Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-13 тоотод оршин суух Тайж овгийн Санжаагийн Алтангэрэлийн /ФБ-58121218 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, хүсэлт гаргагч С.Алтангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч С.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие С.Алтангэрэл нь хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад Монгол ажилчдын захиргааны А.Т.К-д камазын жолоочоор 1986-1989 оны хооронд ажиллаж байсан тухайн үеийн боловсон хүчний хөдөлмөрийн дэвтэр, тушаал дээр зөвхөн жолоочоор ажиллаж байсан гэсэн бичилт хийж, хүнд нөхцөлд ажилласан жил дутсан учир энэ хугацаанд ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн тодорхойлолт авч ажиллаж байсан хүнд нөхцөл жилийг тооцож өгнө үү ” гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч П.Мандах мэдүүлэхдээ:1986-1989-оны хооронд Эрдэнэт хотын Монгол ажилчдын Нэгдсэн захиргааны Авто тээврийн комбинатад хамт ажиллаж камаз машин барьж байсан.Алтангэрэл камаз самосвал машин барьж байсан,би портвой камазтай байсан гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Алтангэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.

 

Санжаа овогтой Алтангэрэл нь 1986 оны 08 сарын 02-ны өдрөөс 1989 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын Нэгдсэн захиргааны Авто тээврийн комбинатад камаз машины жолоочоор ажиллаж байсан болох нь №162136 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, Монгол ажилчдын захиргааны даргын 1987 оны 02 сарын 19-ны өдрийн 51 дугаартай тушаал нөхөн гаргах тухай тушаал, гэрчүүдийн мэдүүлэг,хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд С.Алтангэрэлийг камаз машины жолоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Санжаа овогтой Алтангэрэлийг 1986 оны 08 сарын 02-ны өдрөөс 1989 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргааны Авто тээврийн комбинатад камаз машины жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                       .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АРИУНЦЭЦЭГ