Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00639/И |
Дугаар | 00778 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянтал 9-15 тоотод оршин суух,Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Геологи хайгуулын ангид нярав ажилтай, Жаргал овгийн Энхдаваагийн Энхсайханы / ЧО-85011409 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-13-р байр 00 тоотод оршин суух Бүргэд овгийн Чойбалсангийн Батсүхэд /ФМ-83070851/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхсайхан, хариуцагч Ч.Батсүх,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Э.Энхсайхан нь Ч.Батсүхэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Э.Энхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Э.Энхсайхан нь 2007 онд Ч.Батсүхтэй танилцан, гэр бүл болж, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.Бидний дундаас охин Б.Ариунхүслэн 2008 онд төрсөн.Бид 2010 оноос хойш тусдаа амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.Охин минь миний асрамжид байдаг. Батсүхийн зүгээс сэтгэл болон санхүүгийн дэмжлэг огт үзүүлж байгаагүй.Цаашид охиноо асрамжиндаа авч, хүүхэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно.Бидний дунд хөрөнгийн маргаан байхгүй.Гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Энхсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Энэ хүний амьдралд хандах хандлага,үзэл бодлын зөрүүтэй байдлаас шалтгаалан хамт амьдрах боломжгүй болж 2010 оноос тусдаа амьдрах болсон.Цаашид хамт байх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжинд авна,тэтгэлэг тогтоолгоно гэжээ.
Хариуцагч Ч.Батсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Э.Энхсайхантай 2007 онд танилцаж гэр бүл болж, 2008 онд гэрлэлтээ батлуулан охин Ариунхүслэн төрсөн.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах охин Ариунхүслэнг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ч.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрнө,маргаан байхгүй.Охиноо эхийн асрамжинд байлгаж тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхсайхан Ч.Батсүхээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн.
Зохигчид 2008-11-24-ний өдөр гэрлэлтээ батлуулж амьдарч байгаад сүүлийн үзэл бодлын зөрүү үл ойлголцлоос шалтгаалан 2010 оноос хойш 6 жилийн турш тусдаа амьдарч байгаа, 2008-05-01-нд охин Б.Ариунхүслэн төрсөн бөгөөд 8 настай, одоогоор эхийн асрамжид эсэн мэнд өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, № 0094152 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаат хуулбар, 0228212 хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, Эрдэнэт цогцолбор 12-р сургуулийн 2016-04-12-ны өдрийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Засаг даргын 2016-04-13-ны өдрийн 146 дугаартай тодорхойлолтууд зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч цаашид хамт амьдрах боломжгүй гэснийг хариуцагч зөвшөөрсөн байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.
8 настай охин Б.Ариунхүслэнг эхийн асрамжинд байлгах талаархи нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул эхийн асрамжинд үлдээж эцэг Ч.Батсүхээс хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Энхдаваа овогтой Энхсайхан, Чойбалсан овогтой Батсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 01-нд төрсөн охин Б.Ариунхүслэнг эх Э.Энхсайханы асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40,1.2-д зааснаар охин Б.Ариунхүслэнг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Батсүхээс тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймаг Баян-Өндөр сумын ЗДТГазрын иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Хуланд даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ