Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Ою171унгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Б.Ганболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 1711006020074 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 96,483,500 төгрөгийг гаргуулан хохирогч А.Г-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б нь “...Миний бие уг ажлаа сүүлийн 10 гаруй жил судлан бие даан холбогдох банк, санхүүгийн байгууллагад ажиллаж, туршлага мэдлэгээ өргөжүүлэн өнөөдрийг хүртэл яваа билээ. А.Г-тай хамтран ажиллахаас өмнө энэхүү ажлаараа хугацаандаа хэд хэдэн хүнтэй хамтран ажиллаж үр дүнтэйгээр дуусгаж байсан бөгөөд тэрхүү үр дүнгүүд нь бодитоор холбогдох баримт нотолгоотой байдаг. Олон улсад 200 гаруй жилийн түүхтэй бизнес болох “Хөрөнгө оруулалтын сан” гэх байгууллага бий болгон хөгжүүлэх алс хэтийн зорилгыг өвөртлөн эхэлж байх үед А.Г нь сонины зарын дагуу ирж уулзаад хэсэг хугацаанд бүх үйл ажиллагаа, хамтран ажиллах гэрээтэй дэлгэрэнгүй танилцан өөрөө ч энэ чиглэлээр их сонирхдог, тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан тул санал нэгдэн гэрээ байгуулж, цаашид өргөжүүлэн хувьцаа эзэмшигч болно гэж хамтарсан билээ. А.Г нь хамтран ажиллах үедээ ТОСК-ийн дарга ажилтай байсан тул түүнийг хэр хэмжээний мэдлэг, туршлагатай шийдвэр гаргах чадвартай хүн болох нь тодорхой юм. Миний бие ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд би ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг. Өөрийн амьдралдаа эцэг эхийнхээ зааж сургасан сургаал болох ямагт шударга, үнэн байх хүмүүжлийг голлох үнэ цэнэ болгон баримталж ирсэн бөгөөд цаашдаа ч үүнээсээ хазайхгүй явах болно гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс энэ хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Иргэний хуулиар шийдүүлэх боломжийг олгоно уу” гэсэн байна. 

 

Мөн шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Б-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ба давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Залилах гэмт хэргийн шинж нь бусдын хөрөнгийг буцаан төлөхгүй байх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох санаатайгаар үйлдэгддэг. Б.Б нь “Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу А.Г-аас 50,000 ам.долларыг түүний хүсэл зоригоор хэн аль нь ашиг олох зорилготойгоор харилцан тохиролцож арилжаанд оруулсан үйл ажиллагаа байсан. Гэрээний 1.1, 2.1, 2.3 , 3.3.1 дүгээр зүйлийн 2, 3.4.1 дүгээр зүйлийн 1-д дээрх нөхцөл байдал тусгагдсан байдаг. Б.Б, А.Г нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 2, 478 дугаар зүйлийн 478.11-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад Эрүүгийн хуульд хамааруулан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Б, А.Г нар нь харилцан мэдээлэл солилцон гэрээний биелэлтээ дүгнэж, А.Г ашиг гэж авч байснаа мэдүүлсэн байдаг. Арилжааны үйл ажиллагаа туүний зөвшөөрлөөр хийгдсэн байгааг шүүх анхаараагүй. А.Г-аас авсан 50,000 ам.долларыг арилжаанд оруулсан тухай гэрч С.Ш мэдүүлсэн. Хамтран ажиллах гэрээний үүргээ Б.Б биелүүлсэн ба түүнээс шалтгаалаагүй нөхцөл байдлаас хамтын үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон. Ашиг авч чадахаа болилоо гэсэн бодлоор А.Г цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдаг. Б.Б өөрийн эзэмшилд 50,000 ам.долларыг аваагүй бөгөөд А.Г-аас бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулсан зүйлгүй. Тэдний хооронд гэрээний эрсдэл үүссэн байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Б.Б-ыг цагаатгахыг хүсье” гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдааБ.Б-ын үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн зорилгогүй. Учир нь Монгол Улсын Дээд шүүх залилан мэхлэх гэмт хэрэг гэдгийг “бусдын эд хөрөнгө, мөнгийг бүр мөсөн авах зорилгоор санаатай хийж буй шунахайн сэдэлттэй үйлдэл” гэж тодорхойлсон. Гэтэл Б.Б-ын үйлдэлд хохирогчийг хохироох, түүнээс мөнгийг нь бүрмөсөн авах зорилго харагддаггүй. Тэдний хооронд хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Нөгөө талаас Б.Б нь Олон Улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгож байсан болох нь түүний үйл ажиллагаагаар нотлогддог. Мөн мөрдөгчөөс прокурорт хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг явуулсан. Гэтэл эрүүгийн хэрэгт хамааруулан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу юм. Хохирогч Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байхад түүний цүнхнээс гарч ирсэн гэрээний уг асуудал үүссэн болохыг мэдүүлсэн бөгөөд тухайн үед Б.Б-т залилуулсан талаар яриагүй. Гэвч хохирогч нэг цаг хугацаанд болсон нэг үйл явдлын талаар хоёр өөрөөр мэдүүлсэн. Шүүгдэгч нь 4 нялх хүүхэдтэй хүн бөгөөд түүний бизнесийн үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцох нь зохистой шийдэл биш юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б-ын хувьд бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж,  залилах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчтой хамтран ажиллах гэрээг хийсэн боловч мөнгөний шаардлагын улмаас дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь 50,000 ам.долларыг зарцуулсан байдлаар тогтоогдсон. Маржин арилжаанд оролцож ашиг олсон, алдсан талаар мэдүүлэх боловч орлого олсон бол буцаан авах боломж байсан. Гэтэл авахгүйгээр алдаж буй нөхцөл байдал нь 50,000 ам.долларыг буцаан өгөх боломжгүй гэдгээ мэдэж байсан байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид оногдуулсан ял эрүүгийн хариуцлагад тохирсон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.Б нь А.Г-аас 50,000 ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээлд өндөр ашигтай арилжаанд хөрөнгө оруулж буй нэрийдлээр авч дийлэнх буюу 35,000 ам.долларыг хувийн хэрэгцээндээ зарцуулж үлдэх 15,000 ам.долларыг өндөр эрсдэл бүхий валют арилжаанд оруулж алдсан үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоосон байна. Б.Б нь А.Г-д өөрийгөө олон улсын хөрөнгийн зах зээлд байнга ашигтай арилжаа хийсээр ирсэн гэж танилцуулан хөрөнгө оруулалт нэрээр авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар өөрийн үзэмж сонирхлоор автомашин худалдан авах зэргээр зарцуулж заримыг маржин арилжааны данс ашиглан валют арилжаалах чиглэлээр өөрөө хангалттай мэдлэг, ур чадвар эзэмшээгүй, ашиг олох ямар нэгэн баталгаагүй байхад эцсийн үр дүнд санаа зовохгүйгээр оруулж үрэгдүүлсэн нь Б.Б, А.Г нарын байгуулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оруулж, арилжаанаас олсон өгөөжийг хуваарилах тухай “Хамтран ажиллах гэрээ” (1хх-ийн 42-45 хуудас)-ний агуулга зарчимд нийцэхгүй үйл ажиллагаа явагдсан гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шат шатны шүүхүүдэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсан хэмээн маргасаар ирсэн боловч үүсч болзошгүй өндөр эрсдэл бүхий үр дагаврыг хохирогчид эс танилцуулан, гэрээнд тусгалгүйгээр дарагдуулж их хэмжээний ашгийг ямар нэгэн эрсдэлгүй энгийн явцаар олох мэтээр бодит байдлыг гуйвуулан итгүүлж байгуулсан “хамтран ажиллах гэрээ” гэх бичгийн баримтыг залилан мэхлэх гэмт хэргийн халхавч гэж үзэх үндэслэлтэй. Цаашилбал, уг гэрээнд Б.Б /А тал/ нь А.Г /Б тал/ нь зөвхөн олсон ашиг орлогоос хувь хүртэх атал хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг болох 35,000 ам.долларыг Б.Б хувьдаа ашиглан захиран зарцуулсан нь энэхүү гэрээг анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хуурамч гэрээ, хэлцэл гэж үзэхэд хүргэж байна.

 

Түүнчлэн, “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.4.1-д заасан дэлхийн зах зээлийн огцом хямрал, олон улсын валютын системийн гэнэтийн өөрчлөлт, хөрөнгийн зах зээлийн төв серверийн хэвийн үйл ажиллагаа доголдсон гэх нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь 15,000 ам.долларыг арилжаанаас татан авах боломжтой байсан хэдий ч аз сорих хэлбэрээр бүгдийг алдсан нь хамтран ажиллах гэрээний зорилгыг хангаж ажиллах хүсэл эрмэлзэл үгүй байсныг харуулна.

 

Иймээс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” худалдааны төвийн байранд А.Гас 50,000 ам.долларыг хөрөнгө оруулалт нэрээр авч, 114,483,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэдийгээр иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан бүрийг гэмт хэрэг үзэхгүй боловч гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг билээ.

                                                                             

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН