| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0635/э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
Улсын яллагч Н.Нарангэрэл,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан хүрэмт овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1810016920707 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хоёр охины хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 184 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах,
- Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 69 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Улаан хүрэмт овогт Б.М
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:
Яллагдагч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 9 дүгээр гудамжны 353Б тоотод оршин суух иргэн Б.М-ын өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж плетка, цахилгаан тогоо, Шанел брендийн үнэртэй ус, “Бэйби” хүүхдийн тос зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нилээн согтсон байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн үед УСУГ-н ээлжийн ажлаасаа бууж ирсэн. Tэгээд өөрийн ээжийг тэтгэврийн зээл авах талаар мэдээд түүнд тус болох гээд явахад гэрт 4-10 насны 3 хүүхэд мөн нөхөр маань үлдсэн. Ээж бид хоёрыг нисэхийн Хаан банкинд очиж зээл хөөцөлдөж, очерлож яваад ирэхэд ойролцоогоор 13:00 цаг болсон. Тэгээд гэрт ирэхэд хашааны хаалга нээлттэй, үүдний хаалга, амбаарын хаалга нээлттэй байсан. Тэгэхээр нь гэр рүү орж юу болсон талаар харахад эд зүйл онгичсон байхаар нь хүүхдүүд тоглож байгаад гарсан юм байх гэж ойлгосон. Тэгээд утсаараа хүүхдүүдээ дуудаад гэртээ ирцгээсэн. Хоол цай чанаж өгөх гэтэл цахилгаан тогоо, индукцийн плитка байхгүй байсан. Тэгээд хулгай орсон талаар мэдээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирэх хүртэл гэрээс юу юу алга болсон талаар хайхад Coco chanel ягаан өнгийн үнэртэй ус, Baby cream, цахилгаан тогоо, орны бүтээлэг, гарын тос зэрэг зүйлс байхгүй байсан. Индукцан плиткийг 45.000 төгрөгөөр захаас авч байсан. Цахилгаан тогоог 58.000 төгрөгөөр Хар хорин захаас авсан. Улаанбаатар их дэлгүүрээс Coco chanel брендийн үнэртэй усыг 45.000 төгрөгөөр авсан, хүүхдийн тос 35.000 төгрөг тус тус авч байсан. Гарын тос, бүтээлэг хоёрыг үнэлэх шаардлага байхгүй. Бусад зүйлсийг авсан үнээр нь үнэлэх болно. Надад үнэртэй ус нь ирсэн бусад нь ирээгүй тул нэхэмжлэх болно. Би тухайн үед цагдаад мэдэгдсэний дараа гэрийн ойролцоох газраар хүмүүсээс асууж хулгайд алдсан зүйлсийнхээ содон шинж тэмдгийг хэлэхэд барилга дээр ажилладаг Б.М гэх эмэгтэй надад хэлэхдээ 50 орчим насны муруй хамартай, бордуу царайтай ах байсан талаар хэлсэн. Түүний дараагаар тухайн хүн дахин өөр дугуй зарах гэж явж байхад нь Б.М мэдээд цагдаад барьж өгсөн байсан. Би алдагдсан эд зүйлсийнхээ мөнгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-12-р тал/
Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт Ухаагийн 23 дугаар гудамжны 907-2 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай нөхөр Номгон дэлгүүрийн хажуугийн шинээр баригдаж байгаа барилгын гадна талын зогсоолын ажлыг хийж байгаа. Өнөөдөр өглөө би 11-12 цагийн орчимд цай, хоол аваад нөхөр дээрээ очсон. Тэгээд буцаад явж байтал Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны байрны хажуугийн худгийн хажууд 50 гаран насны дунд зэргийн махтай, дунд зэргийн нуруутай, хөдөөний байрын царайтай, дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн “нүүрний тос авах уу, хоёуланг нь 1000 төгрөгөөр авчихаач” гээд хүрээд ирсэн. Хартал нэг нь цэнхэр өнгийн таглаатай цагаан өнгийн шахдаг тос, нөгөө нь Гарнерийн крем байсан. Тэр хүн мөн сугандаа саарал өнгийн дөрвөлжин бүтээлгэнд боодолтой зүйлийг хавчуулчихсан явж байсан. Би авахгүй гэж хэлчихээд цаашаа алхтал тэр хүн сугандаа хийж барьж явсан зүйлээ газар унагаачихсан. Би тэр үед эргэж хартал саарал саатай цацагтай бүтээлгэн дотроос нь саарал өнгийн хоёр талдаа бариултай плитка, цэнхэр торонд хийсэн жижиг тогоо зэрэг эд зүйлс газарт унасан байсан. Тэр хүн архи уусан бололтой халамцуу ганцаараа явж байсан. Яг тэр үед хорооны цагдаа тэр хүнийг юмаа аваад хүрээд ир гээд дуудаж байсан. Тэгтэл нөгөө хүн “манай гэр энд би гэртээ орлоо” гээд гүйгээд явчихсан. Дараа нь би 15-16 цагийн орчимд би дэлгүүр оронгоо нөхөр дээрээ очоод байж байтал нөхрийн ажлын хажуугийн хашаанаас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд “манайд хулгай орчихож, хоол хийж идэх гэсэн чинь тогоо плитка алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танайд саарал цацагтай бүтээлэг байдаг уу, плитка чинь хоёр талдаа бариултай юу, өөр ямар зүйл алдсан юм бэ” гэхэд “плитка маань хоёр талдаа бариултай, плитка, тогоо, миний нүүрний крем, тос алга болчихож” гэж хэлсэн. Миний харсан зүйлүүд тэр хүний хэлж байгаа зүйлстэй яг тохирч байсан. Би тэр үед нэг 50 гаран насны хүн бариад зарах гээд явж байсан талаар хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёр гэртээ орчихсон. Удаагүй байж байтал замын хойд талд нөгөө тос, крем зарах гээд явж байсан дээгүүрээ нүцгэн 50 гаран насны эрэгтэй хүүхдийн унадаг дугуй түрчихсэн явж байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг хараад таниад дугуйг нь худалдаж авъя гэж худал хэлээд хажуудаа ирүүлээд байж байтал нөгөө хулгайд эд зүйлээ алдсан гэх эмэгтэй хашаанаасаа цагдаатай хамт гараад ирсэн. Тэгээд би тэр хүнийг зааж цагдаад өгсөн. Ямар ч байсан хулгайн эд зүйлсийг зарах гээд авч явж байсан эрэгтэй мөн байсан. Содон шинж тэмдэг нь хөдөөний царайтай, 50 гаран насны халамцуу дунд зэрэг махлаг дунд зэргийн нуруутай, халзан толгойтой /дөнгөж үс нь ургаж байгаа байдалтай/ эрэгтэй хүн байсан. Тэр хүн дээргүүрээ цээж нүцгэн, цамцаа тайлаад бүсэлхийгээрээ уясан байсан. Нэрийг нь би мэдэхгүй. Урьд өмнө нь харж байгаагүй хүн байсан. Одоо дахин харвал би танина...” гэжээ. /хх 15-16-р тал/
Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороог хариуцсан цагдаагаар ажилладаг юм. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцсан нутаг дэсвгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 9-353Б тоотод хулгай орсон” гэх утга бүхий дуудлага ирсэн. Энэхүү дуудлагыг хүлээн авч сэжигтэй хүмүүсийг шалгаад явж байтал манай хорооны нутаг дэсвгэрт архидан согтуураад явж байдаг Б.М гэдэг хүнтэй таарсан. Тухайн үед уг хүн нэлээд согтуу байсан бөгөөд өөрийгөө танилцуулан биед байгаа юм аа гаргахыг шаардсан боловч биед байгаа эд зүйлээ гаргаж өгөхгүй болохоор нь халаасанд нь үзлэг хийсэн чинь Coco Chanel гэсэн бичигтэй үнэртэй ус гарч ирсэн. Дуудлага мэдээлэл ирэхдээ алдагдсан эд зүйлийн содон шинж тэмдгийг хэлж байсан бөгөөд уг үнэртэй ус зарлан мэдээлсэн эд зүйл мөн байсан. Ингээд уг хүнийг саатуулж жижүүрт хүлээлгэн өгсөн. Б.М их согтуу байсан. Биенээс нь үнэртэй ус л гарч ирсэн. Өөр эд зүйл гарч ирээгүй. Согтуу байсан болохоор айлаас авсан овор ихтэй эд зүйлээ хаячихсан байх. Мөнхбат нь ганцаараа явж байхад би саатуулсан бөгөөд согтолт ихтэй халааснаас нь үнэртэй ус гарч ирсэн...” гэжээ. /хх 18-19-р тал/
Гэрч Э.М-О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 13 цагийн орчим би хорооны үүдэнд буюу гадаа саравчинд сууж байтал урьд нь архи уугаад л яваад байдаг нэрийг нь үл мэдэх залуу согтуу байдалтай, ертөнцийн зүгээр баруун тийш алхаж байсан. Мөн уг хүн эрээн өнгийн зүйлд юм боочихсон явж байхаар нь би “хөөе” гээд дуудсан чинь эргэж харах үед нь барьж явсан зүйлээс нь жижиг плитка унасан. Гэтэл нэлээн сандарсан байдалтай уг плиткаа газраас аваад цааш гүйгээд явчихсан. Би уг хүнийг 30 орчим метрийн зайнаас харсан бөгөөд тухайн өдрийн орой ажил буюу хэлтэс дээр ирэхэд нөгөө надаас зугтсан хүн хэлтэс дээр ирчихсэн байсан. Мөн тэр хүнийг ямар учиртайг асуухад айлаас хулгай хийсэн гэж манайхан хэлсэн. Ингээд л тэр хүнийг хулгай хийсэн талаар ойлгосон. Б.М нь ганцаараа явж байсан. Би сайн харсан. Архи уухын хувьд уучихсан байх шиг байсан. Гэхдээ яахаа алдаж унаж тусч яваагүй. Бас намайг дуудах үед өврөөс нь плитка унасан ч цаанаа дахиад эд зүйл байсан...” гэжээ. /хх 83-84-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, ял шалгах хуудас /хх-45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-48, хх-49-51, хх-88-90/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 9 дүгээр гудамжны 353б тоотод оршин суух иргэн Б.Мын өвлийн орон сууцанд хуул бусаар нэвтрэн орж, 100.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг хулгайлан авсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10 тал/, хохирогч Б.Мын “..Тэгээд гэрт ирэхэд хашааны хаалга нээлттэй, үүдний хаалга, амбаарын хаалга нээлттэй байсан. Тэгэхээр нь гэр рүү орж юу болсон талаар харахад эд зүйл онгичсон байхаар нь хүүхдүүд тоглож байгаад гарсан юм байх гэж ойлгосон. Тэгээд утсаараа хүүхдүүдээ дуудаад гэртээ ирцгээсэн. Хоол цай чанаж өгөх гэтэл цахилгаан тогоо, индукцийн плитка байхгүй байсан. Тэгээд хулгай орсон талаар мэдээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирэх хүртэл гэрээс юу юу алга болсон талаар хайхад Coco chanel ягаан өнгийн үнэртэй ус, Baby cream, цахилгаан тогоо, орны бүтээлэг, гарын тос зэрэг зүйлс байхгүй байсан. Индукцан плиткийг 45.000 төгрөгөөр захаас авч байсан. Цахилгаан тогоог 58.000 төгрөгөөр Хар хорин захаас авсан. Улаанбаатар их дэлгүүрээс Coco chanel брендийн үнэртэй усыг 45.000 төгрөгөөр авсан, хүүхдийн тос 35.000 төгрөг тус тус авч байсан. Гарын тос, бүтээлэг хоёрыг үнэлэх шаардлага байхгүй. Бусад зүйлсийг авсан үнээр нь үнэлэх болно. Надад үнэртэй ус нь ирсэн бусад нь ирээгүй тул нэхэмжлэх болно” гэх мэдүүлгээр, гэрч Б.Мийн “...Дараа нь би 15-16 цагийн орчимд би дэлгүүр оронгоо нөхөр дээрээ очоод байж байтал нөхрийн ажлын хажуугийн хашаанаас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд “манайд хулгай орчихож, хоол хийж идэх гэсэн чинь тогоо плитка алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танайд саарал цацагтай бүтээлэг байдаг уу, плитка чинь хоёр талдаа бариултай юу, өөр ямар зүйл алдсан юм бэ” гэхэд “плитка маань хоёр талдаа бариултай, плитка, тогоо, миний нүүрний крем, тос алга болчихож” гэж хэлсэн. Миний харсан зүйлүүд тэр хүний хэлж байгаа зүйлстэй яг тохирч байсан. Би тэр үед нэг 50 гаран насны хүн бариад зарах гээд явж байсан талаар хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёр гэртээ орчихсон. Удаагүй байж байтал замын хойд талд нөгөө тос, крем зарах гээд явж байсан дээгүүрээ нүцгэн 50 гаран насны эрэгтэй хүүхдийн унадаг дугуй түрчихсэн явж байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг хараад таниад дугуйг нь худалдаж авъя гэж худал хэлээд хажуудаа ирүүлээд байж байтал нөгөө хулгайд эд зүйлээ алдсан гэх эмэгтэй хашаанаасаа цагдаатай хамт гараад ирсэн” гэх мэдүүлгээр, хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хулгайлах гэмт хэргийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд дээрхи ялыг эдлээгүй болох нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгаас ирүүлсэн “Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг”-ээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас 100.000 төгрөгний хохирол учирсан байх ба 27.000 төгрөгний үнэтэй үнэртэй усыг хохирогч Б.М нь буцаан авч, үлдэх 73.000 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-нийг хүртэл 15 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 15 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 25 хоног, нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаан хүрэмт овогт Б.Мыг бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мыг 2 жил 1 сарын /хоёр жил нэг сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 73.000 / далан гурван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 9-353 тоотод оршин суух /РД:БЮ77051805/ Б.Мт олгосугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ