Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1135

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02618 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний дагуу 677 354 774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь “ХХХ” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 100/11 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг З6 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХ байр, ХХ тоотод орших 114.86 м.кв 4 өрөө орон сууц, граж, тавилга хамт, ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХ гудамж ХХ дугаар байр ХХХХ тоот 40.07 м.кв оффис, ХХХХ тоот 105.85 м.кв оффисыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох боловч “ХХХ” ХХК нь зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11-т заасныг зөрчин зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд авсан зээлээс 151 000 000 төгрөгийн үндсэн зээл төлөхөөс 133.43 төгрөг, зээлийн хүүд 158 975 308.21 төгрөг 32 730 231.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 189 100.4 төгрөг төлөхөөс 2 471 015.20 төгрөг төлсөн байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, “ХХХ” ХХК-иас үндсэн зээл 499 999 866.57 төгрөг, зээлийн хүү 126 245 076.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 718 085.22 төгрөг, нийт 629 963 028.61 төгрөгийг зээлийн барьцаанд бүртгүүлсэн ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ дугаар байр, ХХ тоотод орших 114.86 м.кв 4 өрөө орон сууц, граж, тавилга хамт, ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХ байр, ХХХХ тоотод орших 40.07 м.кв оффис, ХХХХ тоотод орших 105.85 м.кв оффисын байрыг албадан борлуулсан үнийн дүн болон бусад орлогоос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 499 999 866.57 төгрөг, зээлийн хүү 147 795 756 төгрөг, торгуулийн хүү 29 559 151 төгрөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 47 391 745 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 677 354 774 төгрөгийг “ХХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХХК-иас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 41 645 599.63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ХХХ” ХХК-иас 635 709 174.37 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас ХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байр, ХХ тоот хаягт байрлах 4 өрөө орон сууц, граж, тавилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй  болгож,  хариуцагч  нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ХХХХХХХХХХ дүүрэг, ХХХХХХХХХХ гудамж, ХХ байр, ХХХХ тоот хаягт байрлах 40 м.кв оффисын зориулалттай   ХХХХХХХХХХ эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ХХХХХХХХХХ дүүрэг, ХХХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 105.8 мкв оффисын зориулалт бүхий ХХХХХХХХХ эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ХХХХ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 702 674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 336 496 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу ХХХХны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Гэвч шүүгч анх нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр зээлийн гэрээний хүү, торгууль бодох хугацааг дуусгавар болгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон, банкны нэхэмжилсэн дүнгээс 41 645 599.63 төгрөг хасаж 635 233 370 төгрөгийг олгохоор шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч талд илэрхий ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэрээг цуцлах, гэрээг хүчин төгөлдөр буст тооцох нь ялгаатай ойлголтууд бөгөөд гэрээг банкны санаачилгаар цуцалсан нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус болгож байна гэсэн үг биш юм. Гэрээг банкны санаачилгаар цуцалснаар зээлдэгч нь гэрээний дагуу хүлээсэн эрх, банк зээлдэгчийн өмнө хүлээсэн үүргээ алдаж байгаа бөгөөд ХХХХ, “ХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 100/11 тоот зээлийн болон барьцааны гэрээ нь эрх зүйн бүрэн чадамжтай, холбогдох хууль болон барьцааны гэрээний 8.3, 8.5 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч нь зээлийг ашигласан хоногоороо хүү, торгуулиа төлөх үүрэгтэй. ХХХХ шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш “ХХХ” ХХК нь зээлийн ямар ч төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй боловч ХХХХнаас зээлээр авсан мөнгөн хөрөнгийг ашигласаар байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь ХХХХны хуулиар олгогдсон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхэнд үндэслэлгүйгээр халдсан байна. “ХХХ” ХХК-ийн хувьд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэвээр байгаа юм. Мөн ХХХХны барьцаанд байгаа ХХХХХХХХ дүүргийн, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот 4 өрөө орон сууц, граж, тавилгын хамт барьцаалсан байсан боловч шүүгч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй гэж үзэн хасаж шийдвэр гаргажээ. Хэргийн 11-14 дэх талд зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар авагдсан бөгөөд барьцааны гэрээний 3 дахь заалтад тухайн зээлд барьцаалах хөрөнгийг нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаарын хамт дурдсан байна. Энэ хэсэгт улсын бүртгэгч нь өөрийн хувийн тамгаа дарж баталгаажуулж хууль ёсны барьцааны бүртгэлээ хийсэн байдаг. Мөн 100/11 тоот зээлийн болон барьцааны гэрээний эх хувь нь нотариатаар орж баталгаажсан бөгөөд ХХХ, ХХХ нарын албан ёсны зөвшөөрөл болон итгэмжлэлгүйгээр дээрх гэрээнүүд нь нотариатаар баталгаажиж, Улсын бүртгэлд бүртгүүлэх ямар ч боломжгүй юм. ХХХХ, “ХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 100/11 тоот зээлийн болон барьцааны гэрээ нь холбогдох хуулийн дагуу байгуулагдсан, эрх зүйн ямар ч зөрчилгүй гэрээ болохыг нотариатын үйлдэл, улсын бүртгэгчийн үйлдэл бүрэн нотолж байна.

 


 Шүүхийн шийдвэрт дурдсан, тухайн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл нь зээлийн хувийн хэрэгт эх хувиараа байгаа бөгөөд анх шүүхэд нэхэмжлэл гаргахад санамсаргүй байдлаар орхигдсон байна. Хэрэв хууль ёсны итгэмжлэл байхгүй бол нотариатч баталгаа хийж, улсын бүртгэгч барьцаанд бүртгэж, өөрийн тамгаар баталгаажуулах ямар ч үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дараахь өөрчлөлтийг оруулж, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү 41 645 599.63 төгрөгийг нэмж гаргуулах, ХХХХХХХХ дүүргийн, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот 4 өрөө орон сууц, граж, тавилгын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 499 999 866.57 төгрөг, зээлийн хүү 147 795 756 төгрөг, торгуулийн хүү 29 559 151 төгрөг, нийт 677 354 774 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч компанийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримт гарган мэтгэлцээгүй болно.

 

Талууд 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 500 000 000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлдүүлэх, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд гарын үсэг зурж бичгийн хэлцэл хийсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү төлөх талаар гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлагаа нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлдээ “нэмэгдүүлсэн хүү” гэж, нэмэгдүүлсэн шаардлагадаа “торгуулийн хүү” гэж өөрөөр нэрлэсэн байх боловч гэрээгээр тохиролцсон “нэмэгдүүлсэн хүү”-ийн шаардлага гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч гардаж авсан /хх.33, 51/ боловч шүүхээс тогтоосон болон хуульд заасан хугацаанд уг нэхэмжлэлийг няцаасан тайлбар, нотлох баримтаа гаргаж мэтгэлцээгүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч компанийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч “ХХХ” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 500 000 000 төгрөг, зээлийн хүү 180 500 000 /500 000 000*1.9%*19 сар=180 500 000/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 100 000 /180 500 000*20%=36 100 000/ төгрөг, нийт 716 600 000 төгрөгийг үндсэн болон нэмэлт үүрэгт төлөхөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагчаас төлөгдсөн гэж дурдсан 35 201 380.02 төгрөгийг хасвал 681 398 619.98 төгрөг төлөх үүрэгтэй байна. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 677 354 774 төгрөгийн хэмжээнд тодорхойлсон тул уг төлбөрийг хариуцагч “ХХХ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцнэ.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулж, улсын бүргэлд бүртгүүлэх тухай шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг барьцааны гэрээгээр  ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХ хороолол, ХХХХХХХХХХХХХ тоотод орших 114.86 м.кв, 4 өрөө орон сууц, граж, тавилга, ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХ тоотод орших 40 м.кв, 1203 тоот 105.85 м.кв талбай бүхий оффисыг тус тус барьцаалсан байна. /хх.11-14/

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Гэвч дээрх барьцааны гэрээнд заагдсан эд хөрөнгүүдээс ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХ хороолол, ХХХХХХХХХХХХХ тоот 114.86 м.кв, 4 өрөө орон сууц, автозогсоол нь ХХХ, ХХХ, ХХХ нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх.17/ тогтоогдож байх бөгөөд эдгээр өмчлөгч нар уг барьцааны гэрээнд оролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй, барьцааны гэрээнд “ХХХ” ХХК-ийн захирал ХХХ гарын үсэг зурсан байна. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн нь гэрээг байгуулахад уг барьцааны зүйлийн өмчлөгч нар итгэмжлэн зөвшөөрөл олгосон гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө өөрийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул хариуцагчийн гаргасан “... барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн бусад өмчлөгчдийн итгэмжлэл нь зээлийн хувийн хэрэгт эх хувиараа байгаа бөгөөд анх шүүхэд нэхэмжлэл гаргахад орхигдсон ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд заагдсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХ хороолол, ХХХХХХХХХХХХХ тоот 114.86 м.кв, 4 өрөө орон сууц, автозогсоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “ХХХ” ХХК-иас 677 374 774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 3 336 496  ...” гэснийг “3 702 674” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 178 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

                                                                  ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ