Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00059

 

Х.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00216 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Х.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух М.А-д холбогдох,

 

“М.А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүний газар, байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч Х.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч М.А-, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч М.Нурасыл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий зар мэдээ зарын группэд 13 дугаар багт 2500 м.кв газартай, газар ба байшин зарна. Тодорхой мэдээллийг 9525-3900 дугаараас авна уу гэсэн зар тавьсан байсан. Зар тавьсан хүн А-н М нэртэй хүн байсан.

1.2. Уг зарын дагуу миний нөхөр болох Ж.Ж- нь очиж үзсэн ба тэр үед төмрөөр хашаа татсан газар байсан ба хашаан дотор 3 өрөө байшин, бие засах газар байсан. Харин газар болон байшингийн гэрчилгээ, бичиг баримт нь байхгүй байсан бөгөөд бичиг баримт нь банканд барьцаанд байгаа ба мөнгөө бүрэн авсны дараа банкнаас гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд төмрөөр хашаа татсан 2500 м.кв газар болон 105.35 м.кв талбайтай 3 өрөө байшинг гараашны хамт нийт 70,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Хамгийн эхлээд 4 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилгаа 5,0 сая төгрөг өгсөн.

1.3. Гэтэл газар, байшингийн гэрчилгээг үзье гэж хэлж байсан боловч үзүүлэхгүй татгалзаж, мөнгө нэхээд байхаар нь бид 7 дугаар сарын 29-ний өдөр тооцоог бүрэн хийж дуусгасан боловч бичиг баримтыг авчирч өгөхгүй нэлээд сунжруулж байсан. 70,0 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байсан ба түүнээс 700000 төгрөгийг нь эд хөрөнгийг нэр дээр шилжүүлсний дараа тооцоо хийхээр болсон.

 

 1.4. Тухайн үед 607 м.кв газарт гэрчилгээ байхгүй гэдгийг бид нарт огт хэлээгүй, нуун дарагдуулж байгаад мөнгөө бүрэн авсны дараа хэлж, төөрөгдөлд оруулсан. Тухайн үед М.А- нь үнэн хэлсэн бол би ч гэсэн тэр газар байшинг авахгүй байх байсан. Эцэст нь огт бичиг баримтгүй эрхийн доголдолтой газрыг бэлэн мөнгөөр авчхаад ийнхүү чирэгдэж байна.

1.5. Харин түүнээс 1 сар гаруй хугацаа өнгөрсний дараа буюу 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 ширхэг эзэмших, 2 ширхэг /500+500 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээ/, мөн 893 м.кв эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 105.35 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн. Үлдсэн 607 м.кв газрын гэрчилгээг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн /даамал/ Б.Аманбек бүтээж өгнө гэсэн, түүний шаардсан мөнгийг нь бүрэн өгөөд бүтээж өгөх болно, санаа зовсны хэрэггүй гэж хэлсэн тул түүнд итгэж, 3 өрөө байшинд нүүж ирээд их засвар хийж, шинээр худаг гаргаж, бохирын шугамд холбосон.

1.6. Бид 7 дугаар сард тэр худалдаж авахаар болсон газар дээр очоод ашиглаж байх хугацаанд буюу 8 дугаар сарын үед аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ажилтнууд ирээд ...та нарын хашаа өндөр хүчдэлийн шугамын доор байгаа юм байна, энэ газарт газар эзэмшүүлдэггүй юм гэж хэлсэн. Харин аймгийн кадастрын зургийг харахад надад худалдсан газар кадастрт ороогүй байсан нь тодорхой болсон тул хууртагдсанаа мэдэнгүүтээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч М.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсаныг дээд шатны прокурорт гомдол гаргахад гомдлыг хүлээн авахаас татгалзан, иргэний эрх зүйн шинжтэй маргаан байх тул маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн тул ийнхүү шүүхэд хандаж байгаа.

1.7. Урьд нь би М.А-д надад худалдсан 2500 м.кв газрын 607 м.кв газарт нь нэгэнт газрын гэрчилгээ олгогдох боломжгүй болсон тул уг 607 м.кв газарт ногдох үнэ болох 15,0 сая төгрөгийг буцаагаад өгчих, тэгээд тооцоогоо дуусгая гэж хэлэхэд мөн зөвшөөрөхгүй байсан.

1.8. М.А-ын надад өгсөн 2 ширхэг өмчлөх гэрчилгээнд 500 м.кв +500 м.кв газар, нөгөө эзэмших гэрчилгээнд 893 м.кв газар байсан ба одоо 607 м.кв газар дутуу байна. Тэр үлдсэн 607 м.кв газарт гэрчилгээ олгогдох боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон. Харин М.А-ын хувьд өөрийн 1893 м.кв газартай залгаа 607 м.кв газарт хууль бусаар зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа татсан болох нь тодорхой болсон, биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгө түр шилжүүлэн, мөнгөө бүрэн авсан нь нотлогдож байна. Мөн өгсөн газрын гэрчилгээнүүдийн кадастрын зураг байгаагүй.

1.9. Ингээд худалдагч М.А- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., 243.2 дахь хэсэгт заасан Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн ...үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх... үүргээ тус тус биелүүлээгүй, намайг хохироож чирэгдүүлж байгаа, худалдагч М.А-ын эд хөрөнгө миний эзэмшилд бүрэн шилжээгүй байгаа тул авсан өгснөө харилцан буцаахаар ийнхүү шүүхэд хандаж байна.

1.10. Иймд иргэн М.А-тай амаар хийсэн газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүнээс газар байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 төгрөгийг гаруулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Х.Х-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, харин Ж.Ж-тай байгуулсан гэдгийг дурдаж хэлмээр байна.

2.2. Би тухайн 3 өрөө байшин, гарааж, 2500 м.кв газрыг худалдахаар 2022 оны 3 дугаар сарын үед зар тавьсан байсан ба дээрх зарын дагуу Ж.Ж гэдэг залуу ирж уулзаад 70,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

2.3. Эхлээд 5,0 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нэг сарын дараа өгөхөөр тохиролцсон боловч хэлсэн хугацаанд өгч чадаагүй. Мөнгө төгрөг бүтэхгүй байна гэж элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаад 8 дугаар сарын эхээр нийтдээ 69,300,000 төгрөг төлсөн.

2.4. Ж.Ж- нь Казахстан улсын иргэн байсан бөгөөд өөрийн гэсэн дансгүй гэж найз охин нь гэх Х.Х-ийн дансаар мөнгийг шилжүүлж өгч байсан. Ж.Ж- нь 3 өрөө байшин, гарааш, хашааг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр надаас хүлээн авч дотор талын том өрөөнүүдийг хоёр хувааж жижгэрүүлж засвар үйлчилгээ хийж, хашаан дотор худаг гаргаж цэвэр ус оруулсан. Нэхэмжлэлд бичсэнчлэн бохирын шугамд холбосон гэдэг нь худал, өмнө нь бохирын шугамтай байсан.

2.5. Би тухайн байшин, гарааш, хашааны газрыг 2021 онд Барилгын цэргийн 340 дүгээр ангийн штабын даргаар ажиллаж байсан нэг офицероос худалдаж авсан. Намайг анх авахад байшин, гараашны гадна талд 1893 м.кв газарт хашаа татагдсан, мөн хашаатай залгаа 607 м.кв газарт хашаа татагдаагүй байсан.Тухайн залуу 607 м.кв газар сул байгаа, хашаа татаад авч болно гэхээр нь би хашаа нэмж татсан.

2.6. Тухайн газрыг Ж.Ж-т худалдах үед нэмж хашаа татсан 607 м.кв газарт гэрчилгээ байхгүй байсан. Би гэрчилгээг нь бүтээж өгөхөөр тохирч Газрын албаны холбогдох хүмүүстэй уулзахад тухайн газрын дээд талд өндөр хүчдэлийн шугам өнгөрч байгаа учир тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй, гэхдээ нэгэнт хашаа татсан бол үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн хариу өгсөн. Үүнээс болж Ж.Ж-, бид хоёрын хооронд 607 м.кв газрын маргаан үүссэн.

2.7. Ж.Ж- нь тухайн байшин, гарааш, газрыг худалдаж авч одоо хүртэл тэнд амьдарч байгаа. Өндөр хүчдэлийн шугамын асуудал зөвхөн нэмж хашаа татсан хэсэгтэй холбоотой байгаа. Үлдсэн газар, байшин, гарааш байгаа хэсэгт өндөр хүчдэлийн шугам огт хамааралгүй. Ж.Ж- анх надтай тохирохдоо мөнгийг 1 сарын дотор өгнө гэсэн боловч бараг 4 сарын дараа өгсөн. Би тухайн байшинг худалдаж өөр газар байшин барих төлөвлөгөөтэй байсан ба Ж.Ж- мөнгийг өгөөгүй учир маш их хохирч байшинг хугацаанд барьж чадаагүй.

2.8. Бид худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед 15,000 төгрөгийн үнэтэй байсан 1 уут цемент 28,000 төгрөг болж, барилгын бүх материалын үнэ өссөн. Нэгэнт Ж.Ж- нь тухайн байшин, гарааш, газрыг хүлээн авч зохих засвар үйлчилгээ хийж одоо хүртэл хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа учир байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, газар, байшингийн үнэд шилжүүлсэн 69,300,000 төгрөгийг буцаах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн хариуцагч М.А-тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түүнээс газар байшингийн үнэд шилжүүлсэн 69300000 /жаран есөн сая гурван зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504450 /таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Миний нөхөр Ж.Ж- нь Казакстанд нүүж очиж тэндхийн иргэн болсон хүн бөгөөд 2020-2021 онуудад Монгол улсад ирж Ховд их сургуулийн харъяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд “Математикийн багш” мэргэжлээр суралцаж байхад бид хоёр танилцаж, 2021 оны 6 дугаар сард сургууль төгсөх үед нь хоёулаа гэрлэсэн. Одоо би анхны хүүхдээ тээж байгаа жирэмсэн бөгөөд Ж.Ж- нь Монгол улсад түр оршин суух үнэмлэхтэйгээр бид хоёр дээрх маргаантайгаар худалдаж авсан газарт оршин сууж амьдарч байна. Бид хоёр гадагш дотогш явж худалдаа наймаа хийсний хүчинд хэдэн төгрөгтэй болсон бөгөөд дээр нь эцэг эх, ах дүүсийн тусламжаар хандивласан мөнгөөр энэ маргаантай газар, орон байрыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нийт 69,300,000.00 төгрөгөөр худалдаж авсан.

 

4.2. Анх М.А- нь Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай 2500 м.кв газрыг баригдсан байр, үл хөдлөх хөрөнгийн хамт худалдана гэсэн зарыг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүкт тавьсан бөгөөд миний нөхөр /гадаадын иргэн/ Ж.Ж- уг зарын дагуу газар байшинг нь очиж үзээд түүнтэй тохирч тэр үл хөдлөх хөрөнгө болон 2500 м.кв газрыг нийтдээ 70,000,000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцсан байдаг ба бид хоёр М.А-ын тэр худалдах газар , байрыг дараа нь очиж А-ын нэг бүрчлэн зааснаар үзэж танилцсан. М.А- нь эргэн тойрныг нь хашаалж авсан газрыг зааж “Энэ нийт 2500 м.кв талбай бүхий газар бөгөөд газрын гэрчилгээ нь банканд барьцаанд байгаа газрын хэмжээнд ямар ч маргаан байхгүй тэр хэмжээгээр нь 2500 м.кв гэж газар өмчлөх гэрчилгээнд бичигдсэн” гэж хэлэхэд нь итгэсэн. Түүнээс гадна М.А- нь “Энэ газрыг өмнө нь эзэмшиж байсан хилийн цэргийн дарга нь цахилгааны мөнгийг хөнгөлөлттэй төлөх, бараг төлөхгүй болгож шийдвэр гаргуулсан болохоор бид одоо хүртэл төлдөггүй” гэж хэлж итгүүлж байсан.

4.3. Ингээд бидний хооронд янз бүрийн шаардлага яригдаж, хугацаа зааж байгаад уг 2500 м.кв гэх газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт 2022 оны 9 дүгээр сарын дундуур буюу 15-ны товлосон М.А-ын шаардсан 69,300,000.00 төгрөгийг нь өгч авсан. М.А-аас шаардан байж гэрчилгээг авахад газар нь 1893 м.кв талбайтай 2 хэсэг газар байсан ба тодруулбал 2500 м.кв газар нь ердөө 1893 м.кв болж багассан. Тэр үед М.А-аас асуухад тэр “Энэ нэг тусгай хашаалж авсан 607 м.кв газрыг эзэмшихээр би бүх материалыг нь газрын харилцаа хот байгуулалтын газрын мэргэжилтэн даамал Б.Аманбект өгсөн байгаа. Удахгүй гэрчилгээ гарна гэсэн. Би өөрөө бүтээж өгнө” гэж хэлэхэд нь түүнд итгээд 2022 оны 9 дүгээр сарын 15-нд байр, газрыг байгаагаар нь хүлээн авч засвараа хийж ашиглаж эхэлсэн. Байр байшинг аваагүй байхад газар байшинг үзэж явахад манай нөхөрт нэг хүн өөрийгөө цахилгаан түгээх албаны хүн байгаа юм, энэ нэг хэсэг газар дээрээ цахилгааны шугамтай болохоор ашиглах боломжгүй гэж хэлж байсан бөгөөд тэр үед би явуулын хүний үг гэж тоогоогүй ба 9 дүгээр сарын 15-нд 607 м.кв газрын гэрчилгээг авч өгнө гэсэн М.А-ын үгэнд итгээд газар орон байрыг нь авсан. Бид байр байшин, газрыг үнэ мөнгийг нь бүрэн өгч хөрөнгийг авангуутаа цахилгаан шугам сүлжээ болон газрын албанд очиж “Дээрх М.А-аас худалдаж авсан байр орон хашааны цахилгааны төлбөр, тооцоо байгаа эсэхийг нь лавлахад уг байгууллагаас “М.А- нь хэдэн жилийн цахилгааны төлбөр болох 300,000 төгрөгийг төлөөгүй. Мөн тэр хүн хууль бусаар цахилгааны осол аваар гарахаас урьдчилж хамгаалж ашиглахыг хориглож байсан цахилгааны гүйдэлтэй аюултай 607 м.кв газрыг хууль бусаар өөртөө эзэмшиж ашиглахаар хашаалж авсан байгаа. Тэр хэсэг газарт ашиглах, эзэмших, өмчлөх гэрчилгээ олгогдоогүй.” гэж тайлбарлаж лавлагаа өгсөн. Харин газрын харилцаа хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Аманбект очиж “М.А-ын 607 м.кв газар гэж тэр хэсэг газар нь түүнд зөвшөөрөгдсөн газар уу? энэ газрыг эзэмшилд авах боломжтой юу? гэж асуухад даамал нь “Тэр газар нь цахилгаан гүйдлийн аюултай бүсэд оршдог тул бусдад ашиглах, эзэмших, өмчлөх хэлбэрээр өгөгдөхгүй” гэж хэлсэн. Бид 2022 оны 9 дүгээр сарын 18-19-ний өдөр байх М.А-д очиж энэ учир байдлаа хэлэхэд тэр “Би худалдсан, та нар авсан арилжаа наймаа дууссан. Би та нарт 607 м.кв газрыг 15,000,000 төгрөгөөр хууран мэхлэн худалдсан минь үнэн боловч та нар шалгуулаад амжилтад хүрэхгүй шүү” гэж хариулсан.

4.4. Цагдаагийн байгууллагад залилангийн гэмт хэргийн шинжтэй байна гэж өргөдөл өгч шалгуулахад “607 м.кв газрыг сүүлд Ж.Ж- нь гэрчилгээ гаргуулах боломжгүй гэдгийг аймгийн газрын албаны мэргэжилтнүүдээс асууж мэдсэн. Х.Х-, Ж.Ж- нарт уг газрыг 69,300,000 төгрөгөөр шилжүүлж авсан ба 1893 м.кв газар нь эзэмшил өмчлөлийн гэрчилгээтэй, үлдсэн 607 м.кв газар нь  гэрчилгээгүй болох нь тогтоогдсон” гэжээ. Мөн “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад М.А- нь 607 м.кв газрыг өөрийн газар гэж бодож байсан, гэрчилгээ авах боломжгүй талаар Ж.Ж-т хэлж байсан.” гэж мэдүүлсэн зэрэг нь залилах гэмт хэргийн шинжгүй, бусдыг хуурсан болох нь тогтоогдоогүй” гэж үзэж байна гэж бичээд 2022.10.27-ны өдөр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм нь 299 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байдаг ба энэ тогтоолд гомдол гаргалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

4.5. М.А- нь гадаадын иргэнтэй үл хөдлөх хөрөнгийн худалдааг зориуд залилах, мэхлэх замаар Монгол Улсын хуулийг мэдэхгүй байдлыг далимдуулж хийсэн байдлыг шүүх анхаарч үзээгүй. Маргаан нь зөвхөн 69,300,000 төгрөгийг буцаахад биш 607 м.кв газрын үнэ болох 15,000,000 төгрөгийн хүрээнд болж байгааг мэдсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж тус шүүх хурлаар 15,000,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэх байсныг чирэгдэл болгон нэхэмжлэл нь 69,300,000 төгрөг байсан гэж хариуцлагагүй, хайнга хандан бусдыг хохироосон шийдвэр гаргасан. Тодруулбал: М.А- нь “Би Ж.Ж-т 607 м.кв газрыг хашаа татан авч газрын гэрчилгээгүй байхад худалдсан” гэдгийг хүлээн мэдүүлсэн, түүнийг шүүх мэдсэн ба шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан атлаа хэргийг бодит үнэнээр нь зөв шударгаар шийдвэрлэж өгөөгүй. М.А- нь нийтэд буруугаа хүлээж байхад буруутай этгээдээс 607 м.кв газрын хохирлыг гаргаж Ж.Ж-, Х.Х- нарт гаргуулах эсвэл 607 м.кв газрын үнэлгээг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхөөр шүүх хурлыг түр хойшлуулах ёстой байсан.

4.6. Маргааны гол сэдэв нь 607 м.кв газрыг хууль бусаар бусдад худалдсан талаарх асуудал байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нь “15,000,000 төгрөгийг М.А-аас гаргуулах” гэж өөрчлөх тул хэрэв энэ шаардлагаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй бол хэргийг анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү.  

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэг жилийн өмнө нэхэмжлэгчид хашаа байшингаа худалдсан. Тухайн хашаа 2500 м.кв газарт татагдсан учраас зард тавьсан дроноор авсан зурагт 2500 м.кв газар бүхэлдээ орсон байна. Нэхэмжлэгч ирээд хашаа байшинг үзэх үед 2500 м.кв газарт хашаа татагдсан байдалтай байсан. Би тухайн хашаа байшинг өмнөх өмчлөгчөөс нь худалдаж авах үед 2500 м.кв газар чиний газар гээд зааж өгсөн учраас 2500 м.кв газарт хашаа татсан байсан.

5.2. Нэхэмжлэгч миний хашаа байшинг худалдаж авахаас өмнө 2500 м.кв газар бүхэлдээ эрхийн гэрчилгээтэй гэсэн агуулгатай зүйл огт яригдаагүй. Нэхэмжлэгч урьдчилгаа болгоод 5 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг 1 сарын дотор бүрэн өгнө гэсэн боловч 1 сарын дотор үлдсэн мөнгөө төлж чадаагүй. Нэхэмжлэгчийн надад өгсөн 5 сая төгрөг нь миний зээлийг хаахад хүрэлцэхгүй учраас эрхийн гэрчилгээнүүдийг барьцаанаас гаргаж чадаагүй битгий санаа зовоорой гэж түүнд сануулаад хэлсэн. Тухайн хашааны зарим хэсэгт нь өндөр хүчдэлийн цахилгааны сүлжээ татагдсан учраас 607 м.кв газарт эрхийн гэрчилгээ авч чадаагүй. Тиймээс газрын албаныхан 607 м.кв газарт эрхийн гэрчилгээ олгох боломжгүй, гэхдээ газрыг ашиглаж байж болно гэсэн. Үүний дагуу би тухайн газарт хашаа татаж аваад ашиглаж байсан. Хэдийгээр 607 м.кв газарт эрхийн гэрчилгээ байхгүй ч гэсэн миний худалдсан байшин, газар нь зах зээлийн ханшинд тохирч байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

 

ХЯНАВАЛ:

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн бүхэлд нь хянаж үзээд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч Х.Х- нь хариуцагч М.А-д холбогдуулж “худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түүнээс газар, байшингийн үнэд шилжүүлсэн 69.300.000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “худалдсан буюу хашаалсан газрын зарим хэсэг нь газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй эд хөрөнгийн болон эрхийн доголдолтой” гэж тайлбарлаж газар, байшингийн үнэд 69.300.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтууд, 893 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, 500 м.кв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 гэрчилгээ /нийт 1.000 м.кв/, 105.35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч М.А-ын олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан зарлал зэрэг бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

            8. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр М.А-аас Х.Х-д худалдсан нийт газрын хашаалсан талбайн хэмжээ 2485 м.кв, Х.Х-ийн М.А-аас худалдаж авсан хашаалсан газрын гэрчилгээгүй талбайн хэмжээ 589,6 м.кв болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагчаас олон нийтийн цахим сүлжээнд зарлал /гэрээ байгуулах саналын дуудлага/ байршуулахдаа худалдах газрын нийт хэмжээг 2.500 м.кв талбайтай гэж тусгасан зэрэг нөхцөл байдлууд хэргээс тогтоогдсон байна.

            9. Энэхүү нөхцөл байдлын талаар талууд анхан шатны шүүх хуралдаанд, тухайлбал нэхэмжлэгчээс “2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Газрын гэрчилгээг үзэхийг шаардахад хариуцагч 20 сая төгрөгийн барьцаанд байгаа гэсэн. Хашаа, байшингийн тал үнийг төлсний дараа газрын гэрчилгээг үзэхийг шаардсан боловч А- нь санаа зоволтгүй, газрын бичиг баримтууд бүрэн бүтэн байгаа гэж хариу өгсөн. Дараа нь хариуцагчтай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уулзаад хашаа байшинтай холбоотой 1 үл хөдлөхийн гэрчилгээ, 3 газрын гэрчилгээ, нийт 4 гэрчилгээг авсан. ... 9 дүгээр сарын 15-ны үеэс 600 м.кв газрын гэрчилгээ дутуу байгааг мэдсэн. Хариуцагчтай энэ тухай ярилцахад уг газар нь гэрчилгээ гараагүй газар байгаа, гэрчилгээг нь гаргуулж өгнө гэж хэлсэн” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгчийн мэдүүлж байгаа бүхэн үнэн зөв. Нэхэмжлэгч тал надтай ирж уулзаж, хашаа байшинтай танилцаж, надад урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн. ... бусад хөрш айлууд өндөр хүчдэлийн газарт байрласан хашаандаа гэрчилгээ гаргуулсныг хараад дутуу газрын гэрчилгээг гаргуулж өгнө гэж итгэлтэй хэлсэн. ... Нийт хашаа байшингийн хэмжээ 2.500 м.кв хүрэхгүйг залруулж, дараа нь нэхэмжлэгчид хэлсэн...” гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд ч зохигч мөн агуулгатай буюу “худалдан авагч худалдаж авсан газрын нийт хэмжээг худалдагчийн хашаалсан талбайн хэмжээтэй адил буюу зарлалд дурдсанчлан 2.500 м.кв талбайтай гэж ойлгож хашаа байшингийн үнийг шилжүүлсний дараа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс гадна 1.000.000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, 893 м.кв газар өмчлөх эрхийн нийт 4 гэрчилгээг хүлээж авсан, энэ үед зарим хашаалсан талбай гэрчилгээгүйг мэдсэн” талаар тус тус тайлбарласан байна.

 

            10. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлууд тогтоогдсоор байтал, түүнчлэн энэ талаар анхан шатны шүүх “Х.Х- нь нэхэмжлэлийн үндэслэлээ худалдан авахаар харилцан тохиролцсон 2.500 м.кв газраас 607 м.кв газрын гэрчилгээ байхгүй болохыг М.А-аас мэдэгдээгүй, үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн гэж тайлбарласан. Энэхүү үндэслэл нь худалдагч нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлд хамаарна...” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр нэхэмжлэлд дурдсанчлан “хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай” гэж ойлгож маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж буй нөхцөл шалтгаан, хүсэл зорилго нь худалдаж авсан хашаа байшингийн үнийг бүрэн төлж дуусахаас өмнө /700.000 төгрөг дутуу байгаа талаар талууд маргаагүй/ худалдагчтай байгуулсан гэрээнээс худалдагч тал үүргээ зөрчсөн үндэслэлээр, нэг талын санаачилгаар татгалзсан, эсхүл шүүхийн шийдвэрт дурдсанчлан худалдагчийн үүргийн зөрчлийн улмаас өөрт учирсан хохирлыг төлүүлэхийг нэхэмжлэгч шаардсан эсэхийг тодруулж, тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим болоод мөн зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийн талаар шийдвэр гаргах журамд бүрэн нийцэх юм.

 

            11. Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлд хууль зүйн оновчтой дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс Иргэний хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглээгүй тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба “хэргийг анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү” гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            12. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар Х.Х-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504.450 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж, буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалт, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсгийг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Х.Х-ийн  давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Х.Х-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК