Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Дамбад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Д.Дамба, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,                                                                                                                                                                                        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Х.Идэр, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16ы өдрийн 139 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201625021616 дугаартай Д.Дамбад холбогдох хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9ий өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Модчин овогт Доржийн Дамба, 1996 оны 3 дугаар сарын 31-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Гэтлэгч Дарь-Эхийн хийдэд лам ажилтай байсан, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбийн 66 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЛМ96033112/;

 

Д.Дамба нь 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а байрны гаднах сагсан бөмбөгийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхсүхтэй сагс тоглож байгаад “алдаа гаргалаа” гэж маргалдан зодож, бие махбодид нь “...хүзүүнд цус хуралт, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан, улмаар насанд хүрээгүй хохирогч Б.Батсүхийг “ихэр дүү Б.Мөнхсүхийг өмөөрлөө” гэж маргалдан өргөж шидэн толгойгоор нь цементэн дээр унагааж, бие махбодид нь “...баруун талын лямбда хэлбэрийн заадаснаас зулай руу үргэлжилсэн хугарал, хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины баруун тенториумын түвшин дэх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, даланд зулгаралт...” гэсэн хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Дамбад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байна. Тухайлбал гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой тогтоогдоогүй байна.

2. Хэрэгт хохирогч нарын төрсөн эх П.Мөнгөнцэцэгийг гэрчээр байцаасан бөгөөд П.Мөнгөнцэцэг нь маргаан зодоон болох үед байгаагүй байна. Гэтэл тэдгээр хүүхдүүд гурав гурваараа талцан тоглож байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул тэдгээр хүүхдүүдээс гэрчээр байцааж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тодруулах шаардлагатай байна.

3. Хохирогч Б.Батсүхийн биед хийсэн үзлэг болон 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн КТГ-н дүгнэлтэнд “баруун талын лямбда хэлбэрийн зайдаснаас дээш зулайн орой чиглэлд үргэлжилсэн зайдас салсан хугаралтай, хугарлын түвшинд 3,5х0,6 см хэмжээтэй +65 нягтралтай эд цус хуралттай, баруун талын тенториум түвшинд 1,3х1,5 см хэмжээтэй +50 нягтралтай цус хуралттай, баруун дагзанд зөөлөн эдийн хавантай, тархи хавантай” гэсэн дүгнэлт зэргийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7868 дугаар дүгнэлтэнд “Б.Батсүхийн биед баруун талын лямбда хэлбэрийн зайдаснаас зулай руу үргэлжилсэн, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тенториумын түвшин дэх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, даланд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн байна. Мөн хохирогч Б.Батсүх нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэж, үргэлжлүүлэн гэрээр эмчилгээ хийлгэсэн баримтуудыг хэрэгт хавсаргажээ.

Гэтэл хохирогч Б.Батсүхийн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлтэнд “гавал ясанд гавал ясны дайвар хөндийнүүдэд өөрчлөлтгүй, нүдний ухархайн бүтэц хэвийн, экзоофтальм илрээгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, субарахноидаль зайнуудад өөрчлөлтгүй, ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн, голын бүрдэл хазайлтгүй” гэсэн дүгнэлтийг эмч Ц.Тунгалаг гаргасан байна.

Эдгээрээс дүгнэхэд хохирогч Б.Батсүх нь тархиндаа хүнд гэмтэл авч, дээрх эмчилгээг хийлгэснээр түүний биед учирсан хүнд гэмтэл бүрэн эдгэрсэн гэж үзэхэд учир дутагдалтай, өмнөх шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байсан тул шүүхээс дахин нарийн мэргэжлийн эмчийг оролцуулан 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан болно.

Гэтэл Эрүүл мэндийн яамны Дүрс оношилгооны салбар зөвлөлийн томилолтын дагуу дүгнэлт гаргасан шинжээч Д.Түвшинжаргал нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн КТ-ийн зургийг үзээгүй болохоо өөрийн саналд бичжээ. Өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд мэргэжлийн зүгээс дүгнэлт гаргах нарийн мэргэжлийн эмч нь дээрх зургийг үзэлгүй дүгнэлт гаргасан нь эргэлзээ бүхий байдлыг тайлж чадаагүй гэж үзнэ. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Д.Дамбад холбогдох хэрэгт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Дамбад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байна. Тухайлбал гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой тогтоогдоогүй байна. Хэрэгт хохирогч нарын төрсөн эх П.Мөнгөнцэцэгийг гэрчээр байцаасан бөгөөд П.Мөнгөнцэцэг нь маргаан зодоон болох үед байгаагүй байна. Гэтэл тэдгээр хүүхдүүд гурав гурваараа талцан тоглож байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул тэдгээр хүүхдүүдээс гэрчээр байцааж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тодруулах шаардлагатай гэжээ. Насанд хүрээгүй хохирогч Б.Батсүх, Б.Мөнхсүх нарын мэдүүлгийг гэрч П.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг нь бататгаж байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92-95 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдэд эргэлзээ бүхий зөрүүтэй зүйл байхгүй. Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүх хуралдаанаар гэмт хэргийн сэдэлтэд хууль зүйн дүгнэлт хийх ёстой байтал нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, сэдэлтийг тогтоох шаардлагатай гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх заалтыг зөрчсөн байна.

Хохирогч Б.Батсүхийн биед хийсэн үзлэг болон 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн КТГ-ийн дүгнэлтэнд “баруун талын лямбда хэлбэрийн зайдаснаас дээш зулайн орой чиглэлд үргэлжилсэн зайдас салсан хугаралтай, хугарлын түвшинд 3,5х0,6 см хэмжээтэй +65 нягтралтай эд цус хуралтай, баруун талын тенториум түвшинд 1,3x1,5 см хэмжээтэй +50 нягтралтай цус хуралттай, баруун дагзанд зөөлөн эдийн хавантай, тархи хавантай” гэсэн дүгнэлт зэргийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7868 дугаар дүгнэлтэнд “Б.Батсүхийн биед баруун талын лямбда хэлбэрийн зайдаснаас зулай руу үргэлжилсэн, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тенториумын түвшин дэх цусан хураа, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, даланд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн байна. Мөн хохирогч Б.Батсүх нь дээрх гэмтлийн улмаас гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтэж, үргэлжлүүлэн гэрээр эмчилгээ хийлгэсэн баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Гэтэл хохирогч Б.Батсүхийн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлтэнд “гавал ясанд гавал ясны дайвар хөндийнүүдэд өөрчлөлтгүй, нүдний ухархайн бүтэц хэвийн, экзоофтальм илрээгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, субарахноидаль зайнуудад өөрчлөлтгүй, ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн, голын бүрдэл хазайлтгүй” гэсэн дүгнэлт эмч Ц.Тунгалаг гаргасан байна. Эдгээрээс дүгнэхэд хохирогч Б.Батсүх нь тархиндаа хүнд гэмтэл авч, дээрх эмчилгээг хийлгэснээр түүний биед учирсан хүнд гэмтэл бүрэн эдгэрсэн гэж үзэхэд учир дутагдалтай, өмнөх шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байсан тул шүүхээс дахин нарийн мэргэжлийн эмчийг оролцуулан 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан болно. Гэтэл Эрүүл мэндийн яамны дүрс оношилгооны салбар зөвлөлийн томилолтын дагуу дүгнэлт гаргасан шинжээч Д.Түвшинжаргал нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн КТГ-ийн зургийг үзээгүй болохоо өөрийн саналд бичжээ. Өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд мэргэжлийн зүгээс дүгнэлт гаргах нарийн мэргэжлийн эмч нь дээрх зургийг үзэлгүй дүгнэлт гаргасан нь эргэлзээ бүхий байдлыг тайлж чадаагүй гэж үзнэ. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэжээ.

Гэтэл хэрэг шүүхийн шатанд байхад хохирогч Б.Батсүхийн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн хүнд гэмтэл авсан эсэхэд эргэлзэн шинжээч томилсон ба шинжээч нь хохирогчийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн компьютер томографийн зургийг /хүнд гэмтэл гарах шалтгаан болсон/ үзээгүй, харин ч эдгэсэн зургаар нь хүнд гэмтэл гаргасан нь хохирогчид учирсан гэмтэл ямар нэг маргаангүйг харуулж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Д.Дамбад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Д.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг дахин шалгах ёстой. Хохирогч нарт учирсан гэмтлийг би санаатай учруулаагүй...” гэв.

Шүүгдэгч Д.Дамбын өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139 дүгээр шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг гаргахдаа зөвхөн “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютер томографийн зургийг үндэслэн гэмтлийн зэрэг тогтоосон нь учир дутагдалтай. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дээрх байдлыг тогтоох болон тухайн үед хамт тоглож байсан хүүхдүүдийг гэрчээр асуух шаардлагатай. Мөн шүүхээс С.Чулуунсүх гэж эмчийг шинжээчээр томилоогүй байхад уг эмчээр 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б.Батсүхийн толгойн КТГ-ийн зургийг шинжээч нар санаачлагаараа уншуулж, шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Уг нь уг зургийг Д.Түвшинжаргал эмч унших ёстой байсан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Д.Дамбад холбогдох хэрэгт  нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан бүхий л асуудлуудыг тодруулахаар буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ