| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0001/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-12-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 04
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Буянжаргал,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн С овогт Д.П-д холбогдох эрүүгийн 1810000000858 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Хөхийн хана ХХК-д мужаан ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Д-н П
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Арцатын аманд баригдаж буй Номин ХХК-ний барилгын талбай дээрээс С.Т-н гээгдүүлсэн Айфон 6 загварын гар утсыг олж аваад бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч С.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцатын ам гэх газарт Номин ХХК-ний захиалгаар баригдаж байгаа барилга дээр угсралтын ажил хийж эхэлсэн. Тэгээд тухайн барилга дээр ажиллаж байхад 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би барилгын талбай дээр өөрийн эзэмшлийн Айфон 6 загварын гар утсыг халааснаасаа гээчихсэн. Тэгээд тухайн явсан газраараа хайсан боловч олдоогүй. Залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Сүүлд миний ажиллаж байсан барилга дээр ажилладаг П гээд залуу олсон гэж мэдсэн. Тухайн үед уул нь би Пийн бригадын хүмүүсээс асуулгасан чинь хэн ч аваагүй гээд байсан юм. П миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэжээ. /хх-4-р тал/
Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай төрсөн эгч Д-н А-н нөхөр П гэдэг 1984 оны залуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд барилгын ажил хийдэг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын дундуур /өдрийг нь санахгүй байна/ би нэг өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 118 дугаар сургуулийн ард байдаг гэрт нь очиход надад би ажил дээрээ ийм гар утас олсон гэж хэлээд надад саарал өнгөтэй Айфон 6 загварын гар утас өгсөн юм. Би Мишээл экспо худалдааны төвд тогооч ажилтай бөгөөд манай ажлын газарт туслах тогооч хийдэг М.М гэдэг залуу байдаг юм. Тэгээд би найз М таксинд явж байхдаа ийм утас олсон гэж нөгөө утсаа үзүүлтэл найз нь хэд хоног хэрэглэе эсвэл надад зарчих гэхээр нь би за яахав 80.000 төгрөгөөр ав гээд утсаа өгсөн. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа М-д очтол М хэдэн найз нартайгаа бааранд орж согтуудаа зодоон хийж байгаад нөгөө миний гар утсыг эвдээд дундуур нь нугалаад ашиглах боломжгүй болгосон байсан. Тэгээд би тэр утсыг авч яваад утас засварт үзүүлэхэд дахин ашиглах боломжгүй болгосон байна гэхээр нь хаячихсан. Тэр тухайгаа М хэлсэн. Харин би М 80.000 төгрөгөө аваагүй байгаа...” гэжээ /хх-7-р тал/
Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр ажиллаж байгаа барилгын талбай дээрээсээ гар утас олсон талаар надад хэлж байсан. Тэгээд гэрт байлгаж байгаад манай эрэгтэй дүү Д өгчихсөн. Хэрэв нөхөр маань хууль дүрэм мэддэг байсан бол гар утсыг эзэнд нь буцааж өгөх байсан…” гэжээ. /хх-13-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14-р тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 17-18-р тал/, ял шалгах хуудас /хх 16-р тал/, Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 10-11-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Арцатын аманд баригдаж буй Номин ХХК-ний барилгын талбай дээрээс С.Т-н гээгдүүлсэн Айфон 6 загварын гар утсыг олж аваад бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.П-ийн дээрх үйлдэл нь бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Д.П нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардллагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Пид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирогч С.Т нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт Д-н П-ийг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пид 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Пид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ