байсан, тэр төлөгийг Эрхэл рүү хүнд өгөөд явуулсан шүү дээ гэж хэлсэн. ...хонь услахаар явах үедээ нийлэхээр ойртож магадгүй юм гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Д гэдэг залуугаас өвөл зээлдүүлсэн байсан 30.000 төгрөгийнхөө оронд нэг тооны улаан алаг төлөг авсан. Дараахан Эрхэл нуурт байхад Арбулагт байдаг гэсэн нэрийг нь сайн санахгүй байна, нэг хүн мотоцикльтой ирээд Д гэдэг залуугийн надад өгч явуулсан төлгийг манай төлөгийг мэдсээр байж явуулсан байна гэхээр нь би наадах төлөг чинь үнэхээр танай төлөг юм бол аваад яв гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд дараа нь Арбулаг суманд байдаг өөрийн найз Б гэх залууд наана чинь байдаг Д гэдэг залуугийн өгч явуулсан төлөг хулгайн төлөг байсан байна, эзэн нь ирээд авчихлаа чи наанаасаа 30.000 төгрөг юм уу, нэг төлөг авчихаарай гэж хэлсэн. Түүний дараахан Б надтай ярихдаа нөгөө Д гэдэг залуугаас чинь чиний төлөгний оронд хониноос нь очиж нэг төлөг авлаа тэгж байгаад аваарай гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838008130437 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Д нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Ш.М нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Д.Д-тай ‘’...Д.Д би Ш.М-н хонийг зүсээр нь буцаан өгсөн. Ш.М би цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй’’ гэх эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг гэх Арбулаг сумын Хавтага багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838008130437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Д-г 1 /нэг/  жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Д-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

6. Эрүүгийн 1838008130437 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН