Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 33

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Э.С , Б.Б , Б.Ш ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С , Б.Б , Б.Ш  нарт холбогдох 163/2019/0032/Э индекстэй, 1915000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э.С.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.Ш.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С , Б.Б , Б.Ш  нар нь /яллах дүгнэлтээр/ бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Цох” гэх газраас Г.Б ын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

1915000000005 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Г.Б ын өгсөн: “... Түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл адуугаа бүртгээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр аав минь малд явдаг адуугаа солих гээд адууны бэлчээр рүү яваад ирэхдээ танай хонгор зүстэй гүү байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би адуугаа харахаар сумын төвөөс очсон байсан. Очиход аав минь бүх адууг хураагаад малын хашаанд хашсан байсан. ... Манай алга болсон гүү буруу гуяндаа аагт олом тамгатай, духан дээрээ сартай хонгор зүстэй байсан. ... Хонгор гүүнийхээ махыг бүрэн бүтэн хүлээж авсан. ... Надад учирсан хохирлыг барагдуулсан учраас санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлгүүд /хх 25-28/,

Гэрч Д.Г ын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр малд явдаг морио солих гээд адуугаа бэлчээрээс нь цуглуулаад малын хашаанд хашсан. Адуугаа бүртгэхэд хонгор зүстэй гүү байхгүй байсан. Уг гүү нь хүү Б ынх бөгөөд түүнд утсаар хэлсэн. ... Манай хүү Б ын унаган адуу бөгөөд би 2014 онд гэр бүлтэй болж өрх тусгаарлахад нь өгч байсан адууны нэг нь юм. ... Буруу талдаа аагт олом тамгатай, духан дээрээ жижиг сартай, хонгор зүстэй гүү байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч Т.Га-ын өгсөн: “... Саяхан буюу 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орчимд Б  хонгор гүү алга болсон, харсан, сонссон зүйл байгаа эсэхийг надаас асуусан. ... Би Г  ахынд ус авахаар очсон бөгөөд тэр үед Г  ах манай хүү Б ын хонгор гүү алга болсон, олдохгүй байна гэж ярьж байсан. ... Духан дээрээ жижиг сартай, хонгор зүстэй гүү байсан. ...” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Гэрч П.Д гийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед найз Ш  машинаа засахаар манайд ганцаараа ирсэн. Ш  бид хоёрыг машин засаж байхад Ба ирсэн. 12 цагийн үед Ш  хүнтэй утсаар ярьсан бөгөөд Ба бид хоёрт “манай найз Баяннуур сумаас 1 адуу аваад ир гээд байна, хамт явчихаад ирье” гэж хэлсэн. Бид 3 машинаа янзлаж дуусчихаад 18 цагийн үед Улаанбаатар хотоос Баяннуур сум руу гарсан. Замдаа Ш  хүнтэй утсаар ярьж байгаад засмал замаас гарч гэрлээ унтрааж зогссон. Удалгүй 1 залуу морьтой ирсэн. Түүний араас очиход Б  гэх залуу байсан. Хонгор зүстэй гүү уяатай байсан. Б , С  нар адууг нугаслаж алсан, харин би уг адууны арьсийг нь өвчсөн. Б  гэх залуу явахаар болж, түүнийг С  гэх залуу нь хүргэж өгчихөөд буцаж ирсэн. Ш , Ба, С  бид нар адууг янзлаж, ачиж дууссаны дараа Ш  С аас бичиг баримт байгаа эсэхийг асуухад “хулгайлсан адуу шүү дээ, сэвс, толгой, шийрийг нь хол хаячихаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 3 зөвшөөрч машиндаа суугаад хөдөлсөн. Засмал замтай нийлж 10 км орчим явж байгаад засмал замаас гарч 2 км орчим явж байгаад адууны толгой, шийр, гэдсийг хаясан. Цааш засмал замтай нийлж явж байгаад “Уушын толгой” гэх газарт цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 54-55/,

Гэрч Ц.Ба-ийн өгсөн: “... Би Ш гээр дамжуулан малын бичиг авч байгаарай, мөн малаа гаргаж байгаарай гэж С ад хэлүүлсэн. Утсаар ярьж байгаад засмал замаас салж хэсэг явж байгаад машиныхаа гэрлийг унтрааж зогссон. Удалгүй 1 залуу морьтой ирсэн. Түүний араас дагаж саравчны хажууд очсон бөгөөд тухайн саравчинд 1 тооны хул гүү уяатай байсан. Мөн тэнд Б  гэх залуу байсан. ... Адууг янзалж, ачиж дууссаны дараа Ш  С аас малын бичиг баримт байгаа эсэхийг асуухад “байхгүй, зохицуулаарай” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “өө яасан завхарсан юм бэ” гэж хэлээд машинд суусан. ... Атар өнгөрөөд цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 56-57/,

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “... Хонгор гүү ... нас гүйцсэн, хээлтэй ... 1000000 төгрөг ...” гэх үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 72/,

Гэрч Л.М-ийн өгсөн: “... Би Төв аймгийн Лүн сумын Замын цагдаагийн зохицуулагчаар ажилладаг. 2019 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газрын засмал зам дээр зохицуулагч цагдаа, цагдаагийн а/а Э ийн хамт үүрэг гүйцэтгэж байх үед 04 цагийн орчимд Улаанбаатар хотын чиглэлд явж байсан **-** УНМ улсын дугаартай, саарал өнгийн “Nissan wingroad” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь Ш , зорчигчид нь Ба, Д  гэх хүмүүс явж байсан. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд багажинд адууны шир, мах халуунаараа байсан. Уг адууны махны гарал үүслийн бичгийг асуухад байхгүй байсан. Ш  гэх залуу “өөрийн мал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас авч явна, орой болсон учир гарал үүслийн бичиг авч чадсангүй” гэж хэлсэн. Тэднийг саатуулж Төв аймгийн Лүн сумын замын хяналтын пост дээр авч ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд байсан хүмүүсийг тус тусад нь тусгаарлаад ярилцахад өөр хоорондоо зөрүүтэй зүйл ярьсан. Ба нь “тухайн адууг мэдэхгүй, машинд дайгдаж явж байна”, Д  нь “уг адууг Ш гийн ахынх”, Ш  нь “Булган аймгийн Баяннуур сумаас хулгайлсан адуу байгаа юм” гэж хэлсэн. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд шалавч доороос хар өнгийн иштэй хутга гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 122-123/,

Гэрч Д.Э ийн өгсөн: “... Ш , Ба, Д  гэх хүмүүс гарал үүслийн бичиг баримтгүй нойтон мах ачиж явсанг саатуулж шалгахад Булган аймгийн Баяннуур сумын нутгаас бусдын 1 тооны адууг хулгайлж нядалж, мах, арьс, ширийг нь авч явж байсан. ... Сүүлдээ өөр, өөр зүйл яриад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 124-125/,

Шүүгдэгч Э.С ын яллагдагчаар өгсөн:  “... Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед Баяннуур суманд байрлах Б  гэх найзтайгаа малын өтөг арилгаж байгаад Б аар тоглох санаатай “хоёулаа мал хугайлах уу, Улаанбаатар хотоос найз Ш г дуудчихъя” гыэж хэлсэн. Харин Б  “Ш  ирэх юм уу даа” гэхэд нь би “утсаар ярьж байгаад болъё” гээд мал руугаа явсан. Би 12 цагийн үед найз Ш  рүү утсаар ярьж “чи завтай байна уу” гэхэд тэрээр “би машинаа янзлаж байна, яасан бэ” гэж асуусан. Би түүнд “адуу зарах гэсэн юм, ирэх боломж байна уу” гэхэд “би завтай байна, машинаа янзалчихаад орой очъё” гэж хэлсэн. 17 цагийн үед Ш  над руу залгасан бөгөөд “Улаанбаатар хотоос гарч байна, захих зүйл байна уу” гэхээр нь би “махныхаа доор дэвсэх уут аваарай” гэж хэлсэн. 19 цагийн үед би өөрийнхөө үхэр, тугалыг гэр рүүгээ тууж авч ирсэн. Үүний дараа Б тай хамт гэрээс ертөнцийн зүгээр баруун урагшаа 5 км орчим газраас цагаан азаргатай 5 тооны адууг хойд зүг рүү “Хар нүдэн” гэх газарт байрлах өвөлжөөнд хашиж байгаад сартай хонгор зүстэй гүүг барьж уясан. Үлдсэн 4 тооны адууг тавьж явуулсан. Би тухайн үед уг адууг гүү байсныг мэдээгүй. ...”  гэх мэдүүлэг /хх 101-102/

Шүүгдэгч Б.Б ын яллагдагчаар өгсөн: “... 19 цагийн үед намайг гэрийнхээ гадаа байхад С  ирсэн. Бид хоёр ертөнцийн зүгээр зүүн урагшаа 5 км орчим газраас бор азаргатай 5 тооны адууг туугаад Буянтогтох гэх хүний өвөлжөөнд хашиж байгаад хонгор зүстэй гүүг барьж уясан. Үлдсэн адууг тавьж явуулсан. С  утсаар ярьж Ш г тосохоор явсан. ... Удалгүй С  Ш гийн машины гэрлийг унтаалгаад дагуулж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 97-98/,

Шүүгдэгч Б.Ш гийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед С  над руу залгасан бөгөөд “найзад нь мөнгөний хэрэг гарсан, орой манайд хүрээд ир, нэг адуу авч яваад зараад өг” гэж ярьсан. Би түүнд “за, тэгье, машинаа янзалж байна” гэж хэлсэн. Тэр үед Д , Ба бид 3 Чингэлтэй дүүргийн “Салхит” гэх газар миний машиныг янзлаж байсан. Машинаа янзлаж дуусаад харих гээд “Дэнжийн 1000” гэх газарт явж байхад С  утсаар залгаад “яасан бэ, гарах болж байна уу” гэж хэлсэн. Харин би “одоо шууд гарлаа” гээд Баяннуур сум руу гарсан. С  махны доор дэвсэх уут захьсан. ... С  машиныхаа гэрлийг унтраа гээд бид нарыг нэг өвөлжөө рүү дагуулж явсан. Өвөлжөөнд очиход Б  гэх залуу байсан бөгөөд хашаанаас хонгор зүстэй гүү уясан байсан. Би хонгор гүүг барьж, С , Б ын хамт унагаж байгаад нугаслаж алсан. Б  гэдсийг нь гаргасан. Д  арьсийг нь өвчсөн. Тухайн үед Б  хүүхдийн бие муудаад байна гэхэд нь С  гэрт нь хүргэж өгөхөөр явсан. ... Адууг янзлаж дуусчихаад 2 хэсэг болгож машинд ачсан. Мөн толгой, шир, шийр гээд л юу ч үлдээхгүй машинд ачсан. ...” гэх мэдүүлэг /хх 103-104/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-17/, малын ширэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-19/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-22/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 73-78/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 80-81, 83-84, 86-87, 89-90, 92-93/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 126, 129, 132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 156, 158-159/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 161-163/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх 189-192/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх 193/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малын ширэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 1000000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.С , Б.Б , Б.Ш  нар нь 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Цох” гэх газраас Г.Б ын бэлчээрт байсан мал буюу 1 тооны гүүг хулгайлж, захиран зарцуулсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ/ байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Г.Б нь шүүгдэгч нартай эвлэрч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УНМ улсын дугаартай, саарал өнгийн “Nissan wingroad” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, үнийг улсын төсөвт шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э.С , Б овогт Б.Б , Х овогт Б.Ш  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.С , Б.Б , Б.Ш  нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.С , Б.Б , Б.Ш  нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УНМ улсын дугаартай, саарал өнгийн “Nissan wingroad” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Ш гээс албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.    

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С , Б.Б , Б.Ш  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД