| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0147/э |
| Дугаар | 0166 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 0166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: М.Эрдэнэзаяа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Д Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806097430063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Д Э, 19 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Сэлбийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:
Холбогдсон хэргийн талаар:
Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүртээ П.Г нэгж шилжсэн шилжээгүй асуудлаас болж маргалдан улмаар гар утсаа нүд орчимд нь шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дэлгүүр дээрээ сууж байтал, хохирогч эмэгтэй нэгж авъя гэсэн. Тэгээд би нэгжийг нь утсаар шилжүүлсэн. Гэтэл нэгж шилжээгүй байна гээд байхаар нь би утаснаасаа шалгаж, харах гэтэл хохирогч эмэгтэй мессежээ устгалаа гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад би утсаа нүүр рүү нь шидсэн. Намайг хэл амаар доромжлоод байсан учраас би их бухимдсан байсан. Миний буруу. Өөр ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны орой 20.00 цагийн үед дэлгүүртээ сууж байтал гаднаас нэг эмэгтэй нэгж байна уу гээд ороод ирсэн. Би дугаарыг нь асуугаад 2000 нэгж шилжүүлсэн. Тэр эмэгтэй гарч яваад удалгүй эргэж орж ирээд намайг нэгжээ явуулаагүй байна гэсэн. Би явуулсан гэж хэлээд нэгж шилжүүлдэг утсаа шалгаад байж байтал тэр эмэгтэй та мессежээ устгалаа гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад би тэр эмэгтэй рүү чи өөрөө шалга гээд гар утсаа шидтэл тэр эмэгтэйн нүдэн дээр оноод нүд нь шалбарсан ба удалгүй цагдаа нар ирсэн. Манай дэлгүүрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэжээ. /хх-ийн 14/
Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой 21.35 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Ки Эф Си түргэн хоолны газрын урд талын хүнсний дэлгүүрээс 2000 нэгж авах гээд орсон. Тэгээд гар утасныхаа дугаарыг өгчихөөд худалдагч эгчээс нэгж орсон уу гэж асуухад орсон байна гэсэн ба шалгаад үзтэл ороогүй байсан. Тэгэхээр нь би худалдагч эгчид нэгж ороогүй байна гэхэд битгий худлаа яриад бай архичин авгай минь халтар авгай минь гээд уурлаад гартаа барьсан байсан гар утсаа 2 удаа над руу шидсэн. Миний зүүн нүдэнд цохиж намайг бэртээсэн. Би архи дарс хэрэглээгүй байсан. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн ба зовхи язарсан байсан гэжээ. / хх-н 4-9/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10 дугаар шинжээчийн дүгнэлт:
1.П.Г биед зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. :/хх-н 11/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12,26/
Д.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 15 /,
Д.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 27-28/
Д.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 20/, прокурорын тогтоол /хх-н 21-22/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/ зэрэг болно.
Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүртээ П.Ганчимэгтэй нэгж шилжсэн шилжээгүй асуудлаас болж маргалдан улмаар гар утсаа шидэхэд нүд орчимд нь оносоноос зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гар утасныхаа дугаарыг өгчихөөд худалдагч эгчээс нэгж орсон уу гэж асуухад орсон байна гэсэн ба шалгаад үзтэл ороогүй байсан. Тэгэхээр нь би худалдагч эгчид нэгж ороогүй байна гэхэд битгий худлаа яриад бай архичин авгай минь халтар авгай минь гээд уурлаад гартаа барьсан байсан гар утсаа 2 удаа над руу шидсэн. Миний зүүн нүдэнд цохиж намайг бэртээсэн. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн ба зовхи язарсан байсан гэсэн мэдүүлэг / хх-н 4-9/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10 дугаар шинжээчийн дүгнэлтээр Э гар тусаа нүүр лүү шидсэнээс болж П.Г биед зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоосон, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 11/
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэр эмэгтэй гарч яваад удалгүй эргэж орж ирээд намайг нэгжээ явуулаагүй байна гэсэн. Би явуулсан гэж хэлээд нэгж шилжүүлдэг утсаа шалгаад байж байтал тэр эмэгтэй та мессежээ устгалаа гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад би тэр эмэгтэй рүү чи өөрөө шалга гээд гар утсаа шидтэл тэр эмэгтэйн нүдэн дээр оноод нүд нь шалбарсан ба удалгүй цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Э нь хохирогч П.Г нэгж ороогүй байна гэж хэлэхэд нь өөдөөс нь битгий худлаа яриад бай архичин авгай, халтар авгай гэх мэтээр хэл амаар дорможилж улмаар барьж байсан гар утсаа нүүр лүү нь шидсэнээс хохирогчийн биед нь зүүн нүдний орчимд хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй нь тогтоогдож байна.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Д Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН