Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00773

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум 1-р баг Төмөр замын 3-1 тоотод оршин суух Нохой тавагт овгийн Мөнхбаатарын Адилбишт /ФВ-73070500 / хариуцагдах 8,371,613.24 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ундармаа, хариуцагч М.Адилбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн  банкны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Баатар болон М.Адилбиш нар нь 2014-09-15-ны өдөр Төрийн банкны Сэлэнгэ салбарын харъяа Шар ус тооцооны төвөөс 14-105 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 5,060,017 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөг, нийт 8,060,017 төгрөгийг  хэрэглээний зориулалтаар, сарын 1,5 хувийн хүү, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан.

Холбогдох гэрээнд зээлдэгч Баатар, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Адилбиш гарын үсгээ зуран баталгаажуулсан.Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч М.Адилбиш нь  2014-09-15-ны өдөр гар өргөдөл өгсөн байдаг.Д.Баатар нь 2015-02-05-ны өдрийг хүртэл зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж явсан.

Зээлдэгч Баатар нь 2015-03-01-ны өдөр нас барсан ба Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч М.Адилбиш нь зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ.Иймд 2014-09-15-ны өдрийн 14-105 тоот Зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч М.Адилбишээс 2015-11-26-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээл 7,485,327.86 төгрөг, зээлийн үндсэн хүү 864,791.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,493.52 төгрөг, нийт 8,371,613.24 төгрөгийг иргэн М.Адилбишээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Зээлдэгч нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Адилбишээс төлбөрийг нэхэмжилж байгаа.Адилбиш өөрийн хүсэлтээ бичиж гэрээнд гарын үсэг зурсан.Зээлийн гэрээний 3.3-д хамтран үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүргийг заасан байгаа гэжээ.

     

         Хариуцагч М.Адилбиш шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Мөнхбаатар овогтой Адилбиш нь Жаргалант сумын Улаантолгой багийн 3-1 тоотод нөхөр 4-н хүүхдийн хамт амьдардаг. Д.Баатар нь манай нөхөр Эрдэнэбаттай нэг байгууллага болох УБТЗ “Хангал” өртөөний 6-р хэсгийн жолооч байсан.Манайхаар орж гардаг, эхнэрээсээ салсан, ганц охинтойгоо амьдардаг болохоор зовлон, жаргалаа ярьж ирдэг байсан. Ах нь Төрийн банкнаас зээл авдаг. Нэмж зээл авах гэсэн юм, хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гээд гурван удаа ирсэн. Би болохгүй байх урьд нь хамтран зээлдэгч байсан хүнээрээ гарын үсэг зуруулаач гэхэд “урьд нь би Хангалын замчин Аззаяагаар гарын үсэг зуруулсан, одоо тэр өөрөө банкинд зээлтэй болохоор болохгүй байна. Чи ахда тус болооч. Ах нь машин авах гэсэн юм. Би чамд гай болохгүй, асуудалгүй төлнө. Чи намайг үхнэ гэж айгаад байна уу? Ах нь үхэх болоогүй урт насална. Айлтгүй” гээд тоглоом шоглоом болоод өнгөрөөсөн. Дараа нь 2 хоногийн дараа ирээд ах нь Төрийн банкнаас нэмж 3,000,000 төгрөгний зээл авахаар боллоо. Хамтран зээлдэгчтэйгээ ирж зээл авч болно гэнэ. Чамаас өөр хүн олдохгүй байна, чи гарын үсэг л зураад өг, 20л бензин 20000 төгрөг өгье. Орхонтуул яваад ирье гээд гуйгаад салахгүй байсан. Та яасан хэцүү юм бэ? Би гарын үсэг зурж болох юм уу? Таньтай ямар ч хамаагүй хүнээр, ядаж ямар нэг хамаатан байгаа биздээ гэхэд, болноо болно.Би олон удаа Төрийн банкнаас зээл авсан найдвартай зээлдэгч миний амьдралыг сайн мэддэг болохоор өгнө гэсэн. Хоёулаа явъя гээд байхаар нь тус болоод явж өгсөн.

            Тэр өдрөө очоод 3,000,000 төгрөгний зээл авсан, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Өргөдөл бич гэхээр нь яахав гээд “бич бич ямар ч тохиолдолд төлнө. Чамд хариуцах юм байхгүй, ах нь өөрөө даана. Өргөдөл бичээд өг” гээд бичүүлсэн. Өргөдөл бичээд гарын үсэг зураад өгсөн нь үнэн.

         Банкнаас 3 300,000 төгрөгний зээл дан 10000 мянгатын дэвсгэртээр тоолоод Баатар ах авсан. Надад хөлс гээд 20000 төгрөг болох 2 ширхэг 10000 мянгат өгсөн. Ирсэн оройгоо машинаа авна, Эрдэнэт явна гээд Улаантолгойн төв орж охиноо аваад таксинд суугаад Эрдэнэт явсан. Маргааш өглөө нь ирээд ах нь машинаа авчихлаа гээд шар өнгөтэй аксент маркийн машинтай, машины эзэнтэй цуг манайд ирсэн. Энэ машиныг 2000,000 төгрөгөөр авлаа “Банзаа” гэдэг жолоочоос, ойр зуурын жижиг дэлгүүрийн өрөө өглөө, охиндоо хувцас авлаа, өөртөө гутал аваад л мөнгө дууслаа гээд ирсэн. Зээл авсан 3,000,000 төгрөгөөр ийм л юм авсан.

          Би уг зээлнээс авч хэрэглэсэн мөнгө байхгүй учраас уг өрийг төлөх боломжгүй. Баатар ахыг нас барсны дараа банкны хүн ирээд хамтран зээлдэгч та өрийг нь төл гэсэн. Би уг зээлээс хэрэглэсэн мөнгө байхгүй, ямар ч хамаагүй хүн учраас уг зээлийг төлөх боломжгүй гэдгээ хэлээд явуулсан. Хэд хоногийн дараа утсаар Сэцэнгэ аймгийн Төрийн банкны эрхлэгч байна. Баатартай та хамтран зээлдэгч юм байна. Өрийг нь төл гэхэд би ямар ч хамаагүй хүн, надад хэрэглэсэн мөнгө байхгүй, төлж чадахгүй л гэсэн. Таныг төлөхгүй бол шүүхэд өгнө, өгөхгүй байхыг чинь харнаа гээд утсаар загнаж дарамталсан.

           Үүнээс болж сэтгэл санааны гүн хямралд орж байнгын даралт ихсэж, багасан, зүрх өвдөж байнгын эм уудаг болж сэтгэл болон эдийн засгийн хохирол амссан. Би Баатар гэдэг хүнтэй садан төрлийн хамаатан биш. Тусдаа амьдралтай, олон сая төгрөгний банкны зээлтэй учраас уг өрийг төлөх ямар ч боломжгүй.Нөхөр Эрдэнэбатын нэр дээр Худалдаа хөгжлийн банкинд байрны зээл 15,000,000 төгрөг, ХААН банкинд цалингийн зээл 10,000,000 төгрөг, Өөрийнхөө нэр дээр Хашаа байшингаа барьцаалж Сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл 2013 оны 6-р сард 4,000,000 төгрөг авсан. Одоо 2016 оны 6-р сард 4,000,000 төгрөгөө төлнө. Манайх ийм их банкны өр зээлтэй үүнийгээ цаг тухайд нь зөвхөн ганц нөхөр Эрдэнэбатын цалингаар төлдөг. Би ажилгүй охин Амарзаяагийн 1 настай хүүхэд хардаг, ажилгүй. Ийм учир ямарч хамаагүй Баатар гэдэг хүний өр зээлийг төлж барагдуулж чадахгүй гэдгээ уламжилж байна.Ямар ч хамаатан биш, ямар ч хамаагүй хүнээр хамтран зээлдэгч болгох, дүрэм журам байдаггүй юм байна. Овог нэгтэй ах дүү, садан төрлийн хүн нь хамтран зээлдэгч болдог дүрэм журамтай байдаг юм байна.Ажлаа мэддэггүй, хариуцлагагүй банкны ажилтанаас болж шүүхэд дуудагдаж нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засаг, энэ бүгдээрээ хохирч байгаадаа харамсаж, гомдож байна.Уг хэргийг шийдэж өгөхийг хүсэж, болсон байдлыг тайлбарлан бичлээ гэжээ.

 

          Хариуцагч М.Адилбиш шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Намайг олон удаа гуйгаад байсан тул очиж гэрээнд гарын үсэг зурсан.Би уг нь садан төрөл биш тул зурах ёсгүй байсан байна лээ.Би зээлээс нь авч хэрэглээгүй тул төлөх ёсгүй,төлж чадахгүй гэжээ.

Шүүх хэргээс нотлох баримтууд шинжлэн судлаад

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ НЬ:  

 Нэхэмжлэгч  Төрийн банкны Сэлэнгэ салбар Т.Адилбишт холбогдуулан зээлийн төлбөр,хүү,нэмэгдүүлсэн хүү 8,371,613.24 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

   Төрийн банкны Сэлэнгэ салбар 2014 оны 9  дүгээр  сарын 15-ны өдөр Д.Баатар,М.Адилбиш нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8,602,017 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч Д.Баатарын цалингийн орлогыг барьцаалсан,Д.Баатар зээлийг цаингаасаа төлж байгаад 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар,зээлийн гэрээ,эргэн төлөлтийн хуваарь,зээлийн дансны хуулга,нас барсаны лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч хамтран зээлдэгч М.Адилбишээс төлөгдөөгүй үндсэн зээл 7,485,327.86 төгрөг,хүү 864,791.86 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 21,493.52 төгрөг нийт 8,371,613.24 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч М.Адилбиш хамтран зээлдэгч болох тухай өргөдөл гаргаж /хх 13/ ,зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, “...намайг олон удаа гуйгаад байсан тул очиж гэрээнд гарын үсэг зурсан.Би уг нь садан төрөл биш тул зурах ёсгүй байсан байна лээ”гэж тайлбарлаж байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2.2.2-д “...тухайн дансанд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад дансуудаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ” гэж, 3.1-ийн 3.1.4, 3.1.5-д “...хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас суутгах,...хадгаламжийн данснаас барилт хийх,...төлбөрийг суутгах авах” гэж, 3.2-д зээлдэгч ,хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг зааж зохицуулсан ба 3.3-д Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж,үүрэг хүлээнэ”гэж тус тус хамтран зээлдэгчийн үүргийг зааж тохиролцсон байна. Гэрээний эдгээр заалтаас үзвэл Д.Баатар,М.Адилбиш нар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үл хуваагдах,нэг үүрэг хүлээсэн байна.Өөрөөр хэлбэл,хэн нь ч үүргийг хариуцан гүйцэтгэж болох ижил түвшний үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг  үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх,үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасанд зохигчдын байгуулсан гэрээний дээрхи заалтууд нийцсэн гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “ Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн  хүлээсэн үүрэг хүчинтөгөлдөр хэвээр байна” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч М.Адилбишээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй.Хариуцагч М.Адилбиш Д.Баатарын үүргийг хамтран гүйцэтгэхээр өргөдөл гарган амлалт өгч гэрээнд гарын үсэг зурсан байх тул тэрээр үүргээ гүйцэтгэх нь зүйн хэрэг.

Зээлийн дансны хуулгаар,зээлдэгч Д.Баатар зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу бүрэн хэмжээгээр төлж байгаагүй байх ба 2015-7-30-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,485,342.86 төгрөг үлдсэн байх тул уг төлбөрийг М.Адилбишээс гаргуулах үндэслэлтэй.Харин нэхэмжлэгч хүү 864,791.86 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 21,493.52 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлоогүй,энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул хүү нэмэгдүүлсэн хүүг М.Адилбишт хариуцуулах үндэслэлгүй байна.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан болно.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг бармитлан М.Адилбишээс 7,485,327.86 төгрөг гаргуулан Төрийн санкны Сэлэнгэ салбарт олгосугай.

 

2.. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1,452.2-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлоглоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 886,285.38 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 148,896 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 134,715 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                        

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ