| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0044/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 37
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Ж.М ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М ад холбогдох 163/2019/0044/Э индекстэй, 1905000000007 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Ж.М .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын “Х” гэх газраас Я.Б гийн 6 тооны адууг хулгайлж, түүнд 6000000 /зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М : Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
1915000000007 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Я.Б гийн өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн “Бүргэний гол” гэх газраас 6 тооны адуугаа хулгайд алдсан. ... Тэгтэл сая хэд хоногийн өмнө миний алдсан адууг М гэдэг хүн хулгайлаад ачсан гэдгийг сонссон. Тухайн үед М нь цэнхэр өнгийн портер машин дээр ачсан гэсэн. Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн малчин Мэ гэдэг залуугаас сонссон. Энэ залуутай утсаар яриад алдсан адуугаа хэлсэн чинь “аан та 10 гаруй хоногийн өмнө надтай холбогдохгүй, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат М гэдэг залуу таны алдсан адууг таних тэмдэг, зүсээр нь сураглаж явсаар байгаад манай хаваржаанд намар хашаад хөх өнгийн портер машинд ачаад аваад явсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 5 тал/,
Гэрч Ж.М-ын өгсөн: “... Тэгээд М бид хоёр орой болсон учир замдаа Мэ гэдэг айлд хоносон. ... Тэгээд маргааш өглөө нь 12 цагийн үед тэднийхээс гараад 4-5 км газар яваад хээр эзэнгүй байсан адууг минийх гээд машинаараа туугаад тэр хавьд байсан айлын эзэнгүй хаваржааны хашаанд оруулж байгаад бид хоёр ачсан. Тэгээд тэндээсээ буцаад “Номын булаг” ороод цаашаа “Авзагын” бригадын ойролцоо нөгөө ачиж ирсэн адуугаа буулгасан. ... М хэлэхдээ хэдэн адуу алдсан, тэгсэн энд байна. Надад дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Уг адууг ямар учиртайг нь би мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 тал/,
Шүүгдэгч Ж.М ын яллагдагчаар өгсөн: “... тэгээд өөрийн адууг олдохгүй болохоор нь гэрийн зүг буцахаар болсон. Тэгээд харьж явтал “Хар бухын гол”-ын хойд талд 6 тооны адуу байсан. Тэгэхээр нь би тэр адуунуудыг гэр рүүгээ тууж байтал замд зүс таних Дарга гэх залуу цэнхэр өнгийн Портер маркийн машинтай тааралдсан. Тэгэхээр нь би энэ хэдэн адууг ачаад дөхүүлээд өгчих гэж хэлээд 6 тооны адууг тэр Дарга гэх залуугийн машинд ачиж яваад Авзага бригадын ойролцоо зам дээр буулгаад би цааш тууж Дарга гэх залуугаас салсан. Тэр адуунуудыг Дарга гэх залуугаас салаад ойролцоогоор 3 км орчим газар туугаад бэлчээрт орхиод би гэр рүүгээ явсан. Хэд хоногийн дараа ирэхэд адуунууд байхгүй байсан. ... Би хохирогч Я.Б гэх хүнд дансаар мөнгө шилжүүлж гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болгосон. ...” гэх мэдүүлэг /хх 20-21/,
Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн алдагдсан малд зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 10 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 17-18/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 11-12/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28/, эд зүйл баримт, бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 31/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /дансны хуулга/ /хх 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 6000000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.М нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын “Хар бухын гол” гэх газраас Я.Б гийн 6 тооны адууг хулгайлж, түүнд 6000000 /зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Ж.М ын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.М нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 6000000 төгрөгийг дансаар шилжүүлэн хохирол төлбөрийг барагдуулснаар хохирогч Я.Б нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ж.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.М ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Ж.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.М ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.М ад оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчиж явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД