Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2023/00079

 

Ц.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00260 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух Ц. Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* оршин суух О.Э-т холбогдох,

 

“О.Э- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу товгор үсгийн доторх шатсан 15 ширхэг гэрлийг сэргээн шинэчлэхэд гарах зардалд 1,590,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч Ц.Т-, хариуцагч О.Э- /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие 2022 оны 4 дүгээр сард “Гурван сайхан төв”-ийн дээврийн зөвхөн 34 м.кв-ыг дээвэрлүүлье гээд төмөр зардаг зүс таних Ержан гэдэг хүнээс дээврийн ажил хийдэг хүн байна уу гэхэд Э- буюу Энхээ гэдэг хүний утас өгсөн ба Энхээ нь А гэдэг хүнтэй ирж бид хоёр зөвхөн ажлын хөлс 1,200,000 төгрөгөөр тохиролцож хийлгэсэн. Гэтэл дээвэрлэх ажлаас 100,000 төгрөгийн ажил үлдсэн ба энэ тухай би Энхээд үлдэгдэл 600,000 төгрөгийг бэлнээр өгөхөд 100,000 төгрөгийг авч үлдээд 500,000 төгрөг өгөх үү гэхэд Энхээ нь “Манай аавын буяны ажлын ойн өдөр болох гэж байна, та гүйцэт өгчих, бид дуудсан үед чинь ирж 100,000 төгрөгийн ажлыг хийгээд өгчихнө асуудалгүй” гэснээр итгээд 600,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд үлдсэн 100,000 төгрөгөөр өөр ажил хийлгэе гэж шийдсэн байсан.

1.2. Миний бие “Маржан фото”-оос 3 сарын түрээс авч, Улаанбаатар хот орж асдаг том товгор үсгийн 15 ширхэг гэрэл бүхий өндөр нь 60 см, өргөн нь 20-25см, рекламны самбар бүхий Гурван сайхан гэсэн товгор үсгийг 1,800,000 төгрөгөөр захиалж, 100 айлаас портер машин хөлсөлж, ажлын хөлсөнд 50,000 төгрөг, Улаанбаатараас Өлгийд авчрахад маз машин нь онцгой бараа сэв суулгаагүй авчирсан гэж тээврийн хөлс 200,000 төгрөгөөр авч нийт 2,500,000 төгрөгөөр Өлгийд авхуулсан.

1.3. Тэгээд “Гурван сайхан төв” гэсэн 15 ширхэг товгор том үсэгтэй гэрэлтдэг хаягийг дээвэр дээр суурилуулъя гэхэд 7-р сард наадмын үеэр зуны цагт цахилгаанчин олдохгүй, тэднийг аж ахуйн нэгж, хувь хүмүүс хөлслөөд авчихдаг олдоц муу тул миний бие О.Э-т хандаад, үлдсэн ажлын хөлснөөс илүү төлсөн буюу үлдсэн 100,000 төгрөгийн ажлын оронд дээрх Гурван сайхан гэдэг асдаг үсэг бүхий товгор хаягийг тогтоолгож авъя гэж О.Э-т хандсан.

1.4. Гурван сайхан төв гэх 3 хэсэг үсгэн хаягийг дээш гаргаж тогтоох болоход О.Э- нь тогтооход эрсдэлтэй байна, бас нэг хүн дууд гэснээр Б.Д-, Н- нарыг дуудаж тогтооход нь тусалсан. Миний бие О.Э-т ирж дээвэр дээр байгаа 3 хэсэг үсгүүдийг 220В хүчдэлд шууд залгаж болохгүй, тог бууруулагч адавтарт залгаж байгаад хүчдэлд холбоно гэж үсгүүдийг захиалж авхуулсан газрын хэлсэн зөвлөгөөг хэлж, 220В залгах дамждаг жижиг тог бууруулагч холбогчийг дээвэрт бэлдэж гаргаж тавьсан. Энэ үед Н- нь үсгүүдийг тогтоочхоод ажилтай гээд яараад яваад өгсөн.

1.5. Мөн би О.Э-т “Энхээ энэ үсэг тус бүрийг цахилгааны утсыг жижиг тог бууруулагч хайрцагт эхлээд залгаад, сүүлд нь 220В луу залгадаг гэсэн, болохгүй бол чамайг би үсэг авсан газрын хүнтэй яриулж болно” гэхэд юм дуугараагүй, тог янзлаад байхаар нь өөрөө урьдаас мэдээд бэлтгэлээ хийж байгаа байх гээд доошоо буусан. Дээвэрт О.Э-, Б.Д- хоёр үлдсэн. Тэгээд О.Э- нь дээвэр дээрээс дээвэрт тогтоосон 2 ширхэг шөнийн гэрэлтүүлгийн утсыг асаа, унтраа гэж доор байгаа над руу командлаад байсан. Миний бие цахилгаан сайн мэдэхгүй энэ гэрлийг асаалгадаг нь тог шалгаж байгаа байлгүй гэж бодсон ч дахин дээвэрт гарахад О.Э- тонгойж цахилгааны 220В-ын утас лентээр ороож далдалж байсан. Бодвол үсгийн тагны утсыг Б.Д-гийн хэлснээр 220В шууд холбоочиход шатааснаа мэдээд салгаж холбосон хэсгээ битүүмжилж ороосон байсан ба зурагт үзүүр нь харагдаж байна.

1.6. Тэгээд за би явлаа халамжаас намайг дуудаж байна, би 1 дэх өдөр ирнэ гээд үгийн зөрүүгүй яваад өгсөн. Гэвч энэ өдөр хагас сайн өдөр байсан шүү дээ төрийн байгууллага амарч баймаар юм гээд би гайхаад үлдсэн. 1 дэх өдөр ирэхгүй байсан болохоор би таньдаг цахилгаанчин А- гэдэг хүнийг дуудсан ба О.Э- рүү залгаж нэлээд ширүүн “чи 1 дэх өдөр ирэхгүй юу” гэснээр О.Э- ч ирж бид дээвэрт цуг байж А-ны тог шалгадаг аппаратаар тог цахилгааныг шалгасан. Яг энэ үед О.Э- нь би лав цахилгаанд шууд залгаагүй гэж дахин дахин хэлж байсан боловч үсэг чинь одоо асна шүү гэж хэлэхгүй байсныг би анзаарсан. Тэгээд цахилгаанчин А- нь шалгаж үзээд, гэрлүүд нь шатчихсан байна гэж хэлсэн. Миний уур хүрч О.Э-т “чи шатаасан, надыг дээвэрт гарч ирэхэд чи нэг тог салгаа биз дээ, чамаас үлдсэн 100,000 төгрөгийн ажлыг зөвхөн тог янзлуулаад дуусгах гэж байхад яаж байгаа юм. Тогийг хүн хэлсээр байтал үл тоож шууд 220В залгаж чи шатаасан байна. Би хажууд чинь байсан Б.Д-ээс асуухад чамайг цахилгааны утсыг шууд холбож байсан” гэж хэлсэн. Ингээд арай гэж 15 жилийн дараа боломж гаргаж хийлгэсэн товгор том үсгийн асдаг гэрлийг хэлсээр байтал үг аваагүй шатаасанд гомдолтой байна.

1.7. Улаанбаатар хотоос ирсэн газарт байхад портероор зөөсөн ажлын хөлсөнд 200,000 төгрөг, төвд авчирсан ажлын хөлс, төвд авчрах дээш гаргах, байрлуулсан Дунжаа, Мөнхүү нарын ажлын хөлсийг тухайн үед би шударгаар төлсөн болно. Харин маз машины тухайн үед нэг тал 200,000 төгрөгөөр авчирч байсан бол одоо Улаанбаатар хотод хүргэх эргэж авчрахад зөвхөн нэг тал нь 250,000 төгрөгөөр тээвэрлэнэ гэж байна. Одоо шатсан үсгийг сэргээхэд зайлшгүй 1,590,000 төгрөг гарна. Иймд холбогдох нотлох баримтуудыг товгор үсгийн зардалд 1,590,000 төгрөг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгчийн товгор үсгийг суурилуулахаас өмнө тухайн барилгын дээврийн ажлыг хийж өгсөн. Дээврийн ус зайлуулах хоолой суурилуулах болоход нэхэмжлэгч хоолой авах мөнгө байхгүй байна. Үүний оронд 100,000 төгрөгөөр тооцож товгор үсэг суурилуулж өгөхийг санал болгосон.

2.2.Хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор Халамжийн байгууллагаас хөнгөлөлтэй, тусламжийн зээлд оролцохоор төсөл өгсөн байдаг. Үүний дараа нэхэмжлэгч намайг ажилтай байхад зөндөө залгасан байсан. Боломжоо гаргаад очиж уулзахад тухайн дээврийн хөлсний үлдэгдэл 100,000 төгрөгт товгор үсгийг суурилуулж өгөхийг хүссэн.

2.3. Тухайн товгор үсэг суурилуулах газар нь өндөрт, хүндрэлтэй газарт байрлуулахаар байсан. Нэхэмжлэгчтэй тухайн ажлыг хийхээр тохиролцсон. Тухайн ажлыг хийхэд надад туслах хүн хэрэгтэй байсан. Өөрөө туслах хөлсөлбөл нэхэмжлэгчтэй тохиролцсон 100,000 төгрөгийг тухайн хүнд өгөхөөр байсан тул нэхэмжлэгчид туслах хүн олж өгөхийг хүссэн.

2.4.Цахилгааны ажил мэддэг хүний хувьд хэлэхэд товгор үсэг нь суурилуулах үед огт гэмтэл аваагүй, шатаагүй гэдгийг хэлмээр байна. Тухайн товгор үсгийг бүтээгдэхүүнтэй дагалдаж ирсэн зааврын дагуу 3 тусгай утсыг адавтарт нь холбож 220 вольтын залгаварт залгаж асаах гэхэд асаагүй. Тухайн товгор үсгийг би суурилуулахаас өмнө асдаг гэж үзэх ямар нэгэн нотлох баримт байхгүй, тодорхой бус байгаа. Цахилгаан бараа засдаг байсан хүний хувьд товгор үсгийг өөрийгөө шатаагаагүй гэдэгт итгэлтэй байна.

2.5. Нэхэмжлэгчийн шүүхэд хандаж байгааг нь ойлгохгүй байна. Товгор үсгийг захиалсан газрын утасны дугаарт нь залгаж, яаж асаах талаар нь мэдээлэл авах гэсэн ч тухайн хүмүүс нь утсаа аваагүй. Товгор үсгийг холбож үзээд асдаггүй болохоор нь анхнаасаа асдаггүй байсан байх гэж бодоод явсан. Тухайн өдөр намайг Халамжийн байгууллагаас миний мужааны цехийг очиж үзнэ гэж дуудаж байсан болохоор тийшээ очсон. Өмнө нь бас өөр газруудад гэрэлтдэг хаягуудыг суурилуулж байсан. Хамгийн сүүлд Балбөбек дэлгүүрийн хаягийг суурилуулсан. Бүгд адилхан заавраар холбодог, бүх зүйл нь адилхан байсан болохоор хаяг, асахгүй байх талаар юм бодоогүй. 12 вольтоор ажилладаг зүйлийг 220 вольтод залгах боломжгүй, дэлбэрэх аюултай.

2.6. Тухайн гэрлийг салхинд хийсэхээргүй найдвартай суурилуулж өгсөн ба доороос тог гаргаж ирээгүй байхад товгор үсгийн богино, 20 см орчим урттай утсыг би яаж тогонд холбож чадах юм. Б.Д- худлаа мэдүүлээд байна. Надад нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийг төлөх боломж байхгүй. Өнгөрсөн жилээс хойш ажил хийгээгүй, хувийн ажлаар хотод байсан. Би 10 дугаар сараас 02 дугаар сар хүртэл Казахстан улсад байсан болохоор миний утас холбогдоогүй. Тухайн үсгийг суурилуулсны дараа байх би сайн санахгүй байна нэхэмжлэгч нэг хүнийг дуудсан байсан. Тэр хүнд яаж залгаснаа хэлж, надаас болж шатах үндэслэлгүй гэдгийг хэлээд явсан.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00260 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Э-аас том 15ш төвгөр үсгийн доторх шатсан гэрлийг сэргээн шинэчлэхэд гарах зардал 1,590,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40390 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Том 15 ширхэг товгор үсгийн доторх шатсан гэрлийг сэргээн шинэчлэхэд гарах зардал 1.590.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан Ц.Т- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00260 дугаартай шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.2. Нэхэмжлэгч Ц.Т- би дээрх нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан ба 15 ширхэг том товгор үсгийг иргэн О.Э- нь 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр буюу хагас сайн амралтын өдөр байшингийн дээвэрт тогтоох үед шууд 220 к/ватт цахилгааны хүчдэлд холбосноос болоод шатсан юм. Тэр үед О.Э- нь эргээд 1 дэх өдөр ирнэ гээд явсан. Тэгээд 1 дэх өдөр мэргэжлийн цахилгаанчин дуудаж үзүүлэх үед Э-ыг ирэхгүй болохоор нь утсаар дуудаж өөрт нь үзүүлсэн юм.

4.3. Гэтэл анхан шатны шүүх нь гэрлийг дээвэрт суурилуулж, цахилгаанд холбосон огноо нь тодорхой бус байхад буюу яг 7 дугаар сарын хэдний өдөр тогтоосон гэдгийг нотлох баримт байхгүй байсаар байхад Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасны дагуу ажлыг хүлээн авснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй байгаа явдалд гомдолтой байна.

4.4. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг хэрэглэхдээ гомдлын шаардлага гаргах хугацааг зөв тодорхойлоогүй, ямар ч нотлох баримтгүйгээр, зөвхөн барагцаагаар хугацааг тогтоож, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00260 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан товгор үсгүүдийн гэрлийг намайг шатаасан гэдгийг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй. Тухайн үсгүүдийн гэрэл хотоос ирэхдээ асдаг байсан эсэх нь бас тодорхойгүй.

5.2. Нэхэмжлэгч намайг тухайн товгор үсгүүдийг цахилгаанд холбосон гэж буруутгаж байгаа. Гэхдээ би тухайн үсгүүдийг цахилгаанд холбоогүй. Нэхэмжлэгч надад чиний товгор үсгүүдийг цахилгаанд холбосон чинь MJS tower, Бай-Өлке рестораны камерын бичлэгт бичигдсэн гэж байгаа боловч тухайн бичлэгүүдийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

5.3. Нэхэмжлэгч намайг нотлох баримтгүйгээр буруутгаж байгаа. Гэхдээ би янз бүрийн авьяастай, тэр дундаа цахилгааны талаар мэдлэгтэй учраас бууруулагчгүйгээр товгор үсгүүдийг шууд цахилгаанд залгах хүн биш. Хэрэв нэхэмжлэгчээс миний гэм бурууг нотлох баримт гаргаж өгсөн бол шууд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх байлаа. Гэтэл миний гэм бурууг нотолсон нотлох баримт байхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

 

            7. Нэхэмжлэгч Ц.Т-, хариуцагч О.Э- нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд байрлах “Гурван сайхан төв” гэх барилгын товгор үсэг бүхий гэрэлт хаягийг тухайн барилгын хананд байршуулах ажлыг хийж гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч буюу ажиллуулагч Ц.Т- нь уг ажлын хөлсөнд 100.000 төгрөгийг төлөх, хариуцагч буюу хөлсөөр ажиллагч О.Э- нь уг товгор үсэг бүхий гэрэлт хаягийг барилгын хананд байрлуулах ажил, үйлчилгээг гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна.

 

            8. Ажиллуулагч нь ажиллагчид хөлс төлөх үүргээ урьдчилж, өмнө нь илүү төлсөн ажлын хөлснөөс суутгах замаар үүргээ биелүүлсэн, ажиллагчийн хүсэлтээр ажиллуулагч нь иргэн Б.Д-г урьж ажиллагчид туслуулсан нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй, харин ажиллагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тохиролцсон ажил, үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгээгүй талаар маргаж, ажиллуулагч нь ажиллагчийн хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирол, зардалд 1.590.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

            9. Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэвэл, ажиллуулагч Ц.Т- нь ажиллагч О.Э-аас Улаанбаатар хотоос захиалж авч ирсэн “Гурван сайхан төв” гэх товгор үсэг бүхий гэрэлт хаягийг тухайн барилгын хананд байрлуулж, цахилгаан гүйдэлд холбуулан хэвийн ажиллуулахыг хүссэн бөгөөд талууд харилцан тохиролцсоноор О.Э- нь дээрх ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх Ц.Т-, О.Э- нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг буюу ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

           

10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Энэхүү ажлын үр дүн нь гэрээний үндсэн шинжээс хамаарч бодитой, биежсэн байхыг шаарддаг бол Ц.Т-, О.Э- нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны шинжээс үзвэл, ажиллуулагч Ц.Т- нь ажиллагч О.Э-т захиалагчийн буюу гүйцэтгэгчийн материалаар бодитой биежсэн үр дүн бүхий ажил гүйцэтгүүлэхээр биш, харин захиалж бэлэн болгосон товгор үсэг бүхий гэрэлт хаягийг барилгын хананд байршуулж суурилуулах, цахилгааны гүйдэлд холбох “ажил, үйлчилгээг” гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус, харин хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            11. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, харин ажиллагч буюу хариуцагч О.Э- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ажиллуулагчийн зааварчилгааны дагуу гүйцэтгээгүй, “Гурван сайхан төв” гэх товгор үсэг бүхий гэрэлт хаягийг ажиллуулагчийн заасан газар суурилуулахдаа уг гэрэлт хаягийн цахилгааны холболтыг зохих журмын дагуу цахилгааны гүйдэлд холбоогүй буюу цахилгааны хүчдэл бууруулагчид холбохгүйгээр шууд 220в-ийн цахилгааны гүйдэлд холбосноос тухайн гэрэлт хаягийн 15 ширхэг гэрэл шатаж, ажиллагчийн буруугаас гэрэлт хаяг ажиллагаагүй болсон нь нэхэмжлэгч Ц.Т-гийн тайлбар, гэрч Б.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн “Хариуцагчийн хажууд байсан. Хариуцагч ажлаа дуусгаад адавтарт залгахгүйгээр шууд залгаварт залгасан. Миний харснаар шууд залгаварт залгаж байсан. Эхлээд адавтарт залгаагүй. /Гэрэл/ нэг анивчаад байхгүй болсон. Анивчсаныг харсан. Тухайн үед би дээр хариуцагчийн дэргэд байсан. Эхлээд товгор үсгийг тогтоогоогүй байхад цахилгааны утсанд холбож үзэхэд, гэрэл нь нэг анивчаад унтарсан” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна.

            Иймээс нэхэмжлэгч Ц.Т-гийн гэрээний үүргээ зөрчсөн буюу гэрээнд заасан ажил, үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгээгүй ажиллагч буюу хариуцагч О.Э-ын буруутай үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирол, гарах зардлыг шаардсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            12. Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлын нийт хэмжээг 1.590.000 төгрөгөөр тодорхойлсон боловч тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор тээврийн зардалд 400.000 төгрөг, 15 ширхэг гэрлийг солих зардалд 600.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийн нэхэмжлэх хуудас /хэргийн 10 дахь тал/, бусад зардалд 260.000 төгрөгийн баримтыг /хэргийн 11 дэх тал/ шүүхэд гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй, харин хэргийн 12 дахь талд гаргаж өгсөн баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульчилсан ба хэргийн 12 дахь талд авагдсан, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтын эх сурвалжийг магадлах боломжгүй байна.

 

            13. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны төрлийг оновчтой зөв тогтоож чадаагүй ч хариуцагч О.Э-ын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай үйл ажиллагааг нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан зургаан сарын гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болоод мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна.

 

14. Учир нь, (1) талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд үүнд ажил гүйцэтгэх гэрээний тусгайлсан зохицуулалт бүхий гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэхгүй; (2) талуудын хооронд гэрээ байгуулагдсан хугацааг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоох боломжгүй буюу ажил гүйцэтгэгч О.Э- нь гэрээний нөхцөлийг зөрчсөн, гүйцэтгэсэн ажилд нь доголдол гарсан хугацааг нарийвчлан тогтоох баримтыг хэрэгт талуудаас гаргаж өгөөгүй; (3) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг /эсхүл  хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаарх тайлбарыг/ гагцхүү зохигч талууд гаргана, цаашилбал мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж талуудын мэтгэлцэх зарчим, шүүх хөндлөнгийн байх хууль ёсны зарчмын агуулгыг тогтоосон байхад, зохигч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд болон шүүх хуралдаанд “гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар мэтгэлцээгүй, энэ талаар тайлбар гаргаагүй тохиолдолд шүүх “нэхэмжлэгч буюу ажиллуулагчийг гэрээний зөрчилтэй холбоотой буюу гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх зургаан сарын хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулах, шийдвэрийг гагцхүү анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч О.Э-аас 1.260.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг мөн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00260 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн: 

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч О.Э-аас 1.260.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Э-аас 34.790 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч Ц.Т-гийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.390 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Ц.Т-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК